Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2021/0676

 

 

 

 

 

     2021              10               19                                            128/ШШ2021/0676      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: В.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/721 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.Аын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн Г-2 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Бны ******* тоот хашааны газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.АЦ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гэрч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.А шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн 14/1760 тоот албан бичгээр В.Аын хашаа, байшингийн газрыг Б.Ат Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн тухай мэдэгдэж маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хариу өгсөн. Энэ хариуг авсны дараа 2017 оны 9 дүгээр сарын 13-нд В.А өөрөө, 12 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бдүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа гомдол гаргасан боловч шүүхээр асуудлыг шийдвэрлэх хариу өмнө нь өгсөн гээд хариу өгөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ат холбогдуулан "бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох" нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.А нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 184/Ш32018/08392 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу дахин Газрын албанд хандаж, Б.Аын одоо оршин байгаа газрыг тодруулах, манай хашааны газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар дахин өргөдөл, гомдол гаргаж хороо хариуцсан газар зохион байгуулагч н.Отай олон удаа уулзсан боловч "Аыг дуудсан байгаа, дараа ир, шийдвэрлэж өгнө” гэх мэтээр удаа дараа явуулсаар шийдвэрлэж өгөөгүй, газар зохион байгуулагч н.О нь өөр дүүргийн Газрын албанд шилжиж , хариуцсан мэргэжилтэн хэд хэдэн удаа солигдож, тэр тоолонд асуудлыг дахин шинээр тайлбарлан шийдвэрлэж өгөхийг хүлээсээр 2013, 2014, 2018 онд миний өгсөн өргөдөл, материал байхгүй, алга болсон тул дахин бичиж өг гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин өргөдөл бичиж өгсөн. Үүний хариуд Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17/2370 албан бичгээр манай хашааны газрыг иргэн Б.Ат дүүргийн Засаг даргын 2013 оны 201 дүгээр захирамжаар эзэмшүүлээд зогсохгүй, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/721 дүгээр захирамжаар өмчлүүлсэн болохыг мэдэгдсэн. Газрыг Б.Ат эзэмшүүлсэн талаар маргаж энэ удаан хугацаанд дүүргийн Газрын албан дээгүүр явж байхад түүнийг өмчлүүлсэн талаар хэн ч хэлж мэдэгдээгүй, харин 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Газрын албанаас албан бичиг хүлээн авснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/721 дүгээр захирамжийн талаар олж мэдсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар захиргааны байгууллага нь тайлбар санал гаргасан иргэнд холбогдох зөвлөлөө өгөх үүрэгтэй боловч дүүргийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14/1760 тоот албан бичгээр болон холбогдох мэргэжилтэн нь аль шүүхэд ямар дарааллаар хандах тухай зөвлөгөөг өгөөгүй юм. Энэ үед тухайн хашааны газрыг өмчлүүлээгүй байсан бөгөөд В.А нь иргэний хэргийн шүүхэд хандаж хашаа байшингийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шийдвэр гарсны дараа дахин дүүргийн Газрын албанд хандаж байсан. Харин 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17/2370 албан бичгээр манай хашааны газрыг иргэн Б.Ат эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/721 дүгээр захирамжаар өмчлүүлснийг мэдэгдсэний дараа 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 201, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/721 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга гомдлыг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн ГЗБАлба нь 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус шилжүүлсэн байх бөгөөд дүүргийн Газар зохин байгуулалтын албанаас 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/3484 тоот албан бичгээр дүүргийн Засаг даргын 2013 оны 201 дүгээр захирамжтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн болно.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.А гэх иргэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах газарт 2003 онд нүүж орж ирээд хашаа барьж суурьшсан. 600 м2 талбай хашаандаа байшин барьж нөхөр, эх, нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Байшингаа барьж дуусаагүй байхад буюу 2007 онд тухайн газар дээр цуг амьдарч байсан эх нь, 2010 онд төрсөн эгч, нөхөр нь нас бараад хоёр хүүхдийн хамт өөр газар амьдрахаар нүүж хажуу талын айлдаа хашаагаа харахаар даалгаж үлдээсэн байсан. Дүүргийн газрын албан хүсэлтийг хүлээн авч н.О гэх газрын мэргэжилтэн газар дээр очиж хэмжилт хийж авчхаад хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй олон жил хүлээлгэсэн гэж тайлбарладаг. Энэ хооронд тухайн хороог хариуцдаг мэргэжилтнүүд хэд хэдэн удаа солигдоод хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлогдож байгаад гаргасан хүсэлт нь алга болсон байдаг. 2017 онд В.Аын хажуу хашаанд оршин суух Б.А гэх хүн ирээд “наад газар чинь минийх болсон” газар чөлөөлж өг, байшингаа буулгаад ав гэж маргаж эхэлсэн. Энэ талаар дүүргийн газрын албанд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр асуудлыг шийдвэрлэж өгөх талаар өргөдөл гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 141760 дугаартай албан бичгээр Бны тоот хашааны газрыг 2013 оны 201 дугаартай захирамжаар иргэн Б.Ат эзэмшүүлсэн байна. Тийм учраас шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэж мэдэгдсэн. Шүүхээр шийдвэрлүүл гэсэн асуудлыг дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхэд хандаж байхад 2018 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн 0832 дугаартай захирамжаар захиргааны хэргийн маргаан байна гэж хүлээж авахаас татгалзсан. Ийм хариу аваад газрын албанд хандахад газрын албаны дарга, мэргэжилтэн нар солигдсон тул н.Батзориг гэх даргыг хэд хоног хайлгаж байгаад маргаантай газрын талаар асуухад “таны хүсэлт алга болсон байна, та хүсэлтээ дахин бичээд өгчих гэж хэлсний үндэс дээр бид нар хүсэлтээ дахин бичиж” өгсөн. Уг хүсэлтийн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 178370 дугаартай дүүргийн газрын албаны албан бичгээр тухайн хашаад газрыг Б.Ат 201 дугаартай захирамжаар эзэмшүүлээд үүний дараа 2018 оны А21 дугаартай захирамжаар өмчлүүлсэн байна гэсэн хариу өгсөн. Дүүргээс хоёр удаа авсан хариу дээр хаяг зөрж эхэлнэ. 2017 онд авсан хариу дээр тоот хашааг Б.Ат эзэмшүүлсэн гэсэн хариу өгсөн. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр тоот хашааг 201 дугаартай захирамжаар Б.Ат эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн гэдэг. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж бид нарыг маргаад явж байхад өмчлүүлсэн. Анх гэж В.Ат өмчлүүлсэн газрыг Б.Аын нэр дээр болгоод Б.Аын иргэний үнэмлэх дээр байгаа хаягийг сольж кадастрын улсын бүртгэлд нэрийг нь сольж Б.Аынх болгож бичиг баримт бүрдүүлээд явсан талаар харагддаг. Б.Ат өмчлүүлсэн газрын хувийн хэрэг дотор 201 дугаартай захирамжаар Б.Ат эзэмшүүлсэн гэж дүүргийн газрын албанаас 4 удаа бичиг авсан байж байгаа. Удаа дараа 201 дугаартай захирамжийг дурдаад байгаад мөртлөө газар өмчлүүлсэн шийдвэр газрын хувийн хэрэг дотор 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дугаартай захирамжийг үндэслэж Бны тоот хаягаар 0******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож өмчлүүлсэн. Эзэмшүүлсэн газар, өмчлүүлсэн газар зөрүүтэй болоод ирсэн. Энд мэдээллийн санг хөтөлдөг байгууллагын буруутай үйлдэл байгаа гэж үзсэн. Уг захирамж нь өөрөө 201 захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй захирамж өөрөө эрх, хууль зүйн алдаатай захирамж гэж үзсэн. Газар эзэмших тухай хүсэлтийг иргэн дүүргийг Засаг даргад гаргаж, дүүргийн Засаг дарга хянаад Газрын тухай хууль, дүрэм, журмуудын дагуу нягталж тодруулсан зүйл байхгүй. 201 дугаартай захирамж нь өөрөө мянганы сорилтын сангийн төсөл Газрын тухай хуульд заагаагүй, ямар нэгэн хамаагүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 201 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт мянганы сорилтын сангийн төслийн эхийг үндэслэж газар эзэмших эрх олгосон гэж бичсэн байдаг. Тийм учраас хууль зөрчсөн захирамж байна. 201 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан холбогдох зүйлүүдийг үндэслээгүй байгаа. Уг захирамжийг гаргасан этгээд өөрөө тухайн газар дээр очиж шалгаагүй гэж хэлж байна. Мянганы сорилтын сан гэж Газрын тухай хуульд байхгүй нэг этгээд баахан материал цуглуулаад ирэхээр нэр ус регистрийг оруулахдаа судалгаа хийгээгүй нь В.Аын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. 309 дугаартай захирамжийг үндэслэж Б.Ат газар эзэмших эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд нэгдүгээр шаардлагын тайлбартай холбогдоно. Б.А иргэний үнэмлэх дээрээ Бны гэсэн хаягтай, 40 дүгээр хорооны Засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар буюу өрхийн бүртгэлийн дэвтэр дээрээ а тоот хашаанд оршин суудаг гэх тодорхойлолттой. В.Аын маргаж байгаа Бны гэх өөрийн бүртгэлтэй хаягийг өмчилж авсан байх боловч өнөөдөр ам бүл 4-үүлээ хашааныхаа гадна гэсэн хаягтай хашаанд оршин суудаг. Бидний маргаж байгаа гэх хашаанд оршин суудаггүй гэдэг нь шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн үзлэгээр тогтоогддог. Маргаж байгаа хашаанд нэг л тоосгон байшин байгаа. Уг байшин нь В.Аын талийгаач нөхрийн хамаатны хүн түрээсэлж амьдардаг талаар газрыг үзлэгээр тогтоогдсон. Энд Б.Аын оршин суух боломжтой гэр, байшин, майхан гэх зүйл байхгүй. Хорооны өрхийн бүртгэлийн дэвтэрт хэдэн хүн амьдардаг талаар бүх мэдээлэл байдаг. Б.Ат өөрийнхөө хашаанд тохилог байшинд оршин суудаг гэж кодолсон байсан. Тэгэхээр маргаж байгаа 18 нэгж талбарын дугаартай 590 м2 кв-т газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 309 дугаартай захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших гэрчилгээг үндэслэж кадастрын зургийн хамт өгч байж В.Аын зургийг зөвхөн нэрийг нь өөрчилж 309 дугаартай захирамжийг өгч өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан иргэн газар өмчлөх хүсэлт гаргахдаа баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгнө гэх заалтыг зөрчсөн. Хэрэгт авагдсан 309 дугаартай захирамж дотор Б.Ат газар эзэмшүүлсэн гэх зүйл байхгүй. Дүүргийн Засаг дарга болон газрын албанаас удаа дараа ирүүлсэн тайлбар лавлагаанд 309 дугаартай захирамжаар Б.Ат газар эзэмшүүлээгүй гэдэг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үнэн зөвөөр баримт бичиг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгийг улсын бүртгэлийн газраас ирүүлсэн тайлбар дээр байсан. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т, 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт газар эзэмших тухай холбогдох газрын Засаг даргын шийдвэрийг үндэслэж гэрээ гэрчилгээ олгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт дүүргийн газрын албаны Засаг даргын захирамжийг үндэслэж иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулна гэх үүргийг газрын албан зөрчсөн. Хуулийг зөрчиж захирамж гараагүй байхад гэрчилгээ гаргаж өгснөөр В.Аын олон жил оршин сууж байгаа газрыг Б.А буюу гуравдагч этгээд хууль бусаар өмчлөлдөө авах нөхцөл бүрдүүлсэн хууль бус үйл ажиллагаа байна. Тийм учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эрх ашгийг зөрчсөн бол уг байгууллагын албан тушаалтан өөрөө эсвэл түүний дээд шатны байгууллага болон шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу захирамж гараагүй байхад Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А721 дугаартай захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Уг шаардлага нь өмнөх хоёр шаардлагын үндэслэл тогтоогдох юм бол хууль бус захирамжийг үндэслэж гарсан хууль бус шийдвэр гэдэг утгаараа хүчингүй болно гэж үзэж байгаа. Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан газар эзэмших баримт бичгийг бүрдүүлэхийг зөрчсөн тул хүчингүй болгуулах. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх зэрэг бусад хууль бус аргыг хэрэглэсэн бол захиргааны актыг хүчингүй болно гэж заасантай нийцэж байгаа учраас хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт эрхийн улсын бүртгэлд хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлж шалгуулна. Энэ хуулийн зохицуулалтын 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон гэж заасан нөхцөл бүрдсэн. Анх маргаж эхэлснээс хойш газрыг эзэмшүүлж өгнө үү гэж явж байхад өөр хүнд эзэмшүүлснийг иргэний хэргийн шүүх болон холбогдох байгууллагуудад хандсан. Бид өнөөдөр Б.Аын оршин сууж байгаа газар дээр маргаагүй. гэдэг хаягаар газар эзэмшүүлэх эрхийг гэрчилгээ гаргуулсан 3 хүн байгаа. Ц.Цгэдэг хүн Б.Аын төрсөн эх. Нэг доор яагаад ийм олон хүн байна вэ гэхээр гэдэг хашаа нь нийтдээ айл багтахаар том хашаа байгаа. Гэтэл маргаж байгаа газар нь а, б, в гэсэн хашаа байна. Нэхэмжлэгч В.А Б.Аын оршин сууж байгаа газартай маргаагүй. Харин өөрийнхөө оршин сууж байсан газар дээрээ маргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Ат Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Бны тоот 595 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Бны тоот 595 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар иргэн Б.Ат өмчлүүлсэн болно. Иймд нийслэлийн Засаг даргаас гаргасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч амьдарч байх хугацаандаа дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй. Байгууллагад өргөдөл гаргахаар бол бичиг хэргийн ажилтнаар дамждаг. Гэтэл өргөдөл гаргасан гэдэг үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лшүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус дүүргийн 40 дүгээр хороо Б 3*******/хуучин хаягаар 7 дугаар хороо Б 32 дугаар гудамжны 65 тоот/ газар нь иргэн Бын Ат “Монголын мянганы сорилтын сан”-ийн төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2013 оны 201 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон. Мөн тус төслийн хүрээнд гарсан дүүргийн Засаг даргын 2013 оны 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээг алдаатай бичиж эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/721 тоот захирамжаар өмчлүүлсэн байна. “Монголын мянганы сорилтын сан” төсөл нь тухайн газар дээр оршин сууж байгаа иргэдэд газрыг нь баталгаажуулж өгөх төсөл бөгөөд манай албанаас хээрийн судалгаа хийгдээгүй тус төслийн хүрээнд хийгдсэн.  болно гэж ээ.

2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 тоот захирамж гэж бичвэрийн алдаа гаргаж газар эзэмшүүлсэн. Газар эзэмшүүлэх эрх нь хорооны Засаг даргад байдаг. Хорооны Засаг дарга тоот хашааг Б.Ат яагаад өгсөн талаар мэдэхгүй байна. Хорооны ажилтнууд тухайн газар дээр хээрийн судалгаа хийж манай албанд бүрдүүлж өгсөн байдаг.” гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Б 3*******хаяг байршилтай, 595 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Б.А // нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон 0011479 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, 18 тоот нэгж талбарын дугаар бүхий өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Уг газрыг барьцаалан 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “С” ХХК-тай байгуулсан 1.800.000 төгрөгийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 22 дугаар зүйл, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад “газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар хугацаа”, 10.3.2-т нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зориулалт, хаяг, байршил”, 10.3.3-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”, 10.3.6-д “....иргэн бол иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, 10.3.7-д “мэдүүлэг гаргасан он, сар, өдөр” заасан мэдээллийг тусгаж, 10.6 дахь хэсгийн 10.6.1 дэх заалтад “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”, 10.6.2-т “газар өмчлөх эрх олгосон шийдвэр”, 10.6.3-т “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг”, 10.6.4-т “иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргана гэж тус тус заажээ. Улсын бүртгэлийн байгууллага нь иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарт үндэслэн тухайн газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгодог.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 8 дугаар 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул иргэн Б.А //-т олгогдсон газар өмчлөх эрхийн холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх 0 дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Б.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Б овогтой А миний бие нь 2004 онд аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг, тухайн үеийн нэршлээр ногооны талбай гэх газарт амьдарч эхэлсэн. Нэхэмжлэгч В.А нь гэр бүлийн хамтаар 2005 онд манай хажуу талын эзэнгүй газарт нүүж ирэн түр буулгаач гэсэн хүсэлтийн дагуу буулгасан. Дараа жил нь манай хашааны газарт түр саравч барья, хашаагаа бариад авна гэж нөхөр нь БАМ-ын байшингийн 4 хана авчирч угсраад онгорхой хэвээр 5-6 жилийн турш байсан. Энэ хугацаанд газар дээр барьсан саравчаа нүүлгэ, газар чөлөөлж өг гэсэн маргаан бидний дунд удаа дараа болж байсан.

2010 онд В.Аын нөхөр нь нас барсан. Түүнээс хойш сураггүй байсан. Гэтэл 2015 онд В.Аын ах дүү нар ирж, манай газар дээрх БАМ-ын байшингийн 4 ханаар барьсан байшингаа тоосгоор өнгөлөн өрж эхэлсэн. Бид газар дээр түр бариулна гэсэн болохоор нь бариулсан, одоо энэ байшингаа аваад явна уу гэсэн шаардлагыг удаа дараалан өгсөн.

В.Аын нэхэмжлэлд дурдаж байгаа Бны тоот хашаанд манай гэр бүл нь хуулийн дагуу эзэмшиж, өмчилж 2004 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байсныг Бны 32-60 тоотод оршин суух Б.Д, Бны 32-63 тоотод оршин суух О.Б, Бны 32-64 тоотод оршин суух Т.Н, Бны тоотод оршин суух А.Г, Нны 2-20 тоотод оршин суух Т.Тнар батална.

В.А нь дүү В.АНийн хамт ногоо тарих зориулалтаар 2 га газрыг эзэмшилдээ авч хэд хэдэн айлын газрыг худалдан борлуулж байсныг дээрх хаягт оршин суугаа хүмүүс бүгд батална. Ямар шалтгааны улмаас үндэслэлгүй, нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байхад миний өмчлөлийн газрыг өөрийнх мэтээр ойлгуулан маргаан үүсгээд байгааг ойлгохгүй байна.

Миний хувьд В.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2013 оны 02-р сарын 28-ны өдөр Кадастрын зургийн “” ХХК эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хийлгэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад зохих журмын дагуу хүсэлтээ өгснөөр 2013 оны 5-р сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 201 тоот захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулан шийдвэрлүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2013 оны 7-р сарын 25-ны өдрийн 309 тоот шийдвэрийг үндэслэн 8 тоот нэгж талбарын дугаар бүхий 596 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн. 2013 оны 12-р сарын 27-ны өдөр “эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг"-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албаар баталгаажуулан хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон учраас үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн А/721 дүгээр тоот захирамж нь зохих журмын дагуу өмчлөх хүсэлтээ гарган авсан тул нэхэмжлэгч В.Аын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иймээс В.Аын гаргасан нэхэмжлэл нь илт худал хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримт нь хамааралгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өгсөн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А тус шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/721 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.Аын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн Г-2 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Бны ******* тоот хашааны газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын шийдвэр гараагүй байхад 2013 оны 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат Бны гэсэн хаягтай боловч өөр байршилтай газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасныг зөрчсөн, маргаж буй газар нь Бны ******* хаягтай бөгөөд нэхэмжлэгч В.А болон одоо тухайн газарт байрлах В.Аын өмчлөлийн улаан тоосгон өвлийн байшинг түрээслэн амьдарч байгаа иргэн хогны болон цахилгаан хэрэглэсний төлбөрөө 2000-аад оноос өнөөдрийг хүртэл "*******-В.А" гэсэн хаягаар төлсөөр байгаа, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар дүүргийн газрын алба зөвхөн Засаг даргын шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгох үүрэгтэй атал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжаар Б.Ат газар эзэмшүүлээгүй байхад уг захирамжийг үндэслэн Б.Ат Бны гэсэн хаягтай боловч өөр байршилтай газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасныг зөрчсөн…” гэж тодорхойлсныг хариуцагч болон гуравдагч этгээд нараас бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Нэг. “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 23.4.6-д “газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх”-ыг шаардсан ба хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2.-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.2.3.-т “газар эзэмших зориулалт, хугацаа.”, 32.5.-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг...дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна.” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, иргэн Б.А нь 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн 7 дугаар хороо, тоот хашааны газраа эзэмших, цаашлаад өмчлөн авах хүсэлт гаргасан,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 27, 33.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөлтэй 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг тус тус үндэслэн 165 иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Дүүргийн газрын албанд даалгаж шийдвэрлэсний хавсралтын 91-д “Б.А, 7 дугаар хороо, Бны тоот, 595 м2 газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх” гэж шийдвэрлэсэн байна.

Гэвч иргэн Б.Аын хүсэлт гаргасан газрын дээрхи хаягаар, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр огноолон Дүүргийн газрын албаны мэргэжилтэн Э.Н*******ийн үйлдсэн кадастрын зураг болон “” ХХК-ийн үйлдсэн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэгж талбарын дугаар тавигдаагүй кадастрын зургуудад Бны тоот хаягт 6 цэгээр хүрээлүүлсэн байшин байгааг тэмдэглэсэн, /уг байшин нь нэхэмжлэгч Б.Аын барьсан байшин бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй/ үйл баримтууд тус тус тогтоогдов.

Үүнээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж, түүний хавсралтаар Б.Ат Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Бны тоот, 595 м2 газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамжилсан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч В.Аын байшин бүхий газрыг буюу өөр хаяг бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль бус, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д заасан “...хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасах” үүргээ хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй  гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Б.Ат Бны тоот, 595 м2 газрыг эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн боловч уг захирамжийг үндэслэн Б.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаар түүнд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Б.Аын газар эзэмших гэрчилгээнд тушаалын огноог 201 гэж бичих байтал 309 гэж бичсэн нь техникийн алдаа, Б.Ат 201 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон...” гэж тайлбарласан боловч захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл тухайн алдаатай захиргааны актад зохих өөрчлөлт оруулаагүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нэхэмжлэгч тухайн актыг хүчингүй болгуулахаар маргасан тул шүүх уг захиргааны актын үр дагавар үзүүлж буй бодит байдалд үнэлэлт өгч шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн уг захирамжаар иргэн Б.Ат газар эзэмших эрх олгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөлтэй 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг тус тус үндэслэсэн нь хууль бус.

Шүүхэд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг “Санамж бичиг”-ийг хэрэгт нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон, учир нь хариуцагчийн гаргасан тухайн захиргааны актад нэхэмжлэгчээс “...Б.Аын эзэмших хүсэлт гаргасан газар нь тоот гэсэн байхад бодит байдал дээр В.Аын байшин байгаа газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргаж байгаа нөхцөлд тухайн баримт шаардлагагүй.

Нөгөө талаар Б.Аын гаргаж өгсөн кадастрын зургаас үзвэл түүний хүсэлт болгосон газар нь нэхэмжлэгч В.Аын өөрийн хөрөнгөөр барьсан байшин байрлаж буй газар болох нь тодорхой тогтоогдсон, уг газар нь Б.Аын хүсэлт болгож буй газрын байршил хаягаас өөр байгааг хариуцагч шалгаж тогтоолгүйгээр уг 201 дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, захиргаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийх явцад Б.Аын хүсэлтэд хавсаргасан кадастрын зургаар хүсэлт болгосон газар нь нэхэмжлэгч В.Аын байшин бүхий газар мөн болох нь тогтоогдсоноос гадна хуралдаанд оролцсон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өөр газар үзүүлээд В.Аын газар дээр захирамж гаргуулсан зүйл харагдаж байна” гэсэн тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн  201 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн Б.Ат холбогдох хэсэг нь бодит нөхцөлд тохироогүй, хууль зүйн алдаатай захиргааны акт байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хоёр. “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжтай яг адил үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 27, 33.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөлтэй 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг тус тус үндэслэн 1392 иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Дүүргийн газрын албанд даалгаж хавсралтын 181-д “Ц.Ц, 7 дугаар хороо, Бны тоот, 700 м2” 182-т “Б.Н, 7 дугаар хороо, Бны тоот, 439 м2” газрыг тус тус амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн боловч энэ захирамжаар иргэн Бийн Ат газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байна.

Гэтэл Б.Ат Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг тус дүүргийн газрын албанаас 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18******* дугаар нэгж талбарын дугаараар 596 м2-аар олгосон нь хууль бус байх тул маргаан бүхий газар эзэмших эрхийн 00 дугаар гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн тухайн хорооны өрхийн бүртгэлийн дэвтрээс үзвэл Б.А нь А хаягт албан ёсоор бүртгэлтэй, мөн Б.Аын газар эзэмших эрхийн 00 дүгээр гэрчилгээний салшгүй хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Амины хашаа, Бны тоот хаягаар хийсэн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “*******” ХХК-ийн кадастрын зургаас үзвэл түүний хүсэлт болгосон газар нь нэхэмжлэгч В.Аын барьсан байшин байрлаж байгаа газар /мөн өрхийн бүртгэлийн дэвтэрт уг хашааны дугаарыг 63Б, В.А амьдардаг гэж бүртгэсэн/ байхад уг байшингийн эзэмшигч, өмчлөгчийг тодруулалгүйгээр бусдын хөрөнгийг оролцуулан хашааны нийт хэмжээгээр буюу 565 м2 талбайг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь мөн хууль бус, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гурав. “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дүгээр “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн Б.Ат холбогдох хэсэг болон Б.Ат олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримт болох “Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг”-ээс үзвэл иргэн Б.А нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Бны тоот өөрийн оршин суудаг газраа өмчилж авахаар хүсэлт гаргаж түүндээ тоот хаягт амьдардаг тухай Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн 00 дугаар гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-ийн хийсэн кадастрын зураг /В.Аын байшинг тэмдэглэсэн/, мөн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн Э.Н*******ийн үйлдсэн, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот хаягаар хийсэн кадастрын зураг /энэ зураг дээр В.Аын байшинг хассан/-ийг тус тус хавсаргаж ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дүгээр “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн 1 дэх заалтаар “...нэр бүхий 646 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн, хавсралтын 363-т “Бийн А, Бны тоот, 596 м2, үнэ 7 867 200  төгрөг” гэж заасан байна.

Түүнчлэн уг захирамжийн дагуу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0011479 дүгээр шийдвэрийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Ат олгосон, тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр уг шийдвэрийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Бны тоот хаягт байршилтай 18 нэгж талбарын дугаартай 595 м2 талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-2******* дугаарт бүртгэж Газар өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 19.2.4-т заасныг зөрчсөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, 309 дүгээр захирамжаар эзэмших эрх олгогдоогүй байхад уг захирамжийг үндэслэсэн тул хууль бус...” гэж маргасан.

 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусгана” 10.3.1-д “газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар хугацаа”, 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”, 10.6.2-т “газар өмчлөх эрх олгосон шийдвэр”, 10.6.3-т “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг”, 10.6.4-т “иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” гэж. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол ... шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна”, 6.6-д “...бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж, түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй:” 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”гэж тус тус заажээ.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл иргэн Б.А нь газар өмчлөн авах хүсэлт гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй байх боловч Б.Ат анхнаасаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 201 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүсээгүй, мөн Засаг даргын 309 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй байхад уг захирамжийг үндэслэн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг үндэслэн өмчлөх эрх олгосныг шүүхийн энэ шийдвэрээр хууль бус гэж дүгнэсэн, эзэмших эрхтэй гэх газар нь бусдын хөрөнгө оршиж буй, хаяг байршил нь өөр байх тул эдгээр үндэслэлүүдээр Б.Ат тухайн газрыг өмчлөн авах эрх хууль ёсоор үүсээгүй тул түүнийг уг газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжаар Б.Ат газар эзэмшүүлээгүй болох нь нотлогдсон тул энэ захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээ нь эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад хашааны хаяг болон кадастрын зургийн бүртгэлийг өөрчлөх байдлаар гаргуулан авсан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.

Иймд хууль бусаар үүссэн эзэмших эрхийг үндэслэн түүнд тухайн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын А/721 дүгээр захирамж болон түүний үндсэн дээр Б.Ат олгогдсон Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн Г-2******* дугаар бүртгэл, Газар өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дөрөв: “В.Аын гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, В.Ат түүний амьдарч буй 63Б тоот хаягаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд харьяалагдаж байгаад 2003 оноос эхлэн мөн дүүргийн 40 дүгээр хороо болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нь тус хорооны 63Б тоот хаягт, гуравдагч этгээд нь А тоот хаягт бүртгэлтэй нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, нөгөө талаар тухайн маргаж буй газар хэдэн тоотын хэд гэсэн хаягт байгаа нь гол биш, харин уг газар дээр нэхэмжлэгч В.Аын барьсан гэх байшин оршин байгааг голлон үзэж дүгнэлт өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгч В.А нь 2003 онд тухайн 63Б тоот хаяг авснаар уг газар дээрээ 35 м.кв хэмжээтэй байшин барьсан байх ба “...дүүргийн газрын албанд хандаж газар эзэмших хүсэлтээ амаар гаргаж байсан, өөр хүнд газар эзэмшүүлсэн шийдвэр гарснаас хойш газрын албанд ирж уулзаж байсан, хээрийн болон суурин судалгаа  хийсэн, тухайн газар дээр хоосон цонхтой улаан тоосгон байшин байсан...” гэх мэдүүлгийг гэрч Д.Оаас шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Үүнээс үзвэл 2015 онд Дүүргийн газрын албаны мэргэжилтнээс хээрийн болон суурин судалгаа хийх үед тухайн газар дээр тоосгон байшин барьсан байсан нь тогтоогдсон, тухайн байшинг барьсан цаг хугацааны талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин гуравдагч этгээд Б.Ааас “...В.Аын нөхөртэй яриад байшин болон газрыг худалдаж авахаар тохирсон, үнийг нь төлөөгүй байсан, нөхөр нь нас барсан, би тухайн газрыг авсан гэж ойлгосон...” гэж тайлбар гаргасан хэдий ч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй, маргаан бүхий газарт В.Аын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа нөхцөлд В.Аын тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь Б.А нь нэхэмжлэгч В.Аыг тухайн барилгыг барьж босгосныг мэдэж байсан атлаа уг байшинг оролцуулан газрыг эзэмшиж, улмаар өмчлөн авсан нь хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх дүгнэж, түүнд газар эзэмших эрх олгосон болон өмчлөх эрх олгосон шийдвэр, тэдгээрийг үндэслэн олгосон бүртгэл гэрчилгээг хүчингүй болгосон тул хууль зүйн агуулгаараа уг газар бусдын хууль ёсны эзэмшилд олгогдоогүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2003 оноос хойш нэхэмжлэгч нь манай байгууллагад газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэж тайлбарлан маргасан боловч тухайн газрыг гуравдагч этгээд Б.Ат эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон захиргааны шийдвэр, үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч тухайн газар дээр барилга барьсан, уг хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.  

Нэхэмжлэгч 2014 оны 3 сарын 17-ны өдөр Дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан гэж нотлох баримтаар ирүүлсэн боловч уг өргөдөл нь бүртгэлд бүртгэгдээгүй харин 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ “...2014 оны 3 дугаар сараас хэлэн Дүүргийн газар зохион байгуулагч От өргөдөл, хорооны тодорхойлолт, кадастрын зураглал, мөнгө тушаасан баримт бүрдүүлэн, өөрийн газар гэдгээ иргэн Ц, А нараар биечлэн газар зохион байгуулагчтай газар дээр нь очиж тодорхойлуулан өгсөн боловч хариу ирэлгүй байсаар зохион байгуулагч нь өөр ажилд шилжсэн байна,...иймд Аын нэртэй газрыг хүчингүй болгож, В.Аын нэр дээр өмчлөх хүсэлтэй байна...” гэж дурдсан , хариуцагч Дүүргийн газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “маргаантай тул түр хасав” тэмдэглэл хийж улмаар мөн өдрийн 14/7700 дугаар албан бичгээр “...дээрх газрыг Дүүргийн засаг даргын 2013 оны 201 дүгээр захирамжаар Б.Ат эзэмшүүлсэн...”-ийг мэдэгдсэн, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 05810 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан болох нь тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн газрын албанд хандаж гомдол гаргасны хариуд хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 19/2370 дугаар албан бичгээр “...201 дүгээр захирамжаар эзэмших, 309 дүгээр захирамжаар өмчлөх эрх Б.Ат олгогдсон...тул шүүхэд хандана уу” гэж мэдэгджээ.

Эдгээр хүсэлт гомдлуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан, уг хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд хүсэлтэд Дүүргийн газар зохион байгуулагч Д.От хүсэлт, холбогдох баримтуудаа өгснийг дурдсаар байхад “...дээрх газрыг Дүүргийн засаг даргын 2013 оны 201 дүгээр захирамжаар Б.Ат эзэмшүүлсэн...” гэж дурдан татгалзсан нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Иймд энэ шийдвэрт дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий газар нь бусдын хууль ёсны эзэмшилд олгогдоогүй гэж үзэхээр байх ба энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч В.Ат түүний байшин байрлаж буй /63Б тоот хаягаар/ газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 19.2.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Аоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 309 дүгээр захирамжийг үндэслэн Б.Ат олгосон газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/721 дүгээр захирамжийн Б.Ат холбогдох хэсэг, Б.Аын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, газар өмчлөх эрхийн Г-2 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Аын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “газар эзэмших хүсэлт”-ийг шийдвэрлээгүй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүний байшин байрлаж буй хашааны газрыг В.Ат эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН