Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

 

   2023          01         16                                   2023/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Баярчимэг,

  шүүгдэгч Г.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ГТд холбогдох эрүүгийн 2211 01863 2036 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт ГТ, регистрийн дугаар ....................................

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван орд ХХК-д техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 38-762 тоотод оршин суух,

Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч ГТ нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амрита нэртэй бааранд иргэн А.Г маргалдаж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Гансүхийн “...2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө 00:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амрита нэртэй бааранд найз Улаанхүүгийн хамт ороод найзын найз хүүхнүүд гэх 3 эмэгтэй дээр орж суугаад тэнд архи, пиво уугаад би өөрөө нэлээд согтоод найз Энхтөрийг ирээд ав гэсэн чинь за гээд удаагүй хүрээд ирсэн. Тэгээд явах уу гээд сууж байсан нэг мэдсэн үүдний хэсэгт 2-3 залуучууд намайг газарт унагачихсан зодож байсан чинь цаанаас Энхтөр салгаад та нар ингэж болохгүй гэж хэлээд тэгээд цаана байсан хамгаалагч залуучууд нарт хэлээд нөгөө залуучуудыг гаргахгүй байж байгаад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,   

Гэрч Э.Энхтөрийн “...Үүний дараа үл таних нэг эрэгтэй хүн ирээд “би найзтай чинь зодоон цохион хийхгүй, хэдэн үг солиодохъё” гээд Гансүхийн хажууд ирээд яриа өрнүүлсэн. Ингээд яриа өрнүүлж байхад бүжгийн талбай дээр муудалцаж байсан эмэгтэй 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн бөгөөд тэр эмэгтэй Гансүхэд хандаад үг хэлж байсан /юу ярьж байсныг хөгжмийн чимээнд сонсоогүй/ Гансүх нь босч ирээд тухайн эмэгтэйтэй гар барихад тэр эмэгтэй алгадахаар нь Гансүх “яаж байна” гэхэд эхэлж ирсэн үл таних эрэгтэй хүн босч ирээд Гансүхийн нүүрний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14619 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Гансүхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Тий “2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Амрита бааранд бүжиглэж байхад Чанцалнямыг хүн цохичихсон гээд бужигнаан болоод хамгаалагч нь ирээд тараасан. Ингээд ариун цэврийн өрөө ороход Сүхбатын хамарнаас цус гарчихсан байхаар нь би Чанцалнямаас “Ямар хүн чамайг цохисон юм” гэж асуухад Чанцалням нь цагаан футболктой цэнхэр өмдтэй эрэгтэй хүнийг заахаар нь хажууд нь очиж суугаад “Та манай эмэгтэй найзыг цохисон юм уу” гэж асуухад тухайн үл таних эрэгтэй хүн  “Ах нь юу гэж эмэгтэй хүн цохих юм бэ” гэхэд Чанцалням хүрч ирээд тухайн үл таних ахтай ярилцаад байсан. Ингээд ярилцаж зогсож байхад Чанцалням нь цохиулсан юм шиг хоёр гараараа нүүрээ дарахаар нь би цагаан футболктой, цэнхэр өмдтэй үл таних эрэгтэй хүнийг дахиад цохичихсон юм байх гэж бодоод уур хүрээд түүний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Харин түүнийг олон хүн өшиглөсөн зүйл байхгүй. Би нэг удаа цохичихоод явах гэхэд цохиулсан эрэгтэй хүний найз нь цагдаа дуудна гээд бид нарыг гаргаагүй ...би өөрийн хийсэн үйлдлээ ойлгож байгаа, мөн гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас /хавтаст хэргийн 4, 9 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-57 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Ганбаатарын Тэнүүн нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амрита нэртэй бааранд иргэн А.Гансүхтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Гансүхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, гэрч Э.Энхтөрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14619 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас /хавтаст хэргийн 4, 9 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь хохирогчтой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Г.Т нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Гансүх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ГТийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ