| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
2023 01 16 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Э.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан Овоо овогт ЭМд холбогдох эрүүгийн 2211 01904 2070 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагаан овоо овогт ЭМ, регистрийн дугаар ...........................
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж 17 дугаар гудамж, 207 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжны 204 тоотод оршин сууж байгаа гэх,
Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалант 4 дүгээр гудамжны 204 тоот хашаанд “Жорлонд удаан бие заслаа” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Х.Содхүүгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, шуунд зулгаралт, хэвлийн баруун доод хэсгээр зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Хандмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Насанд хүрээгүй хохирогчийн аав нь байдаггүй. Ээж нь тухайн үед нөхцөл байдлыг харж байсан учраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн учраас төрийн байгууллагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд насанд хүрээгүй хохирогчийг цохиж гэмтээсэн учраас гомдолтой байна. Энэ үйл явдлаас хойш насанд хүрээгүй хохирогч нь нэлээн ууртай уцаартай болсон талаар түүний ээж бидэнд хэлсэн учраас сэтгэцийн зөвлөгөө өгөх тал дээр манай байгууллагаас анхааран ажиллаж насанд хүрээгүй хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдолтой байна” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Б.Содхүүгийн “...гэрийн эзэн гэх ах ямар удаан бие засдаг юм 5 минутад бие засах ёстой гэж хэлээд хаалга нээгээд намайг сууж байхад татаад гаргасан. Гарч ирээд чи бүдүүн хоолойтой гээд чамаас айна гэж бодоод байна уу бацаан минь гээд миний цээж рүү түлхсэн ...тэгтэл гэрээс хэдэн хүн гарч ирсэн бөгөөд тэндээс гарч ирсэн ах тоосго аваад шидсэн, энэ нь манай бага дүүгийн гарыг нь шүргээд өнгөрсөн. Ингээд бид нар маргалдаж байтал хажуу айлын гэрийн эзэн гэнэт гүйж ирээд намайг түлхээд дээрээс дараад унасан бөгөөд унахдаа би хашааны хажуугийн шонг толгойгоороо мөргөсөн. Би манараад байсан бөгөөд эгч намайг хажуугийн хашаа руу ор гэж хэлсэн, би хажуу айл руу орох гээд явж байхад манай ээжийн хонго хэсэгт нарийн урт прүүс модоор 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Хохирогч А.Батчимэгийн “...манай хажуу айлын залуу л манай хүү рүү дайраад түлхээд дээрээс нь дараад газарт уначихсан юм. Хажуу айлын залуугаас өөр хүн манай хүү рүү цохиж зодсон зүйл байхгүй ... тэр айлд байсан шар өнгийн үстэй эмэгтэй миний хонго хэсэгт прүүс модоор 1 удаа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Содхүү нь 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн төвөөс 371.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04/5167 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Мээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар тал/,
Шинжээч эмч Б.Ариунзулын “Зүүн сарвуун эрхий хурууны уг хэсгийн цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хонгонд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14266 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Содхүүгийн тархи доргилт, баруун бугалга, шуунд зулгарал, хэвлийн баруун доод хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Б.Содхүүд тархи доргилт, баруун бугалга, шуунд зулгарал, хэвлийн баруун доод хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Мийн “Миний бие Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 7 дугаар гудамжны 204 тоотод 2022 оны 06 дугаар сараас хойш түрээсээр түр оршин сууж байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө хөдөөгөөс хамаатны эгч Үүрцайх нь нөхөр Батзаяа, охин Номин-Эрдэнэ, хүү Энх-Амгалан нарын хамт ирсэн юм. Тэгээд гэрт хүмүүс ирсэн гээд бид нар бага зэрэг пиво уусан байсан. Тэгээд эхнэр маань нойл орох гээд гарчихаад буцаад орж ирэхдээ нойлд хүн байна гээд буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би гарч харахад манай хажуу айлын эрэгтэй 16-18 насны гэмээр хүүхэд нь нойлд бие засаагүй, өмдтэйгөө зүгээр сууж байсан юм. Тэгээд би тэр хүүхдийг нойл ямар удаан суудаг юм бэ гэж хэлчихээд буцаад гэр лүүгээ орж байхад нойлоос тэр хүү гарч ирсэн. Тэгээд миний араас хөөе гээд дуудахаар нь эргээд хартал миний цээж хэсэг рүү хагас хэмжээний тоосго шидсэн. Тэгээд тэр хүүхэд ээжээ гэх зэргээр гадаа орилоод байсан юм. Тэгтэл тэр хүүгийн ээж, эгч нар нь гэрээсээ гарч ирэхэд тэр хүүхэд над руу дайраад бид хоёр барьцалдаад би тэр хүүхдийг боогоод газар унасан. Тэгээд би тэр хүүхэдтэй ноцолдож байхад тэр хүүхдийн ээж эгч хоёр нь миний ардаас нуруу хэсэг рүү түлхэж, маажаад байсан юм. Тэгээд тэр айлын хүмүүс цагдаа руу дуудлага өгсөн ...би тэр хүүхэдтэй маргалдах үедээ барьцалдаж, газарт унаж ноцолдсон зүйл гарсан. Тэр хүүхдийг цохиж зодсон зүйл байхгүй. Манай гэрт байсан бусад хүмүүс огт оролцсон, хэн нэгний биед халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 01/338 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-82 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалант 4 дүгээр гудамжны 204 тоот хашаанд “Жорлонд удаан бие заслаа” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Х.Содхүүгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, шуунд зулгаралт, хэвлийн баруун доод хэсгээр зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.Содхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/, хохирогч А.Батчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар тал/, шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14266 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 45 дугаар тал/, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 01/338 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 8 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М нь “...жорлонд удаан бие заслаа ...” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Х.Содхүүгийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, шуунд зулгаралт, хэвлийн баруун доод хэсгээр зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгчээс 371.000 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Э.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй болно.
Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Содхүү нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 371.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсаны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 371.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Э.Мээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан овоо овогт ЭМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 371.000 төгрөгийг шүүгдэгч Э.Мээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч /түүний хууль ёсны төлөөлөгч/ нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ