Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 6

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Алаг адуун овогт Жаргалсайханы Нарантунгалаг, Боржигон овогт Төмөрбаатарын Үенбаатар нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нарантунгалаг, Т.Үенбаатар нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нарантунгалаг, Т.Үенбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Нарантунгалаг, Т.Үенбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн контейнерийн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нарантунгалаг, Т.Үенбаатар нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Нарантунгалаг, Т.Үенбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ