| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
2023 01 30 2023/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч Н.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт НБд холбогдох эрүүгийн 2211 01144 0003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт НБ, регистрийн дугаар .................................,
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 5-50 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Боржигон овгийн НБ нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Угалз” нэртэй зочид буудалд Н.Атай маргалдан зодсоны улмаас тархи доргилт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Боржигон овгийн НБ нь:
2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Угалз” нэртэй зочид буудалд Н.Атай маргалдан зодсоны улмаас тархи доргилт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Н.Анужингийн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...Бямбагэрэл сэрээд “Чи өөрөө аятайхан унтаж чадахгүй, өөрөө эхэлсэн юм биш үү” гэснээ над руу “муу хар гичий минь би чамайг ална” гээд над руу дайрч доромжлоод байхаар нь би түүнд хандаж “чи өмөөрсөн хүмүүстэйгээ яв, чамд би цэнэглэгч өгөхгүй” гээд түүнээс цэнэглэгчээ буцааж автал над руу уурлаж миний толгойн хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохитол би унаж орны модон ирмэгт дагз хэсгээрээ унаж босож ирээд чи яаж байгаа юм гэхэд Бямбагэрэл нь хачин цэнэглэгчээ харамлаад гэснээ дахин дайрч ирээд толгойны хэсэг рүү гараараа 2-3 удаа миний толгойны дагз хэсэг рүү цохиж, миний үснээс зулгааж, баруун талын хөл рүү өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагчид ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/,
Гэрч Б.Түвшинжаргалын “...Бямбагэрэл, Анужин хоёр хоорондоо маргалдаж байснаа Анужин Бямбагэрэлд хандаж чи яахаараа намайг алгаддаг юм гээд хэрэлдээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9046 дугаартай дүгнэлтэнд “Н.Анужингийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Шүүгдэгч Н.Бийн гэрчээр өгсөн “Би тухайн өдөр өөрийн найз Анужинтай үүрээр утсаар яриж байгаад хоорондоо Чингэлтэй дүүргийн 5 буудлын орчимд уулзаад хамтдаа унтаж амрахаар явж Лазер нэртэй буудалд очоод байж байтал Түвшинжаргал өөрийн найз болох Баасандоржийн хамт ирээд бид нар хамтдаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Угалз нэртэй зочид буудалд орж өрөө авч дөрвүүлээ ороод бид нар Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 3-4 ширхэгийг хуваан ууцгаасан. Тэгээд үүр цайж өглөө болоод Түвшинжаргал дэлгүүр гарлаа гээд гарсан ба би нэг орон дээр нь Баасандорж Анужин нар нэг орон дээр нь хэвтэж байхдаа хоорондоо маргалдаад байсан ба Анужин унах шиг болсон юм. Тэгээд удалгүй байтал гаднаас Түвшинжаргал орж ирээд юу болсон талаар асуухаар нь энэ хоёр хоорондоо маргалдсан гээд би хэлтэл Анужин над руу чи эрэгтэй хүний талд орлоо гэх зэргээр дайраад байсан ба тэгтэл Анужин цагдаа дуудсан юм. Тэгтэл Баасандорж, Түвшинжаргал хоёр гараад явахаар нь би Анужинг цэнэглэгчээ өгөөч гэж асуутал өгөхгүй гэж маргалдаад намайг өшиглөөд миний нүүр лүү алгадахаар нь би уурлаад үсдээд ор луу толгойгоор нь мөргүүлж, 2 удаа нүүр лүү алгадсан юм. Тэгээд цагдаагийн алба хаагчид ирээд намайг гараад байж бай гэхээр нь гараад хажуугийн дэлгүүр дотор зогсож байгаад яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн: “...би өмнө гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих, өөрчлөх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн Бямбагэрэл нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Угалз” нэртэй зочид буудалд Н.Анужинтай маргалдан зодсоны улмаас тархи доргилт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Н.Анужин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт НБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ