| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00302/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 339
2019 оны 08 сарын 12 өдөр Дугаар 139/ШШ2019/00339 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багт оршин суух, Хо овогт Д гийн Б /ЗП64101613/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2019/00302/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 6 сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 7 сараас 1992 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч он сар зөрүүтэй, бичилт байхгүй болоод байна. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 6 сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 6 сарын 10-ны өдрөөс 1992 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл тус тус малчнаар
ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Бд хамаарах Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 226 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 10, 14 хуудас/
Нэхэмжлэгч Д.Б нь 1980 оны 6 сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 6 сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдөр ийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Д.Б-д олгосон 1985 оны 1 сарын 1-ний өдөр Рашаант бригадад малчнаар гэсэн бичилттэй, 1991-1992 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь /хэргийн 4-5-р хуудас/
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1987 оны 4 сарын 1-ний өдөр Д.Бд олгосон, Рашаант бригадад үхэрчин гэсэн бичилттэй, 1985-1990 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь /хэргийн 6-8-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 08/384 дугаартай “Хөгжил нэгдэл, Хөгжил ХК”-ний талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-р хуудас/
-Гэрч Г.Д-н “...Би 1987 оны 7 сард Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малын их эмчээр очсон. Тэгэхэд Д.Б нь Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал малладаг малчин хүн байсан. Тэр цагаас хойш Бгийн талаар сайн мэднэ. Б нь миний мэдэхээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл малчин байсан. Би Рашаант бригад хариуцсан штабын дарга, малын их эмчээр ажиллаж байсан учраас Бгийн малчин байсныг мэднэ. Б нь 16 насанд хүрч нэгдэлд мал маллаж байгаад 1982 онд 3 жилийн цэрэгт явж ирсэн гэдэг. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа нэгдэлд хувьчлал тарах хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
-Гэрч Ц.С-н “...Би 1980 оноос Эрдэнэдалай сумын Санхүү тасгийн даргаар ажиллаж байхад Д.Б нь 1980 онд илгээлтээр гарч Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал малладаг байсан. Б Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1980 оноос 1982 оны 6 сар, 1985 оны 7 сараас 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл малчин байсан. Б нь 16 насанд хүрч аав ээжийн хамт нэгдэлд мал маллаж байгаад 1982 онд 3 жилийн цэрэгт явж ирсэн. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа нэгдэлд хувьчлал тарах хүртэл тасралтгүй малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
-Гэрч Н.Ё-н “...Д.Б нь 1980 онд сургууль төгсөж илгээлтээр гарч Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад үхэр малласан. Б Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад 1980 оноос 1982 оны 6 сард цэрэгт явах хүртлээ аав ээжийн хамт үхэр малласан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 7 сараас 1992 оны 9 сард хувьчлал тарах хүртэл нэгдэлд үхэр малладаг малчин байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Дундговь аймгийн намын хороо, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс Д.Б-д 1988 оны 5 сарын 1-ний өдөр олгосон “жуух бичиг”-ийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь /хэргийн 28-р хуудас/
-МХЗЭ-ийн төв хорооны Залуучуудын үнэн сонины редакцаас Д.Б-д 1982 оны 5 сарын 28-ны өдөр олгосон “Талархал” эх хувиар /хэргийн 29-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
-Г.Д-д 1975 оны 07 сарын 01 өдөр Дундговь аймгийн ХААУГ-с олгосон “1987 оны 08 сарын 13 өдрөөс Эрдэнэдалай сумын Мал эмнэлгийн тасагт их эмчээр томилов” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21-23 хуудас/,
-Н.Ё-д Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1975 оны 8 сарын 6-ны өдөр олгосон “1975 оны 06 сарын 17 нд Хөгжил нэгдлийн слесараар ажиллуулав, 1975 оны 11 сарын 13 нд нэгдлийн жолоочоор томилон ажиллуулав, 1994 оны 12 сарын 31 нд нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв” гэсэн тушаалын бичилтүүд бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 26-27-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хо овогт Д-гийн Б /ЗП64101613/-г 1980 оны 6 сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл, 1985 оны 6 сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б