Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

   2023         02         28                                   2023/ШЦТ/148

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн овогт ГБд холбогдох эрүүгийн 2211 02118 0047 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэдэн овогт ГБ, регистрийн дугаар ..................................,

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 16-133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Цэдэн овгийн ГБ нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1156 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр, Э.Мийн эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас түүний биед баруун бугалга, гуя, хэвлий, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Мягмарсүрэнгийн...Баярсайхан нь намайг модоо хагалахгүй яасан юм гэж хэлээд уурлахаар нь би мод хагалах ёстой юм уу гэж хэлээд түүнтэй жаахан маргачихаад хашаанд байсан модноос гэртээ оруулсан тэгсэн Баярсайхан миний оруулж ирсэн модыг над руу шидээд байсан бөгөөд би түүнтэй жоохон хэрэлдсэн чинь над руу мод шидээд байсан бөгөөд тухайн мод нь миний баруун гар, гуя, хэвлий, нуруу зэргийг оносон тэгснээ босч ирээд миний баруун хөл рүү өшиглөөд намайг гараараа боосон бөгөөд хажууд охин уйлсан чинь намайг зодохоо больсон. Баярсайхан өмнө нь намайг ганц хоёр удаа цохидог байсан бөгөөд яг хэзээ зодсон гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн: “...Би аав, ээжтэй амьдардаг. Манай аав хөдөө явж ирээд манай ээжтэй хэрэлдээд ээжийг модоор цохисон. Хоолойг нь шахсан. Тэгэхээр нь би аймаар айгаад ээжийг алах гээд байна гэж уйлсан. Тэгэхэд аав ээжийг зодохоо болиод дуугүй бай чи гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16274 дугаартай дүгнэлтэнд: “Э.Мягмарсүрэнгийн биед баруун бугалга, гуя, хэвлий, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Бы “...Мягмарсүрэнг бол өмнө бол зодож байгаагүй ээ, жаахан муудалцах үедээ нэг, хоёр удаа түүнийг цохиж байсан байхаа. Тухайн хэрэг нь гал түлээгүй гэх шалтгаанаас болоод Мягмарсүрэн бид хоёр маргалдсан бөгөөд миний уур хүрээд түүн рүү хагалсан моднууд шидчихсэн юм. Тухайн хэрэг болох үед Мягмарсүрэн бид хоёр байсан ба өөр хэн нэгэн бол байгаагүй. Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлүүдийг миний бие ганцаараа учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Цэдэн овгийн Ганболдын Баярсайхан нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1156 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр, Э.Мягмарсүрэнгийн эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас түүний биед баруун бугалга, гуя, хэвлий, нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 16274 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь “ ...гал түлээгүй...” гэх шалтгаанаар хохирогчийг зодон түүний биед баруун бугалга, гуя, хэвлий, нурууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Бы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

шүүгдэгч Г.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Мягмарсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэдэн овогт ГБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ