Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2019/ДШМ/38

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд      

Прокурор У.Анхжаргал

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

                     Шүүгдэгч Д.М

                                                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 1926000000051 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын давж заалдах гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Бад овгийн Ж.Б

 

Монгол Улсын иргэн, Д.М

 

Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг ... тоотод Ч.С-н толгойн хэсэгт нь гараараа цохиж алсан, Ж.Б нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 05-15 тоотод иргэн Ч.С-н цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овгийн Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Бад овгийн Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Боржигон овгийн Д.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бад овгийн Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-г 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-н цагдан хоригдсон 53 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж 205.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийн цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Д.М-с 4.209.300 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгохоор, Ж.Б 53 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: ....Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Т-н ...тэр өдрийн өглөө талийгаач ах минь гэрийнхээ гадаа унтаж байсан. Тэгэхээр нь би тэвэрч гэрт нь оруулсан. Ухаан бол байсан ба ахаа бос гэхэд өндийж босож ирээд явган суучихаар нь би хөл дээрээ тогтохооргүй согтуу байгаа юм байна гэж бодоод өргөөд гэрт нь оруулсан. Тэр үед надтай бол юу ч яриагүй гэх, /1 дүгээр хх-ийн 106-107 хуу/

гэрч Д.М-н ...Б бид хоёр шууд гэрт нь яваад ортол С гэртээ ганцаараа хойд орон дээрээ унтаж байсан. Баатар гэрт нь ороод С-н хөнжлийг хуу татаад С-ийг босгож ирснээ цээж орчимд нь нэг өшиглөөд, шанаа орчимд нь нэг цохиод авах шиг болсон.Тэр үед С-ийн нүүр нь улайгаад урагдчихсан байдалтай өөрөө согтуу байдалтай байсан. Мэдээ мэдрэлгүй бололтой өнхөрч ойчоод л байсан гэх, /1 дүгээр хх-ийн 69 хуу/

хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 03 дугаар сарын 08-ны 11 цагийн орчимд босоод гэрээсээ гарч бие засахад харагдаагүй. Тэгээд орой 16 цагийн орчимд босоод гэрээсээ гарахад хашаан дотроо гражны хажуу талд манай хүү Ч.С хэвтэж байгаа харагдсан. Хоёр тийшээ хольбироод хөдлөөд байгаа харагдсан. Тухайн үед би хажууд нь очоод гэртээ ор гэж хэлсэн. Мөн нүүр амаа яасан юм гэж асуусан чинь, өөдөөс дугарахгүй согтуу л хоёр тийшээ хөдлөөд байгаа харагдсан гэх,

гэрч Д.Ш-н …тэгтэл П намайг авто машинаа ийм болтол нь унаад байхдаа яадгийн гэхээр нь би зүгээр байгаа гэсэн чинь Ц- нь П чиний куртикны халааснаас түлхүүрийг чинь аваад унаж яваад шонгийн мод мөргөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч автомашинаа харсан чинь урд талын гуперын баруун тал, их гэрэл, карлан нь хагарч эвдэрсэн, мөргөсөн талын урд хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь би Ц-с П хаана байсан гэсэн чинь автомашинаар чинь шонгийн мод мөргөчихөөд буухдаа нүүрээрээ газар унаад, нүүр нь урагдаад будаа болоод зугтаагаад явчихсан гэж хэлсэн гэх, /1 дүгээр хх-ийн 79-80 хуу/

гэрч Э.Ц-н хариулт: ...би С ахыг их согтуу байсан болохоор нь гэрт нь хүргэж өгөх гээд Ш-н машиныг унаад хүргэж өгсөн юм. Өөр зорилго байгаагүй. С ах машинаас буухдаа болон гэртээ харихаасаа өмнө газар унасан зүйл байхгүй. Би хашааных нь гадаа очоод өөрөө буугаад машины хаалгын нь онгойлгож өгсөн. Тэгээд машинаас буулгачихаад шууд явсан. Намайг машинтайгаа хөдлөөд цаашаа явж байгаад толиндоо харахад хашааруугаа орох гэж байгаад сөхрөөд суучихаж байгаа харагдсан. Би тэгэхэд нэлээн хол явчихсан байсан юм. Хашааныхаа гадаа, машинаас буухдаа Сийн нүүр зөв зүгээр байгаа харагдсан. Шалбарсан зүйл огт харагдаагүй.

Асуулт:Та тэрнээс хойш С-тэй таарсан уу? С яагаад нүүр нь шалбарсан бэ? Юу гэж ярьж байсан, хүнтэй маргасан талаар ярьсан уу? гэхэд

Хариулт: Тийм зүйл огт яриагүй. Яагаад нүүр нь шалбарсан талаар огт мэдээгүй. Асуулт: Танай гэрт орж ирэхдээ С хүнд зодуулсан шинж байсан уу? гэхэд Хариулт: Манайд орж ирэхдээ зүгээр юм шиг харагдаж байсан.

Асуулт: С та нар урд нь маргалдаж зодоон хийж байсан зүйл бий юу? гэхэд

Хариулт:Тийм зүйл огт байхгүй гэх /1 дүгээр хх -ийн 111-113 хуу/ нарын мэдүүлгүүд.

 

Дээрх гэрч болон хохирогчийн мэдүүлгээс дараах дүгнэлтэнд хүрч байна. Ш-н мэдүүлэгт Ц-с П хаана байсан гэсэн чинь автомашинаар чинь шонгийн мод мөргөчихөөд буухдаа нүүрээрээ газар унаад, нүүр нь урагдаад будаа болоод зугтаагаад явчихсан гэж хэлсэн гэх, харин Э.Ц мэдүүлэхдээ би С ахыг их согтуу байсан болохоор нь гэрт нь хүргэж өгөх гээд Ш-н машиныг унаад хүргэж өгсөн юм. Өөр зорилго байгаагүй. С ах машинаас буухдаа болон гэртээ харихаасаа өмнө газар унасан зүйл байхгүй. Би хашааных нь гадаа очоод өөрөө буугаад машины хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд машинаас буулгачихаад шууд явсан. Намайг машинтайгаа хөдлөөд цаашаа явж байгаад толиндоо харахад хашаа руугаа орох гэж байгаад сөхрөөд суучихаж байгаа харагдсан. Би тэгэхэд нэлээн хол явчихсан байсан юм. Хашааныхаа гадаа, машинаас буухдаа Сийн нүүр зөв зүгээр байгаа харагдсан. Шалбарсан зүйл огт харагдаагүй гэх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй Ш-н мэдүүлэгт Ц нь П-г нүүрээрээ газар унаад, нүүр нь урагдаад будаа болоод зугтаагаад явчихсан гэх мэдүүлгээс харахад Ц нь талийгаач С-ийг хэзээ гэмтсэн талаар мэдсээр байж худлаа ярьж байгааг удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Т-н мэдүүлэгт /1 дүгээр хх-ийн 106-107 хуу/ согтуу байгаа юм байна гэж бодоод өргөөд гэрт нь оруулсан.Тэр үед надтай бол юу ч яриагүй гэх мэдүүлэг, гэрч Д.М мэдүүлэгт /1 дүгээр хх-ийн 69 хуу/ С-ийн нүүр нь улайгаад урагдчихсан байдалтай өөрөө согтуу байдалтай байсан. Мэдээ мэдрэлгүй бололтой өнхөрч ойчоод л байсан гэх мэдүүлэг, хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн... 2019 оны 03 дугаар сарын 08-ны 11 цагийн орчимд босоод гэрээсээ гарч бие засахад харагдаагүй. Тэгээд орой 16 цагийн орчимд босоод гэрээсээ гарахад хашаан дотроо гражны хажуу талд манай хүү Ч.С хэвтэж байгаа харагдсан. Хоёр тийшээ хольбироод хөдлөөд байгаа харагдсан. Тухайн үед би хажууд нь очоод гэртээ ор гэж хэлсэн. Мөн нүүр амаа яасан юм гэж асуусан чинь, өөдөөс дуугарахгүй согтуу л хоёр тийшээ хөдлөөд байгаа харагдсан гэх мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №262 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-д амь хохирогч Ч.С-д хэрэг болсон гэх цаг хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлснээр амь насыг аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. 2-т дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргасан ба мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс харахад талийгаач Ч.С нь шууд нас бараагүй харин хүнд гэмтлийн улмаас нас барсан ба талийгаачийн ар гэрийнхэн нь эмнэлгийн тусламж үзүүлснээр аврах боломжтой байсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тооцуулах саналтай байна гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбартаа: ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугааартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байна. Учир нь гэрч Э.Ц-н мэдүүлэгт ...С ах хашааныхаа хаалгаар орох гэж байснаа өвдөг дээрээ сөхрөөд сууж байгаа харагдсан. Тэгээд би цаашаа яваад захын арын хашааны хаалгаар, хашаанд нь орчихоод буцаад гарах гэж байгаад захын арын гэрлийн шонг мөргөсөн. ...Гэтэл удалгүй Ш сэрээд манай гэрээс гараад машинаар мөргүүлсэн байсныг харчихаад найз Ши руугаа залгаад хүрээд ир гэж хэлсэн. Ши ирэх үед Б.Ш намайг машин эвдээд хаячихсан байна, чи унасан юм уу гээд уурлаад намайг цохиод авсан. Тэгэхээр нь би айгаад С-ийг унаж яваад мөргүүлсэн гэж Ш-д худлаа хэлсэн, гэрч Д.Ш-н мэдүүлэгт ...Ц замд явж байх үедээ би машиныг унаж яваад П ахыг гэрт нь хүргэж өгчихөөд явж байгаад төв зам дээр юм мөргөчихсөн юм гэж хэлсэн гэх мэдүүлэг болон хохирогч Д.Г, гэрч Ч.Т, Б.С, Д.Ши, насанд хүрээгүй гэрч Т.Д, шинжээч эмч Э.Хүрэлсүх нарын мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор холбогдох гэрчүүдээс болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолвол зохих нотлох баримтууд хангалттай бүрдсэн байх тул өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь талийгаач Ч.С-н биед тархины хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №262 дугаартай дүгнэлтэд “...Тухайн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсэх боломжтой. Нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэснийг дүгнэвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.М нь шууд санаатай тухайн гэмт хэргийг үйлдсэн ба чулуу атгаж байгаад атгасан гараараа толгойн оройн хэсэгт хэд хэдэн удаа цохисон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байдаг. Иймд шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа болон санаа зорилго, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсвэл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэлээс болж нас барсан гэсэн ялгаатай зүйлүүд байгаа юм. ...Хохирогч нас барахаасаа өмнө Д.М-той уулзсан. Энэ үед хохирогч ухаангүй хашаандаа хэвтэж байхад нь толгой орчим руу нь цохисон гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдлээс болж  хохирогч шууд нас бараагүй. Гэрээсээ өглөөний 9 цагт гарч оройны 19 цаг хүртэл хашаандаа тийчлээд хэвтэж байдаг. Үүнийг хохирогчоор тогтоогдсон Г, гэрч нар гэрчилдэг. Гэр лүүгээ оройн 20 цагийн үед чирж оруулаад орон дээр нь унтуулсан гэдэг. Хохирогчийн амь насыг нь аврах боломж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Хэргийн бодит байдлын талаар анхан шатны шүүх болон прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч байгаагүй. Ц-ч билүү Ц ч билүү? гэдэг хүн хашааны гадаа талийгаачийг үлдээсэн гэдэг. С, Ши нар нь талийгаачийг өөрөө машинаас ойчиж нүүр ам нь шалбарсан гэдгийг хэлээд байгааг шалгаад өгөөч, энэ асуудлууд нь талийгаачийг гэмтэлд хүргэсэн юм биш биз гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа хэлж байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэх асуудлыг гаргаж өгсөн байхад шүүх уг шатанд шийднэ гэж хэлчихээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаараа дурдаж өгөөгүй. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэм буруугийн холимог хэлбэрийг заасан. Санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүй үйлдэл хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж заасан. Шүүгдэгчийн хохирогчийг цохиж байгаа үйлдэл нь санаатай ч хүрэх үр дүн нь хүнийг алах гэсэн санаа, зорилго байгаагүй. Мөнгөө л авъя  гэж бодсон. Хохирогч шууд нас бараагүй, амь хохирогчийг аврах боломж байсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн холимог шинж байдал, оногдуулах ялын төрөл хэмжээг тусгаж заасан. Шүүгдэгчийн хохирогчийг цохиж байгаа үйлдэл нь санаатай ч алах санаа, зорилго байгаагүй учраас гэмт хэргийн холимог хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурор болон Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж  өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байгүй гэв.  

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн хэрэг болсон цаг хугацаанд Ц нь талийгаачийг хүргэж өгөх гээд гэр лүү нь авч явсан байдаг. Ингэхдээ Ш-н эзэмшлийн машиныг унаж яваад талийгаачийг гэрт нь буулгасан байгаа. ...Тэгээд буцаж явахдаа хойшоо ухрах үйлдэл хийхдээ шон мөргөсөн. Сандраад урагшаа хаазаа гишгэх гэж байгаад ухарсан гэж мэдүүлсэн байдаг. ...Талийгаачтай хамт ээж, дүү нар нь хамт амьдардаг байсан. Т-н мэдүүлэгт тухайн өдөр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мартын-8 болох гэж байсан. Гэр бүлээрээ гадагшаа гарч хүнс, бараагаа цуглуулаад ирэхэд Ж.Б Д.М нар гэрт нь ороод талийгаачийг янз бүрийн байдлаар дарамталсан байдалтай харагдаж байсан гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Мөн энэ үйл явдлыг насанд хүрээгүй гэрч харсан байдаг. ...Машин шон мөргөхөд урагшаа дух хэсгээрээ мөргөлөө гэхэд дагз хэсэгт нөлөөлөх боломжгүй гэсэн шинжээч эмчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Мөн өмгөөлөгч Ч.Алдар нь шинжээчийн дүгнэлтийг үйл баримт дээр тулгуурлаж яриад байна. Талийгаачийг аврах боломжтой байсан, тухайн цаг хугацаанд хохирогчийн ар гэрийн хүмүүс түргэн дуудаж болох байсан гэж ярьдаг. Шинжээч бол үйл баримт дээр биш тухайн хүний цусанд хийсэн шинжилгээ болон бусад гаднах баримтаар энэ дүгнэлтийг гаргасан. ... Д.М нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, би буруутай гэдгээ хүлээсэн. Энэ нь юу гэж ойлгогдож байна гэхээр би буруу үйлдэл хийсэн байна, хүний амь нас хохироосон байна гэдгээ өөрөө ухамсарласан. ... Талийгаачийн гэр лүү явж байхдаа Д.М нь худгийн араас том чулуу авч гэр лүү нь атгаад орсон гэдэг. Энэ үйлдлээрээ миний хэдэн төгрөгийг өгөхгүй бол тэр хүнийг цохино гэсэн санаа зорилготой очсон ... Иймд өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг аврах боломжтой байсан гэж гомдолдоо дурдсан байдаг. Энэ талаар талийгаачийн дүү Т болон хууль ёсны төлөөлөгч Г нарын мэдүүлэгт талийгаач хашаандаа согтуу хэвтэж байсан, 2 тийшээгээ хөдлөөд байсан гэдэг мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Талийгаач архины хамааралтай хүн байсан нь үнэн. Согтуу ирж унтчихаад маргааш нь эрүүл болоод л гэрээсээ гардаг нь жирийн үзэгдэл болсон байдаг. Тухайн үед нүүр нь шарх сорвитой байсан. Талийгаачийг үхэлд хүргэх гол шалтгаан нь нэг буюу олон удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр толгойн оройн хэсэгт цохисны улмаас тархинд цусан хураа үүссэн. Энэ цусан хураа болон тархи дарагдлын улмаас хохирогч нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь талийгаачийг үхэлд хүргэсэн гол шалтгаан юм. Тархины гэмтэл нь гадна талаас харахад мэдэгдэх зүйлгүй, цус гоожсон гэх зүйл байхгүй байсан учраас тухайн үед эмнэлэгийн тусламж үзүүлэх талаар яригдаагүй байдаг. Тийм учраас шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Д.М нь талийгаачийн тархи руу 2 удаа гараараа цохисон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг ...Д.М нь хохирогчийн оршуулгын зардалд 4209300 төгрөг төлөхийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Үүнийг талийгаачийн ар гэрт одоо болтол төлөөгүй байгаа. ... энэ хохирол төлбөрийг гаргаж өгөхийг хүсч байна. ... Иймд шүүдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 05-15 тоотод Ч.С-н толгойн хэсэгт нь гараараа цохиж алсан, Ж.Б нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 05-15 тоотод иргэн Ч.С-н цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.М-ийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би С-ийг 2 удаа цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сээс мөнгөө алдчихаад авах гэж л очсон. Би ахынхаа мөнгийг өгчих гээд толгой руу нь хоёр удаа цохисон. Миний буруу жаахан юм уусан байсан болохоор уурын мунхагаар цохисон. Тухайн үед би Сийн аминд хүрэхээр цохиогүй гэж бодож байна... гэх,

шүүгдэгч Ж.Б-ийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Д.М гуай С-ийнх нохойтой юу гэхээр нь би нохойгүй гэсэн чинь газраас чулуу аваад явсан. Тэгээд Сийн гэрт ороход хойд орон дээрээ согтуу унтаж байсан. Тэгсэн М ах татаж босгож ирээд мөнгө өгөөдөх гээд цохиод байсан... гэх,

хохирогч Д.Г-н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Б, М нар нь манай хүүхэдтэй архи ууж байгаад дараа нь миний хүүг цохиж зодож тэр үйлдэл нь үхэлд хүргэсэн. Би их гомдолтой байна...  гэх,

шинжээч Э.Хүрэлсүхийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай Ч.С-н нас барсан гэх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан. Талийгаач Ч.С-н цогцост гадна үзлэг хийхэд дүгнэлтийн хэсэгт тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон. Тархины хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт нь толгойн оройн ар хэсэгт хуйхан доор үүссэн цус хуралт гэмтэл үүссэн. Биеийн бусад хэсэгт үүссэн байсан гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдаж байгаа юм. Баруун нүдний хүүхэн харааны доод хэсгийн салст, цус хуралт, баруун нүдний дээд зовхины дотор хэсэгт цус хуралт, духны баруун дунд хэсэг, чамархайн урд хэсэг, баруун хацрын төвгөрийн гадна хэсгийг хамарсан зулгаралт, баруун хөмсөгний дунд дээд хэсэгт шарх, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар доод хэсэгт шарх, духны зүүн дээд, духны зүүн доод хэсэгт ба зүүн хөмсөгний дунд дээд хэсэгт шархтай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрийн доод хэсэгт хамрын баруун самсаанд зулгаралт, баруун, зүүн гарын тохой, зүүн өвдөг шилбэ, баруун хөлийн өвдөг хэсэгт зулгаралт, зүүн ташааны дунд хэсэгт тав тогтож буй зулгаралт, баруун далны дотор шугамаар 6-9 дүгээр хавирганы түвшинд хүрэн улаан өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдийн зүүн ташааны зулгаралт гэмтэл нь тав тогтож буй хуучин гэмтэл бусад гэмтэл шинэ гэмтэл байх боломжтой. Талийгаач Ч.С-н биед тархины хатуу хальсан доорх цус хуралт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь энэ гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан. Энэ нь чулуугаар цохиход ийм гэмтэл үүсэхгүй. Талийгаач Ч.С нь хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины уг хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалтын улмаас тархи дарагдан нас барсан байсан. Тархины гэмтэл нь цээж хэсэг рүү цохих болон болон унах үед, автомашины үл хөдлөх биетийг мөргөх үед үүсэх боломжгүй. Яагаад гэвэл гэмтлийн байрлал нь толгойн орой хэсэгт байрлаж байгаа. ...Цээжний зүүн дээд хэсэгт үүссэн цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн гуяны гадна дээд хэсэгт хүрэн улаан өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зөөлөн эдийн няцралт гэдэг ойлголтоороо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэх,

хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн ...Манай хашаанд бага хүү Ч.Т-х хамт байдаг юм. Би бага хүүгийндээ л голдуу амьдардаг юм. Харин манай хүү Ч.С тэр хашаанд жижиг гэртээ ганцаараа байдаг. ...Тухайн өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ч гэсэн би хашаандаа хэвтээд байхаар нь согтуу байна л гэж бодсон. Нүүр нь нилээн халцарчихсан байгаа харагдсан. ...2019 оны 03 дугаар сарын 08-ны 11 цагийн орчимд босоод гэрээсээ гарч бие засахад харагдаагүй. Тэгээд орой нь 16 цагийн орчимд дахиад бие засах гэж гэрээсээ гарахад хашаан дотроо, грашны хажуу талд манай хүү Ч.С хэвтэж байгаа харагдсан. Хоёр тийшээ хольбироод хөдлөөд байгаа харагдсан. Тухайн үед би хажууд нь очоод гэртээ ор гэж хэлсэн. Мөн нүүр амаа яасан юм гэж асуусан чинь, өөдөөс дугарахгүй согтуу л хоёр тийшээ хөдлөөд байгаа харагдсан. ...Согтуу бололтой хэвтэж байхаар нь эрүүл болоод сэргээд гэртээ орох байх гэж бодоод орхиод гэртээ орсон. ...Ганцаараа согтуу хүн өргөөд гэрт нь оруулж чадахгүй болохоор сэргээд орох байх гээд орхисон. ...манай бага хүү Т гэртээ ирэхээр нь би хүүдээ ах чинь гадаа хэвтээд байх юм. Гэрт нь оруулж амраах юм уу гэж асуусан чинь манай хүү ахыгаа гэрт нь оруулсан. Манай хүү ахыгаа оруулчихаад гэртээ буцаж орж ирэхдээ, гэрт нь оруулаад хойд орон дээр хэвтүүлчихлээ жаахан хурхираад байна, согтуу байна гэж орж ирсэн. Би тухайн үед харахдаа согтуу тасраад хашаандаа хэвтэж байгаа юм байна гэж бодсон. Нүүр нь халцарчихсан байгаа л харагдсан. Хүнд зодуулсан юм уу, газар шургаад унасан юм уу мэдэхгүй. ...Манай хүү Т 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө гэрт нь орсон чинь Ч.С ах нүүр нь халцарчихсан согтуу байна. 2 хүн орж ирчихсэн авч явах гээд байгаа бололтой байхаар нь ахыг авч үлдээд нөгөө хүмүүсийг нь явуулчихлаа гэж хэлж байсан ... гэх, / 1хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

гэрч Ч.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө үүрээр С ах 04-05 цагийн орчимд согтуу гэртээ орчихлоо гэж манай ээж Г надад хэлсэн. Би хэсэг унтаж байгаад 08 цаг өнгөрч байхад боссон. Бүх нийтийн амралтын өдөр байсан тул эхнэр, хүүхдүүд бид нар гэртээ амарсан. Босоод хашааны хогийг 10 цаг өнгөртөл цэвэрлэсэн. Тэгсэн С ах гэрийнхээ хаалгаар мөлхөж гарч ирэхэд нүүр нь нилэнхүйдээ урагдсан хүнд зодуулсан байхаар нь би С ах дээр очоод хэнд зодуулсан талаар асуухад С ах ямар ч мэдээгүй болтлоо согтчихсон юм ярихгүй байхаар нь ахыг гэрт нь оруулж өгөөд, хойд талын орон дээр нь хэвтүүлээд дээрээс нь хөнжлөөр хучаад унтуулсан. Би хогоо ачуулчихаад 11 цаг өнгөрч байхад гэрээс гарч эхнэртэйгээ Март 8-ны баярын юм авах гээд байж байтал ахын гэрт хүмүүс ирчихээд чанга чанга яриад байгаа сонсогдохоор нь би гэрт нь ортол ихэр залуугийн нэг болох гар муутай залуу, дээлтэй өндөр шар царайтай залуутай хамт хоёулаа нилээн согтчихсон С ахыг авч явах гээд байхаар нь би ахыг согтуу байна, унтаад сэргэхээр нь та нар уулз гэж хэлсэн. Дээлтэй шар залуу ярихдаа С ахыг мөнгийг нь хулгай хийсэн, ахыг чинь авч явна гээд байсан. Би тэгэхээр нь тэр залууд хандаж та нар хамт архи уучихаад яах гэж бие биенийгээ ингэж байдаг юм гэж хэлсэн. Ахыг жаахан унтуулчих, эрүүл болохоор нь учраа ол гэж хэлсэн. Тэр хоёр залуу тэгээд л хоёулаа манай хашааны хаалгаар гараад явсан. Би эхнэртэйгээ зах орж ...19 цагийн орчим гэртээ иртэл хашаан дотор грашны буланд С ах ганцаараа хэвтэж байсан. Намайг хашаанд орж ирэхэд ээж Г ахыгаа гэрт нь оруул, ах чинь газар унаад тийчилж явсаар байгаад грашны буланд оччихсон байна, гадаа хүйтэн байна, ахыгаа гэрт нь оруул гэхээр нь би хоёр хүүхэдтэйгээ С ах дээр очиход хурхирсан байдалтай, байшингийн хаялаганы хундам дэрлэчихсэн хэвтэж байсан. Босооч гэхэд хариу өгөхгүй хурхирсан байдалтай байсан. ...гэрт нь байсан хөнжилөөр цээжээр нь ороогоод, цээжнээс нь тэврээд хоёр хөлөөр нь газар чирээд гэрт нь оруулаад хойд орон дээр нь хажуу тийш нь хэвтүүлээд 3 давхар хөнжилөөр хучсан. Хурхирсан байдалтайгаа ах гэртээ үлдсэн. Би гэртээ ороод ээж Г-д ах хурхираад байна гэхэд ээж ахыг тасарчихсан юм байгаа биз, цаадах чинь тасарчихаараа ямар ухаан мэдрэл байх биш гэж хэлсэн. 21 цаг өнгөрч байхад бид нар унтаад өгсөн. С ах өглөө 04-05 цагийн орчим манайд орж ирээд ус, цай уучихаад гардаг. Ахыг гэрт орж ирэхгүй байхаар нь 07 цаг өнгөрч байхад босоод ахын гэрт ортол миний хучиж тавьсан байрлалаараа хэвээрээ хөдлөөгүй байхаар нь амьсгалыг нь чагнахад амьсгалахгүй байсан.... гэх / 1 хх-ийн 101-107 дугаар хуудас/,

гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн орчимд С ах ганцаараа манай гэрт орж ирсэн. Тэр үед манай гэрт Шийлэгбат, С нар байсан. Ш, С бид гурав 2 шил архи хувааж уугаад дуусаж байх үед С ах орж ирсэн юм. Тэгээд манайд С ах орж ирээд цагаан сарын архи авч өгье гэсэн. Тэгэхээр нь Ш, С, С ах нартай хамт Ш-н машинаар Арвайхээр сумын 6 дугаар багт байрлах улаан тоосгоор барьсан давхар дэлгүүр орж 2 шил архи авсан. Архи авчихаад буцаад бид нар манайд очоод нөгөө архиа хувааж уусан. Ш эхний архиа ууж дуусчихаад дараагийн архийг ууж дуусахаас өмнө шөнө 04 цагийн орчимд Самдангийн өвдөгийг дэрлээд унтаад өгсөн. Тэр үед бид нарын ууж байсан архи талдаа орж байсан. Тэгээд С ах бид хоёр үлдсэн архинаас хоёр, хоёр удаа татсан. Тэгсэнээ С ах надад би харья, чи намайг хүргээд өг гэхээр нь би Ш-н машиныг унаад С ахыг гэрт нь ...хүргэж өгсөн. ...Тэгээд С ахын гадаа очоод машинаа зогсоогоод С ахын сууж байсан талын хаалгыг онгойлгож өгөхөд С ах машинаас буухдаа нилээн согтуу байсан. Машинаас буугаад гуйваад л хашааныхаа хаалга руу алхсан. Тэгээд би цаашаа ганцаараа зах орох гээд Ш-н машиныг унаад явсан. Намайг машин унаад цаашаа явж байгаад машины толинд харах үед С ах хашааныхаа хаалгаар орох гэж байснаа өвдөг дээрээ сөхрөөд сууж байгаа харагдсан. Тэгээд би цаашаа яваад захын арын хашааны хаалгаар, хашаанд нь орчихоод буцаад гарах гэж байгаад захын арын гэрлийн шонг мөргөсөн. Тэр үед би жаахан халамцуу байсан болохоор тормозлох гэж байгаад хаазан дээрээ гишгэсэн байна лээ. Тэгээд шон мөргөчихөөд ...буцаад гэр рүүгээ унаад харьсан... гэх / 1 хх-ийн 111-112 дугаар хуудас/

гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө намайг 09 цагийн орчимд босоод гэрээсээ гарахад С ах гэрийнхээ урд талд хажуугаараа хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Тэгэхээр нь би өмнө нь согтуу ирээд гадаа унтаад өгдөг байсан болохоор нь тухайн үед согтуу ирээд гадаа хэвтчихсэн байна гэж бодоод тоогоогүй юм. Тэгээд тухайн өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд Спортын ордон орох гээд хүүхдүүдээ аваад гэрээсээ гарсан чинь С ах гэртээ ороод унтсан байсан. Би гадуур хүүхдүүдтэйгээ хамт явж байгаад 15 цагийн орчимд гэртээ ирсэн чинь С ах хашааны зүүн урд талд байрлах блокоор барьсан байшингийн хажууд гадаа, хашаан дотор хэвтэж байсан. Би гэрийнхнийхээ хувцасыг угаагаад манай нөхөр ус зөөж өгөөд дор бүрнээ л ажилтай байсан болохоор С ахыг нэг их анзаараагүй. Орой болсон чинь хадам ах нөгөө хэвтэж байсан газраа хэвтээд л байсан. Манай нөхөр гарч ахыгаа гэрт нь оруулаад хөнжлөөр нь хуччихаад ирлээ гэж байсан. Маргааш өглөө нь манай нөхөр хадам ахын гэрт нь орчихоод гэртээ орж ирэлгүй над руу утсаар яриад галаа түлж байгаарай гэсэн. Тэгээд манай нөхөр ахтайгаа ороод ирсэн. Тэгээд хадам ах С-ийг нас барсан талаар мэдсэн ... гэх, / 1 хх-ийн 95-100 дугаар хуудас/

насанд хүрээгүй гэрч Т.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай аавын ах Ч.С 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр нүүр нь халцарчихсан гэртээ байсан. Тэр өдөр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг өглөө босоход 10 цаг 30 минутын орчимд Ч.С ахын гэрт хүмүүс чанга чанга юм яриад байхаар нь гэрт нь орсон чинь Ч.С ах гэрийнхээ хойд орон дээр суучихсан согтуугаараа юм ярьж чадахгүй байсан. Тэгэхэд нүүр нь шалбархай харагдаж байсан. Ч.С ахын гэрт 2 хүн байсан. Тэр хоёр хүний арай том биетэй нь Ч.С ахын зүүн талд сууж байгаа харагдсан. Жижигхэн биетэй ах нь хажуу талынх нь орон дээр сууж байсан. Тэр хоёр ах намайг С ахын гэрт ороход С ахаас арай том биетэй ах нь мөнгө аваад ир гээд нэхээд байгаа харагдсан. Тэгээд би дөнгөж орчихоод буцаад гараад явсан. С ахын нүүрэн нь шалбарсан байсан. С ах согтуу байсан... гэх,  / 1 хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 Ж.Б-ийн мөрдөн байцаалтанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн ...2019 оны 03 сарын 08-ны өдрийн өглөө 08-09 цагийн орчимд би сэрээд цай халааж уучихаад М ахын гэрт орсон. М ах гэртээ ганцаараа байж байсан. М ахынд ороход жоохон хоол хийгээдэх гэхээр нь бантан хийж өгсөн. Тэгээд би архи авчрахаар явж манай гэрт байсан “Нутгийн буян” гэж архийг авчирч хамт уусан. Тэгээд архи уугаад сууж байтал М ахтай хамт ажилладаг гээд нэг ах орж ирсэн. Тэр ах М ахаас хэдэн төгрөг зээлчих гэсэн чинь М ах түрийвчээ гаргаж ирж үзээд 250.000 төгрөг алга болчихож гэсэн. Тэгэхээр нь би шөнө С орж ирсэн юм биш үү гэхэд М ах нээрээ тэгсэн, чи гэрийг нь мэдэх үү гэхээр нь би мэднэ гэсэн чинь хоёулаа хамт очиж мөнгөө авъя гэхээр нь би ...хамтдаа гэрээс нь гарсан. ...Тэгээд бид хоёр С-ийн гэрт нь ороход талийгаач С гэрийнхээ хойд орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд М ах С-ийн мөрнөөс нь татаж босгож ирээд атгасан гараараа С-ийн толгой руу нь нилээд хэдэн удаа цохисон. Тэр үед талийгаач ёо ёо гээд толгойгоо бариад босож ирээд зуухныхаа урд сөгдөөд ойчсон. Тэр үед нь би талийгаачийн суганаас өргөж босгож ирээд талийгаачийг гэрийн хойд орон дээр суулгасан ...Би талийгаачийг гэрийнхээ хойд орон дээр сууж байх үед нь цээж орчимд нь гараараа хоёр удаа дэлсээд авсан. Шалтгаан нь манай гэрт байсан нэг хөнжил тэдний гэрт байж байхаар нь “Яагаад манай хөнжил танайд байдаг юм бэ” гээд гараараа цээж хавьд нь хоёр удаа цохиж авсан. Би солгой гараараа хоёр удаа л цохисон... гэх, / 1 хх-ийн 65-66, 2 хх-ийн 112-115 дугаар хуудас/,

Д.М-ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 08 цагийн үед сэрээд мөнгөтэй түрийвчээ үзэхэд 250.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд байж байтал гаднаас манай хажуу айлын Б гэж залуу манайд орж ирсэн. ...Бантан хийлгэж идчихээд байж байтал Б архи авах уу, та 2.000 төгрөг өгчих гэхээр нь би 2.000 төгрөг авч өгсөн. Б яваад нэг шил “Нутгийн буян” архи авч ирсэн. Тэгээд архи ууж байх үедээ би Бэд хандаж мөнгө байдаггүй, чи хусчихсан уу гэж асуухад Б би аваагүй, Пүрэв авсан байх надаас 10.000 төгрөг аваад явчихсан гэж хэлсэн. ...Тэгээд Б бид хоёр шууд С-ийн гэрт нь очсон. Тэдний гэрийг би мэдэхгүй болохоор Бээр заалгаж очсон. Тэгээд гэрт нь очиход С-ийнх хашаандаа хоёр гэрээр байдаг айл байна лээ. С-ийн гэр нь зүүн талын жижиг гэр байсан. Тэгээд Б бид хоёр шууд гэрт нь яваад ортол С гэртээ ганцаараа хойд орон дээрээ унтаж байсан. Б гэрт нь ороод С-ийн хөнжлийг хуу татаад С-ийг босгож ирснээ цээж орчимд нь нэг өшиглөөд, шанаа орчимд нь цохиод авах шиг болсон. Тэр үед С-ийн нүүр нь улайгаад урагдчихсан байдалтай өөрөө согтуу байсан. Мэдрэлгүй бололтой өнхөрч ойчоод л байсан. Цээж рүү нь өшиглөх үед орон дээрээ хойшоо налж уначихаад өндийгөөд босоод ирж байсан. Арагшаа унах үедээ юм мөргөөгүй орон дээрээ савж уначихаад өндийж босож ирээд суусан. Тэр үед нь би хажууд нь баруун гар талд нь очиж суугаад ахынхаа мөнгийг өгчих гээд гараа атгаж байгаад толгой орчимд нь хоёр удаа цохисон. Тэр үед С орны дээд талд байсан хоёр шургуулгатай шар өнгийн шүүгээ рүү гараараа заагаад байхаар нь тэр шүүгээг нь онгойлгож үзэхэд нэг жижиг толь, малгай хоёр л байсан. ...Б гэрт ороод хөнжлийг нь хуу татаж босгоод талийгаачийн цээж орчимд нэг удаа өшиглөсөн, дараа нь гараараа нэг удаа цээж хавьд байна уу, шанаа орчимд нь лав нэг удаа цохьсон. Тэр үед нь би салгасан. ...Тэрний дараа би гэрийн хойд талд байрлах явган ширээний баруун талд сандал дээр сууж байгаад ахыхаа мөнгийг өгчих гээд баруун гараар зангидаж байгаад толгой зулай орчимд хоёр удаа цохиж авсан. Тэр үед талийгаач гэрийн хойд талын орон дээр босоод суучихсан байдалтай байсан... гэх / 1 хх-ийн 68-70 дугаар хуудас/ мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн  дүгнэлт / 1 хх-ийн 209-211 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 хх-ийн 223 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 6-12 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 13-23 дугаар хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 52-55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Д.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, Ж.Б-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүхээс Д.М-н 124 хоног цагдан хоригдсныг 117 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсон мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б-н эцгийн нэрийг Ж гэхийг Жа гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын Ж-н гэснийг Жа гэж;

6 дахь заалтын “117 хоногийг” гэснийг “124 хоногийг” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.