Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

2022         12          26                                   2023/ШЦТ/17

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Х.К /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч Т.Болдбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт ХКт холбогдох эрүүгийн 2211 00459 1922 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, Номун түлхүүр засварын газар инженер ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол 18 дугаар байр 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 19-9 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шыбарайгыр овогт ХК ..................................................

Холбогдсон хэргийн товч агуулга;

Шүүгдэгч Х.К нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Быг би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна ингэхийн тулд 8 сая төгрөг хэрэгтэй, эхлээд мөнгөө 100 хувь өгөх шаардлагатай, би  өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулж өгсөн. Нийт 5 хүүхдийг оруулж өгсөн байна, надад хугацаа шаардлагатай, 9 дүгээр сарын 15-н хүртэл хүлээх хэрэгтэй тэр сургуульд ажилладаг багшийг танина тэр багшаар дамжуулж танай хүүхдийг оруулж өгнө, би чадна, надад итгэ, би өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулсан гол нь мөнгийг бүрэн өгөх шаардлагатай гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5219010108 дугаарын дансаар 2.200.000 төгрөг, 2.900.000 төгрөг, 2.900.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр бэлэн бусаар нийт 8.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.К нь:

шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Болдбаярыг би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна ингэхийн тулд 8 сая төгрөг хэрэгтэй, эхлээд мөнгөө 100 хувь өгөх шаардлагатай, би  өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулж өгсөн. Нийт 5 хүүхдийг оруулж өгсөн байна, надад хугацаа шаардлагатай, 9 дүгээр сарын 15-н хүртэл хүлээх хэрэгтэй тэр сургуульд ажилладаг багшийг танина тэр багшаар дамжуулж танай хүүхдийг оруулж өгнө, би чадна, надад итгэ, би өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулсан гол нь мөнгийг бүрэн өгөх шаардлагатай гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5219010108 дугаарын дансаар 2.200.000 төгрөг, 2.900.000 төгрөг, 2.900.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр бэлэн бусаар нийт 8.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Х.К нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 23 дугаар сургуулийн багш болох Ариунтуяа гэдэг хүнийг таньдаг нь үнэн. Тэр багш өөрийгөө өмгөөлөн хэрэгт орохоосоо эмээгээд намайг танихгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн байсан. Би 23 дугаар сургуульд эгчийнхээ хүүхдийг оруулсан нь үнэн. Манай эгчийн хүүхэд одоо хэр нь тухайн сургуульд Герман хэлний 6 дугаар ангид суралцаж байгаа. Би Ариунтуяа гэдэг багштай холбогдоод оруулж өгч байсан. Би Болдбаяр гэдэг хүнээс мөнгө аваад 7 сая төгрөгөөр хүүхэд оруулахаар болж багштай нь тохиролцоод үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь манай найз Нурка бид хоёр хувааж авахаар тохиролцсон. Би энэ хүнээс 8.000.000 төгрөг аваад Нурка бид хоёр 500.000 төгрөг тус бүрийг хувааж аваад үлдэгдэл мөнгийг нь хүүхэд оруулахаар болсон багшид өгөхөөр болох үед ковид үе таарч байх тул жоохон хүлээж байгаарай, шалгалт ирээд байна хүлээж байгаарай гэж надад хэлсэн. 2-3 сар багш нь хүлээлгэж байсан. Тухайн үед хүмүүс койноос ийм ашиг олж байна гэж надад хэлж байсан. Би хүний мөнгө гэдгийг мэдэж байсан хэдий ч 7 сая төгрөгийг өсгөөд 10 сая төгрөг болгох санаатай койн худалдаж авсан хэдий ч амжилт олоогүй. Би унаж байсан машинаа зараад хүмүүсийн мөнгийг өгье гэж бодож байсан хэдий ч би нийтдээ 5 хүнээс мөнгө авчихсан байсан. Тэр хүмүүсийн нэг нь ирээд миний машиныг булаагаад аваад явсан. Би хохирогчийн мөнгийг өгье гэж бодож байсан хэдий ч боломж байгаагүй. Би тухайн үед худлаа үнэн хэлээд цаг хожоод яваад байсан. Нэг тиймэрхүү л юм болсон. Би түүнээс биш хохирогч нарын мөнгийг өгөхгүй гэж бодохгүй байна. Би 7 дугаар сард ажилд орсон. Ажилд орсноос хойш ажилдаа дадлагашаад гайгүй цалинд хүрээд байна. Би 2023 онд  хохирлыг төлж барагдуулах болно” гэв.

Хохирогч Т.Болдбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Кийн мэдүүлгийг нь уншаад цаашаагаа багшид мөнгө дамжуулж өгөхгүйгээр үрэн, таран хийснийг нь мэдсэн. Би энэ талаар мэдээгүй байсан. Хүлээгээд л хүлээлтийн байдалтай байсан. 2021 оноос хойш цаг хугацааны хувьд нэлээн удлаа. Мөнгө төгрөг хэрэгтэй байна. Мөнгөө авъя гэж Х.Кт хэлж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд бидэнтэй огт холбоогүй болсон. Түүний гар утас руу залгахаар утсаа авахаа больсон. Мөн гар утаснууд нь холбогдохгүй болсон. Өөрийн биеэр гэрт нь очиж уулзаж мөнгөө авмаар байна гэдгээ хэлж байсан. Энэ асуудлаар манай эхнэр бид хоёр ярилцсан. Манай эхнэр одоогоор бие давхар байгаа бидэнд мөнгө төгрөг чухал хэрэгтэй байна. Миний хохирлыг төлж барагдуулах юм бол өөр гомдол санал байхгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Т.Болдбаярын “...манай эхнэрийн хамт ажилладаг Нурка хэлэхдээ “манай 10 жилийн найз Кадирбек нь танай хүүхдийн асуудлыг шийдэж өгч чадна” гэж хэлээд Кадирбекийн утасны дугаарыг өгсөн. Тухайн үед Кадирбек 98022324 дугаартай байсан бөгөөд манай эхнэр Мягмарсүрэн түүнтэй утсаар ярихад тэрээр "би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна ингэхийн тулд надад 8 сая төгрөг хэрэгтэй, эхлээд мөнгөө 100 хувь өгөх шаардлагатай, би өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулж өгсөн, нийт 5 хүүхдийг оруулж өгсөн байна, надад хугацаа шаардлагатай, 09 дүгээр сарын 15-н хүртэл хүлээх хэрэгтэй, тэр сургуульд ажилладаг багшийг танина, тэр багшаар дамжуулж танай хүүхдийг оруулж өгнө" гэж хэлсэн байсан ... Би анх удаа Кадирбектэй уулзаж ярилцахад тэрээр "би чадна, надад итгэ, би өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулсан, гол нь мөнгийг бүрэн өгөх шаардлагатай" гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хүүхдийн хадгаламжийг барьцаалаад зээл авчихсан, 23 дугаар сургуульд үнэхээр оруулж өгч чадах юм бол хамаагүй, яг одоо шилжүүлье гэж хэлээд тэр өдрөө буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Мягмарсүрэнгийн Голомт банк дахь 1105324533 тоот дугаарын данснаас Кадирбекийн Хаан банк дахь 5219010108 тоот дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр мобайл банк ашиглан нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн ... Тэрнээс хойш Кадирбекийн хэлснээр 09 дугээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээгээд хэлсэн хугацаа өнгөрсний дараа утсаар холбогдоход тэрээр "түр хүлээж байгаарай, асуудал шийдэгдэж дуусаагүй байна, эргээд хариу өгье" гэж хэлээд утсаа салгасан. Би түүнийг дахин хэсэг хугацаанд хүлээсэн. Манай эхнэр Мягмарсүрэн болон би өөрөө Кадирбекийн 98022324, 88008405, 96693013 дугаар луу удаа дараа залгаж, мессеж бичсэн боловч утсаа авахгүй, хариу мессеж ирүүлэхгүй байсан. Зарим тохиолдолд утсаа аваад хариу өгнө. Гэхдээ янз бүрийн шалтаг хэлнэ. Тэрээр санаа зоволтгүй, би үүнийг бүтээнэ. Нөгөө хүмүүстэйгээ заримдаа холбогдож чадахгүй байна, бүр болохгүй бол би та хоёроос авсан мөнгийг буцаан өгч чадна, хамгийн сүүлд цагаан сарын өмнө машинаа зараад мөнгийг чинь өгнө, 2022 оны 02 дугаар сарын 10-ыг хүртэл хүлээгээч” гэж хэлсэн ... Кадирбек хаана ажилтай гэдгийг мэдэхгүй, анх уулзахад томоотой хүүхэд шиг харагдсан. Манай эхнэртэй хамт ажилладаг Нуркагийн найз гэсэн утгаар итгэсэн ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  71-72 дугаар тал),

Гэрч Б.Ариунтуяагийн “...Би тус сургуульд 2019 оноос хойш ажиллахдаа хэн нэгний гуйлт болон ямар нэг шан харамж амласан юм уу өөрийн хүүхэд болон танилын хүрээнээс огт хүүхэд оруулж байсан удаа байхгүй. Манай том хүү Э.Анарболдын охин Э.Анужин маань Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд сурдаг. Би хэн нэгэнтэй холбогдож хүүхэд 23 дугаар сургуульд оруулж байсан удаа байхгүй. Надад тийм буруу зүйл хийх хүсэл ч байхгүй. Харин миний нэрийг барьж ингэж ярьж байгаа хүнтэй нүүрэлдэж уулзаж мөн эсэх талаар асууж тодруулмаар байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дугаар тал),

Гэрч П.Нуртилекийн “...Х.К нь 2020 онд гэж санаж байна 23 дугаар сургуульд эгчийнхээ хүүхдийг оруулчихсан гэж ярьж байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сард би Кадирбекийг өөрийн найз Болдбаяртай холбож өгсөн. Ингээд Болдбаяр нь Кадирбек нь өөрийн хүүхдээ 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид оруулна гээд Кадирбект 8,000,000 төгрөгийг өгчихсөн гэж хэлж байсан. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын дунд үеэс Болдбаяр нь надад "Нөгөө хүн чинь удаад байна чи нэг яриад өгөөч" гэж хэлсний дагуу би Кадирбектэй холбоо тогтооход “Удахгүй болно, хүлээж бай” гээд хэд хэдэн удаа хойшлуулж байсан. Ингээд 2022 оны 02 дугаар сараас эхлэн Болдбаяр болон түүний эхнэр Мягмарсүрэнтэй таарамжгүй харилцаатай болж эхэлсэн. Харин Кадирбек нь тэдний хүүхдийг 23 дугаар сургуульд оруулж өгнө гээд одоог хүртэл оруулж өгөөгүй байгаа мөн Болдбаяраас авсан 8,000,000 төгрөгийг эргүүлэн өгөөгүй байгаа гэсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  78-79 дүгээр тал),

Шүүгдэгч Х.Кийн “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны Болдбаярын хүүхдийг 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид оруулж өгнө гэж 8,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5219010108 тоот дансаар авсан. Тухайн мөнгөнөөс 6.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжпийн банкны 820001443 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд тухайн мөнгийг АЙ ЭЧ СИ, ЛУНА гэх койнуудыг худалдан авсан бөгөөд тухайн койнуудаас ямар нэгэн ашиг авсан зүйл байхгүй. Ингээд Болдбаяр нь хүүхэд сургууль оруулж өгөх асуудлын тухай надтай холбогдоход би хугацаа хожих гээд "багш нар нь оруулж өгөхгүй байна, мөнгийг нь буцааж өгөхгүй байна" гэх мэт зүйлс хэлсээр одоог хүрсэн. Одоог хүртэл Болдбаярын хохирлыг барагдуулаагүй, холбоогүй байгаа. Анх хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгийг авсан хэдий ч тухайн үед койнууд их сонирхол татаж байсан бөгөөд тухайн мөнгөөр койн худалдан авсан, ингээд койноос ашиг олоогүй бөгөөд үлдсэн мөнгөөр 1ХБЭТ спорт мөрийтэй тоглоод мөнгөө алдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дугаар тал),

Худалдаа хөгжлийн банк дахь 820001443 дугаарын дансны хуулганд хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

Эд зүйл/баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31, 34-65 дугаар тал),

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100 дугаар тал),

иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар тал), Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 23 дугаар тал) зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Х.К нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Болдбаярыг би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна ингэхийн тулд 8 сая төгрөг хэрэгтэй, эхлээд мөнгөө 100 хувь өгөх шаардлагатай, би  өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулж өгсөн. Нийт 5 хүүхдийг оруулж өгсөн байна, надад хугацаа шаардлагатай, 9 дүгээр сарын 15-н хүртэл хүлээх хэрэгтэй тэр сургуульд ажилладаг багшийг танина тэр багшаар дамжуулж танай хүүхдийг оруулж өгнө, би чадна, надад итгэ, би өмнө нь эгчийнхээ хүүхдийг оруулсан гол нь мөнгийг бүрэн өгөх шаардлагатай гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5219010108 дугаарын дансаар 2.200.000 төгрөг, 2.900.000 төгрөг, 2.900.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр бэлэн бусаар нийт 8.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Кэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3 удаагийн гүйлгээгээр бэлэн бусаар нийт 8.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулах саналтай, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Х.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Х.Кийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Болдбаярт нийт 8.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үндэслэлээр шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулсан боловч шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Х.Кээс хохирлын 8.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Болдбаярт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт ХКийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3 удаагийн гүйлгээгээр бэлэн бусаар нийт 8.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Кээс хохирлын 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Болдбаярт олгосугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Кт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ