Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

2023          01         09                                   2023/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

  шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч Ц.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Замбага овогт ГГд холбогдох эрүүгийн 2211 00000 1946 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Замбага овогт ГГ, регистрийн дугаар ...............................

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвд тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 43-25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-144 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Г.Г нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Өсөх төв дотор 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бтэй үл ялих шалтгаанаар маргалдаж толгой тус газарт нь шилэн аягаар цохиж түүний биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Батцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмтлийн эмч болон Мэдрэлийн эмч нар намайг эмрад харуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Би духан дээр гарсан байгаа сорвио арилгуулмаар байна. Сорвио арилгахад 1 дүгээр эмнэлэг дээр мэс ажилбар хийгддэг гэсэн, эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна ” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Батцэнгэлийн “...би өнөөдөр ажлын хамт олноороо 23 цагийн орчимд Өсөх төвд ороод Экс нэртэй архийг хувааж уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал ажлын Нямка гэх эмэгтэйг үл таних эмэгтэй толгой хэсэг рүү нь цохисон. Тэр үед би үл таних эмэгтэйг үс хэсгээс нь гараараа татсан гэтэл уурлаж маргалдсан. Тухайн үл таних эмэгтэйн дээрээс нөхөр нь хэрүүл маргаанд оролцож миний гар хэсгээс барьтал үл таних эмэгтэй ойролцоох ширээний дээрээс шар айргийн шилэн том аягаар миний толгой орой буюу дух үс хоёрын уулзвар хэсэг рүү цохисон. Түүнээс болж миний толгой хэсэг язарсан шарх үүссэн. Би тухайн эмэгтэйг танихгүй ба цэнхэр өнгийн ноосон цамцтай гадуур нь цэнхэр өнгийн ноосон цамцтай гадуур нь цэнхэр өнгийн яак өмссөн байсан. Миний биеийн бусад хэсэгт учирсан гэмтэл шарх байхгүй болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,

Гэрч Б.Батцэвээний “...би эхнэр Гантуяагийн хамтаар 21 цагийн орчимд Өсөх төвийн караоке орж Эдэн нэртэй 1 литрийн архийг 2 найз, эхнэрийн хамтаар хувааж уусан ба бүжгийн талбай дээр би эхнэрийн хамт бүжиглэж байтал ойролцоо олон хүн бүжиглэж байтал нэг танихгүй эмэгтэй намайг бөгсөөрөө түлхтэл манай эхнэр намайг хамгаалж тухайн үл таних эмэгтэйг бөгсөөрөө түлхсэн. Гэтэл тэр эмэгтэй манай эхнэрийн үснээс зулгааж хэрүүл маргаан болж зодоон болсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Гэрч Д.Нямцэцэгийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой манай ажлын хүмүүс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх Өсөх төвд караокед байсан. Би оройны 22 цагийн үед очиход манай ажлын арав гаран хүн тэнд байсан. Тэгээд бид хэд хэсэг дуулж бүжиглэж байж байгаад намайг очсноос хойш цаг гаруйн дараа тухайн караоке дотор өөр ширээний хүмүүстэй маргаан үүссэн. Намайг ажлынхаа Хашцэцэг гэх эгчтэйгээ бүжиглэж байхад ардаас хүн түлхээд би газарт  унасан. Тэгээд босоод ирэхэд миний найз Батцэнгэлийг цохичихсон байсан ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Цэнджаргалын Батцэнгэл /ЖЬ81121129/ нь 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн төвөөс 206.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/5094 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ггаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ц.Бадралын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14557 дугаартай “...Ц.Батцэнгэлийн биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Шинжээч Ц.Бадралын “...Батцэнгэлийн биед учирсан духанд няцарсан шарх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Ггийн “ ... Тухайн үед нөхөр Батцэвээн бид хоёр караокены зааланд байсан танихгүй хүмүүстэй маргаан гарсан юм. Манай нөхрийг зааланд байсан хар хөх өнгийн цамцтай нэг эмэгтэй нь бүжиглэж байхад нь шахаад байсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор халчихсан байсан. Тэгээд би нөхрийгөө өмөөрөөд тухайн хар хөх өнгийн цамцтай эмэгтэйтэй маргалдсан. Би нөхөртэй маань маргаан үүсгээд байсан хар хөх өнгийн цамцтай эмэгтэйг түлхсэн юм. Тэгтэл тэр эмэгтэйгийн найз нь гэхээр эмэгтэй миний үснээс зулгааж татсан юм. Тэгэхэд миний найз Оогий хажуунаас орж ирээд бид хоёрыг салгаж байсан. Тухайн өдөр миний үснээс зулгаасан хар хөх өнгийн цамцтай эмэгтэйг ширээн дээр байсан зүйлээр нэг удаа цохисон. Тэгээд дахиж хоорондоо зодолдсон цохиж зодсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-35 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Г.Г нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Өсөх төв дотор 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Батцэнгэлтэй үл ялих шалтгаанаар маргалдаж толгой тус газарт нь шилэн аягаар цохиж түүний биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Батцэнгэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/, гэрч Б.Батцэвээний мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, гэрч Д.Нямцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ц.Бадралын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14557 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-35 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/, шүүгдэгч Г.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой үл ялих шалгаанаар маргалдаж толгой тус газарт нь шилэн аягаар цохисоны улмаас хохирогчийн биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт нь хавсаргах саналтай, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ...” гэсэн  санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, нотлох баримтын шаардлага хангасан 597 940 төгрөгийн хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос: “...Би нийтдээ 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтуудаар 1.359.395 төгрөг нэхэмжилж байна. Үлдэгдэл нэхэмжилж байгаа хохирлуудын баримт байхгүй байна ...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан.

Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийн нэхэмжилсэн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 1.359.395 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан, шүүхээс тогтоосон хохирол болох 597 940 төгрөгийн хохирлоос 600.000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 761,455   төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Батцэнгэл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Мөн хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлж уг төвөөс 206.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Замбага овогт ГГг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Батцэнгэл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ