| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
2022 12 21 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Л.Содбаяр,
шүүгдэгч А.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт АМд холбогдох эрүүгийн 2211 01814 2003 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 13 гудамж 263 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 46 дугаар байрны 2-109 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Хотгойд овогт АМ /РД:.........................................................................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч АМ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 24 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ойролцоох зам дээр хохирогч Г.Ууганбаярыг таксинд явсангүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиж, хөлийг нь өшиглөж духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч АМ нь:
архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 24 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ойролцоох зам дээр хохирогч Г.Ууганбаярыг таксинд явсангүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиж, хөлийг нь өшиглөж духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Г.Ууганбаярын “...би тэр өдөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 24:00 цагийн үед өөрийнхөө приус 30 маркийн 84-21 УБА дугаартай машинтайгаа явж байсан тэр үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын хажуудах зам дээр явж байсан чинь одоогийн энэ залуу болон иргэн Энхбаяр гэгч нь миний машины урд гараад зогсчихоод хаагаад холдохгүй байсан тэгээд би цонхоо буулгасан чинь намайг таксинд явах уу гэж асууж байсан. Тэгээд би түүнд өөдөөс нь явахгүй ээ гэж хэлэхэд явчихаач гэж хэлээд миний машиныг цохиж аваад байсан. Тэгээд араас нь Мөрөн ирээд намайг машиндаа сууж байхад миний машиныг цохиж аваад байсан. Тэгээд араас нь Мөрөн ирээд намайг машиндаа сууж байхад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авч байсан би машинаасаа бууж ирээд нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авч байсан. Тэгээд би машинаасаа бууж ирээд яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр хоёр хоёулаа над руу дайраад байсан. Тэгээд тэгтэл Мөрөн намайг миний зүүн талын хөл рүү өвдөг хэсэгт өшиглөж байсан тэгээд би газраас босож ирсэн арын машины хүмүүс ирээд тэр хоёрыг надаас салгаж байсан. Тэгээд би гар утсаараа цагдаа дуудаж ирүүлж байсан. Тэгээд Энхбаярыг эрүүлжүүлэх байр луу аваад явж байсан харин нөгөөх нь намайг зодоод байсан залуу Мөрөн нь цаашаа зугтаагаад яваад өгсөн тэр нь арай гайгүй согтолттой байсан харин Энхбаяр нь мэдэхээргүй байсан байсан. Тэр шөнө бол Мөрөн намайг зодож байсан тэр эхлээд намайг машин дотроо сууж байхад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авч байсан. Тэгээд дараагаар нь намайг машинаасаа буугаад иртэл бас л миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж авч байсан. Тэгээд бас миний зүүн хөлийн өвдөг хэсэгт хөлөөрөө өшиглөж байсан, харин Энхбаяр нь зодож цохиж байсан зүйл бараг байхгүй гэж бодож байна тэр нэлээн согтуу байсан араас нуруу хэсэг рүү хальт цохиж авах шиг болсон бараг зодоогүй гэж хэлэхэд болно надад угаасаа Энхбаярт ямар нэгэн санал гомдол байхгүй. Харин би Мөрөнд гомдолтой байгаа намайг зодоод байсан тэгээд сүүлдээ цаашаа зугтаагаад яваад өгч байсан юм. Тэр шөнө тэд нар тавуулаа байсан тэр хоёроос гадна бас нэг залуу бөгөөд бас хоёр эмэгтэй хамтдаа явцгааж байсан цагдаа ирэхэд тэд нар нь бүгдээрээ яваад өгчихсөн байсан харин Энхбаяр нь тасарчихсан байсан тул ганцаараа үлдээд цагдаад баригдаж байсан юм. Би өөрийнхөө шинжээчийн дүгнэлттэйгээ уншиж танилцлаа. Асуух зүйл байхгүй ээ, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Гэрч Г.Энхбаярын “...би өчигдөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны оройн 21:00 цагийн үед найзуудтайгаа Нисдэг машины хажуудах нэгэн караокед орцгоосон. Тэгээд дараагаар нь тэр газраасаа гараад бид нар наашаа байрнуудын голоор алхаж яваад Мөрөн гэдэг найзынхаа хамтаар такси барих гэж байсан Тэнгис кинотеатрын хойшоо явдаг Баянбүрд рүү явдаг туслах зам дээр нэг приус маркийн автомашин байсан тэгээд тэр жолоочийг нь унаа явъя явах уу гэж хэлсэн чинь тэр хүн явахгүй гэсэн тэгээд тэр жолоочийг нь унаа авъя явах уу гэж хэлсэн чинь тэр хүн явахгүй гэсэн. Тэгээд бид нар явчих л даа гэж хэлээд үл ойлголцох асуудал гарч ирээд маргалдаж байгаад бид хоёр тэр залууг цохиж авсан. Тэгээд манай найзууд намайг хаяад яваад өгсөн байсан би тэгээд ганцаараа үлдээд цагдаа ирээд намайг барьж аваад саатуулсан байсан ...манай найз Мөрөн бас тэр жолоочийг ...2-3 удаа цохиж авч байсан юм. Би өөрөө бас нилээд муудсан байсан ...өчигдөрийн байдлаар бид нар караокед хоёр шил 0.75 литр эдэн нэртэй архи ууцгаасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...Г.Ууганбаяр нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ЖЮ96020415 регистрийн дугаартай Г.Ууганбаяр нь 2022 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч 161.000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04/4926 дугаартай албан бичиг баримтуудаар тогоогдож байх тул дээр тусламж үйлчилгээний яллагдагч А.Мгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13523 дугаартай дүгнэлтэнд “Г.Ууганбаярын биед духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Шүүгдэгч А.Мгийн гэрчээр өгсөн “...би тэр өдөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны оройн 21:00 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очиж байсан тэр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машины урд талын караокед орцгоосон байсан тул би араас тэд нар дээр яваад очиж байсан тэр өдөр манай найз Ариунзул гэгчийг төрсөн өдөр нь болж байсан тэгж байгаад тэр газартаа нилээн олуулаа байж байсан дандаа манай найзууд болох Ариунзул, Энхбаяр, Мөнхтөр, Доржпүрэв, Баяржавхлан, Анар, Сүхбат, бид нар бүгдээрээ байж байсан тэр газартаа нилээн их архи дарс ууцгаасан байсан би дээрээс нэмээд бас нилээн ихээр архи ууж байсан тэгж байгаад бид нар шөнийн 24:00 цагийн үед тэр баарнаас гарч ирээд салаад явцгаасан тэгээд салаад явсныхаа дараагаар нь хэсэг цөөхөн хүмүүс үлдсэн байсан тэр нь манай найз Энхбаяр Мөнхтөр, Оюунтүлхүүр, Хунцэнгэл бид нар үлдээд таксинд суух гэж байсан тэгсэн чинь Энхбаяр нь согтуурхаад байсан тэр таксины жолоочтой хэрүүл маргаан болоод байсан би түүнийг өмөөрөөд бас л нөгөө таксины жолоочтой хэрүүл маргаан болж байсан тэгээд манай найзууд ирээд намайг салгаад авсан. Энхбаяр бид нарын үгэнд орохгүй орилоод байхаар нь би нар цаашаа яваад өгч байсан тэгсэн маргааш нь цагдаад баригдаад эрүүлжүүлэх байранд оруулсан байсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Шүүгдэгч А.Мгийн “...2022 оны 09 дүгээр сарын 30-нд найзуудтайгаа архи ууж байгаад тэр газраасаа гарч ирээд нэг найзтайгаа хамтдаа явж байсан тэр нь одоогийн энэ Энхбаяр байсан тэгээд бид хоёр тэр таксины жолоочийг таксинд явах уу гэтэл тэр жолооч явахгүй гэхээр нь бид нар хоорондоо хэрүүл маргаан болж байгаад би түүнийг зодож байсан нь үнэн. Тэгээд тэр ахыг нүүрэн тус газарт нь гараараа хоёроос гурван удаа цохиж авч байсан тэгээд түүнийг газарт унахаар нь бас дээрээс хөлөөрөө өшиглөж байсан юм. Ингээд би тэр өдөр болсон бүхий л асуудлаа өмнөх гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр өгсөн байгаа би түүнд учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 32-33/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 381 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Анхбаярын Мөрөн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 24 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ойролцоох зам дээр хохирогч Г.Ууганбаярыг таксинд явсангүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиж, хөлийг нь өшиглөж духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн өвдөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...энэ хэрэг дээр Мөрөнтэй тохиролцож шийдвэрлэсэн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэжээ.
Мөн хохирогч Г.Ууганбаяр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч А.Мгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт АМг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мгөөс 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ