| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00305/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 336
2019 оны 08 сарын 12 өдөр Дугаар 139/ШШ2019/00336 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багт оршин суух хаягтай, Х овогт Д гийн Г /ЗЮ60071570/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00305/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дгийн Г миний бие 1960 онд төрсөн 59 настай эрэгтэй. Улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Би Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Өвөр урт бригадад гэр бүлийн хамт мал маллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. 1990 оноос хойш нэгдэлд ажиллаж байсан жилээ холбогдох баримт олдохгүй байсан учраас нөхөн тооцолтоор тооцуулсан. Би малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор Адаацаг сумын архиваас холбогдох баримтаа хайсан боловч олдохгүй, Амьдралын туг нэгдлийн архивын баримт бүрэн бус хадгалагдаж байгаа тул Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин, тууварчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Д.Г-т хамаарах 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 21-ний өдрийн 237 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 5 /
Шүүх хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 08/395 дугаартай “ Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК, Амьдралын туг хоршоон”-ы талаархи хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /ХХ-6/
Гэрч П.О-н “...Дгийн Гтай Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд хамт ажиллаж байсан. Би 1982 онд хөдөө аж ахуйн сургууль төгсөж илгээлтээр гэр бүлийн хүний хамт нэгдлийн зоо техникчээр ажилд томилогдоход Г нь цэргээс халагдаж ирээд нэгдлийн малчин, тууварчинаар томилогдож байсан. Тэрнээс хойш Г нь тус нэгдлийн Өвөр урт бригадад гэр бүлийн хамт мал маллаж байсан. Зуны дэлгэр цагт Гийнх хүн бүл сайтай учраас Г тууварт явдаг, эхнэр нь хүүхдүүдтэйгээ малаа малладаг байсан. Зуны цагт малын тарга тэвээрэг, эрүүл байдлыг шалгахаар очиход тууварт яваагүй үедээ нэгдэлд үржил мал малладаг малчин хүн байсан гэх мэдүүлэг /ХХ-13/
Гэрч М-н “....Би 1982 оны 8 сард Адаацаг суманд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал зүйчээр төгсөж нэгдлийн ахлах зоо техникчээр ажилд ороход бид хамт нэгдэлд ажилд орж байсан. Тэр үед Г нь Адаацаг суманд цэргээс халагдаж ирээд малчин, тууварчинаар ажиллах тушаал авч нэгдэлд үржил мал маллаж байсан. Д.Г 1982 оны 8 сараас 1991 оны хавар хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Бид нэгдлийн зоо техникчээр гэрт нь очиход мал малладаг төл малын эндэгдэл гаргаж байгаагүй сайн малчин байсан. Тухайн үедээ мэнд сүрэгтэн зэрэг шагнал авч байсан ....” гэх мэдүүлэг /ХХ-14/
Гэрч С.Э-н “...Д.Г нь Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1982 онд цэргээс халагдаж ирээд бид хамт малчинаар томилогдож ажилд орж байсан. Тэгээд Г нь Амьдралын туг нэгдийн Өвөр урт бригадад үржил бог мал малладаг байсан. 1982 оны 8 сараас 1991 оны 3 сард хувьчлал тарах хүртэл малчин, тууварчин байсан. Бид Улаанбаатар хотод мал нийлүүлэхэд тууварчинаар хүртэл хамт явж байсан...” гэх мэдүүлэг
Тус хэргийн гэрч П.О , Т.М нарыг 1982 оны 08 сарын 05 өдрөөс 1991 оны 08 сарын 01 өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн зоотехникч, чанарын албаны дарга, боловсон хүчин, ерөнхий зоотехникч, ерөнхий мал зүйчээр томилсон Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1982 оны 08 сарын 05 өдрийн 21 , 1984 оны 05 сарын 29 өдрийн 16, 1988 оны 11 сарын 11 өдрийн 80, 1982 оны 08 сарын 05 өдрийн 21, 1991 оны 08 сарын 01 өдрийн 45 дугаартай тушаалуудын хуулбарууд
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шууд /ХХ-6, 13-14, 23/ болон дам /ХХ-18-22/ байдлаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д-гийн Г /ЗЮ60071570/-ийг 1982 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын “Амьдралын туг” нэгдэлд малчин, тууварчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б