| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2021/0725/З |
| Дугаар | 128/ШШ2021/0706 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2021/0706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Гомдол гаргагч: “Х” ХХК
Хаяг: ...
Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3.
Гомдлын шаардлага: “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-н 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар Ханд 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, Л.А*******, хариуцагч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрх бүхий албан тушаалтан нь "Х” ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолын дагуу томилсон Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Ч.С нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шаардлагад нийцэхгүй байгаа” гэсэн үндэслэлээр Хийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн МБ-18 тоот тогтоолоор Ханд холбогдуулан ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, улмаар ******* тоот шийтгэлийн хуудсаар 10,000,000 ( арван сая ) төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны акт хуульд нийцээгүй буюу эрх зүйн зөрчилтэй тухай:
Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шалгуур нь Банкны Гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуур бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хүн хэрэгжүүлнэ” гэж, 83.3 дахь хэсэгт “ Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж тус тус зааснаас харахад гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх, эсхүл хувь хүн хэрэгжүүлэх эсэхийг Банкны дүрмээр тогтоохоор байна.
Х-ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тус банкны Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу Гүйцэтгэх захирал О.Онь дангаараа хэрэгжүүлж байгаа.
Дээрхээс дүгнэхэд, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шалгуурыг хангах ёстой этгээд нь зөвхөн Гүйцэтгэх удирдлага бөгөөд ******* тоот шийтгэлийн хуудсанд дурдсан Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Ч.С нь тус банкны Гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй байхад тус банкийг Банкны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулсан нь Банкны тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглээгүй тухай:
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ" гэж заасан.
Дээр дурдсан торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсанд дурдсан үндэслэлтэй ижил үндэслэлээр Монголбанкны Ахлах хянан шалгагч Б.Г нь тус банканд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/067/09 дугаартай "Хууль, журмын шаардлага хангуулах тухай” мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлээр Хийг гүйцэтгэх удирдлагынхаа үйл ажиллагааг Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэхийг шаардсан байсан.
Хнаас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч, илт хууль бус болохыг тогтоолгохоор Монголбанкны Ахлах хянан шалгагч Б.Г холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2232 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Х-ны нэхэмжлэлтэй, Монголбанкны Ахлах хянан шалгагч Б. Гхолбогдох, Монголбанкны хянан шалгагчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/067/09 дугаартай мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэхээс шууд хамаараад 2020/067/09 дугаартай мэдэгдэл хуульд нийцсэн эсэх, Х-ны Гүйцэтгэх удирдлага Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, цаашлаад тус банкны үйл ажиллагаа Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байгаа эсэх нь тус тус тогтоогдохоор байна.
Х-ны зүгээс дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ******* дугаартай зөрчлийн хэргийг түдгэлзүүлэх, хаах хүсэлтийг Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-д гаргаж байсан хэдий ч тус хүсэлтэд хариу ирүүлээгүй.
Ийнхүү, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад улсын байцаагч нь өөрийн сонгох боломжийн хүрээнд зөрчлийн хэргийг хаах, түдгэлзүүлэхгүйгээр шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй байх тохиолдолд захиргааны байгууллагыг сонгох боломжоо хэрэглэхдээ алдаа гаргаагүй гэж үзнэ.
Захиргааны акт буюу улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудас нь дээр дурдсанчлан эрх зүйн үндэслэлгүй байх тул улсын байцаагчийг сонгох боломжоо хэрэглэхдээ алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-гийн үйлдсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-гийн үйлдсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 005004 тоот шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-д 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан байгаа. “Х” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор томилсон Санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж зөрчлийн хэрэг нээж шалгаад 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гомдол гаргагчийн зүгээс тус захиргааны акт нь хуульд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байгаа. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан шалгуур нь банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуур байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж заасан. Эдгээр зохицуулалтаас харахад банкны гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх эсхүл хувь хүн хэрэгжүүлэхийг банкны дүрмээр тогтоохоор байна. “Х” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д банкны гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж заасан. “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу гүйцэтгэх захирал О.О нь дангаар хэрэгжүүлж байгаа. Сая дурдсан хуулийн үндэслэл, үйл баримтыг дүгнэж үзэхэд Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан шалгуурыг хангах ёстой этгээд нь зөвхөн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал О.О-д хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл Монголбанкны хянан шалгагч М.М-гийн ногдуулсан шийтгэлийн хуудаст дурдсан санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Ч.С нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад хамааралгүй учраас Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан шаардлагыг хангасан байх шаардлагагүй. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас нь Банкны тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.
Гомдлын шаардлагын 2 дахь үндэслэлээ захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэгжүүлээгүй гэсэн агуулгаар гаргасан. Энэ гомдлыг танилцуулах шаардлагагүй боллоо. “Х” ХХК-ийн санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Ч.С нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой гэсэн мэдэгдлийг улсын байцаагч Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Г гаргасан байсан. Уг захиргааны акттай холбогдуулан манай банкны зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон учраас энэ хүн гүйцэтгэх удирдлага байна гэж үзээд байдаг. Гэтэл хуульд зааснаар тийм биш байгаа. Ч.С-ыг төлөөлөн удирдах зөвлөлөөс томилохдоо Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийг үндэслэсэн. Тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18-д зааснаар “энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал”-ыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй. “Х” ХХК нь зөвхөн гүйцэтгэх захирлыг биш гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчид, гүйцэтгэх захирлын орлогчид, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороонд болон газруудын эрх бүхий албан тушаалтнуудыг томилж, гэрээ байгуулдаг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэн нэгэн этгээдтэй гэрээ байгуулах юм бол тэр нь гүйцэтгэх удирдлага байна гэж үзэх нь өрөөсгөл юм. Гүйцэтгэх удирдлага гэдгийг Компанийн тухай хуулиар зохицуулсан. Багаар хэрэгжүүлнэ гэж дүрэмдээ заагаагүй бол тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн хэрэгжүүлнэ. Хувь хүн хэрэгжүүлж байгаа тохиолдолд тэр нь гүйцэтгэх захирал байна гэж хуульд заасан. “Х” ХХК-ийн дүрмийн 9.1-д тус банкны гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан. Маргааны гол асуудал нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтыг хэн хангах вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр уг заалтыг зөвхөн гүйцэтгэх захирал О.О хангах ёстой. Түүнээс түүний удирдлагад ажиллаж байгаа гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчид, гүйцэтгэх захирлын орлогчид нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д заасан шаардлагыг тавих нь буруу юм” гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Банкны тухай хуульд зааснаар банкны төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагыг томилохдоо Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилно гэсэн зохицуулалт байгаа. Энэ заалтын дагуу Ч.С-г томилсон байгаа нь шаардлагад нийцэхгүй гэж байгаа боловч улсын байцаагчийн үзэж байгаагаар гүйцэтгэх удирдлага мөн юм бол Ч.С-г томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасан шаардлагад нийцэхгүй буюу төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгаар гарч болох байсан. Одоогийн байдлаар шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа. Шаардлагад нийцэхгүй тул ажлаас нь хал, чөлөөл гэсэн агуулгатай зүйл байхгүй. Тэгэхээр үүний үр дагавар нь ямар байдлаар гарах вэ гэдэг нь тодорхойгүй болчхож байгаа. Олон улсын практикт банкныхаа, байгууллагынхаа, компанийнхаа удирдлагуудыг төлөөлөн удирдах зөвлөл нь дэд ерөнхийлөгчийг томилдог. Монгол Улсад ч дэд захирал буюу гүйцэтгэх захирал нарын орлогч нарыг төлөөлөн удирдах зөвлөл томилдог. Энэ практик нь түгээмэл байдаг. Мөн зөвхөн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлыг томилно гэж хязгаарласан зохицуулалт Компанийн тухай хуульд байхгүй. Компанийн нарийн бичгийн дарга, ерөнхий аудиторыг төлөөлөн удирдах зөвлөлөөс томилдог. Монголбанк өөрсдийн баримталж байгаа Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмыг үндэслээд бид журам баталсан, журамд зааснаар ийм хүмүүсийг банкны гүйцэтгэх удирдлага байна гэсэн зарчмаар шийтгэл ногдуулсан гэж харж байна. “Х” ХХК-д ийм албан тушаалд ажиллаж байгаа бусад олон захирлууд байгаа. Эдгээр захирлуудтай холбоотой асуудлууд дээр гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг хангасан эсэх, тухайн ажилтнуудыг томилохдоо Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасан буюу Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөн эсэхэд улсын байцаагч акт тавиагүй. Улсын байцаагч маань шалгалт хийж байхдаа энэ бүхнийг мэдэж байсан. Ч.С той холбогдуулан Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Г-ийн гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан үүссэн захиргааны хэрэгт бусад захирлуудыг томилсон шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй Монголбанкны зүгээс танилцсан. Гүйцэтгэх удирдлагыг томилохдоо Монголбанктай зөвшилцөх үүргээ биелүүлээгүй байна, эдгээр хүмүүсийг бүгдийг нь гүйцэтгэх удирдлага гэж үзнэ гэдэг байдлаар асуудлыг тавих ёстой байсан. Актын хувьд хэлбэр болон хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай байгаа” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголбанкны хянан шалгагч нь Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийдэг.
Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу банкны Хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авч, банкнаас гаргасан аливаа шийдвэр нь дээр дурдсан банкны тухай хууль тогтоомжид нийцтэй байгаа эсэхэд хяналт тавьж, хуульд нийцээгүй тохиолдолд хуульд нийцүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй ажилладаг.
Хны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолын дагуу Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор Ч.С-г томилсон байдаг.
Тус үйлдэл нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлд банкны гүйцэтгэх удирдлагад тавих шаардлага, шалгуурыг тусгасан бөгөөд гүйцэтгэх удирдлага нь түүнийг томилогдоход болон бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед байнга хангаж байх, шаардлагыг хангаагүй нь гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх буюу томилохгүй байх үндэслэл гэж үздэг. Хны ТУЗ-өөс Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор томилсон Ч.С нь түүний нөхөр болох банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Д.Э-тэй компанийн тухай хуулийн 99.1 дэх хэсэгт тодорхойлсон нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарна. Ч.С нь гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нь банкны зохистой засаглалын зарчим алдагдаж, хадгаламж эзэмшигч, харилцагчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөх эрсдэлд нөхцөл үүсч, хуульд тогтоомжид заасан зохистой засаглалын зарчим алдагдах эрсдэлтэй гэж үзсэн тул Банкны тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй эл үйлдлийг зөрчилд хамааруулж үзсэн.
******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрт Хнаас прокурорт гомдол гаргасан байдаг. Прокурор эрх бүхий албан тушаалтныг хуулийн хүрээнд хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгааг дүгнэн, түүний шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдаж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрээ 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3/878 дугаартай "Хариу мэдэгдэх хуудас”-аар хүргүүлсэн байдаг. Мөн банк Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Оролцогч...прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно" гэж заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байдаг.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй тул Х-наас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Монголбанкны ахлах хянан шалгагч Б.Г хэргийг түдгэлзүүлэх, хаах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан.
Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу дээр дурдсанчлан зөрчлийн хэргийг нээж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь заалтын дагуу тус банкийг 10,000 нэгж буюу 10.0 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.
Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Тухайлбал энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал, эсхүл холбогдогч зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй, эсхүл зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан бол гэж хуульчилжээ. Уг хуулийн 1.9 дүгээр зүйлд зөрчлийн хэргийг нээхгүй байх зохицуулалтыг тусгасан бөгөөд уг зүйлийн 1.1-т зөрчлийн шинжгүй гэж заасны дагуу банк зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх хүсэлтийг Монголбанканд гаргасан байдаг.
Х наас "Банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж заасны дагуу тус Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу Гүйцэтгэх захирал О.Онь дангаараа хэрэгжүүлж байгаа” гэсэн тайлбарыг зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад өгсөн. Тус зохицуулалт нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3 дахь заалтаар зохицуулагдаж байгаа ч Х-ны ТУЗ-ийн дарга Д.Э болон Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Ч.С нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ГУ-20/002 дугаартай контрактын гэрээнээс харахад Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “ Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн бээр үйл ажиллагаагаа явуулна” гэсэн заалт, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд “ТУЗ-ийн бүрэн эрхэд гүйцэтгэх удирдлагыг сонгох , өөрчлөх , түүний бүрэн эрхийг тогтоох” гэсэн заалтыг үндэслэн ТУЗ-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Ч.С-г томилсон зэрэг нь Х-ны Санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаал нь банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй албан тушаалд тооцогдож, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 43.2.2 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна” гэж заасан. Банкны харилцааг яагаад тусдаа хуулиар зохицуулдаг вэ гэвэл энгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс маш онцлогтой бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж, түүгээрээ зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Монгол Улсын арилжааны банкнуудын нийт санхүүжилтийн 80 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламж эзэлдэг. Банкийг хянан зохицуулах байгууллага нь Төв банк байна. Харилцааг Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль тогтоомжуудаар зохицуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Төв банкнаас Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмыг 2014 онд баталсан. 2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш тухайн журамд орсон өөрчлөлтүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлж байсан боловч Үндсэн журмыг бүртгүүлээгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Одоо журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ажиллагаа хийгдэж байгаа. Банкны тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар онцлог харилцааг банкны хууль тогтоомжоор зохицуулна. Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журамд “...банкны гүйцэтгэх удирдлага гэдэгт гүйцэтгэх захирал, дэд захирал болон банкны нэгжийн захирлуудыг хамруулан ойлгоно” гэж заасан байдаг. Монголбанк зарчмаа хөтөлбөргүй баримтлах ёстой. 1 дүгээр шударга ёсны зарчим, 2 дугаарт нийтийн эрх ашгийг хамгаалах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг төрийг төлөөлж хамгаалах зарчимтай. Энэ зарчмын хүрээнд тодорхой зарчмуудыг гаргасан байдаг. Банкны зохистой засаглал гэдгийг банк хэрэгжүүлж байж харилцагчдын мөнгөн хөрөнгө, Монгол Улсын банк санхүүгийн байдал тогтвортой байх ёстой. Энэ нь олон улсад тогтсон практик жишгээр тогтсон зарчим юм. Зөрчлийн хэргийн үндсэн асуудал нь улсын байцаагчийн акт байгаа. “Х” ХХК-ийн мэдэгдэлтэй холбогдуулан гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй. Улсын байцаагчийн актад дурдсан мэдэгдлийн хүрээнд зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улсын байцаагч хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ хүрээнд зөрчлийн хэргийг тогтоож, прокурорын газрын хяналтад үйл ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас ногдуулсан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хэмээн үзэж 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар Ханд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Х ХХК-иас эс зөвшөөрч тус шүүхэд хандан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ “Компанийн тухай хуулийн 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хүн хэрэгжүүлнэ”, 83.3-т“ Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж заасан бөгөөд Х-ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ” гэж заасан дагуу Банкны тухай хуулийн 34.2.2 дахь шалгуур зөвхөн Гүйцэтгэх удирдлагад хамаарах бөгөөд Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчийг банкны Гүйцэтгэх удирдлагад хамааруулан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулсан нь Банкны тухай хуулийн заалтад нийцэхгүй” хэмээн тайлбарлан маргаж байна.
Шүүх гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,
Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна”,
83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” хэмээн,
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих”,
19 дүгээр зүйлийн 1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.”
24 дүгээр зүйлийн 2-т “Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлнэ”,
25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д “үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрт аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, төлбөр тооцооны төлөөлөгч, гэрээт төлөөлөгч, банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх” бүрэн эрхтэй хэмээн,
Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д банкны гүйцэтгэх удирдлага нь “хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 34.1.7-д “банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх”,
34.2.2-т “банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх” хэмээн тус тус заасан.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар,
Х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор иргэн Ч.С-г мөн өдрөөс эхлэн Хны Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор томилж, ГУ-20/002 дугаар контрактын гэрээг байгуулсан.
Х-ны Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон Ч.С нь тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э-тэй нэгдмэл сонирхолтой этгээд буюу гэр бүлийн хүн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол банкны ******* дугаар зөрчлийн хэргийн материалаар,
Х-ны дүрмийн “Гүйцэтгэх удирдлага” гэсэн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ” хэмээн тухайлан заасан байх боловч Х-ны Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д болон Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.7-д гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх тухайлан заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөхтэй холбоотой тодорхой чиг үүргүүдийг бодитоор хэрэгжүүлэх эрх хэмжээтэй бөгөөд банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдож, чөлөөлөгдөх журамтай болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан
Х-ны Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчийн Ажлын байрны тодорхойлолтын Зургаа. Ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон албан тушаалтны эдлэх эрх хэсэгт: “1. 4.1-4.19 /шийдвэр гаргах асуудал/ бие дааж, шууд удирдлагын зөвшөөрлөөр /эрхээ хэрэгжүүлэх хэлбэр/” хэмээн,
банкны гүйцэтгэх захирлын орлогчийн эрх зүйн статусыг Х-ны дүрмийн “Гүйцэтгэх удирдлага” гэсэн 9 дүгээр бүлэгт тухайлан заасан хийгээд Х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус банкны Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчтой байгуулсан ГУ-20/002 дугаар контрактын гэрээ зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан шүүхээс, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.7 дахь заалтад гүйцэтгэх удирдлагын тухайлан хэрэгжүүлэхээр тодорхойлон заасан зарим чиг үүргүүдийг бодитоор хэрэгжүүлэх эрх хэмжээтэй бүхий албан тушаалд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай нэгдмэл сонирхолтой этгээдийг томилсон нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны ******* тоот шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий” шийдвэр байна гэж дүгнэн, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “Х” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан гаргасан “....“Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-н 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар Х-д 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М