| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0786/З |
| Дугаар | 221/МА2025/0148 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0148
Г.З-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г
Нэхэмжлэлийн шаардлага “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1045 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гуравдагч этгээд Б.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0786/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.З нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1045 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Г.З ээс Баянзүрх дүүргийн Засаг дарга холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... 2019 оноос өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт тасралтгүй 5 жил амьдарсан байна. Тухайн газрыг өөрийн өмчлөлд авахаар тус газрын албанд удаа дараа хандсан боловч тодорхой үйлдэл хийлгүй өдийг хүргэсэн билээ. Гэтэл төрийн байгууллагын шийдвэр гаргалгүй удсан тухайн хугацаанд Б.П гэдэг хүн дур мэдэж өөрөө мнай газар дээр газар шорооны ажил хийгээд тухайн асуудлаар надтай маргаан үүсгэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаантай асуудлыг тус дүүргийн шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02127 дугаар шүүхийн шийдвэрээр надаас 1.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ийм учраас Б.П гийн хохирлыг барагдуулж бидний хооронд маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа.
3.2. Миний бие нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн инженер Ч.Б-р газрын байршлын кадастрын зураг хийлгэж баталгаажуулж авсан. Энэ дагуу Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд очиж уулзахад энд газар олгох боломжтой гэж надад хэлж буцаадаг байсан. Төд удалгүй газрын албанд очиж уулзсан боловч хүлээж авахгүй гэсэн. Гэтэл надад мэдэгдэлгүй, бодитоор гэр бүлийн хамт амьдарсаар байхад эрх мэдлээ хууль бусаар ашиглаж иргэн Б.П гийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 0000 тоот захирамж гаргасанд гомдолтой байна. Тус захиргааны актыг гаргахын тулд надад мэдэгдэж, бас надаас байрь суурийг маань сонссоны үндсэн дээр гаргах байсан.
3.3. Тодорхой албан тушаалтан захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй надад хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа буюу миний үзэл бодлын талаар огт ажиллагаа хийлгүйгээр 0000 тоот захирамж гаргаж миний эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Тэгэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 0000 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Г.З нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн гуравдагч этгээд Б.П д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр амьдарч байгаа хэдий ч тухайн газрыг эзэмших, өмчлөх талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй байх бөгөөд уг үйл баримтыг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/9290 дугаар албан бичгээр тодруулахад зөвхөн 2024 онд хүсэлт гаргаж байсан болох нь дээрх албан бичгүүдээр тогтоогдож байна. Гуравдагч этгээд нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэлд орж хогийн цэг болсон газрыг нөхөн сэргээлт хийж, тэгшлэн хашаа барьж уг газарт газар эзэмших хүсэлтийг нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан байх тул маргаан бүхий захиргааны актаар түүнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцжээ” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/0000 дугаар захирамжийн хавсралтын 381-д зааснаар Ж уулын өвөрт байршилтай, 699 мк.в газрыг 15 жилийн хугацаатай гуравдагч этгээд Б.П д эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Гэтэл нэхэмжлэгч Г.З нь “... 2019 оноос тухайн газарт суурьшин амьдарсан. Уг газрыг өөрийн эзэмшилд авахаар удаа дараа тус газрын албанд хандаж байсан боловч тодорхой үйлдэл хийлгүй өдийг хүрсэн” гэж тайлбарлан, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/0000 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.7-д “Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд газар эзэмшихийг хүссэн иргэн нь хүсэлтээ харъяалах захиргааны нэгж байгууллагад өргөдөл, холбогдох баримтын хамт бүрдүүлэн өгч, харьяалах аймаг, сум, нийслэлийн Засаг даргаас өргөдлийг хянаад газар эзэмшүүлэх эсэх тухай захирамж гаргаснаар газар эзэмших эрхийг олж авахаар хуульчилжээ.
2.6. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч Г.З ээс газар эзэмших тухай хүсэлтээ 2024 оноос өмнө гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх төдийгүй маргаан бүхий газарт нэхэмжлэгч Г.З амьдарч байсан хэдий ч тухайн газрыг эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, энэ талаар гаргасан хүсэлт бүртгэгдээгүй байна.
2.7. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий газрыг эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.П нь хуульд заасан журмын дагуу олж авсан байх тул түүний эрхийг хязгаарлах, газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа байдлаар шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ