Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0705

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нар.

Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх дүүргийн Тамгын газрын байр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нарын татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актын зарим хэсгийг буюу "Т" ХХК-д 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн торгууль, алдангийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч П.О , Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч П.О, Б.С нарын "Т” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актаар 191,907,649.47 төгрөгийн нөхөн татвар, 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 255,240,306.98 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

Татварын улсын байцаагчийн оногдуулсан нөхөн татвар болон илрүүлсэн зөрчилтэй маргах зүйлгүй. Харин энэхүү зөрчил болон нөхөн татварт 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгөх талаар гомдлыг Нийслэлийн маргаан таслах зөвлөлд гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот тогтоолоор актаар ногдуулсан төлбөр нь 2017-2019 оны зөрчлөөс үүдэн гарсан байх бөгөөд гомдол гаргагчийн гаргасан 2020 оны тогтоолд дурдсан чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлгүй байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2420501109 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдаж шийдсэн тогтоолыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан болно.

Дэлхийн олон улсад тархаад буй "Covid-19" вирусийн халдвараас сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс БНХАУ-д хийх гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд зогсоох, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хөл хорио тогтоох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээний үр дүнд манай улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдааны эргэлт, төсвийн орлогын гүйцэтгэл энэ оны эхний саруудад буурч, эдийн засгийн богино хугацааны сорилтыг бий болгох эрсдэлтэй байсан.

Иймээс Монгол Улсын Засгийн газар "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 2020 оны 78 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч төлөөгүй тохиолдолд түүнд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнчлэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт, худалдаа үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолын дагуу татвар, торгууль, алдангийг нэг удаа чөлөөлөх тухай хууль батлагдан гарснаар "Covid-19" вирусийн тархалтаас үүдэлтэй эдийн засгийн богино хугацааны сорилтыг даван туулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч буй татвар төлөгчид дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн болно.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх гэж бодлогын хувьд аж ахуйн нэгжийг татварын хариуцлагаас чөлөөлсөн.

Иймд тогтоолд заагдсан энэхүү хугацаанд манай компанид хяналт шалгалт хийж татварын торгууль, алданги ногдуулсан нь ижил үр дагавар үүсгэж байгаа тул 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн нөхөн ногдуулалтын 2420501109 тоот актаар Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримталсан атлаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл заалтыг баримтлан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтаар торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэл хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэснийг зөрчиж, мөн татварын ерөнхий газрын чиглэл өгөх тухай 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/1572 тоот чиглэл өгөх тухай зөвлөмжийг тус тус зөрчиж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

Иймд манай компанид хяналт шалгалт хийж татварын торгууль алданги ногдуулсан 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Т” ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч П.О, Б.С нарын татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актын зарим хэсгийг буюу Т ХХК-д  39.550.417.48 төгрөгийн торгууль, 23.782.240.03 төгрөгийн алданги нийт 63.332.657.51 төгрөгийн торгууль, алдангийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Татварын улсын байцаагчийн оногдуулсан нөхөн татвар болон илрүүлсэн зөрчилтэй маргахгүй. Торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Актаар ногдуулсан төлбөр нь 2017 оноос 2019 оны зөрчлөөс үүдэн гарсан байх бөгөөд 2020 оны тогтоолд дурдсан чөлөөлөлтөд хамрагдах үндэслэлтэй байна.

Дэлхийн нийтээр тархаад буй ковид-19 вирусийн халдвараас сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нийлүүлэх гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд зогсоох, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хөл хорио тогтоох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээний үр дүнд манай улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдааны эргэлт, төсвийн орлогын гүйцэтгэл энэ оны эхний саруудад буурч, эдийн засгийн богино хугацааны сорилтыг бий болгох эрсдэлтэй байсан.

Иймээс Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 78 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч төлөөгүй тохиолдолд түүнд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан байдаг. Хэдийгээр нөхөн ногдуулалтын акт энэ хугацаанд хамаарахгүй байгаа боловч ижил үр дагавар үүсээд байгаа учир тухайн хуульд хамрагдах үндэслэлтэй.

Мөн түүнчлэн нөхөн ногдуулалтын 2420501109 тоот актын үндэслэх хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримталсан атлаа 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж үндэслэл болгосон атлаа тогтоох хэсэгтээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл 82.1.1, 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэж торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчиж байгаа учраас актын торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Яагаад хууль зөрчсөн гэж үзэж байна вэ гэвэл Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг татварын улсын байцаагч нар баримталсан байна. Мөн хуулийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байна. Хуульд ингэж заасаар байтал 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийг баримтлахгүйгээр одоо мөрдөж буй Татварын ерөнхий хуулийн 82, 74 дүгээр зүйлүүдийг баримтлан. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл нь торгуультай холбоотой заалт, 74 дүгээр зүйл нь татварын байгууллагын талаарх заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь татвар төлөгч хуулийн этгээд гэсэн заалтууд байсан. Түүнээс алдангитай холбогдолтой хуулийн зүйл заалт байгаагүй. Энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчдаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С бид 2658011 тоот регистрийн дугаартай "Т” ХХК-ний 2017-2019 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх 2420501109 тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2420501109 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.

Татварын хяналт шалгалтаар нийт 1,919,076,494.62 төгрөгийн зөрчил илрүүлж 191,907,649.47 төгрөгийн нөхөн татвар, 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги, нийт 255,240,306.98 төгрөгийн төлбөр ногдуулсан...

2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь татвар төлөгчийн тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүйтэй холбоотой буюу одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлагуудаас тухайн хуулийн хугацаанд нэг удаа чөлөөлөх тухай заасан зохицуулалт юм. "Т” ХХК-ний татварын хяналт шалгалтын үр дүнд тогтоосон нөхөн ногдуулалтын актад тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүйтэй холбоотой зөрчил байхгүй болно.

"Т” ХХК-ний 2017-2019 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсоны дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд тооцогдсон алданги нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байгаа тул тухайн хуулийг хэрэглэн татварын алданги, торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан бичгийг би гардан авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт ороогүй харагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 5-д “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Х*******т даалгасугай” гэсэн байгаа. Татварын улсын байцаагч нарын акт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу дээрх Засгийн газрын тогтоолд хамаарах хугацаанд орж байгаа. Гэтэл татварын хяналт шалгалтыг 2017 оноос 2019 оныг хүртэл татвараа үнэн зөв тайлагнасан эсэхэд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт тавигдсан байгаа. Актаар хүү, торгууль, алдангийг ногдуулах нь үндэслэлтэй. Засгийн газрын тогтоолд тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй татварын асуудлыг дурдсан байдаг. Манайх тайлагнаагүй татварыг татварын хяналт шалгалтаар илрүүлэн гаргаж ирсэн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т” ХХК-иас тус шүүхэд хандан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нарын татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актын зарим хэсгийг буюу "Т" ХХК-д 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн торгууль, алдангийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нар "Т”  ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2420501109 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 191,907,649.47 төгрөгийн нөхөн татвар, 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240,03 төгрөгийн алданги нийт 255,240,306.98 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэхэмжлэгч ”  ХХК -ийн зүгээс дээрх нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч  “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр заасан нь энэ хугацаанд хамаарах татварын торгууль, алдангид хамаарч ижил үр дагавар үүсгэж байгаа тул 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй”, “Хариуцагч нар Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримталсан атлаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл заалтыг баримтлан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтаар торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэл хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэснийг зөрчиж байна” хэмээн маргаж байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2420501109 дугаар томилолтын үндсэн дээр "Т”  ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж,

- Ашиглагдахгүй байгаа хөрөнгөнд байгуулсан элэгдэл болох 2017 онд 123,870,148.18 төгрөг, 2018 онд 123,870,148.18 төгрөг, 2019 онд 123,870,148.18 төгрөгийн зардалд оруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийг,

- 2017 онд 350,000,000.00 төгрөг, 2018 онд 94,645,742.25 төгрөгийн орлого дутуу тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1-г,

- “Ф” ХХК-д шилжүүлсэн зээлд хамаарах 83,903,562.27 төгрөгийн хүүгийн төлбөрийг зардалд оруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйл 14.1-г ,

- 2017 онд 350,000,000.00 төгрөг, 2018 онд 94,645,742.25 төгрөгийн орлого дутуу тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.9-г,

- 2017 онд 635,400,000.00 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой худалдан авалтаар хасалт хийснээс 567,212,500.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад татвар ногдуулсныг хасаж зөрүү 68,187,500.00 төгрөгийн хасалтыг илүү хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6.3-г,

- 2018 онд 70,001,097.47 төгрөг, 2019 онд 50,462,412.01 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6.2-г,

- 2018 онд 182,111,008.57 төгрөг, 2019 он 60,636,454.56 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.5-г,

- 2019 он 142,872,530.7 төгрөгийн суудлын автомашин худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6.1-г тус тус зөрчсөн болохыг тогтоож 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2420501109 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 191,907,649.47 төгрөгийн нөхөн татвар, 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240,03 төгрөгийн алданги нийт 255,240,306.98 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илрүүлсэн зөрчил, оногдуулсан нөхөн татвартай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчийн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр заасан нь энэ хугацаанд хамаарах татварын торгууль, алдангид хамаарч ижил үр дагавар үүсгэж байгаа тул 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” хэмээн,

2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” хэмээн тус тус заасан.

Дээрх хуулиудын заалт нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчөөс хуулийн дагуу ногдуулан тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нь төлөөгүй татварт ногдох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх зорилготой.

Тухайн тохиолдолд хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 2420501109 дугаар томилолтын үндсэн дээр "Т”  ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж нийт 8 төрлийн 1,919,076,494.60 төгрөгийн татварын зөрчил илрүүлснээс 5-д буюу 1.412.992.991,31 төгрөгийн зөрчилд 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240,03 төгрөгийн алданги ногдуулсан асуудал нь нэхэмжлэгчээс татварын хууль тогтоомжид заасан журмын дагуу татвар ногдуулан тайлагнасан орлого бус харин татварын байгууллагаас хийсэн хяналт, шалгалтын явцад тогтоогдсон татварын зөрчил, тэдгээрт хамаарах торгууль, алданги тул Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр тус тус баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татвар” гэх ойлголтод хамаарахгүй, энэ үндэслэлээр татварын Нөхөн ногдуулалтын 2420501109 дугаар акт дахь 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240,03 төгрөгийн алдангийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгчийн “хариуцагч нар Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримталсан атлаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл заалтыг баримтлан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтаар торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж байна” гэх нэхэмжлэлийн удаах шаардлагын тухайд:

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” хэмээн заасан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч нар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 5 дүгээр сарын 20-ний өдрийн 2420501109 дугаар томилолтын үндсэн дээр "Т”  ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж нийт 8 төрлийн 1,919,076,494.60 төгрөгийн татварын зөрчил илрүүлснээс 5-д буюу 1,412,992,991.31 төгрөгийн зөрчилд 39,550,417.48 төгрөгийн торгууль, 23,782,240,03 төгрөгийн алданги ногдуулсан.

Ингэхдээ, ашиглагдаагүй хөрөнгөнд байгуулсан элэгдлийг татвар ногдох орлогоос хасаж тооцсон 2017-2019 оны 371,610,444.54 төгрөгийн , аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох борлуулалтын орлого дутуу тооцсон 2017-2018 оны 444,645,742.25 төгрөгийн, зээлийн хүүг зардалд тооцсон 83,903,562.27 төгрөгийн нийт 900,159,749.06 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-т “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” тооцолгүй харин Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасанчлан “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 27,004,792.49 төгрөгийн торгууль, 15,418,490.03 төгрөгийн алданги ногдуулсан,

нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого дутуу тооцсон 2017-2018 оны 444,645,742.25 төгрөгийн, чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон 2017 оны 68,187,500.00 төгрөгийн, нийт 512,833,242.25 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасныг бус харин Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 12,545,625.00 төгрөгийн торгууль, 8,363,750.00 төгрөгийн алданги ногдуулсан асуудал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохоос сэргийлсэн болох нь тогтоогдож байх тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" хэмээн заасныг хэрэглэн маргаан бүхий актыг үйлдсэн хариуцагч нарыг хууль зөрчсөн хэмээн буруутгах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Б.С нарын татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2420501109 дугаар актын зарим хэсгийг буюу "Т" ХХК-д 39,550,417.48 төгрөгийн торгууль 23,782,240.03 төгрөгийн алданги нийт 63,332,657.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.М