Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00335                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багт оршин суух, Т  овогт И-н С /ЗЮ69091727/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00303/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ахуй үйлчилгээний удирдах газарт  илгээлтээр ирж хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг болон бусад баримтыг үндэслэн дээрх хугацаанд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.С Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний газар, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар, ахуй үйлчилгээний хэлтэс, Орхон ББХХоршоонд тус тус оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч И.Сд хамаарах  ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 19-ний өдрийн 233 дугаартай  тодорхойлолт ,  нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хэргийн 06-р хуудас/

Нэхэмжлэгч И.С нь 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний газар, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар, ахуй үйлчилгээний хэлтэс, Орхон ББХХоршоонд тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь  дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 08/386 дугаартай  “Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар нь 1987-1991 онд  бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар, Ахуй үйлчилгээний хэлтэс болж улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 1 сарын 23-нд Орхон ББХ Хоршоо болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 233 дугаартай “...И.Сгийн Дундговь аймгийн НАААҮУ Газарт 1987-1993 он хүртэл хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байсан тухай холбогдох материалыг шүүх үзэхэд 1987 онд оёдолчноор томилогдсон, 1989 онд оёдолчны курст суралцсан тухай тушаал шийдвэрийг хуулбарлан хүргүүлэв...” гэх лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 2 сарын 24-ний өдрийн 79 дугаартай “курст суралцуулах тухай” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1987 оны 8 сарын 13-ны өдрийн 185 дугаартай “зохион байгуулалттай элсэлтээр ирсэн хүүхдүүдийг авч ажиллуулах тухай ” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудасны ар хэсэгт/

-Дундговь аймгийн АҮУ Газрын боловсон хүчнээс 1987 оны 8 сарын 25-ны өдөр Сд олгосон 209514 дугаартай, 1987 оны 8 сарын 1-ний өдөр МХЗЭ-ийн илгээлтээр ирсэн учир оёдлын захиалга тасагт хүүхдийн хувцасны оёдолчноор авч ажиллуулав, 1991 оны 1 сарын 1-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн тул оёдолчны ажлаас чөлөөлж хүүхдийн хувцасны II  үйлдвэрт шилжүүлэв, 1991 оны 1 сарын 7-ны өдөр хүүхдийн хувцасны II  үйлдвэрт оёдолчноор авч ажиллуулав, 1993 оны 5 сарын 15-ны өдөр хөдөө ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 8-9-р хуудас/

-Гэрч Л.Д-н “...И.С нь 1987 оны 8 сард илгээлтээр ирж хүүхдийн хувцасны тасагт оёдолчиноор ажиллаж байсан.  И.С нь 1987 оны 8 сараас 1993 оны 5 сар хүртэл Ахуйн үйлчилгээий хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байгаад хөдөө малчин болсон. Ахуй үйлчилгээний хүүхдийн хувцасны хэлтэс нь дотроо хүүхдийн хувцасны 1, 2 дугаар тасаг гэж хуваагдаж Орхон, Уран шаглаа гэж байсан. И.С нь Орхон хэлтэст би Уран шаглаа хэлтэст ажиллаж байсан. Тухайн үед өдөр шөнийн ээлжинд хуваагдаж ажилладаг байсан. Би  1984 оны 6 сараас  1994 он хүртэл Ахуйн үйлчилгээний удирдах газрын хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Д.Э-н “...Би 1986 онд Улаанбаатар хотод нийтийн ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Нийтийн ахуй үйлчилгээний газарт  илгээлтээр ирж оёдолчноор ажиллаж байхад И.С нь 1987 оны 8 сард илгээлтээр ирсэн. Бид хамт хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж  байсан. И.С нь 1987 оны 8 сараас 1993 оны 5 сар хүртэл Ахуйн үйлчилгээний хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байгаад үйлдвэр тарахад малчин болж байсан. Тэр үед нь би жирэмсний  амралттай   байсан. Би  1986 оны 6 сараас  1992 оны 1 сар хүртэл Ахуйн үйлчилгээний удирдах газрын хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/  

-Гэрч Т.Б-Н “...Би 1983 онд Техник мэргэжлийн сургууль төгсөөд Нийтийн ахуй үйлчилгээнд илгээлтээр ирж оёдолчноор ажиллаж байхад И.С нь 1987 оны 8 сард илгээлтээр ирж,  хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажилласан. И.С нь 1987 оны 8 сараас 1993 оны 5 сар хүртэл Ахуйн үйлчилгээний хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байгаад хөдөө малчин болж байсан. Би  1983 оны 8 сараас  1995 он хүртэл Ахуйн үйлчилгээний удирдах газрын хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байсан. Ахуй үйлчилгээний хүүхдийн хувцасны хэлтэс нь дотроо хүүхдийн хувцасны 1, 2 дугаар тасаг гэж хуваагдаж,  Орхон, Уран шаглаа гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж байхад  С  Орхон хэлтэст,  би Уран шаглаа хэлтэст ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт И-н С /ЗЮ69091727/-г 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 01 сарын 23 хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний  удирдах газар, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар, Ахуй үйлчилгээний хэлтэст оёдолчноор, 1992 оны 01 сарын 23-аас 1993 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Орхон ББХ Хоршоонд  оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.Б