Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

2022        12         26                                   2023/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Д.Х /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч С.Түвшинжаргалын өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт ДХт холбогдох эрүүгийн 2211 00000 2031 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цагаан гэрүүд овогт ДХ, регистрийн дугаар ..........................................

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаан банкинд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-70 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн хөмсөг хэсэгт цохиж түүний биед зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсгөнд шарх, дээд зовхинд зулгаралт гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Түвшинжаргалын “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Баярмаагийн ажил дээр очоод Д.Баярмааг зээлийн төлөлтөө цаг хугацаанд нь хийх шаардлагатай байна гэдэг зүйлийг ярихаар очсон. Тэр үед Д.Баярмаа би мэдэж байгаа гэдэг зүйлийг яриад байж байтал гаднаас Д.Баярмаагийн ах орж ирсэн. Гэтэл Д.Баярмаа ахдаа хандаж “Энэ залуу намайг дарамтлаад байна” гэж хэлтэл ах нь уурлаж миний зүүн талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон. Түүнээс болж миний талын хөмсөгний орчимд язарсан ба ямар нэгэн эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ аваагүй болно. Би ямар зүйл гартаа бариад намайг цохисон талаар хараагүй ба би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Д.Баярмаагийн ахаас бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртэж байсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,   

Гэрч Д.Баярмаагийн “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчимд Түвшинжаргал манай ажил болох Чингэлтэй дүүргийн 7 буудлын ертөнцийн зүгээр баруун талын дугуй засвар дээр ирсэн. Түвшинжаргал тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түвшинжаргалыг манай ажил дээр ирээд удаагүй байхад манай төрсөн ах Хүрэлбаатар орж ирсэн ба тэр хоёр гар барилдаан хийж тоглож байгаад ойр зуурын юм яриад маргалдах болсон. Түвшинжаргал манай ах Хүрэлбаатарын хоолойноос боогоод цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Түүнээс болж манай ах Хүрэлбаатарын биед гэмтэл учраагүй болно. Би тэр үед ах Хүрэлбаатар, Түвшинжаргал нарыг салгаж болиулсан ба ах Хүрэлбаатар уурлаж Түвшинжаргалын зүүн талын хөмсөг орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба түүнээс болж Түвшинжаргалын хөмсөг хэсгээс цус гарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “... дээрх гэмт хэргийн улмаас КЮ79010570 регистрийн дугаартай Содном овогтой Түвшинжаргал нь 2022 оны 11 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторын үзлэгээс 15.000 төгрөгөөр 2 удаа үйлчилгээ авч нийт 30.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 04/5516 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Түвшинжаргалын биед зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсгөнд шарх, дээд зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Хын “...Тухайн өдрийн орой гэртээ ганцаараа 2 ширхэг лаазтай шар айраг уучихаад дүү охины ажил болох Чингэлтэй дүүргийн 7 буудлын тосол зардаг дугуй засварт 22 цагийн орчимд очтол манай дүү охин Баярмаа хамтран амьдрагч Түвшинжаргалын хамтаар байсан. Тэгээд намайг харснаа Түвшинжаргал надтай гар барилдаан гэх тоглоом тоглоё гэхээр нь би зөвшөөрсөн юм. Би Түвшинжаргалыг хэд хэдэн удаа ялсан чинь уурлаж миний хоолой хэсгээс гараараа боохоор нь би уурлаж зүүн талын хөмсөг хэсэг гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай дүү охин бид хоёрыг салгаж болиулсан ба Түвшинжаргалыг би цохисоноос болж зүүн талын хөмсөг хэсгээс цус гарсан. Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй ба бид хоёр урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй юм. Түвшинжаргал бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлын талаар тодорхой санаж байна мөн биеэ хариуцах чадвартай байсан юм. Түвшинжаргал бид хоёрыг маргалдаж муудалцаж үед манай дүү охин Баярмаа хамт байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн хөмсөг хэсэгт цохиж түүний биед зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсгөнд шарх, дээд зовхинд зулгаралт гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Түвшинжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/, гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Х нь хохирогч С.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хөмсөг хэсэгт цохиж түүний биед зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсгөнд шарх, дээд зовхинд зулгаралт гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогч С.Түвшинжаргал ...миний бие 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас биечлэн оролцох боломжгүй байна ...хохирогч миний хууль ёсны эрх ашгийг төлөөлж Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ю.Майцэнгэл оролцох болно ...” гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн ба гэм буруугийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс тусгайлан санал гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийвдэрлэх ажиллагааг хохирогч С.Түвшинжаргалыг байлцуулахгүйгээр явуулсан болно. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгчээс 30.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлэх саналтай ....”  гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Д.Х нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Түвшинжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргаагүй хэдий ч;

шүүгдэгч Д.Х нь хохирогч С.Түвшинжаргалд 650.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй ...” гэсэн болно.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалаас нэхэмжилсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хохирогч нь амбулаторийн үзлэгээр 30.000 төгрөгийн үйлчилгээ авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 30.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Д.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт ДХыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 30.000 төгрөгийг шүүгдэгч Д.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 650.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ