| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Пийн Год холбогдох эрүүгийн 2335000000039 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................... Увс аймгийн ............ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ............ сумын ......................... ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын ................... оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Пийн Г, регистрийн дугаар:..................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............ сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “.................” үйлчилгээний төвд хохирогч Н.Т руу микрофон шидэж, толгой хэсгийг нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч П.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............ сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “..............” үйлчилгээний төвд хохирогч Н.Т руу микрофон шидэж толгой хэсгийг нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000039 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, П.Гын согтуурлыг шалгасан магадлагаа (хавтаст хэргийн 3-12 дахь тал);
2. Хохирогч Н.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ............ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "..........” караокед хамт ажилладаг Г, Д.О, Н.Ц, Д.Ц, П.Г, С бид нар орсон юм. Тэгээд бид нар хоол захиалчихаад 40 минут орчим дуу дуулаад сууж байтал хоол орж ирэхээр нь дуугаа түр зогсоогоод, эхлээд хоолоо идье гэж хэлтэл П.Г гэнэт уурлаад гартаа барьчихсан байсан микрофоноо шидсэн бөгөөд тухайн микрофон нь миний толгой хэсгийг цохиж, цус гарсан юм. Тэгээд би эмнэлэгт очиж, зулай хэсэгтээ 1 оёдол тавиулсан, толгой язарсан байсан тул би цагдаагийн байгууллагад ирсэн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал);
3. Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ............ сумын .............................. ажилтай бөгөөд манай сургуулийн үйлчлэгч С нь тэтгэвэрт гарч байгаа гээд манай ажлын хүмүүс нийлж тухайн хүнийг гаргаж өгөхөөр болж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ............ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "..............." караокед орсон юм. Тухайн үед манай ажлын Д.О, Н.Ц, Н.Т, С бид нар орсон юм. Тэгээд бид нар хоол захиалчихаад 40 минут орчим дуу дуулаад сууж байтал П.Г, Г нар гаднаас нэлээн согтуу орж ирсэн бөгөөд тухайн үед хоол орж ирээд бид нар дуугаа түр болиод эхлээд хоолоо идье гэж хэлтэл П.Г гэнэт уурлаад гартаа барьчихсан байсан микрофоноо шидсэн бөгөөд тухайн микрофон нь Н.Тийн толгой хэсгийг цохиж, цус гарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал);
4. Гэрч Н.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар хоол захиалчихаад 40 минут орчим дуу дуулаад сууж байтал П.Г, Г нар гаднаас нэлээн согтуу орж ирсэн бөгөөд тухайн үед хоол орж ирэхээр нь бид нар дуугаа түр болиод эхлээд хоолоо идье гэж хэлтэл П.Г гэнэт уурлаад гартаа барьчихсан байсан микрофоноо шидсэн бөгөөд тухайн микрофон нь Н.Тийн толгой хэсгийг цохиж, толгойноос нь цус гарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);
5. Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... П.Г гэнэт уурлаад гартаа барьчихсан байсан микрофоноо шидсэн бөгөөд тухайн микрофон нь Н.Тийн толгой хэсгийг цохиж, толгойноос нь цус гарсан юм. Тэгээд бид нар Н.Тийг эмнэлэгт хүргэсэн юм..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал);
6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай “...Үзүүлэгч Н.Тийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дотор булан, дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, духны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой. Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дотор булан дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, духны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Г нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд П.Год холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3. Шүүгдэгч П.Г нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, микрофон шидэж хохирогчийн толгой тус газарт цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч П.Гын үйлдлийн улмаас хохирогч Н.Тийн эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дотор булан, дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, духны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч П.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч П.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч П.Гын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч П.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Т нь “...П.Г нь миний эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн тул П.Гоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 72 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Гоос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч П.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал )-аар нотлогдож байна.
4. Шүүгдэгч П.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төлж, хор уршгийг арилгасан байна.
5. Иймд шүүгдэгч П.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэхгүй юм.
6. Шүүгдэгч П.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
8. Прокуророос шүүгдэгч П.Гын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
9. Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул П.Год холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Год 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч П.Год танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
11. Иймд шүүгдэгч П.Гын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Пийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Год 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар П.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн хор уршигт 200.000 (хоёр зуун мянган) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч П.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА