Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

  2022         12          26                                   2023/ШЦТ/19

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч П.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ПБт холбогдох эрүүгийн 2211 01093 1709 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин 1-11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 8-12 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1819 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ПБ ...............................

Холбогдсон хэргийн товч агуулга;

Шүүгдэгч ПБ нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Мужааны ажил хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Баас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 226 дугаар байрны 42 тоотод байхдаа Д.Дийн эзэмшлийн Хаан банкны 5721208903 дугаарын данснаас шилжүүлсэн 520.000 төгрөгийг иргэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019831202 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ПБ нь:

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Мужааны ажил хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Бс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 226 дугаар байрны 42 тоотод байхдаа Д.Дийн эзэмшлийн Хаан банкны 5721208903 дугаарын данснаас шилжүүлсэн 520.000 төгрөгийг иргэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019831202 тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Баянбаатарын “...би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бямбаа гэх 88727723 дугаарын утсаар залгаж барилгын ажил хийх хүн байна уу гэж асуухад Бямбаа нь Нэмэхээ гэх 99522286 дугаарын утас руу холбогдож барилгын карказ, мужааны ажил хийдэг гэх залууд миний утасны дугаарыг өгсөн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 99912250 утаснаас над руу дохиод байхаар нь би буцаагаад залгаад харилцан ярилцсан. Тэр үед би уг хүнд Архангай аймгийн төв дээр баригдаж байгаа барилга дээр мужаан дутагдалтай байгаа 3-4 хүн хэрэгтэй байна гэдэг санал тавихад уг залуу бид нар 4-үүлээ байгаа одоо жаахан ажил хийж байна, маргааш дуусчихна гэж хэлж байсан. Тэгээд би ажлаа дуусгаад над руу залгаарай гэж хэлээд хэсэг хугацааны дараа эргээд утсаар ярихад “Би ажлаа дуусчихлаа, одоо ажлаа хийсэн газраасаа мөнгөө авч чадахгүй байна, та замын зардал, эндээс авч явах зүйл бэлдэнэ, та мөнгө өгөх үү гэж ярихаар нь чи өөрийн иргэний үнэмлэх, хийж байсан ажлынхаа зургийг явуул гэж хэлэхэд над руу өөрийн иргэний үнэмлэх хамт явах гэж байгаа хүний иргэний үнэмлэхийн нийт 3 хүний зургийг нь дарж явуулсан. Ингээд шөнө 22 цаг орчимд биечлэн уулзах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын төмөр гүүрний хойд талд байрлах интернэтийн газарт Билгүүнбаатар гэх залуутай уулзаад ажлын тухай танилцуулаад амаар тохиролцон харилцан зөвшилцөөд салж байсан. Тухайн үед би тэр залуугийн дэргэд байхад манай эхнэр Дашмаа нь Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 22б байрны 42 тоотод байхдаа өөрийн Хаан банкны 5721208903 тоот данснаас тухайн залуугийн 5019831202 дугаарын Хаан банкны данс руу 520.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өглөө уг залуугийн 99912250 дугаарын утас руу олон удаа залгасан боловч утсаа аваагүй, нэг удаа над руу мессеж явуулахдаа “за ах одоо гарлаа сая ирлээ” гэж явуулахаар нь би хариуд нь утсаа аваач дүү гэж хариу явуулахад над руу ямар нэгэн хариу ирүүлээгүй. Улмаар би Драгоны автобусан дээр очиж асуухад ийм хүмүүс билет аваагүй гэж байна лээ. Тэгээд буцаад өчигдөр уулзсан интернэтийн хүнээс тухайн залуугийн талаар асуухад “Барилгын ажил хийх нь хийдэг, ажлаасаа орж гардаг ихэвчлэн интернэтэд сууж байдаг, орон гэргүй” гэж интернэтийн газрын эмэгтэй хүн энэ талаар ярьсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

Гэрч Д.Дашмаагийн “...манай нөхөр Баянбаатарын барилгын ажил хийхээр хөдөө явна гэж тохироод 4 хүний замын зардал 120.000 төгрөг хоол хүнсний зүйл авах гээд нийт 520.000 төгрөгийг би гэртээ байж байхдаа манай нөхөр ярихаар нь ажил хийнэ гэсэн Т.Билгүүнбаатарын 5019831202 дугаарын данс руу гэрээсээ 520.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны орой 22 цаг 17 минутад шилжүүлсэн юм. Гүйлгээний утга дээр нь “Тод мастер” ХХК гэж бичиж явуулсан юм. Харин энэ өдрийн маргааш нь явах байсан боловч утсаа аваагүй алга болж манай нөхөр бид хоёрыг залилсан юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

Шүүгдэгч П.Бын  “...би фэйсбүүк чатаар дамжуулан 2022 оны 06 сарын 04-ний өдөр Д.Баянбаатар гэх хүнтэй мужааны ажил хийж өгнө гээд холбогдож байсан. Ингээд 2022 оны 06 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хар хорин 20 дугаар байрны интернэт кафед байхад Д.Баянбаатар гэх хүнтэй уулзаж мужааны ажил хийж дуусгана гэж өдрийн 1 хүний 180.000 төгрөгний гэрээг байгуулсан. Ингээд би тухайн өдрөө урьдчилгаа гэх 520.000 төгрөгийг өөрийн данс болох 5019831202 тоот Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Үүний дараа 2022 оны 06 сарын 07-ны өдөр Архангай руу явж ажлыг нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед нийт 5 хүн ажиллах байсан боловч ч 2022 оны 06 сарын 07-ны өдөр бусад 4 хүн болох Батбаяр, Бат-Эрдэнэ /бусад 2 хүнийг нь санахгүй байна/ нар нь гэнэт Архангай явахаа больчихсон. 2022 оны 06 сарын 07-ны өдрийн өглөө би дутуу багаж болох хөрөө метр, алх гэх мэт багажнуудыг 520.000 төгрөгнөөс зарцуулан авсан. Дээрх 4 хүн нь гэнэт ажиллахаа болисон учраас би Д.Баянбаатараас авсан 520.000 төгрөгнөөс дутуу мөнгийг эргүүлэн өгөөд яахав гэж бодоод үлдсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Ингээд би Дундговь руу ажлаар явсан бөгөөд тухайн газар нь цалингаа өгөхгүй байсаар одоог хүртэл Д.Баянбаатарын мөнгийг өгөөгүй явж байгаа ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баянбаатар гэх хүнээс 520.000 төгрөгийг авч ажил үүргийг хийж гүйцэтгээгүйдээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар тал),

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66 дугаар тал),

иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал),

шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн  71-74, 88-92 дугаар тал) зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Пушкиний Билгүүнбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Мужааны ажил хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Баянбаатараас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 226 дугаар байрны 42 тоотод байхдаа Д.Дашмаагийн эзэмшлийн Хаан банкны 5721208903 дугаарын данснаас шилжүүлсэн 520.000 төгрөгийг иргэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019831202 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 520.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс 520.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Мөн, шүүгдэгч П.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1819 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж ялаа эдэлж дууссан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/1433 дугаар албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 520.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед уг хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч П.Баас хохирлын 520.000 төгрөгийг гаргуулан хохирогч  Д.Баянбаатарт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ПБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 520.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Баас хохирлын 520.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баянбаатарт олгосугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ