| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0116/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
2023 02 17 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт БГт холбогдох эрүүгийн 2311 00000 0077 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Архумт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 дугаар гудамжны 250 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигин овогт БГ /РД:............................................................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Honey” зочид буудлын өрөөнд бусадтай архидан согтуурах үедээ хохирогч Ш.Энхжинг жирэмсэн болохыг мэдсээр байж “архи хийж өгсөнгүй, архи уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь гараараа цохих үйлдлээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний гадна буланд зулгаралт, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г нь:
2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Honey” зочид буудлын өрөөнд бусадтай архидан согтуурах үедээ хохирогч Ш.Энхжинг жирэмсэн болохыг мэдсээр байж “архи хийж өгсөнгүй, архи уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь гараараа цохих үйлдлээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний гадна буланд зулгаралт, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Ш.Энхжиний “2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай хамаатны ах Нямдаваа /89917171/ над руу залгаад архи пиво авч гараад өгөөч би мөнгийг нь шилжүүлэн өгөх болно, би өөрөө гарч явах боломжгүй байна Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Honey” нэртэй зочид буудалд байна гэж ярьсан. Би архи пиво аваачиж өгөхийг зөвшөөрсөн юм. Тэгээд би гэрээсээ гараад такси бариад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Honey” нэртэй зочид буудлын гадаа ирээд тухайн зочид буудлын ойролцоох хүнсний дэлгүүрээс 20 ширхэг лаазтай пиво, тамхи, ундаа гэх зэрэг зүйлсийг аваад “Honey” нэртэй зочид буудлын 9 давхарт гараад цаанаасаа 2 дахь хаалга байсан, одоо хаалганы тоотыг сайн санахгүй байна, Нямдаваа ахын байгаа гэх өрөө рүү нь орсон. Нямдаваа болон түүний 3 найз нь байсан бөгөөд тухайн 3 найз гэх хүмүүсийн нэг нь надтай зөрөөд өрөөнөөс гараад явсан. Тэгээд Нямдаваа болон түүний 2 найзын хамт бид 4 үлдсэн. Би өөрийн найз болох Оюунгэрэлийг дуудсан тэгсэн удалгүй Оюунгэрэл ирсэн. Намайг тухайн зочид буудалд очих үед Нямдаваа болон түүний найзууд маш их согтолттой байсан. Тэгээд миний авч очсон пивонуудыг бид нар хувааж уусан, тэгсэн Гурванбаатар гэх залуу намайг архи хийгээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд яагаад архи хийж өгөх ёстой вэ гэж хэлсэн чинь Гурванбаатар ямар үнэтэй янхан бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн удалгүй гэнэт Гурванбаатар намайг сандал дээрээс түлхэж унагаасан. Тэгэхээр нь би цааш нь өөрөө холдуулаад түлхсэн тэгсэн Гурванбаатар баруун гараараа нэг удаа миний баруун нүд хэсэгт цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч Т.Оюунгэрэлийн “2023 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө намайг гэртээ байж байсан чинь манай найз Энхжин миний гар утас руу залгаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машины урд байрлах “Honey” нэртэй зочид буудалд хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь тухайн буудалд Энхжин хэдэн ах нартай хамт байсан. Би “Honey” гэх нэртэй зочид буудалд байсан хүмүүстэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд юунаас болж маргаан болсон гэдгийг мэдэхгүй байна, Гурванбаатар гэх залуу Энхжиний баруун нүд хэсэгт цохиод нүдийг нь гэмтээсэн байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд Гурванбаатар болон бусад хүмүүсийг байгууллагаас аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 993 дугаартай дүгнэлтэнд “Ш.Энхжингийн биед баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний гадна буланд зулгаралт, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Гын “2022 оны 01 сарын 02-ны өдөр Эрдэнэжаргал, Нямаа, Баганаа нартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд Хоне зочид буудлын 204 тоотод орж 1 шил Эдин нэртэй 1 литртэй архи мөн 20 ширхэг пиво зэргийг хувааж уусан. Би тухайн өдөр Энхжин гэх эмэгтэй зүүн нүд хэсэгт цохиж гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна прокурорын тогтоолыг мөн хүлээн зөвшөөрч байна өөрийн гэмт үйлдэлдээ харамсаж байна, хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй болно. Би хохирогч Энхжингийн нэхэмжилсэн мөнгө болох 200.000 төгрөгийг өгсөн бөгөөд надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 51/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Honey” зочид буудлын өрөөнд бусадтай архидан согтуурах үедээ хохирогч Ш.Энхжинг жирэмсэн болохыг мэдсээр байж “архи хийж өгсөнгүй, архи уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь гараараа цохих үйлдлээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, нүдний гадна буланд зулгаралт, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Ш.Энхжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн;
хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтэд “...хохирлын мөнгө авсан тул надад гомдол санал байхгүй, ийм учир гомдлыг хааж өгнө үү ...” гэжээ.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт БГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ