| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0170/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
2023 02 7 2023/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилолтоор/,
Шүүгдэгч Г.Б, , түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б, т холбогдох эрүүгийн 2208026981585 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Алтайн *** дугаар гудамж ***тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.Б, нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 3-6 тоотод хохирогч Ч.Э,ийг яах гэж ирсэн юм гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.Б, нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Дунд Нарангийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Ч.Э,ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Салсан нөхөр согтуу дарамталсан тухай...тэмдэглэл, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
- хохирогч Ч.Э,ийн...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 3-6 тоотод гэртээ 18 цагийн үед хувцас эд зүйлээ угааж байтал салсан нөхөр Г.Б, гаднаас согтуу орж ирээд намайг тэврээд ярилцъя гээд байхаар нь цаашаа бол гээд түлхсэн чинь дайрч, доромжлоод орилоод байж байтал гаднаас манай найз эгч Уранбилэг орж ирсэн чинь салсан нөхөр энэ хүүхэн чинь хэн юм бэ, янхан юм уу мэтээр орилоод тэгээд найз эгч маань гараад явсан. Тэгтэл намайг үстэж чирээд, толгой руу гараа атгаж байгаад цохисон, миний зүүн хөл өвдөг шалбарсан байсан. Бид хоёр салаад 6 жил орчим болж байна дундаасаа нэг хүүхэдтэй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 18-23, 24-28, 137-141 дэх тал/,
- гэрч М.Уранбилэгийн...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны найз ****ийн гэрт орсон чинь нөхөр нь согтуу байж байсан, хоорондоо юм яриад байхаар нь би удалгүй гарч явсан.Тэгээд 30 минутын дараа над руу утсаар яриад хүрээд ир, би нөхөртэй зодуулчихлаа гээд хэлсэн ба гэрт нь ирсэн чинь гэрийнхэн шал нь дээр ****ийн хувцас нь газар хөглөрчихсөн үс нь газар хай сайгүй уначихсан байсан.Тэр үед ***** цагдаа дуудсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт : Ч.Э,ийн биед баруун чамархай, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
- шүүгдэгч Г.Б, ын...Би тухайн үед болчимгүй үйлдэл хийсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-51-54, 153-156 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгч Г.Б, ын гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Ч.Э,ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх тодорхой хугацаанд хамт амьдарсан, хүүхэдтэй болсон байхаас гадна тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үйл баримтгүй, харин шүүгдэгч нь хохирогчийн эсрэг бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, мөн Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан “ хуульчилсан тайлбар”-т заасан үндэслэлээр шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.
2.4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-51-54, 153-156 шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б, ыг хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнөх ажлаа өөрчлөн уул уурхайн компанид ажиллахаар болсон гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-61, 63-69, 70-84, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б, шүүхээс оргон зайлсны /хх-120-122/ улмаас 2022.11.03-ны өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсон /хх-124-126, 133, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул эдлэх ялаас хасч тооцохоос гадна түүнд урьд авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг /хх-134-135/ хүчингүй болгож, уг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Б, ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Б, ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, ын цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 405.000 төгрөгийг оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг хэмжээг 295.000 төгрөгөөр тогтоосугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Б, т урьд авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР