| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
2023 02 20 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Ц.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЦЭт холбогдох эрүүгийн 2211 00882 0038 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 3 дугаар гудамж 1118а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт ЦЭ .................................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Цын толгой хэсэг рүү нь цохиж биед зүүн хоншоор ясны урд, дотор ханын цөмөрсөн зөрүүтэй, зүүн ухархайн дотор, доод хана, хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хоёр зовхи, хоншоор, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд доод зовхи, хацар, цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Э:
2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Цн толгой хэсэг рүү нь цохиж биед зүүн хоншоор ясны урд, дотор ханын цөмөрсөн зөрүүтэй, зүүн ухархайн дотор, доод хана, хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хоёр зовхи, хоншоор, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд доод зовхи, хацар, цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Г.Цэдэндамбын “...би өчигдөр буюу 05 дугаар сарын 08-ны өөрийн танил ах нарын хамт Урт цагааны ойролцоо байх Их Монгол нэртэй караокенд байж байгаад шөнийн 04 цагийн орчим гараад 32-ын тойрогийн ойролцоо нэг хүн буулгах гээд явсан. Бид нарыг явж байхад Чингэлтэй дүүргийн Өндөр гэх нэртэй эмнэлгийн баруун талд хойд зүгт явах замын нэг урсгалыг хаасан 3 залуу согтуу урд явсан тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь манай автомашиныг барьж явсан эмэгтэй жолооч холдоод өгөөч, зам тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс тухайн гурван залуу буугаад ир ална шүү, та нар намайг мэдэх үү гэх зэргээр орилж хашгираад байсан. Тэгээд урд сууж байсан ах Бат-Өлзий буусан. Тэгэхээр нь бид хэд араас нь салгах гээд буусан би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас хэн цохисоныг нь сайн санахгүй байна хоёр залуу намайг зодож байсныг бүдэг санаж байна. Би босч ирэх үед миний хамарнаас цус гарсан байсан. Манай жолооч цагдаа дуудлаа шүү гэж орилох үед тухайн гурван залуу зугтсан. Мөн Бат-Өлзий ахыг бас зодоод байх шиг байсан. Бид хэд хойноос хөөж байгаад нэгийг нь арай гэж барьж авсан. Миний хамрын яс зүгээр байх юм бол надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, мөн түүний дахин өгсөн: “...би хэрэг болсон өдөр хар савхин курткатай эрэгтэй буюу одоо би намайг зодсон гэж зааж байгаа эрэгтэй /Эрдэнэзориг/-г барьж аваад царайгаа харуулаад “миний нүүр ийм болчихлоо шүү дээ, одоо болох юм биш үү” гэтэл тухайн эрэгтэй нь зугатаад яваад өгсөн юм. Тиймээс би тухайн эрэгтэйг намайг зодчихоод миний нүүр ямар болсныг хараад айсандаа зугтаад яваад өгсөн гэж бодож байгаа юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Чингүүн, Мөнхжин нар надтай уулзаж өөрсдийгөө намайг зодоогүй талаар тайлбарлаж ярьж байсан байхад Эрдэнэзориг гэх эрэгтэй нь надтай огт уулзахгүй байсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Гэрч Г.Бат-Өлзийгийн “...тэгэхээр нь очтол цагдаад баригдсан байсан Чингүүн гэх залуу намайг шууд газар унагасан. Тэр үед Цэдэндамба бууж ирээд болиулах гэхэд нь Чингүүн гэх залуутай хамт явж байсан хоёр залуу цохиж унагаагаад нүүрэн дээр нь дэвсчхээд зугтацгаасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Гэрч Т.Баярдуламын “... Бат-Өлзий машинаас буугаад очих үед 3 залуугийн нэг нь шууд цохиод унагаасан. Тэр үед Цэдэндамба салгахаар бууж очиход хар савхин куртиктэй залуу Цэдэндамбыг унагаасан тэгээд нүүр рүүгээ өшиглүүлсэн. Гэрэлтбаатар ах Цэдэндамбыг зодож байсан 2 залууг татаж салгасан. Би мөн Билгүүн гэх залууг нь татаж салгаад ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
Гэрч М.Мөнхжингийн “...орой 03 цаг өнгөрөөгөөд Эрдэнэзориг Чингүүн бид гурав такси барих гээд 5 дугаар сургуулийн ойролцоо байх CU дэлгүүрээр нэвт зам гарч байтал Эрдэнэзориг та хоёрын зургийг аваад өгье гээд зам дээр зогсож байтал нэг автомашин ирээд сигналдаад цонхоор нь хүмүүс гарсан, зайлаач гээд байхаар нь бид хэд маргалдсан. ...Эрдэнэзориг хөх куртка, жинсэн өмд, саарал пүүзтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
Гэрч А.Гэрэлтбаатарын “... Бат-Өлзий машинаас буугаад зам дээр зогсож байсан залуутай барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд машинаас буутал Цэдэндамба миний хажуугаар гүйж гараад замын эсрэг талд зогсож байсан залуу руу гүйсэн. Би Бат-Өлзийг тэр 2 залуугаас салгах гээд дөнгөж очоод дээр нь байгаа залууг салгах гэж байхад Цэдэндамба газар унаж байсан... Гэтэл замын эсрэг талд зогсож байсан эрэгтэй Цэдэндамбын нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн. Тэгэхээр нь би Цэдэндамбыг босгоод иртэл зүүн нүдийг нь дагаад битүү цус гоожчихсон байсан. Цагдаагийн байгууллагад авч ирсэн Чингүүн гэх залуу нь Бат-Өлзийтэй маргалдаж байсан залуу юм. Тэр залуу Цэдэндамбад гар хүрээгүй... Эмнэлгийн гадаа жижигхэн биетэй, шардуу царайтай залуу нь Бат- Өлзийг нэг удаа цохиход Баярдулам “Манай найз залууг цохидог хэн бэ” гээд орилтол тухайн залуу нь зугтаад явчихсан. Цэдэндамбыг зодсон залуу нь 28-30 орчим насны, 170 см орчим өндөртэй, махлагдуу, бор царайтай, нөгөө 2 залуугаа бодвол арай өндөр, хар хүрэн өнгийн савхин хүрэмтэй, бараан өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Гэрч Т.Билгүүний “Тухайн өдөр Мөнхжин цагаан өнгийн футболк, хар өмдтэй, хар кеттэй... Чингүүн хар өнгийн футболк, тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй байсан. Эрдэнэзориг дээгүүрээ бомбер маягийн хар бараан өнгийн куртиктэй, цэнхэр жинстэй, саарал өнгийн Жордан загварын пүүзтэй явж байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7046 дугаартай дүгнэлтэнд:
“1. Г.Цэдэндамбын биед зүүн хоншоор ясны урд, дотор ханын цөмөрсөн зөрүүтэй, зүүн ухархайн дотор, доод хана, хамар ясны цөмөрсөн далд хугарал, хоёр зовхи, хоншоор, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.Эийн “хэрэг болсон өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Мөнхжингийн төрсөн өдөр болоод намайг гэрээс ирж аваад Билгүүний гэр буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 42-51 тоотод ирсэн. Ирээд Мөнхжин бид хоёр доод дэлгүүрээс 6 лааз пиво, 1 шил 0,5 литрийн хэмжээтэй Эден архи аваад Билгүүний гэрт орсон. Тэгээд 23 цагийн үед Чингүүн Билгүүний гэрт орж ирсэн. Ингээд Мөнхжингийн төрсөн өдөр байсан учраас Чингүүн Мөнхжинд 50.000 төгрөг шилжүүлсэн чинь Мөнхжин дахиад дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво авсан. Тэр пивог нь уучихаад Чингүүн, Мөнхжин бид гурав гараад явсан. Гэрээс нь гараад Тавдугаар сургуулийн урагшаа зам гараад явж байсан. Тэр үед гадаа бороо орж байсан ба Чингүүн “Зураг аваад өг” гэхээр нь би өөрийнхөө утсаар Мөнхжин Чингүүн хоёрыг зургийг авах гээд бид гурав автозамын дунд зогсож байсан. Гэтэл нэг Аква загварын тээврийн хэрэгсэл Мөнхжин, Чингүүн хоёр дээр тулж ирээд сигналдаад цонхоор нь хэдэн залуучууд шагайчихаад “Зайлаач” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нь Чингүүн тухайн машины хамар дээр нь алгадчихсан. Тэгтэл дотроос нь баахан залуучууд буугаад ирсэн. Хэдэн нүцгэн залуучууд бууж ирээд бужигналдаад эхэлсэн. Тэгэхээр нь би дөхөж очоод, дунд нь ороод эхлээд Чингүүн дээр очоод түүнтэй зодолдож байсан халзан эрэгтэйгээс салгах гэтэл дийлээгүй. Тэр үед Мөнхжин өөр нэг туранхайдуу, өөр шиг нь жижигхэн биетэй эрэгтэйтэй зодолдож байсан. Бас өөр нэг эрүүл буюу архи бага хэрэглэсэн эрэгтэй тэр дунд хүмүүсийг салгах гээд яваад байсан. Мөнхжинг зодолдож байсан эрэгтэйгээс нь салгатал дахиад л буцаад нийлчихээд зодолдоод байсан. Тэгээд буцаад Чингүүн дээр очих гэтэл зодолдож байсан халзан эрэгтэйн хамт Чингэлтэй дүүргийн эмнэлгийн тийшээ оччихсон байхаар нь тэр дунд байсан нэг эмэгтэйтэй хамт очсон. Тэгэхэд ардаас Мөнхжин гүйгээд ирсэн ба ардаас нь Мөнхжинтэй зодолдож байсан эрэгтэй, арай эрүүл байсан эрэгтэй хоёр гүйгээд ирсэн. Тэгээд тэрний дараа Аква дотроос одоо хохирогч болсон байгаа эрэгтэй "Зодуулчихлаа. Миний нүүрийг хэн цохьчихов оо” гээд буугаад ирсэн. Би тэгэхээр нь “Чи өөрөө мэдэхгүй байхад би яаж мэдэх вэ дээ” гэж хэлсэн. Тэгээд хартал Чингүүн байхгүй болчихсон байсан. Тэгээд би утсаа аваад Чингүүн рүү залгах гэтэл утас нь надад байсан байна лээ. Чингүүнийг зам гараад явчих шиг боллоо гэж хамт хохирогч эрэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь би зам гараад буцаад Тавдугаар сургууль дээр ирэхэд Мөнхжин, Чингүүн хоёр хоёулаа байхгүй байсан. Тэгээд би буцаад Билгүүний гэр рүү алхсан. Тэр үед миний утас дугараад Мөнхжин залгаад “Дөлгөөннуурын энд таксинд байна. Хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд нь явж очоод таксинд суугаад Мөнхжинг гэрийнхээ гадаа буюу Шархадын тэнд буулгасан. Дараа нь би гэртээ хариад унтсан юм ...Чингүүн Мөнхжин хоёр автозамын голд цагаан зураасан дээр Тавдугаар сургууль руу хараад буюу хойд зүг рүү, би өөдөөс нь хараад буюу урд зүг рүү хараад тэр хоёроос 10 орчим алхмын зайтай зураг дарах гээд автозамын хойд талд нь зам дээр зогсож байсан ...би Цэдэндамбын хохирлыг барагдуулаагүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 80/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 74/,
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 91/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 92/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ц.Э 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Цэдэндамбын толгой хэсэг рүү нь цохиж биед зүүн хоншоор ясны урд, дотор ханын цөмөрсөн зөрүүтэй, зүүн ухархайн дотор, доод хана, хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хоёр зовхи, хоншоор, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд доод зовхи, хацар, цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ц.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Цэдэндамба нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ЦЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ