Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00345                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* оршин суух, Т овогт Да гийн Ду /*******/-гийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай, цалингийн тооцооны хүснэгтийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ду, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ду шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1985 оны 4 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хожуу бичигдсэн, тушаалын бичилт дутуу, зөрчилтэй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримт зэргийг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Да овогтой   Ду  намайг  эхээс төрөх үед надад П гэдэг нэр хайрласан гэдэг. Гэтэл аав маань төрсний гэрчилгээ авахдаа Ду нэртэй авсан байсан. Нэгдэлд ажиллаж байх үед намайг П гэж ойр тойрны хүмүүс маань авгайлан дууддаг байсан бөгөөд тухайн үеийн нэгдлийн боловсон хүчин цалин олгож байсан баримт дээр миний нэрийг Д.П, П гэсэн нэрүүдээр бичсэн байсан. Иймд Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас олгосон П, П нэртэй цалингийн баримтуудын жинхэнэ эзэмшигчээр Да овогтой Ду намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ду нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд  1985 оны 4 сарын 1-ний өдрөөс  1991 оны 12 сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгох, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас олгосон П, П нэртэй цалингийн баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Дуд хамаарах Дундговь аймгийн Гурвансайхан сумын Хөгжил нэгдэлд 1985 оны 4 сарын 1-ний өдрөөс  1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсан   талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 10-ны өдрийн 213 дугаартай  тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хх-ийн 25/

 

Нэхэмжлэгч Д.Ду нь Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас Д.Пд олгосон цалингийн тооцооны хүснэгтийн  жинхэнэ эзэмшигч  мөн болох нь

-Тэрмийн шавь овогт Дагийн Дугийн иргэний үнэмлэхий нотариатчаар гэрчлүүлсэн хувь / хэргийн 2-р хуудас/

- М.Г, Д.Ду нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 сарын 16-ны өдрийн 3/455 дугаартай “ Да-гийн Ду /*******/ нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд овог нэр өөрчилсөн бүртгэл байхгүй байна” гэх тодорхойлолт /хэргийн 39-р хуудас/

-Гэрч О.Ма-н “...Дагийнх гэдэг айл нилээд хэдэн охинтой, нийт 6-7 хүүхэдтэй айл байсан.  Дуг гэрийнхэн нь хааяа П гэж дууддаг байсан санагдаж байна. Би 1981-2009 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин байсан хүн. Бид нэг нутгийн хүмүүс, дунд сургуульд  эгч Отгонтой нь  ойролцоо сурч  байсан учраас энэ хүний талаар  мэдэж байна.  Миний мэдэж байгаагаар манай бригадад лав П нэртэй өөр хүн байгаагүй. Бага залуу байсан учраас хол нутаглаж байсан хүн танихгүй байж магадгүй. Гэхдээ тийм нэртэй хүн байгаагүй.   Ду ямар учраас хэзээ яаж нэрээ өөрчилсөн талаар нь би нарийн мэдэхгүй. Сургуульд Ду гэдэг л байсан. Гэрт нь орж гарах үед гэрийнхэн нь  П гэж дууддаг байсан санагдаж байна. Түүний эгч О-той нь би үе учраас гэрт нь хааяа очдог байсан. О эгчийнх нь нөхөр манай нэгдлийн зоотехникч байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/

-Гэрч Н.Э-н “...Дагийнх гэдэг айлд П гэж  өөр хүүхэд байхгүй. Айлууд  заримдаа хүүхдээ  хоёр нэрээр нэрлэдэг байсан. Тэгээд нэгдлийнхэн Дуг П гэж дууддаг үе байсан байх. Да гэдэг айл нь 4 охинтой байсан. П гэж хүүхэд байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Ду нь 1985 оны 4 сарын 1-ний өдрөөс  1991 оны 12 сарын 31-ний өдөр  хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 5-ны өдрийн 08/356 дугаартай “Хөгжил нэгдэл, Хөгжил ХК”–ний талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/

-Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс 1991 оны 11 сарын 16-ны өдөр Д.Ду олгосон, 1985 оны 4 сарын 1-ний өдөр малчнаар гэсэн бичилт бүхий, 1991 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь / хэргийн 6-7-р хуудас/

-Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 25 дугаартай “тус сумын ЗДТГазрын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 70 дансыг /1972-1994/ бүрэн бус баримтыг хүлээн авсан. Д.Дугийн сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг багт малчнаар ажиллаж байсны 1986, 1989, 1990, 1991, 1992 оны цалингийн карт, нэгдлийн харилцахын баримтнаас  ажиллаж байсныг нотлох 1988 оны 5 сарын баримт байсныг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа /хэргийн 10-р хуудас/

-1986 он, 1988 он, 1989 он, 1990 он, 1991 он, 1992 онуудад цалин авч байсан “ажилтны нэр: Д,Ду, П, Д.П” нэртэй  баримтууд,

-Гэрч Н.Э-н “ Д.Ду нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад 1985 оны 6 сард илгээлтээр гарч нэгдэлд үржил хонь маллаж байсан. Ду нь М.Га  гэж хүнтэй гэр бүл болж байсан. Г  нь ээжээсээ багадаа өнчирсөн. Түүний хойд аав Дэмбэрэлийнхтэй нь манайх айл саахалт байхад Га  Ду нар нь ирдэг байсан болохоор Дуг нэгдэлд малчин байсныг нь мэдэж байна.  Д.Ду нь нэгдэлд 1985 оноос 1991  он дуустал малчин байсан.  Би ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1978 оноос 1989 оныг дуустал худалдагч, тогооч зэрэг үйлчилгээний ажил хийж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 26-р хуудас/

-Гэрч О.Ма-н “...******* сумын харъяат улаан Да гэж хүний олон охидын нэг. Нэгдэлд мал малладаг, саальчин  ч байсан. Ду нь Өвөрхангай аймгийн гаралтай 1984 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас шилжиж ирж байсан. Д.Ду 1985-1991 он дуустал Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад малчин байсан. Би Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1981 оноос  хувьчлал тарах хүртэл малчин байсан” гэх мэдүүлэг /хэргийн 32-р хуудас/ зэрэг баримтуудаар шууд байдлаар

-Н.Э-г 1978 оны 8 сарын 3-ны өдрөөс 1989 оны 8 сарын 7-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 1 сарын 18-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 28-29-р хуудас/

-Ө.М-г 1981 оны 6 сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд  малчнаар ажиллаж байсныг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 332 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 33-р хуудас/ зэрэг нотлох  баримтаар дам байдлаар тогтоогдож байна.

Гэрч А.Б  нь нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Тэ овогт Да-гийн Ду /*******/ нь Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас олгосон 1988-1991 онуудад хамаарах “ажилтны нэр: Д.П, П” гэсэн бичиглэл бүхий цалингийн тооцооны хүснэгтийн  жинхэнэ эзэмшигч  мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэ  овогт Да-гийн Ду /*******/ нь 1985 оны 4 сарын 1-ний өдрөөс  1991 оны 12 сарын 31-ний өдөр  хүртэл Дундговь аймгийн *******  сумын Хөгжил нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б