Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ДШМ/39

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                 Прокурор Г.Цолмонгэрэл

                                                  Хохирогчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахим сүлжээгээр/

                                                  Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШТ/30 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Н.Д, “И.Б.З” ХХК -д холбогдох эрүүгийн 1726000470047 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бямбаа овгийн Н.Д,

 “И.Б.З” гэх оноосон нэртэй, ашгийн төлөө хуулийн этгээд болох хязгаарлагдмал хариуцлагатай компани;

 

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркийн автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон,

 

Шүүгдэгч “И.Б.З” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “И.Б.З” ХХК-д талбайн инженер ажилтай Н.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркийн автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зорчигч Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “И.Б.З” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, тус анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, нотолбол зохих байдал гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна гэж дүгнэн шүүгдэгч Н.Д, “И.Б.З” ХХК-д холбогдох 1726000470047 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч Н.Д, “И.Б.З” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Г.Цолмонгэрэл 2019 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэлцээ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Н.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуулийн этгээд болох “Их богд зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт буруутгаж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн тогтоолд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, нотолбол зохих байдал гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй.” гэж дүгнэсэн нөхцөл байдалд дараах тайлбарыг хийж байна.

Осолд орсон саарал өнгөтэй, Тоёота Ланд Круйзер-маркийн автомашинд хохирогч Ц.Б, Э.П, хохирогч Л.Б, Б.Ц, Г.М, Э.П нарын 5 хүн зорчиж явснаас Ц.Б, Э.П нар нь ослын улмаас хэргийн газарт нас барж, Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар уг ослоос амьд үлдсэн мэдүүлэг өгөх чадвартай хохирогч Л.Б, Б.Ц нарын мэдүүлгээр тухайн   тээврийн  хэрэгслийг  Ц.Б жолоодож явсан нь тогтоогдсон.

Түүнчлэн хохирогч Л.Б, Б.Ц нарын осолд орсон зам орчны байдлын талаарх мэдүүлэг болон Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозам, тээвэр /өргөх механизм/-ын хяналтын улсын байцаагч Д.М-гийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтүүд, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 560 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэрэг учрал гарах болсон шалтгааныг “И.Б.З” ХХК-ийн “Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн” буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай талаар дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой тогтоосон байтал шүүхийн тогтоолд “гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэл муутай шийдвэр болсон. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан ямар гэрчийн мэдүүлэг, ямар хохирогчийн мэдүүлэгтэй, ямар агуулгаар зөрүү үүсгэж байгааг тэмдэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Хэргийн тохиолдолд осол гаргасан автомашинд зорчиж явсан амьд үлдсэн, болсон үйл явдлыг нүдээр харсан анхдагч нотлох баримтыг илэрхийлэх хохирогч Л.Б, Б.Ц, Г.М нараас мэдүүлэг өгөх чадвартай хохирогч Л.Б, Б.Ц нарын мэдүүлэг, осол гарсны дараа хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээ үүсгэсэн нэг ч мэдүүлэг байдаггүй. Хэрэв тийм мэдүүлэг байсан бол шүүх шийдвэртээ ямар хохирогчийн мэдүүлэг, ямар гэрчийн мэдүүлэгтэй зөрчилдөж зөрүү үүсгэсэн талаар магадгүй бичих байсан байх. Харамсалтай нь шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан хийсвэр сэтгэлгээнд суурилсан нотлох баримтуудыг илүүд үзэж, гэмт хэргийн улмаас амьд үлдсэн цор үнэнийг хэлэх боломжтой хохирогч Л.Б, Б.Ц нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдэд ач холбогдол өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн хууль бус шийдвэртэй санал нэгдэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Д, хуулийн этгээд болох “И.Б.З” ХХК-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШТ/30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

Н.Д нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан саарал өнгийн Тоёота Ланд-Круйзер 100 маркийн автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж зам тээврийн осол гарган, уг машинаар зорчиж явсан Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон,

 

 “И.Б.З” ХХК нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг “Арц” гэх газар хот хоорондын асфальтон замын засварын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумаас Баянхонгор аймгийн чиглэлд явж байсан 64-81 УНР улсын дугаартай Тоёота Ланд-Круйзер 100 маркийн автомашин нь эвдрэлтэй замыг тойрон гарах үйлдэл хийхдээ унаж, зам тээврийн осол гаран, уг машинаар зорчиж явсан Л.Б, Б.Ц, Г.М нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Э.П, жолооч Ц.Б нарын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Энэ үйл баримтын талаар хохирогч Л.Б/1-р хх-42-45х, 46-47х /,  Б.Ц/1-р хх-49-51х/, Г.М/3-р хх-121х/ хохирогч Г.М-н хууль ёсны төлөөлөгч  А.Д/1-р хх-54-55х/, гэрч Б.М/1-р хх-56-57х/, Ш.У/1-р хх-ийн 58-59х,/, С.Б/1-р хх-ийн 61-63х/, Г.М/1-р хх-67-70х, 107-108х/, Г.У/1-р хх-ийн 80-81х/,  Ж.Л/1-р хх-ийн 86-87х, 4-р хх-160х/, Г.А/1-р хх-ийн 88-90х/, Б.Ж/1-р хх-ийн 91-93х, 107-108х/, А.Д/1-р хх-ийн 99-100х/,  З.Д/1-р хх-ийн 101х/, Б.Б/1-р хх-ийн 104х/,  Г.Ц /1-р хх-ийн 105-106х/, И.Ө /4-р хх-ийн 162х/, иргэний хариуцагч Г.А/ 4-р хх-ийн 145х/, шинжээч Д.М/1-р хх-118-119х/, Б.Б/3-р хх-129-131х/, яллагдагч Н.Д/2-р хх-ийн211-212х, яллагдагч “И.Б.З” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М/3-р хх-218-219х/ нарын мэдүүлгүүд,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг/1-р хх-29-30х/, хохирогч Л.Б, Б.Ц, Г.М нарт учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10267, 10268,10270 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд/1-р хх-188-189х, 191-192х, 194-195х/, ямар гэмтлийн улмаас талийгаач Э.П, Ц.Б нар нас барсан болохыг тогтоосон мөн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 85, 87 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд/1-р хх-175-176х, 178--179х/, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозам, тээвэр хяналтын байцаагч Д.Магвансүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт/3-р хх-ийн 70-72х/, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч ахмад Б.Бүрэнтөгсийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт/3-р хх-77х/, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 09 дүгээр  сарын 28-ны өдрийн 560 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт/3-р хх-129-131х/ зэрэг нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нь шүүгдэгч Н.Д, “И.Б.З” ХХК -ийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Дээр дурдсан үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Н.Д, “И.Б.З” ХХК -д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байхад “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл  муутай болжээ.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШТ/30 дугаар шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Д, “И.Б.З” ХХК -д холбогдох эрүүгийн 1726000470047 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол  Н.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.