Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/36

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор  Ж.Энх-Амгалан /цахим сүлжээгээр/

                                                        Яллагдагчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                                       Хохирогч Ө.Ч

                                                       Хохирогч Э.З /цахим сүлжээгээр/

                                                        Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/414 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр Б.Дод холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Сайн ноён овгийн Б.Д

 

Яллагдагч Б.Д нь яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Д” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Б.Б-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Т” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ганцаараа Булган аймгийн Рашаант сумын ... дугаар баг Шинэ хорооллын ... тоотод байрлах Б.С-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Супер Даюун” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч авахыг завдсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын ... дугаар баг Шинэ хорооллын ... тоотод байрлах Т.Н-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Супер Даюун” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авч бусдад 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр багийн ... тоотод байрлах Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн дэвсгэртүүд /7000 төгрөг/, болор нэртэй архи /хагас шил/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4.070.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Сайн ноён овгийн Б.Д-д холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт буцаан, яллагдагч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэг 1 ширхэг, кет 1 хосыг хэргийн хамт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагч Б.Д-н урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг ханган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан гаргасан эсэргүүцэлдээ: ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны урьдчилсан   хэлэлцүүлэг явуулж хэргийг хянан хэлэлцээд 2019/ШЗ/414 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зуйлиин 3 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно гэж хуульчилжээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 10 өдрийн 19090000000807 эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолоор Б.Д-д холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргээс Б.Б-д холбогдох 19090000000807 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан нь хэргийг буруу тусгаарласан гэж шүүх үзжээ.

 

Яллагдагч Б.Д-д холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэх боломжгүй. Учир нь яллагдагч Б.Д нь яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Д нь яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Т” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч Б-н эзэмшлийн лангууны шилийг хагалж Б.Б-д 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд яллагдагч нарын гэм буруу болон хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн яллагдагч Б.Д нь Улаанбаатар хотод хэргийн материалтай бүрэн танилцаагүй. Хэргийн материалтай бүрэн танилцмаар байна, танилцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж хуульчилсан байх тул эрхээр хангаж Б.Д-г хэргийн материалтай танилцах тухай шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 8-8 тоотод байрлах Б.С-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Супер Даюун” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн боловч уг үйлдэлд яллагдагч Б.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, Яллагдагч Б.Д-д холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн 1, 2, 3, 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд болон бусад бичгийн нотлох баримтуудын хуулбарууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна” гэжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Б.Б нь
Б.Д-тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн
талаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд саад
болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулан хохирогч Э.З-д 29.457.133 төгрөг, хохирогч М.Б-д 7.365.000 төгрөгийн хохирол учруулсныг эргэлзээгүйгээр тогтоосон. Яллагдагч Б.Д, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд адил тэнцүү байдлаар хувааж хохирогч нарт олгоход саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлэх үүргийн дагуу яллагдагч Б.Д-д хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулсан тул яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Яллагдагч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын ... дугаар баг Шинэ хорооллын ... тоотод байрлах Б.Сэ-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Супер Даюун” маркын мотоцикль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авч авахыг завдсан үйлдэлд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 211 тоот яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоолоор ял өөрчлөн сонсгож, яллагдагчид танилцуулж мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хуулбар нь нотлох баримтын шаардлагыг ямар үндэслэлээр хангахгүй байгаа талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдаагүй бөгөөд хэрвээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа бол шүүх хуралдаанд эрүүгийн 19090000000807 дугаартай хэргээс нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар хуулбарлан авч шүүх хуралдаанд шинээр нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой юм. Иймд Өвөрхангай аймаг дахь Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/414 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

Яллагдагч Б.Д прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг тусгаарласан нь буруу гэж үзсэн. Миний холбогдсон хэргүүд Сүхбаатар аймаг, Хөвсгөл аймаг, Булган аймаг, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хамгийн сүүлийн үйлдэл Өвөрхангай аймагт үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.6-д зааснаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Б.Б-тай үйлдсэн хэргийн талаар хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Бусдад учруулсан хохирлын талаар маргаан байхгүй. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр хүүхэд Хархорин суманд амьдардаг. Хэргийг тусгаарлан шийдвэрлэх прокурорын саналтай санал нэг байгаа учир хэргийг тусгаарлаж шийдвэрлэх прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа дөрвөн үндэслэлээр буцаасан. Ингэхдээ хэргийг буруу тусгаарласан, хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх, хавтаст хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал байна гэж үзсэн. Миний хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хохирогчид учирсан хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн. Хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдсон. Хохирогч нар нь хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг дээр маргаагүй. Мөн яллагдагч нар ч хоорондоо маргаагүй. Харин хэнд нь хэдэн төгрөг хариуцаж төлөх вэ гэдэг талаар зохицуулаад өгчихсөн байгаа учраас хохирлын асуудлыг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүхээс үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Б.Б-д ял сонсгоод, сонсгосон ялын асуудлаар нь мэдүүлэг авах, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх талаарх ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Энэ ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн. Яллагдагч Б.Д мөн адил Б.Б-тай хамт энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ мэдүүлдэг. Тийм учраас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг тогтооход саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрвээ Б.Б-с мэдүүлэг аваагүй, эсхүл Б.Д-тэй үйлдэл дээрээ маргаж байгаа тохиолдолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдож байна гэх боломжтой байсан. Гэтэл уг хоёр яллагдагч нь үйлдэл дээрээ маргадаггүй, үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлгээ өгчихсөн байгаа учраас ямар ч саад болох нөхцөл байдал байхгүй байна. Б.Б-г эрэн сурвалжлах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хангалттай хийгдсэн. Тусгаарласан хэрэг дээр ч мөн адил хангалттай ажиллагаанууд хийгдэж байгаа. Тэгэхээр тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхгүй бол Б.Д гэдэг хүнийг хорьж мөрдөх хугацаа хэзээ дуусах вэ гэдэг асуудал давхар бий болж байна. Б.Б-г эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа ч гэсэн олдохгүй байсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм бол Б.Д гэдэг хүн ял завших асуудал яригдах болно. Тийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хэргийн материал танилцуулах ажиллагаа хийгдээгүй буюу энэ эрхээр нь хангаагүй гэсэн байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр Б.Д хэргийн материалтай танилцсан гэж гарын үсэг зурсан байдаг. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс яллагдагч нь хэргийн материалтай танилцсан гэсэн тэмдэглэл дээр өөрөө гарын үсгээ зурсан байх тул хэргийн материалтай бүрэн танилцсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх хуралдааны үед шүүгдэгчийн амаар хэлсэн мэдүүлгийг үндэслээд хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Б.С-н мотоциклийг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол хэрэгт байхгүй байна гэж анхан шатны шүүхээс үзсэн. Гэтэл яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоолоор ял сонсгосон. Энэ талаар яллагдагчид танилцуулж мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх эрхүүд нь хангалттай хангагдсан. Эдгээр эрх нь зөрчигдөөгүй гэдэг нь дээрх тогтоолоор батлагддаг. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн. Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтыг нь тусгаарлаж авсан хэргээс хуулбарлан авч шүүх хуралдааны үед гарган өгч шинжлэн судлах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Тиймээс энэ асуудал нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болж чадахгүй байна. Нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад хийгдэх ажиллагаа байхгүй учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/414 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Б.Д нь прокурорын эсэргүүцлийг дэмжиж тайлбар гаргасан. Б.Д-н хувьд 5 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдсэн газрын шүүхээр хэргээ шийдүүлэх сонирхолтой байдаг. Яллагдагч Б.Б-тай хамтран үйлдсэн үйлдлүүдтэй хэрэг буюу 1926001890102 дугаартай хэргээс миний хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Яллагдагч П.Д нь хэлэхдээ хэргийг нэгтгэж шийдвэрлэх тухай анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжихгүй байна. Би Б-тай хамт үйлдсэн 2 удаагийн үйлдлээ хүлээсэн. Гэм буруу болон хохирлын талаар яллагдагч Б.Б-тайсанал зөрсөн зүйл байхгүй гэсэн тайлбар өгдөг. Тиймээс энэ хэргийг тусгаарлаж шийдвэрлэвэл тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн байр суурьтай байна гэв.

 

Хохирогч Ө.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10 өдрийн 19090000000807 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор Б.Д-д холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргээс Б.Б-д холбогдох 19090000000807 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан нь буруу, Б.Д-г 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын ... тоотод байрлах Б.С-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Супер Даюун” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн боловч уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, мөн уг хэргийн 1, 2, 3, 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдаж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болохоор хуульчилжээ.

 

 Яллагдагч Б.Д нь яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.З-н эзэмшлийн дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарын цонхоор хууль бусаар нэвтэрч Б-н эзэмшлийн лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байхад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хэргийг тусгаарлах прокурорын тогтоолоор Б.Д-д холбогдох хэргээс Б.Б-д холбогдох хэргийг тусгаарласан нь буруу байна.  

 

Прокурорын шинжээч томилж хохирлын үнэлгээг тогтоосон, яллагдагч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн тул хэргийг тусгаарласан нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй талаарх эсэргүүцэл үндэслэл муутай байна.

 

Хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь тэдний гэм буруу, хохирол болон хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болно.

 

Хэрэгт гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуулбарлаж хавсаргасан нь тэдгээрийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй.

 

Иймд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/414 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.