| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0682/З |
| Дугаар | 221/МА2025/0147 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0147
Г.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай” 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2022/0823/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай” 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1014 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 46 дугаар зүйлийн 46.3, 46.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н гаас Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” гэдгийг 58 настай эмэгтэйд хамруулан тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй, алдаатай юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгох талаарх хүсэлтээ гаргаагүй эмэгтэй албан хаагч 58 нас хүрсэн нь түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн заалт нь гагцхүү даатгуулагч өөрөө хүссэн нөхцөлд л 55 насанд хүрснээр тэтгэвэр тогтоолгох агуулга юм. Өөрөөр хэлбэл, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй нөхцөлд түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хуулийн тус заалтыг Улсын дээд шүүхийн дараах Тогтоолуудад энэ агуулгаар тайлбарласан байдаг. Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 281 дугаартай Тогтоолын Хянавал хэсгийн 14, 15 дугаартай хэсгүүдэд “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх хуулийн заалтын талаар дараах тайлбарыг хийсэн байна. Үүнд “... Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг 60, 65 гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь хуулийн шаардлагаар тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй нас бөгөөд харин 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан ... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц гэдгийг өөрийн хусэлтээр тэтгэвэр тогтоолгон авах нас бус, харин сүүлийн шаардлагаар тэтгэвэр авах насанд хүрмэгц гэж тайлбарлан хэрэглэнэ ...” хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй төрийн албан хаагч 55 нас хүрэх нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” гэх үндэслэлд хамаарахгүй тухай, гагцхүү тухайн иргэн өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжийг үүсгэх тухай тайлбарласан.
3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0275 дугаартай магадлалд хуулийн заалтыг мөн дээрх агуулгаар тайлбарласан байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0110 дугаартай тогтоолд “Өөрөөр хэлбэл, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол түүнийг шууд тэтгэвэрт гаргахаар хуульчлаагүй. Харин өөрөө хүсвэл дээрх насанд хүрмэгц, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх олгосон зохицуүлалт гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлт гаргаагүй бөгөөд тус заалтын 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч гэх хуулийн нөхцөлийг төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй адилтган үзэж, захиргааны журмаар санаачилгаар төрийн албан хаагчийг тэтгэвэр гаргах агуулгыг илэрхийлэхгүй. энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд үндэслэлтэй” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, 55 нас хүрсэн эмэгтэй төрийн албан хаагч өөрөө хүсэлтээ гаргаагүй бол түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэхгүй тухай болон төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөх үндэслэлгүй тухай тодорхой тайлбарласан.
3.3. Хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын байр суурь, тайлбар тодорхой бөгөөд анхан шатны шүүх тус тайлбараас өөрөөр, хуулийг буруугаар тайлбарласан байна. Энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн хувьд 55 нас хүрсэн ч тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй, харин үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Иймд нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хууль хэрэглээ, байр суурь ч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын дээрх тайлбартай ижил байгаа болно. Үүнийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01103 дугаартай тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01119 дугаартай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01697 дугаартай тогтоолуудаас харж болно. Маргаан бүхий захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй атал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэлгүй, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
2.1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.2. Нэхэмжлэгч Г.Н нь “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай” 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргажээ.
2.3. Анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1, 5.1.2-д заасан шимтгэл төлөлтийн хугацаа болон насны хязгаарын хувьд нэхэмжлэгч даатгуулагч өөрөө хүсвэл үүсэх эрх байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайд хэрэв өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх дээрх хуулийн дагуу үүсэх хуулийн боломжтой байна. Нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчим үйлчлэх ба хариуцагчаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх ажилтныг хүсэлтгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ хожим гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 46.3-д зааснаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч маргаан бүхий захирамжаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй … Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц “төрийн албанаас чөлөөлөгдөх үү, эсхүл тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах уу” гэдгээ хүсэлтээр илэрхийлэх нь хуульд заасан шаардлага байна, нэхэмжлэгч нь энэ шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Н нь анх Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий даргын 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжаар “зохион байгуулалтын хэлтэст бичээчээр” томилогдон, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000 дүгээр захирамжаар “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан байх бөгөөд тэрээр 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад хандан Төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргажээ.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч”, 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гэж заасан бөгөөд 25-иас доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх хуулийн нөхцөлийг заасан, энэ нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас буюу өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх агуулгатай хуулийн зохицуулалт юм.
2.7. Өөрөөр хэлбэл, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол түүнийг шууд тэтгэвэрт гаргахаар хуульчлаагүй, нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэрт тогтоолгон авах хүсэлт гаргаагүй, харин төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байхад түүнийг хариуцагч захиргааны байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хороо хариуцсан референтийн ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.8. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай” 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 41 дүгээр зүйлийн 41.2, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Н гаас Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Н-г төрийн албанаас чөлөөлөх тухай” 000 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төсвийн байнгын хорооны асуудал хариуцсан референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалган, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ