Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,         

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогчийн Д.Бямбасүрэн,

шүүгдэгч Х.Төрмөнх, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Төрмөнхөд холбогдох 201624000951 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хэсэг Их Дарь эх 1 дүгээр гудамж 165 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УК90102019, Хангал овогт Халиуны Төрмөнх.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Х.Төрмөнх нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Саруул тэнгэр” хотхоны хойд замд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчим “Субару Порестер” маркийн 72-97 УНТ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7а, 9.3, 2.5 а, б дэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн жолоодож яваад зогсоолд байрлуулсан “Тоёота Примео” маркийн 51-56 УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Төрмөнх мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед өөрийн “Subaru Forester” маркийн авто машиныг жолоодон явж найз Д.Ерботаагийнд очиж нэг пиво уусан. Тэгээд удалгүй 22 цагийн үед нэг найз маань утсаар дуудсан. Тухайн үед нэг пиво уусан болохоор гайгүй байх гэж бодоод машинаа жолоодож явсан. Тэгээд найз руугаа явах замд утсаар ирэх шаардлагагүй боллоо гэхээр нь буцаж эргээд явж байхад уг осол гарсан. Тухайн үед намайг 1 дүгээр эгнээнд зорчиж явахад урд машин зогсож байгааг тулж хараад 2 дугаар эгнээ рүү ороход 2 дугаар эгнээнд явж байсан машин дуут дохио өгөөд сандарч буцаад 1 дүгээр эгнээндээ орж зогсож байсан машиныг мөргөж осол болсон. Тэгээд тэр машины жолооч байхгүй байсан тул найз Д.Ерботааг машиндаа үлдээгээд бичиг баримтаа авч ирэхээр такси бариад гэр рүүгээ яваад ирэхэд миний машиныг ачлагийн машин ачаад хөдөлж байхаар нь дуудаж зогсоогоод асуухад Баянзүрх дүүргийн Амартүвшин гэх цагдаа хэмжилт хийгээд найзыг чинь аваад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар очиход драгераар миний согтуурлыг шалгаж эрүүлжүүлэхэд хийсэн. Өөр зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэмэмжлэгч Д.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 19-нд “Саруул тэнгэр-1” хороололд машины замын 1-р эгнээнд байрлуулж тавиад дүүгийндээ ороод 5 минут болсон. Тэгсэн цонхоор машин мөргөлдөх чимээ гарсан. Тэгээд би цонхоор хартал миний машин мөргүүлсэн, нэг машин урсгал сөрөөд зогссон 4-5 залуучууд бууж байгаа харагдсан. Тэгээд би гүйж гараад очиход нэг согтуу залууг хоёр хүн бариад авсан зогсож байсан. Мөн машиныг чинь мөргөсөн залуучууд зугтаагаад байна гэсэн. Тэгээд цагдаа дуудсан боловч ирэхгүй удсан. Тэгэхэд Д.Ербот гэх залуу машинд суугаад зугтаахаар нь араас очиж барьж аваад дахин цагдаад дуудлага өгч цагдаа авч явсан. Тэгээд дуудлагын цагдаа нар ирээд хэмжилт хийгээд машинуудаа ачаад явсан. Хохиролд 4.710.000 төгрөг авсан. Одоо ОХУ руу явахад жолоочийн хариуцлагын даатгалын хийгдсэн хохирлыг барагдуулаагүй. Бусдаар гомдолгүй” гэв.

 

Мөн хавтаст хэргээс осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4/, осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл /хх-3, 5/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-6/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-7/, жолоочийн үнэмлэх түр хураасан тухай тасалбар /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11, 13-14, 16, 55-56/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12, 15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-17-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/, гэрч Я.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-36-37/, гэрч Ш.Энхбаярын мэдүүлэг /хх-38/, гэрч Х.Батмөнхийн мэдүүлэг /хх-40/, гэрч Д.Ерботагийн мэдүүлэг /хх-41-43/, гэрч Б.Анхтуяагийн мэдүүлэг /хх-45/, “Хос стандарт” үнэлгээний байгууллагаас гаргасан автомашинд хийсэн 002704 дугаартай үнэлгээний тайлан /хх-53-54/, Техникийн шинжээчийн 633 дугаартай дүгнэлт /хх-63-64/, шүүгдэгч Х.Төрмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-73-80/, шүүгдэгч Х.Төрмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-84/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-86-96/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-97/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-114/, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр /хх-119/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Төрмөнх нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Саруул тэнгэр” хотхоны хойд замд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчим “Субару Порестер” маркийн 72-97 УНТ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.3, 2.5 а, б дэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн жолоодож яваад зогсоолд байрлуулсан “Тоёота Примео” маркийн 51-56 УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж 3.510.000 төгрөгийн шууд, 4.560.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:  

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн “Саруул тэнгэр” хотхонд байх дүүгийндээ орохдоо “Тоёота Примио” маркийн машинаа байрны ар талд 1 дүгээр эгнээнд тавиад 5 минут болоогүй байхад хүчтэй машин мөргөх чимээ сонсогдсон, 9 давхараас харахад миний машины ар талаас хар өнгийн суудлын машин мөргөөд буруу хараад зогсчихсон дотроос нь хэдэн залуучууд бууж ирж байгаа харагдсан…буугаад очтол машины хажууд нэг ах эгч 2 согтуу залууг барьчихсан бусад нь зугтаасан байсан. 102 руу дуудлага өгөөд байж байтал баригдсан 2 залуу машинд суугаад зугтаахаар нь араас нь такси бариад хөөж зогсоогоод Д.Ербота гэх залууг ослын газар дээр авч ирээд цагдаа ирэхээр нь залууг хүлээлгэж өгсөн…осол гаргасан жолоочийг Төрөө, Төрмөнх гээд байсан. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Хойд буфер, багажны хаалга, гэрэл, обут, багана зэрэг маш их эвдэрсэн. Автомашинд учирсан хохирлоо барагдуулж авна” /хх-24-25/ гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Чулуунцэцэгийн өгсөн: “…Миний хүү төлөв даруу, сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, архи ууж байгаагүй, хэрэгт холбогдож байгаагүй, муу зуршилгүй, гэр бүлийн зүгээс уг осолд анхаарч байгаа, хохирогчид үнэлгээнд гарсан мөнгийг өгнө…” /хх-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Энхбаярын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь санахгүй байна 23 цагийн орчим 16 дугаар хороололд явж байхад танил найз Д.Ербота залгаад хүрээд ирээч гэсэн…Петровисиийн колонк дээр ирэхэд түүний хамраас цус гарчихсан, осолд орчихлоо гэхээр нь машиндаа суулгаад дэлгүүрээс цусыг нь тогтоох юм авч өгөх гээд дэлгүүрийн дээр зогсоход хажуу талаар ногоон өнгийн приус маркийн машин орж ирээд Д.Ерботаг аваад явсан” /хх-38/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ерботагийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 19-ний орой багийн найз Х.Төрмөнх манайд ирээд би 2 пиво, Х.Төрмөнх 1 пиво уусан…гэрээс гараад Шархадруу Х.Төрмөнх машинаа бариад явж байхад гар утасаараа хүнтэй яриад очих хэрэггүй болчихлоо гээд буцаад Цайз16-аас манайх руу эргээд 500 метр явж байгаад гэнэт л зогсож байсан машин мөргөсөн, мөргөсөн машинд хүн байгаагүй, тэгээд Х.Төрмөнх машиныхаа бичиг баримтыг аваад ирье гээд намайг үлдээгээд яваад өгсөн” /хх-42/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Анхтуяагийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Саруул тэнгэр” хотхоны хажуу талын төлбөртэй зогсоолд машинаа тавиад гэртээ орох гээд явж байтал миний урд талд түс тас хийх чимээ гарахаар нь яваад очтол саарал өнгийн суудлын машиныг хар өнгийн машин мөргөчихсөн, хажууд нь 2 залуу зогсож байсан. Тэр 2 явах гээд байхаар нь “та нар болиоч хүний машин мөргөчихөөд явах гэлээ” гээд өөрийн утаснаас цагдаа дуудсан…машины эзэнг гарч ирэхээр нь машин мөргөсөн хүмүүсийг хүлээлгэж өгөөд гэртээ орсон. Машиныг хэн нь жолоодож явсныг хараагүй.” /хх-46/ гэх мэдүүлэг, 

 

Техникийн шинжээчийн 633 дугаартай дүгнэлтэд:

1. Subaru Forester маркийн 72-97 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Х.Төрмөнх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” , “9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна…”, “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:”, “в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyoto Premio маркийн 51-56 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Д.Бямбасүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын “Түр зогсох хориотой”- тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн боловч тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” /хх-63-64/ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Х.Төрмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харин согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт авагдсан баримт буюу “Хос стандарт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаас үзэхэд иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд 4.710.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.Төрмөнхөөс иргэний нэхэмжлэгчид автомашины хохирлын үнэлгээний 4.560.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 150.000 төгрөг, нийт 4.710.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Төрмөнхийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн SF5087500 арлын дугаартай, Subaru Forester маркийн 72-97 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Х.Төрмөнхөд, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-г Х.Төрмөнхөд тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Хангал овогт Халиуны Төрмөнхийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Х.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Төрмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн SF5087500 арлын дугаартай, Subaru Forester маркийн 72-97 УНТ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Х.Төрмөнхөд буцаан олгосугай.

 

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Х.Төрмөнхөд буцаан олгосугай.  

 

6. Шүүгдэгч Х.Төрмөнхөөс иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн гэм хорын хохиролд 4.710.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Төрмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Төрмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                 Э.ЧИНГИС

                     ШҮҮГЧ