Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар   2023/ШЦТ/181

 

2023         03          10                                     2023/ШЦТ/181

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БМд холбогдох эрүүгийн 2311 00192 0628 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Агуйт дунд агуйт 16 дугаар гудамж 1602 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Соотын ногоон 202-208 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд:Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгж буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт БМ .......................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Батсайханы Мөнх-Од нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-908 тоотод иргэн Б.Мөнгөлөгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж биед нь баруун зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Батсайханы Мөнх-Од нь:

архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-908 тоотод иргэн Б.Мөнгөлөгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж биед нь баруун зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Мөнгөлөгийн “...Би .. 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 20  цагийн орчим Нарантуул 2 захын урд байрлах Олоннуур караокед зүс таних эгчтэй хамт сууж байгаад 3 эрэгтэйтэй танилцсан танилцаад нэгнийхэн гэрт очоод хамт 2 хоног ууж идсэн би одоо тэд нарын нэрийг санахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Одко гэж байсан санагдаж байна тэр залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд нүүр лүү нь гараараа цохисон чинь зөрүүлээд миний нүүр лүү гараараа 1-2 удаа цохиод миний хамарнаас цус гараад би тэгээд цагдаад дуудлага өгсөн миний нүүр хавдартай аймаар болчихсон байсан. Би нэрийг нь сайн санахгүй байна хэрэг болсон өдрөөс хэд хоногийн өмнө танилцаж байсан гэр нь Хүчит шонхорын хажууд байдаг гэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Б.Мөнгөлөгийн “...Одко гэх залуу намайг хэл амаар доромжлоод янхан гэх мэтээр доромжлоод байхаар нь би Одкотой нь маргалдаад хэрэлдэж байхад Одко нь миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон, тэгээд миний хамарнаас цус гараад, тэнд байсан Мөнхөө, Гомбо нар салгаад харин манай эгч нэлээн муудчихсан хэвтэж байсан ... миний биед Одко гэх залуу халдаж цохисон, өөр хэн нэгэн халдаж цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Гэрч Н.Гомбын “... Мөнх-Од гэрээс гарч яваад гаднаас ирэхдээ үл таних хоёр эмэгтэй авчраад бид нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Өчигдөр буюу 2022 оны 12 сарын 24-ний өдөр бид нар гэрээс гаралгүй, архи уугаад юм ярьцгааж байгаад би унтаад өгсөн юм ... 2022 оны 12 сарын 25-ны өдөр өглөө сэрэхэд нөгөө хоёр эмэгтэйгийн арай залуувтрынх нь нүд нь хөхөрч, хавдчихсан байдалтай байсан. Мөнхбаяр байсан, Мөнх-Од байгаагүй ба тухайн эмэгтэйгээс асуухад Мөнх-Од цохичихсон гэж хэлээд, цагдаагийн байгууллага ирсэн юм ... Мөнх-Одыг цохисон гэж тэр эмэгтэй хэлсэн ... өчигдөр унтаж байгаад сэрээд харахад зүгээр байсан, харин өглөө сэрээд хартал нүд нь хөхөрчихсөн, хавдсан байдалтай байсан ... би тэр хоёр эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй өнгөрсөн баасан гаригт танилцсан юм. Мөнх-Од буюу Одко л танилцуулаад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч З.Мөнхбаярын “...хамт архи уусан гэх эмэгтэйн 1 нүд нь улайчихсан, 2 нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Мөнх-Одтой маргалдаад цохичихоод явчихсан гэж хэлээд, цагдаад дуудлага өгсөн юм ... өнгөрсөн баасан гаригт олон нуур караокед танилцсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтэнд  “Б.Мөнгөлөгийн биед баруун зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Мын “...Би тухайн үед Эрдэмтранс автобус баазанд явдаг байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед ажилаа тараад Дэнжийн мянгад Мөнхбаяр гэх найзынхаа гэрийн доохон талд байдаг Каракоед очсон чинь Мөнхбаяртай уулзаад байж байтал тэнд хоёр эмэгтэйтэй Мөнхбаяр танилцсан нэгийн Мөнгөлөг гэж байсан нөгөөхийн нэрийг санахгүй байна надтай танилцуулаад хамт гараад гэр лүү аваад явсан би Мөнхбаярын гэрийн хаягын сайн мэдэхгүй тэгээд гэрт нь бид гурав очтол Гомбо согтуу унтаж байсан Гомбо сэрээд бид хэд нэг шил Хараа гэх нэртэй 0,75л савалгаатай архи уугаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөржин Мөнхбаярын гэрт архи ууж өнжөөд оройн нь бас архи аваад ууж байтал тэр хоёр эмэгтэйн Мөнгөлөг нь надтай маргалдаад хэл амаар доромжилоод байсан. Би тэгээд уурлаад гараараа нүүр лүү гараараа нэг цохиод гараад явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 04-01/422 албан тоот /хх 38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 39-54/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 67, 68/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Батсайханы Мөнх-Од нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-908 тоотод иргэн Б.Мөнгөлөгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж биед нь баруун зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Б.Мөнгөлөгөөс “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлтээ гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаагүй болно.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт БМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ