| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
2023 03 03 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноохор овогт БДд холбогдох эрүүгийн 2311 00000 0007 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр амны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5 дугаар байрны 87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Ноохор овогт БД /.........................................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч БД нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баасансүрэнтэй маргалдаж, улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч БД нь:
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баасансүрэнтэй маргалдаж, улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Торгуулийн мөнгийг төлж барагдуулна гэдгийг амлаж байна” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Б.Баасансүрэнгийн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зуслангийн түрээсийн байранд очсон. Тэгээд тухайн газраа найз нөхдөөрөө наргиж хөгжилдөж байгаад маргааш өглөө нь 07 цагийн үед тухайн байшингийн 1 давхарт Дагвадоржтой юм яриад зогсож байгаад ялихгүй зүйлээс болж маргалдан хоорондоо барьцалдаж аваад ноцолдож байтал Дагвадорж миний баруун талын чихний дээд хэсгээс хазаж миний биед гэмтэл учруулсан. Дагвадорж намайг чи хугацаат цэргийн алба хаасан юм бол ах захаа мэдэхгүй, намайг хүндэлсэнгүй үл тоогоод байна гэх асуудлаас болж маргалдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Б.Баасансүрэн нь /ТА01261514/ 2022 оны 12 дугаар сард Гэмтэл согог судлалын Үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламжийн 214.000 төгрөгийн үйлчилгээ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулторын үзлэг 15.000 төгрөгийн, ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн, 2023 оны 01 дүгээр сард Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулторын үзлэг 15.000 төгрөгийн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулторийн үзлэг 15.000 төгрөгний үйлчилгээг тус тус авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 302.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ноохор овогт Бямбын Дагвадоржоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16449 дугаартай дүгнэлтэнд “Б.Баасансүрэнгийн биед баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Дийн өгсөн “2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тухайн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зуслангийн байшинд найз нарын хамт очсон юм. Тэгээд хоночихоод маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө байшингийн 1 давхарт Б.Баасансүрэн гэх залуутай юм ярьж зогсож байгаад ялихгүй зүйлээс болж муудалцаж маргалдсан юм. Тэгээд барьцалдаад дээр доороо ороод ноцолдож байхдаа Б.Баасансүрэнгийн гарыг тавиулах зорилгоор чихнээс нь хазчихсан чинь цус гараад бид хоёр салаад тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан урд шөнө нь унтаагүй байсан учраас шууд унтаад өгсөн. Тэгээд үдээс хойш сэрээд харсан чинь Б.Баасансүрэнгийн баруун талын чихний дээд хэсэгт шалбарсан харагдаж байсан тэгээд тухайн газраас бүгд явсан би тухайн үедээ бол гайгүй байна гэж харсан ...надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй би өөрийн гаргасан үйлдэл гэм буруугаа ухаарч ойлгож байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 73-74/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 18 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Бямбын Дагвадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баасансүрэнтэй маргалдаж, улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Баасансүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл, учирсан хохирол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн болно.
Мөн хохирогч Б.Баасансүрэн нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламжийн 214.000 төгрөгийн үйлчилгээ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулторын үзлэг 15.000 төгрөгийн, ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн, 2023 оны 01 дүгээр сард Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулторын үзлэг 15.000 төгрөгийн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулторийн үзлэг 15.000 төгрөгний үйлчилгээг тус тус авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 302.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч Б.Доос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ноохор овогт БДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Доос 302.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ