Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/165

 

2023         03          06                                     2023/ШЦТ/165

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олход овогт МБд холбогдох эрүүгийн 2311 00000 0112 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Олход овогт МБ /РД:.........................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 03:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34-р байрны орцонд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Отай маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Б нь:

2023 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 03:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34-р байрны орцонд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Отгонбаяртай маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Отгонбаярын “...2023 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байтал найзууд болох Ванчиг, Батгэрэл нар намайг утсаар дуудаад байхаар нь очтол найзууд маань унтаж байсан. Тэгэхээр нь тэр хоёрт хоол хийж өгчихөөд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэж байгаад би 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байранд 2 найз дээрээ ирсэн. Намайг ирэхэд Ванчиг, Батгэрэл 2 байсан ба архи уучихсан байдалтай сууж байсан. Тэгээд би нэмэгдээд гурвуулаа 1 шил, 1 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи уусан, ууж дуусчихаад гэр лүүгээ харих гэж байтал Батгэрэл намайг гэртээ харих гэлээ гээд уурлаад хараагаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо хэрэлдэж байгаад айлын гэрт зодолдож маргалдаад яахав гэж бодоод гадуур хувцаснуудаа өмсөөд орц руу гарсан. Гэтэл Ванчигийн гэрээс гарангуут Батгэрэл шууд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний зүүн нүдний ухархай цөмөрсөн, хамар муруйсан байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Гэрч И.Ваанчигийн “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батгэрэл, Энхзул бид 3 манай гэрт согтууруулах ундаа хэрэглэчихсэн унтах гээд хоорондоо юм яриад сууж байтал 2023 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай найз Отгонбаяр гаднаас ганцаараа ирсэн. Ирэхдээ бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэгээд нийлээд 4-үүлээ юм яриад сууж байтал Батгэрэл, Отгонбаяр 2 юунаас гэдгийг нь мэдэхгүй байна багахан зэргийн юмнаас болж хоорондоо маргалдаад хэрэлдэж эхэлсэн бөгөөд тэр үед Отгонбаяр нь Батгэрэлийн хацар дээрээс нь алгадаад авсан. Тэгэхээр нь би гэрт хүүхэд байгаа гэртээ маргалдахгүй гадаа учраа олцгоо гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 хаалгаар орц руу гараад явсан ба би араас нь төд удалгүй гартал Отгонбаяр тонгойчихсон цусаа гоожуулаад сууж байхаар нь би гэр лүү дагуулж оруулаад нүүр гарыг нь угаагаад цусыг  нь тогтоож байтал гэнэт Отгонбаяр гэрээс гараад гүйгээд явчихсан бөгөөд удалгүй 30 орчим минутын дараа 2 цагдаатай эргэж орж ирээд Батгэрэлийг аваад явсан. Харин бид нар гэртээ үлдсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1376 дугаартай дүгнэлтэнд  “Б.Отгонбаярын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”  гэжээ /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Бийн “...Ваанчиг бид хоёрыг гэрт маргалдахгүй шүү гэхээр нь бид хоёр гэрээс нь гараад орцонд би түүний нүүр лүү 2 удаа цохисон юм. 2 дахь удаагаа цохиход Отгонбаярын хамраас нь цус гарсан ба тэр үед Ваанчиг гэрээс гарч ирээд салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 39-40/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 03:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34-р байрны орцонд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Отгонбаяртай маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт мөргөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Отгонбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр “...өөрт учирсан хохирол болох 2.000.000 төгрөгийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 39/-ийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олход овогт МБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ