| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Сгийн Гд холбогдох эрүүгийн 2335000000035 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................ Увс аймгийн ........... суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн ........... суманд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Сгийн Г, (РД:...................);
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч С.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Ггийн эзэмшлийн “Samsung А-23” загварын гар утас олж, авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Г.Гд 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч С.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Ггийн эзэмшлийн “Samsung А-23” загварын гар утас олж, авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Г.Гд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, учруулсан хохирлоо төлж, хүлээлгэх хариуцлага прокурортой тохиролцож орж ирсэн. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтуудаар торгох ял оногдуулах боломжтой. Иймд прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч С.Г нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн 2335000000035 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гар утас болон хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал);
2. Хохирогч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс аймгийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт очиж хүүхдийнхээ хамранд байсан чихээс авхуулах гээд хүүхдийн эмнэлгийн коридорт сандал дээр утсаа үлдээчихээд хүүхдээ хувцаслаад гарахдаа коридорын сандал дээр өөрийн "Samsung А-23" маркийн гар утсаа үлдээгээд явсан байсан. Би утас руугаа залгаж үзэхэд миний гар утас дуудаж байгаад унтарчихсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...", "...Миний тухайн үед алдсан гар утсыг ашиглаагүй, бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, тиймээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал);
3. Гэрч Ц.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр С.Ггийн хамт амьдардаг бөгөөд 2019 он, 2021 онуудад даралт харваж байсан бөгөөд группэд байдаг юм. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ........... сумаас Улаангом руу эмчид үзүүлж группээ сунгуулахаар эхнэрийн хамт орж ирсэн. Төрлийн хүү хүүхдийн эмнэлэгт ажилладаг бөгөөд эмчид үзүүлэх хэрэгтэй байна, бичиг авах хэрэгтэй байна гэж утсаар ярихад маргааш ажил дээр хүрээд ир гэж дуудсан бөгөөд маргааш нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш чухам хэдэн цагийн үед гэх талаар мэдэхгүй байна эхнэр С.Ггийн хамт хүүхдийн эмнэлэг дээр төрлийн дүүтэйгээ уулзахаар яваад очиход түр хүлээгээд сууж байгаарай гэж бид хоёрт хэлсэн. Ингээд бид хоёр коридорт хүлээгээд сууж байсан, тухайн үед бидний хажууд танихгүй 2-3 хүмүүс байсан, би эхнэрээс тусдаа өөр сандал дээр сууж байтал эхнэр намайг гэнэт нааш ир гээд дуудсан, ингээд би эхнэрийн хажууд очоод суутал надад сандал дээр байгаа утас аваад гараад ир гэж хэлээд өөрөөр ямар нэгэн зүйл хэлэхгүй гараад явчихсан. Би эхнэрийн хажууд сандал дээр байсан утас аваад араас нь гарахад утас аваад ир гэж хэлээд надаас тухайн утсыг авсан. Хэсэг хугацааны дараа надад дахин утас өгч май өвөрлөчих гэж хэлэхээр би эхнэр утсаа өгч байгаа юм байх гэж бодоод аваад өвөртөө хийсэн. Гадна зогсож байтал Наранбулаг суманд байдаг манай ээжийн төрсөн дүү буюу манай нагац эгчийн бие муудлаа гээд машин явж байна гэхээр би намайг эмнэлгийн үүдэн дээрээс ирээд аваад яв гэж хэлээд би гадна хүлээгээд зогсож байгаад тухайн машин ирэхээр суугаад явсан. Тухайн үед эхнэр С.Г эмчийн бичиг хийлгэж авахаар ганцаараа эмнэлгийн үүдэнд үлдсэн юм. Тэгээд Наранбулаг суманд нагац эгчийн гэрт очоод байж байтал орой 21-22 цагийн үед байх эхнэр залгаад яаралтай хүрээд ирэх хэрэгтэй байна. Би чамд өвөртлүүлсэн утсыг би олж авсан, цагдаагаас дуудаж байна, утсаа аваад хүрээд ир гэхээр дахин би Наранбулаг сумаас ирсэн юм. Тэгээд цагдаа дээр ирж утас өгөөд явсан, манай эхнэр С.Г тухайн утсыг надад олж авсан, өөр хүний утас байсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй учир энэ талаар мэдээгүй. Би тухайн гар утсыг хэн нэгэн хаяж, гээгдүүлсэн хэн нэгэн хүний эзэмшлийн зүйл байсан талаар мэдээгүй, эхнэр надад гар утасны талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байж байгаад орой цагдаагаас дуудаж байна гэж намайг дуудахдаа тухайн утсыг олж авсан талаар хэлсэн. Би эхнэр С.Гг гар утас барьж гарсан эсэх талаар мэдээгүй, намайг утас аваад гараад ир гэж хэлээд боссон, тэр үед би бид хоёрын дунд байгаа эхнэрийн утас аваад босож байна гэж бодоод араас нь гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);
4. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай “Увс аймагт 2023 оны 1 дугаар сарын байдлаар “Samsung А-23” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:
1. С.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал);
2. Увс аймгийн ........... сумын .......... багийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай “Тус сумын иргэн Сгийн Г нь ам бүл 2, нөхрийн хамт Ховд аймгийн Мянгад суманд отроор түр оршин сууж байгаа бөгөөд өрхийн сарын орлого 900.000 төгрөг, нийт 300 толгой малтай, амьжиргааны түвшин сайн, зан аашийн хувьд даруу төлөв зантай, нийгмийн идэвх сайтай иргэн юм” гэх албан тоот (хавтаст хэргийн 60 дахь тал);
3. С.Ггийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал);
4. Мал тооллогын 2022 оны А дансны хуулбар (хавтаст хэргийн 67-69 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Г нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд С.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба шүүгдэгч С.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч С.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.
4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Г.Г нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Г.Ггийн эзэмшлийн “Samsung А-23” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд шүүгдэгч С.Г нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Г.Ггийн гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсыг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл: шүүгдэгч С.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Ггийн гээгдүүлсэн “Samsung А-23” загварын гар утсыг эмнэлгийн коридорт байх сандал дээрээс олж авч, утсанд ирсэн дуудлагыг хүлээн авалгүй шууд унтрааж, нөхөр Ц.Тд хулгайн утас гэдгийг хэлэлгүй, түүний дээлний өвөрт хийж, өгч явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
8. Иймд шүүгдэгч С.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч С.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ггийн эд хөрөнгөд 700.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung А-23” загварын гар утсыг шүүгдэгч С.Ггаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” (хавтаст хэргийн 20, 80 дахь тал) гэх мэдүүлэг, тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ггаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч С.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 47 дахь тал),
4. Шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
6. Прокуророос шүүгдэгч С.Ггийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
7. Түүнчлэн шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул С.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
10. Иймд шүүгдэгч С.Ггийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Сгийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ггаас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА