Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

   2023          03           17                                       2023/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч ***, түүний өмгөөлөгч Б.Баттуяа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***,  

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203007210024 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***настай, эрэгтэй, ***, ***, ам бүл-***, ***амьдардаг, ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***, (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  “Таван богд” ХХК-ийн урд замд ***маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч ***аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн,

            2.Хохирогч ***аас мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Таван богдын автобусны буудал дээр автобуснаас буугаад ногоон гэрэл, цагаан шугамаар явж байхад “түс” хийтэл мөргөгдөөд унасан. Энэ ослоос хойш харахад хүн байгаа болохоос биш бие сэтгэлээр маш их хохирч байна. Мөр хөдлөхгүй байгаа, хөл өрөөн дотор явах төдийд хавагнаж байна. Би хүү, гурван ачийн хамт хүүхдэдээ тус болоод ач нараа хардаг байсан. Одоо харж чадахгүй, намайг асрах хүн байхгүй учраас Дорноговь аймагт ажилладаг дүүгээ, найзынх нь хамт ирүүлж дүүгийнхээ найзаар өөрийгөө, дүүгээрээ ач нараа харуулж байгаа. Миний хувьд гомдолтой байна. Хүн харахад хэцүү байдалтай байгаа, маш их харамсаж байна. Миний бодит хохиролд надаас маш их мөнгө гарсан. Баримт бүрдүүлж чадаагүй зүйл байгаа. Гэмтлийн эмнэлэг дотор хувийн эмийн сан ажилладаг, тухайн эмийн сан “НӨАТ”-ын баримт өгдөггүй. Өдөр болгон боолт хийлгэдэг, шаардлагатай зүйл авдаг. Эмнэлгээс гарсны дараа хувийн сувилагч дуудаж 50,000 төгрөгөөр нэг удаа боолт хийлгэдэг байсан. Энэ талаар өөрт нь хэлж байсан. “НӨАТ”-ын баримтгүй зардал зөндөө байгаа. Надаас гарсан баримттай зардал гэж 11,604,500 төгрөг нэхэмжилж байгаа. Зарим баримтгүй зардлыг нэхэмжлэхгүй байгаа. Миний хүү түрээсийн байранд амьдардаг. 7 хоног цалингүй чөлөө авч намайг асарч хүүхдүүдээ харсан. Би хүүхдэдээ ажлаасаа бичиг баримтаа аваад ир, мөнгийг нь өгье гэж хэлэхэд яах юм бэ гээд баримт авч ирж өгөөгүй. Энэ мэт зардлыг нарийн тооцоогүй. Би ирээдүйд ямар хүн байхыг мэдэхгүй байна. Миний хувьд харамсалтай, бас гомдолтой байна гэсэн,

3.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***гээс: ***жолоодон явсан тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг бөгөөд эвдэр хохиролтой холбоотой хохирол нэхэмжлэх зүйлгүй. Хариуцагчийн тухайд хохирлыг төлнө. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 2203007210024 дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “*** машин, *** настай эмэгтэй хүнийг шүргэсэн” гэсэн утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Хэргийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 5-8 дахь тал), хэргийн газрын гэрэл зураг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: ***маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *** овогтой ***ныг драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

4. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: Би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн Таван богд ХХК-ийн хойд автобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний гэрэл дохиотой гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарахаар явган хүний гарц дээр ирэхэд явган хүний гарцын ногоон өнгийн гэрэл асаж байхаар нь зам руу алхаад ороход зүүн гар талаас машин мөргөөд би газар унасан. Тэгээд харахад зүүн хөл хугарчихсан юм шиг санжигнаж байсан. Машины жолоочийг ойр орчны хүмүүс ногоон гэрлээр гарч явахад гээд л загнаад байсан. Жолооч надад куртикээ нөмрүүлээд толгой хэсэгт зогсож байсан, дараагаар нь түргэний машин ирээд намайг аваад явсан. Ослын дараах үеийг бодвол дээрдэж байгаа хэдий ч хэвтрийн дэглэмтэй, зүүн хөл, баруун гар хугарсан байна. Мөн мөрний толгой хугаралтай гэсэн. Эрүүл мэндтэй холбоотой баримтаар 6 орчим сая төгрөг зарцуулагдсан жолоочид гомдолтой байна. Гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Ослын улмаас намайг 2 дүү асарч ажилгүй байсан учир дүү нарынхаа ажилгүй байсан өдрийн цалинг нэхэмжилж байна. Би сэтгэл санаагаараа их хохирч байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч ***гээс мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Би ***улсын дугаартай машиныг 2019 онд өөрийн нэр дээр худалдан авч байсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм. Уг автомашиныг нөхөр болон хүүхдүүд ээлжлэн жолоодож замын хөдөлгөөнд оролцдог. Тухайн өдрийн орой Төмөр замын эмнэлэгт хадам аав хэвтэж байсан учир хоол цай өгчхөөд нөхөр ***ны хамт Хан-Уул дүүрэгт байх Мишээл худалдааны төв орохоор төмөр замаас хөдөлсөн юм. Тэр үед нөхөр ***н миний эзэмшлийн ***маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Ингээд Таван Богд ХХК-ийн зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад гэрэл дохиотой уулзвар луу ойртоод ирэхэд чигээрээ болон баруун гар тийш эргэх ногоон гэрэл асаж байсан. Тэр үед нөхөр ***н баруун гар тийш эргэх үйлдэл хийхэд машины баруун урд хэсэгт нэг хүн хурдан гүйгээд ороод ирсэн, нөхөр тоормос гишгэхэд машины баруун урд хэсэгт явган зорчигч мөргөгдөөд газар унасан. Нөхөр бид хоёр машинаасаа буугаад эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгсөн. Гадаа хүйтэн байсан учраас нөхөр гаднах куртикээ явган зорчигчийн гадуур нь нөмрүүлээд байж байхад эмнэлгийн машин ирж эмч нь машинд мөргүүлсэн хүнийг үзээд аваад явсан, дараа нь замын цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд явсан. Мөн машиныг ачилтын машинд ачуулаад явсан.  Машин их удаан явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй ээ. Миний машинд камер байхгүй. Автомашины хөдөлгөөн их, цаг агаар бүрхэг хүйтэн байсан. Машинд ямар ч хохирол учраагүй байсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

6. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд ХХК-ийн урд замд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг орчимд ***маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь уулзвараар баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигч ***ыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,070,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04-195 дугаартай албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

            7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүний биед хийсэн №15605 дугаартай:

- ***ын биед баруун атгаал ясны далд, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

8. Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 500,000 орчим төгрөгийн зүйл зарцуулсан байгаа, мөн эргэж тойрч байгаа, өөрөөр хохирол одоогоор төлж барагдуулаагүй байна. Би буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж байгаа.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн албан бичиг, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 68-76 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

            Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч *** нь ***маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зам хөндлөн гарч байсан явган зорчигч ***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Энэ хэрэгт хохирогч *** нь шүүгдэгч ***аас нийт 12,776,368 төгрөг нэхэмжилсэн. Баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд 1,171,861 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 3,600,000 төгрөгийг баримтгүйгээр эм, тарианы зардалд зарцуулсан гэж нэхэмжилж байгаа. Мөн 7,500,000 төгрөгийг өөрийг нь асарсан дүүгийнх нь олох ёстой байсан орлого, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гэж тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгч *** нь хохирогчид 3,000,000 төгрөг дансаар шилжүүлснийг, хохирогч авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлж байна. Шүүгдэгч *** нь баримттай нэхэмжилсэн 1,171,861 төгрөгөөс илүү хохирол төлбөр төлсөн нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хохирогчийн нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөг, болон мөн 3,600,000 төгрөгийн дансны хуулга өгсөн байх боловч уг мөнгийг хэрхэн ямар байдлаар эмчилгээнд зарцуулсан нь тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох саналтай байна. Иймд шүүгдэгч ***аас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, мөн хохирогч *** нь Нийгмийн даатгалын сангаас 3,070,000 төгрөгийн үйлчилгээ авсан, уг зардлыг гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгчээр Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас төлөөлөгч тогтоож энэ талаар тодруулсан. Өмгөөлөгч Х.Даваахүү уг баримтыг хэнээс, хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тээврийн цагдаагийн мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газарт албан бичгээр хандаж авсан лавлагааг хэрэгт хавсаргаж, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан. Хэрэгт хийгдсэн энэ ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан учраас шүүгдэгч ***аас уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттуяагаас: Миний үйлчлүүлэгчид амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан, хүү болон түүний 6-14 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүдийг нь хардаг байсан. Хэрэв энэ хүн гэмтэл аваагүй байсан бол хүүхдүүдээ хараад гэртээ байж байх байсан. Гэтэл гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж, ар гэр, ах, дүү нараа дайчилж эмчилгээний зардалд мөнгө төгрөг зарцуулсан. Өмгөөлөгчийг нэлээд хойно авсан учраас ямар баримт авах талаар мэдлэггүй байсан тул ихэнх баримтаа аваагүй, зарим байгууллага баримт өгөөгүй зэрэг асуудал байгаа. Бид нар нотлох баримтаар тогтоогдож байгаа 1,171,861 төгрөг дээр нэмж 11,604,500 төгрөг нэхэмжилсэн. Би өмгөөлөгчийнхөө хөлсийг хасаж тооцоход 11,104,500 төгрөгийг нэмж тооцох боломжтой. *** гэж хохирогчийн зардлыг төлнө гэж хэлж чадахгүй байна гэдгээс хохирогчид сэтгэлээсээ хандсан, үгүй эсэх нь харагдаж байна. Гэхдээ баримтгүй байсан хэдий ч 3,600,000 төгрөгийг төлнө гэж байна. Хохирогч *** баримтгүйгээр маш их зардал гарсан гэж байгаа. Баримтаа авч чадаагүй хохирч үлдсэн асуудал байгаа гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: Миний үйлчлүүлэгч хэрэгт авагдсан баримттай танилцаж, гэм буруугаа зөвшөөрч байгаа, хүний эрүүл мэнд хохирсон гэдгийг зөвшөөрч байгаа. Хохирогчийн гаргаж өгсөн баримтад шүүмж хэлэх нь зохимжгүй боловч гаргаж өгсөн нотлох баримт нь хуулийн шаардлага хангах нотлох баримт байхгүй байсан. Жишээ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,171,870 төгрөгийн баримтад он, сар нь зөрсөн асуудал байгаа. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч 3,600,000 төгрөгийн хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагч хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг хэрэгсэхгүй болгох санал оруулж байна. Миний хувьд уг нэхэмжилж байгаа зардал болон эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж өгнө үү.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалтай холбоотой зардлыг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Энэ зардлын нотлох баримтын эх сурвалж өвчний түүх байдаг. Би хэргийн материалтай танилцаж энэ талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүсэлт гаргасан хүлээж авахгүй байсан. Иймд уг байгууллагыг холбогдох зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Өвчний түүх дээр онош, эмчилгээ гэсэн зүйл байгаа. Өвчтөнийг эмнэлгээс гарахад эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг гарсан, эмчлүүлэгчээс хэдэн төгрөг гарсан гэдэг нотлох баримт байхгүй байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чингисийн өргөн чөлөө, “Таван богд” ХХК-ийн урд замд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 15 минутын үед “***” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч ***ыг тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөж, бие, эрүүл мэндэд нь баруун атгаал ясны далд, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***гээс мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 22 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүний биед хийсэн №15605 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

-Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг;

-энэ гэмт хэргийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн бол гэж хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.   Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч ***ы үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус хуульчилсан.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан ба шүүгдэгч ***ы жолоодон явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч ***г эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр буюу иргэний хариуцагчаар тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон *** нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрлийн үндсэн дээр шүүгдэгч ***д шилжүүлсэн талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэхээр байна. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос дараах нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

 

1. Хохирогч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримтаар:

-2022.12.05-ны өдрийн 150,000 төгрөг, 2022.11.28-ны өдрийн 12,000 төгрөг, 2022.11.28-ны өдрийн 32,400 төгрөг, 2022.11.28-ны өдрийн 6,400 төгрөг, 2022.11.28-ны өдрийн 16,800 төгрөг, 2023.01.06-ний өдрийн 181,170 төгрөг, 2022.12.18-ны өдрийн 18,930 төгрөг, 2022.12.19-ны өдрийн 8,650 төгрөг, 2022.12.23-ны өдрийн 9,900 төгрөг, 2022.12.08-ны өдрийн 49,800 төгрөг, 2022.12.08-ны өдрийн 49,500 төгрөг, 2022.11.27-ны өдрийн 1000 төгрөг, 2022.11.13-ны өдөр 43,300 төгрөг, 2022.12.08-ны өдрийн 9,800 төгрөг, 2022.11.23-ны өдрийн 4,930 төгрөг, 2022.12.03-ны өдрийн 12,980 төгрөг, 2022.12.01-ний өдрийн 17,160 төгрөг, 2022.11.29-ний өдрийн 19,600 төгрөг, 2022.12.06-ны өдрийн 2,100 төгрөг, 2022.12.11-ний өдрийн 2,800 төгрөг, 2022.11.27-ны өдрийн 11,500 төгрөг, 2022.11.23-ны өдрийн 25,000 төгрөг, 2022.12.08-ны өдрийн 17,100 төгрөг, 2022.12.03-ны өдрийн 40,700 төгрөг, 2022.12.14-ний өдрийн 26,700 төгрөг, 2022.12.14-ний өдрийн 26,700 төгрөг, 2022.11.23-ны өдрийн 14,900 төгрөг, 2022.12.14-ний өдрийн 184,741 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахлах сувилагч ***2022.12.01-ны өдөр гаргасан тодорхойлолт, төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн төлбөр 180,000 төгрөг нийт 1,176,561 төгрөгийн, баримтгүй 11,604,500 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн өмгөөлөгчтэй холбогдож хохирогчийн дансанд 3,000,000 төгрөгийн эмчилгээтэй холбоотой шилжүүлсэн талаар шүүгдэгч, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийг баримтаар нэхэмжилсэн хохирлыг хохирогчид төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Харин хохирогчийн бусад баримтгүй нэхэмжилсэн зардал болох 11,604,500 төгрөг буюу: Өмгөөлөгчийн хөлс, хүүхэд харсан, хохирогчийг асарсан төлбөр, тухайн хүмүүсийн олох ёстой байсан орлого зэрэг цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс болон иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2. Шүүгдэгч ***ы жолоодон явсан “Toyota” ***загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ***гийн эзэмшлийнх байх ба мөрдөн шалгах ажиллагаанд болон хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн  тул шүүгдэгч ***ыг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг баримтлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, түүний хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хохирогч ***ад даатгалын сангаас төлөгдсөн 3,070,000 төгрөгийн зардлыг  шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалтай холбоотой зардлын нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь Хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/195 дугаартай албан бичиг, зарцуулсан зардлын талаарх мөнгөн дүнгийн хүснэгт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ***байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар 3,070,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон тул шүүгдэгч ***аас 3,070,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын дансанд олгохоор шийдвэрлэж, иргэний хариуцагч  *** нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,     6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. гэсэн,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттуяагаас: Миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөртэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогчид ямар нэгэн байдлаар сэтгэл санааны дэмжлэг үзүүлээгүй байгаад маш их гомдолтой байгаагаа хэлж байна. Цаашид энэ ослоос шалтгаалж ямар нэгэн байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. ***настай хүн эрүүл мэндийн байдал нь дээрдэхгүй. Хөлдөө болон гартаа маш олон хадаас хадуулсан, 2 удаа хагалгаа хийлгэсэн, оюун ухаан нь орж, гарч байгаа, нүд нь юм харахгүй байгаа зэрэг эрүүл мэнд нь маш хүнд байгаа. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг өгье гээд өгсөн мөнгийг авсан. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжилсэн хохирлыг хариуцахгүй гэж байна. Үнэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байсан бол хохирогч 2 цаг гаруй сууж хөл нь гацсан явж чадахгүй байдалтай байхад тусалъя гэсэн сэтгэл байхгүй, шууд гараад явж байна. Үнэхээр гэмшиж байна уу гэдэгт маш их харамсаж байна. Ялын тухайд улсын яллагчтай санал нэг байна гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг гарсан үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргасан зүйл байхгүй. Хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг хүлээн зөвшөөрч байгаа. Зам тээврийн осол нь санаатайгаар бус санаандгүй байдлаар буюу болгоомжгүйгээр үйлдэгддэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төрийн албанд ажилладаг, тогтсон гэр бүлтэй, өөрийнхөө хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарах үед сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэргийг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх, хохирол төлбөр төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмшүүлэх зорилгыг агуулж байх ёстой. Энэ хүн хорих ял авах юм бол хохирогчийн цаашид гарах хохирлыг барагдуулах асуудалд хохирогчийн эрх зөрчигдөх байдал үүснэ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах улсын яллагчийн саналд тусгайлан гаргах саналгүй байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

           

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч ***ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль дүрмийг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тэнсэх зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх тухай санал дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. гэж заасан ба энэхүү зохицуулалт нь үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх эрх олгосон зохицуулалт юм.

 

Мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус хэргийн хохирогч ***ын эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж барагдуулаагүй, өмгөөлөгч нь маргаж оролцсон. Иймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** овогт ***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч ***ы В ангиллын *** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын хэлтэст шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ***ад  энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

     7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.***наас 3,070,000 (гурван сая далан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх  ялыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН