| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт М Ст холбогдох эрүүгийн 2335000000017 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эгч, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, З овогт М С, регистрийн дугаар: ........................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн .......... сумын .......... нуур багийн нутгаас иргэн М.Тийн эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт,
Хохирогч М.Тийг хулгайлагдсан адууныхаа араас явж очиж түүнтэй маргалдан барьцалдаж авах үед М.Тийн зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч М.С нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн .......... сумын .......... нуур багийн нутгаас иргэн М.Тийн эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлахыг завдсан, хохирогч М.Тийг хулгайлагдсан адууныхаа араас явж очиж түүнтэй маргалдан барьцалдаж авах явцад М.Тийн зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг;
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй оролцож байна. Шүүгдэгч М.С үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Т мэдүүлэг өгөхдөө 100.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Шүүгдэгч М.Сыг орон нутагт нь малын хулгайч гэж нэрлэдэгээс болж сэтгэл санааны өөрчлөлтөнд орсон, биеэ барьж чадаагүйгээс хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, ойлголцож чадаагүй байна. Иймд шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг;
3. Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манайх хохирогч М.Тийнхтэй хамт өвөлждөг байсан. Би тухайн өвөлжөөн дээрээ өвөлжихгүй 4-5 жил болж байна. Тэр өвөлжөөн дээрээ өвөлжих гэхээр чамд ямар мал байдаг юм бэ? гэж хэлэхээр нь уурлаад ийм хэрэг хийсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000017 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);
2. Хохирогч М.Тийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-17 дахь тал);
3. Хохирогч М.Тийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-25 дахь тал);
4. Шүүгдэгч М.Сын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-29 дэх тал);
5. Эд зүйл буюу хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-41 дэх тал);
6. Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал манай 5 тооны адуу манай гэрийн урд зүгт 3 км зайтай байсан юм. Тэгээд би гэрийн гадна гараад хартал Манай 5 тооны адууг мотоцикльтой хүн хөөж байхаар нь би эхнэртээ манай адууг хүн хөөж байна гэж хэлээд араас нь мотоциклиор явсан юм.Тэгээд би адууныхаа араас яваад М.С гэх айлын өвөлжөөн дээр очтол манай 5 тооны адууг миний урдаас хөөсөн юм. Тэгэхээр нь би М.Сыг яагаад адуу хөөгөөд байгаа юм гэтэл би морь барьж авсан, миний нэг морь танай адуутай байсан байна гэж хэлсэн. Тэгээд би адуугаа наашлуулсан юм. М.С надтай тухайн үед заамдалцаж барьцалдсан. Тэгтэл М.Сын залуу ирж салгасан юм. ... Тэгээд би гэртээ ирээд орой байж байтал миний зүүн гар хөндүүрлэж өвдөж эхлэхээр нь дээлээ тайлаад хартал миний зүүн гарын булчинд хутганы зүсэгдэж орсон мөр байсан. М.Стой ноцолдож байх явцад намайг хутгаар зүссэн байсан. Надад 100.000 төгрөгийн хохирол учирсан, гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-57 дахь тал);
7. Гэрч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр М.Т надад манай адууг хүн мотоциклиор хөөж байна, чи цагдаа руу ярьж мэдэгд гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаа руу ярьж дуудлага өгсөн. Манайх өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед бүх адуундаа өвс хаяж өгөхөд манай адуунд өөр айлын морь мал байгаагүй. ...2022 оны 12 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байтал манай хүүхэд манай нөхөр М.Тийн зүүн гаранд нь хүртэл нөхөр өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд дээл, цамцаа тайлахад зүүн гарын булчин нь цус болчихсон хутгаар зүссэн мөр байсан. Тэгээд би дээл, цамцыг нь хартал зүүн булчингийн хэсэг нь хутгаар цоолчихсон ул мөр байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед манай гэрийн гадна мотоцикль ирсэн юм. Тэгтэл гэрийн хаалга таттал манай гэрийн хаалга цоожтой байсан ба М.С манай нөхрийг алнаа чамайг алчихаад шоронд ороод гараад ирж чадна гэж орилж хашгирч байгаад явсан. Мөн мотоциклийн 2 дугуйг нь хутгаар зүсэж хагалсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-62, 80-82 дахь тал);
8. Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.С 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед манайд жижиг ундааны савтай шимийн нэрмэл архи өвөртөө хийчихсэн ирсэн юм. Тэгээд хаашаа явж байгаагаа хэлээгүй юм. Манайд 30 минут орчим болоод манай гэрийн зүүн хойд зүг рүү өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикльтой явсан юм. Тэгээд би ямаагаа хашаанаас гаргаж байтал манай гэрээс хойшоо 1.5 км зайд бэлчээрлэж байсан 5 тооны адууг баруун зүг рүү мотоциклиор хөөгөөд явсан. Тэгээд би уг 5 тооны адууны эзэн М.Т рүү залгах гэтэл миний биед утас байхгүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 13-ны үед манай гэрт өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд юм ярьж байгаад эхнэртэйгээ утсаар яриад Жавыг адууны амбаартай машин авч ир гэж хэл гээд утсаар ярьж байснаа би М.Тийн шар хээр морь, саарал морь, Цэдэн-Ишийн 8 морь ачуулна гэж ярьсан. Тэгээд манай ээж бид хоёр гадна байтал М.С манай ээжид сэтгэлээ хэлчихье гээд та амьд байгаад танай адуу, үхэр байгаа шүү, таныг үхсэний маргааш нь танай малыг ачуулна гэхээр нь би уурлаад М.Сыг заамдаад хоёр өшиглөөд явуулсан. ...М.С манайд ирэхэд хөөрөгний даалиндаа даавуугаар ороочихсон жижиг тонгорог, хар хуйтай цоохор иштэй жижиг хутга гутлынхаа түрийнд хийчихсэн явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66, 74-76 дахь тал);
9. Гэрч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед мотоцикльтой хүн таван тооны адуу туугаад баруун зүг рүү явсан. Уг 5 тооны адууг мотоцикльтой хүн ганцаараа тууж явсан. Тухайн үед хэн гэдгийг нь таниагүй. Тэгээд үдээс хойш сонсох нь М.С тууж явсан гэж сонссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дэх тал);
10. Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг халиун морь нь ижил сүргээсээ салдаггүй, өөр айлын адуутай нийлж байсан зүйл байхгүй. Би 2022 оны 12 сарын 17-ны өдөр .......... нуур багийн төв рүү явж адуу харахад М.Сын халиун морь адуундаа бэлчээрт байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73 дахь тал);
11. Гэрч Д.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.С 2022 оны 12 дугаар сарын 13-ны үед Б.Хгийн гэрт ирээд Т, Цэрэнчимэд хоёрын адууг хулгайлж ачуулна гэж хэлж ярьсаныг Х надад тэгж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал);
12. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Үзүүлэгч М.Тийн биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хурц ир үзүүртэй зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал);
13. Криминалистикийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцны урд талд зүсэгдэлт, баруун ханцуйнд ханзралт, зүүн суганд ханзралт, саарал өнгийн цамцанд зүсэгдэлт, саарал өнгийн дээлний урд зүсэгдэлт, ар талд ханзралт болон зүсэгдэлтүүд байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-107 дахь тал);
14. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай “..2022 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймагт 5 тооны морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 6.500.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:
1. Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр М.С нь даруухан зан ааш араншинтай хүн, энэ намраас хойш 12 сарын эхнээс хулгай хийнэ, хүн ална, шоронд орно гэж ярьж хэлдэг болсон. Тэгээд гэр орондоо архи уучихсан үедээ агсам согтуу тавьдаг. Одоогоос 8-9 хоногийн өмнө намайг хонь хариулаад явж байтал утсаар залгаад Ж бүхээгтэй машин аваад ир гэж хэлж, би адуу ачуулна гэж ярьсан. Манай нөхөр сэтгэцийн хувьд эрүүл хүн юм аа...”, “...Манай нөхөр 2019 онд малын хулгайн гэмт хэрэг үйлдэж Ховд аймгийн хорих ангид ял эдлээд 2020 оны 12 дугаар сард шоронгоос гарч ирсэн юмаа. Нөхөр бид хоёр 1996 онд айл гэр бүл болж, 6 хүүхдийн аав, ээж болсон, одоо Увс аймгийн .......... сумын .......... нуур багийн нутагт мал маллаж амьдарч байна. Манай нөхөр надтай гэрлэхээс өмнө 2 жилийн хугацаат цэргийн албыг Баян-.......... аймагт хаагаад ирсэн гэсэн. Манай нөхөр ямар нэгэн хууч өвчин байхгүй, сэтгэц эрүүл хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86, 88 дахь тал);
2. Гэрч С.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав М.С нь тамхи татдаггүй, 2019 онд малын хулгайн гэмт хэрэг үйлдээд Ховд аймгийн хориход ял эдлээд 2020 оны 12 дугаар сард гарч ирээд түүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын эхэн хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, ямар нэгэн элдэв янзын зан ааш араншин гаргадаггүй байсан ба 2022 оны 12 дугаар сарын эхнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эрүүл үедээ ч гэсэн малын хулгай хийнэ, хүн алж шоронд орно, би шоронд ял эдлэх ёстой хүн гэж ярьж хэлдэг болсон. Уг нь урьд нь бол зүгээр байсан юм. Юунаас болоод яагаад ингээд байгааг нь манай ээж, дүү бид нар сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь эрүүл үедээ дуу цөөтэй ямар нэгэн элдэв ааш араншин гаргадаггүй байсан ба одоо бол хүмүүстэй маргалдаад байдаг болсон. Манай аавд 15 тооны адуу, 100 тооны хонь, ямаатай ба мустанг-150 загварын мотоцикльтой. Манай аавд нийлж нөхөрлөж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дахь тал);
3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 144-146 дахь тал);
4. Хууль зүйн туслалцааны төвийн “М.С нь Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу өрхийн амьжиргааны түвшин 409.679 босго шугамаас бага байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 147 дахь тал);
5. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай “Увс аймгийн .......... сумын 4 дүгээр багийн иргэн М С /............/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 9 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 163 дахь тал);
6. Увс аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай “Тус сумын ..........нуур багийн иргэн М С нь ам бүл-9, эхнэр 6 хүүхэд, эгчийн хамт амьдардаг. Хичээлийн насны 3 хүүхэдтэй М.С нь ..........нуур багийн Баруун хөвөө чулуун хашаа болон худгийг, Хүрэнтийн амны дөрвөлжний хашаа, худгийг засаж, сэргээсэн санаачилгатай, хөдөлмөрч иргэдийн нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 179 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч М.С нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,
үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд:
Шүүгдэгч М.С нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн .......... сумын .......... нуур багийн нутгаас иргэн М.Тийн эзэмшлийн 5 тооны адууг бэлчээрт байхад нь өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын ......... улсын дугаартай мотоциклиор тууж, хулгайлахыг завдсан,
Хохирогч М.Т нь өөрийн 5 тооны адууг шүүгдэгч М.С мотоциклиор тууж явааг хараад араас нь очиж түүний үйлдлийг таслан зогсоох үед М.С эсэргүүцэн, хохирогч М.Ттэй маргалдаж, ноцолдох явцдаа хохирогч М.Тийн зүүн гарын бугалганы хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, үйлдсэн бол, мөн олон тооны мал хулгайлсан бол тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.С нь хохирогч М.Тийн 5 тооны мод малыг хулгайлах зорилгоор мотоциклиор тууж явах үед хохирогч М.Т мэдэж, М.Сын араас очиж өөрийн малаа авснаар шүүгдэгчийн үйлдэл туйлдаа хүрч төгсөөгүй, өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.С хуульд заасан 2 бод буюу түүнээс дээш 5 бод малыг мотоцикль ашиглан хулгайлахыг завдсан нь тогтоогдсон байх тул түүний үйлдлийг “Мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч М.Сыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлахыг завдсан гэж үзэх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, түүнийг “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлахаар завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч М.С нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн 5 тооны малыг авахаар түүний хойноос хөөж очсон хохирогч М.Тийг эсэргүүцэж, зодолдох явцдаа хохирогч М.Тийн зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.С надтай тухайн үед заамдалцаж барьцалдсан юм. ...би гэртээ ирээд орой байж байтал миний зүүн гар хөндүүрлэж өвдөж эхэлсэн. Тэгээд би дээлээ тайлаад хартал миний зүүн гарын булчин хутганы зүсэгдэж орсон мөр байсан. М.Стой ноцолдож байх явцад намайг хутгаар зүссэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-57 дахь тал);
-гэрч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхөр М.Тийн зүүн гарт нь хүрэхэд нөхөр өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд дээл, цамцаа тайлахад зүүн гарын булчин нь цус болчихсон хутгаар зүссэн мөр байсан. Тэгээд би дээл, цамцыг нь хартал зүүн булчингийн хэсэг нь хутгаар цоолчихсон ул мөр байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-62, 80-82 дахь тал);
-гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.С манайд ирэхэд хөөрөгний даалиндаа даавуугаар ороочихсон жижиг тонгорог, хар хуйтай цоохор иштэй жижиг хутга гутлынхаа түрийнд хийчихсэн явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66, 74-76 дахь тал);
-эд зүйл буюу хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-41 дэх тал),
- Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Үзүүлэгч М.Тийн биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хурц ир үзүүртэй зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал);
-Криминалистикийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцны урд талд зүсэгдэлт, баруун ханцуйнд ханзралт, зүүн суганд ханзралт, саарал өнгийн цамцанд зүсэгдэлт, саарал өнгийн дээлний урд зүсэгдэлт, ар талд ханзралт болон зүсэгдэлтүүд байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-107 дахь тал)
-шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гутлын түрүүнд байх морь хатгах зориулалттай хутгыг гаргаж ирээд М.Тийн зүүн гарын бугалга хэсэг рүү нэг удаа хатгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142-143 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч М.С нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, мал хулгайлах зүй бус үйлдлийг нь таслан зогсоосон хохирогч М.Тийг эсэргүүцэж, улмаар зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт хутгаар зүсэж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь хохирогч М.Тийн мотоциклийн 2 дугуйг хутгаар зүсэж, санаатайгаар гэмтээсэн нь тогтоогдож байх боловч түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн материаллаг шинжийг хангахгүй байна.
Иймд энэ талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
3. Хохирогч М.Т мөрдөн байцаалтын шатанд М.Соос гэмт хэргийн хор уршигт 100.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.С нь шүүх хуралдааны үеэр шүүхээр дамжуулан бүрэн төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч М.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг -150 маркийн ......... улсын дугаартай мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч М.С үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Т мэдүүлэг өгөхдөө 100.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч М.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч М.С нь 1972 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эгч, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт мал ахуй эрхлэн амьдардаг, 15 тооны адуу, 100 тооны бог малтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.С урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Сын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 152, 155-162 дахь тал);
Шүүгдэгч М.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч М.С нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хэмжээг хуулиар тогтоож өгсөн бөгөөд харин доод хэмжээг тогтоож өгөөгүй байх тул шүүхээс шүүгдэгч М.Сын хүнд ангиллын гэмт хэрэгт завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош ял шийтгэх боломжтой гэж үзлээ.
6. Иймд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч М.Ст 8 (найм) сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн .......... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ст хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Сын эдлэх хорих ялыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
3. Шүүгдэгч М.С нь хохирогч М.Тийн 5 тооны адуу буюу олон тооны бод малыг тууж явах үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор 687.500 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, Мустанг-5 загварын ......... улсын дугаартай мотоциклийг ашиглан, хулгайн малын тууж явсан нь нотлогдсон тул түүнийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн тул М.Сын эзэмшлийн Мустанг-5 загварын ......... улсын дугаартай мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хурааж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт М Сыг “Машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар шүүгдэгч М.Ст 8 (найм) сар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр буюу түүнийг 8 (найм) сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ст оногдуулсан 8 сар (найм) хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн .......... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч М.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Сын эдлэх хорих ялыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанд гэмт хэргийн хор уршигт хохирогч М.Тэд 100.000 (нэг зуун мянга) төгрөг төлөхөөр бэлнээр гаргаж өгснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүйг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг -5 маркийн , ......... улсын дугаартай мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын 2022 оны 02 дугаар сарын 23-ны 3 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА