Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/ШШ2025/0001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М ” ХХК /РД:6729002/

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , З.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, иргэдийн төлөөлөгч Я.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай нар оролцов.

Хэргийн индекс: 221/2024/0041/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М ” ХХК-д Архангай аймгийн Хашаат сумын нутагт дэвсгэрт байрлах “О ” нэртэй, 3094,30 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

2.1. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 21 дүгээр тогтоолоор О Ш х  хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийг эргэлтийн цэгийн солбилцлыг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч М ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь  багтжээ.

2.2. Нэхэмжлэгч “М ” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг гаргасан боловч хариу өгөөгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч “М ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. “М ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Хашаат сумын нутагт “О ” нэртэй, 3094.30 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийг анх авсан. Манай компани ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийг авснаасаа хойш Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, хайгуулын ажпын төлөвлөгөө, тайлангаа хугацаанд нь гарган өгч, байгаль орчны хууль тогтоомжоор хүлээн үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд XV-021882 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажил болон бусад зардалд 500.000.000 төгрөг зарцуулсан.

3.2. Дээрх байдлаар манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлж, ашигт малтмалын орд нээн илрүүлэхээр хувийн хөрөнгө хөдөлмөрөө зарцуулж үйл ажиллагаа явуулж байтал Монгол Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “О “Ш х ” хот байгуулах тухай” 07 дугаар тогтоол гарсан. Улсын Их Хурлын 07 дугаар тогтоолд “Ш х " хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахгэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 21 дүгээр тогтоолоор О "Ш х " хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Засгийн Газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцаж байгаа. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” гэж заасны дагуу бид ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

3.3. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 26.9, 11.1.19 дэх заалтуудын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус гаргасан. Гэвч манай компанийн нөхөх олговор авах тухай хүсэлтэд Засгийн газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй ... Хууль тогтоомжийн дагуу ч Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/2552 тоот албан бичгээс ч харахад нөхөх олговор олгох шийдвэр гаргах бүрэн эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Засгийн газар боловч өнөөдрийг хүртэл манай компанийн хүсэлтэд хариу өгсөхгүй эс үйлдэхүй үйлдэж манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.4. Учир нь манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV- 021882 тоот тусгай зөвшөөрлийн талбайг Монгол Улсын Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасны дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөх олговор авах эрх манай компанид үүссэн. Гэтэл нөхөх олговор олгох бүрэн эрх бүхий захиргааны байгууллагын зүгээс манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй эс үйлдэхүй үйлдэж, манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх болох нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шүүхээс манай компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, Ашигт малтмалын тухай хуулийн хуульд заасны дагуу нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хамгаалагдаж, хэрэгжих юм.

3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайг Тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах “М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу нөхөх олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. ... Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “О “Ш х ” хот байгуулах тухай’ 07 дугаар тогтоолын 1-д “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжпийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор О хөндийд “Ш х ” хотыг байгуулсугай” гэж, 2.1-д “Ш х ” хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах”-ыг Монгол Улсын Засгийн газар /Л.О /-т даалгасан байна. Монгол Улсын Засгийн газрын тухай 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг тус тус үндэслэн "О "Ш х " хот байгуулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг хэрэгжүүлж Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 21 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “О "Ш х " хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авсан байна.

4.2. Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нарийвчилсан судалгааг гаргаж, "Ш х " хотын хөгжпийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрыг шилжүүлэх, чөлөөлөх, нөхөх олговор тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.А, Сангийн сайд Б.Ж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Э), холбогдох аймгийн Засаг дарга нарт” тус тус даалгасан. Монгол Улсын Засгийн газрын тухай 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж, 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” болно.

4.3. Иймд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар холбогдох албан тушаалтанд нөхөх олговор тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг даалгасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолоор даалгасан албан тушаалтныг жинхэнэ хариуцагчаар сольж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч “...Хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа бол холбогдох хууль журмын дагуу олгох нь зөв, зохих журмын дагуу ажлын хэсэг байгуулж газар нутаг заах үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж дүгнэлт гаргав.

 

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М ” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр “2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан М ” ХХК-д Архангай аймгийн Хашаат сумын нутагт дэвсгэрт байрлах “О ” нэртэй, 3094,30 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ХV-00000 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс тус тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж иржээ.

2.2.  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 21 дүгээр тогтоолоор О Ш х  хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийг эргэлтийн цэгийн солбилцлыг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч М ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь  багтжээ.

2.3. Улмаар нэхэмжлэгч “М ” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар Засгийн газар хариу өгөөгүй байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... XV-021882 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажил болон бусад зардалд 500.000.000 төгрөг зарцуулсан ... нөхөх олговор олгох бүрэн эрх бүхий захиргааны байгууллагын зүгээс манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй эс үйлдэхүй үйлдэж, манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх болох нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж тайлбарлан маргасан.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

2.6. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 21 дүгээр тогтоолоор О Ш х  хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийг эргэлтийн цэгийн солбилцлыг баталсны дотор нэхэмжлэгч М ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-00000 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж байгаа болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/4306 дугаар ... 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан Ш х ” хотын дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх газартай бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тойм зураг зэрэг хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас энэ үйл баримттай маргадаггүй.

2.7. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 21 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд бүхэлдээ багтсан, үүний улмаас ашигт малтмалын хайгуул хийх боломжгүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох”, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” заасны дагуу нөхөн олговор авах хүсэлт гаргах, Засгийн газраас нөхөн олговрыг шаардах эрхтэй байна.

2.8. Гэтэл Засгийн газар нь нэхэмжлэгч “М ” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрхгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлж, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авснаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нөхөн олговрыг олгоогүй нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүрэг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

2.9. Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж, 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-т “энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох” гэж тус тус заажээ.

2.10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 21 дүгээр тогтоолоор нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байна. Харин тус тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

2.11. Түүнчлэн, нэхэмжлэгчээс нөхөн олговорын асуудлаа шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандан гаргасан хүсэлтийг Засгийн газраас нөхөн олговрыг мөнгөн дүнгээр эсхүл талбай олгох замаар шийдвэрлэх нь хариуцагчийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарахаар байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар холбогдох албан тушаалтанд нөхөх олговор тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг даалгасан байх тул Засгийн газрын тогтоолоор даалгасан албан тушаалтныг жинхэнэ хариуцагчаар сольж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

2.12.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.13. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан...Хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа бол холбогдох хууль журмын дагуу олгох нь зөв, зохих журмын дагуу ажлын хэсэг байгуулж газар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М ” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах замаар төрийн мэдэлд авсны нөхөн олговор авах М ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг хариуцагч Засгийн газарт даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА