Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/ШШ2025/0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНСУ-ын иргэн  П-ны

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч З.Ганзориг, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: БНСУ-ын иргэн П /P /

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Н.Э-н өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг хүчингүй болгуулах” тухай   

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/0001/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч БНСУ-ын иргэн П /P / нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороонд холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Н.Э-н өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  

2. Гомдол гаргагч БНСУ-н иргэн  П-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч Н.Э-н Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчмыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна.

3. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолоор “... Өмгөөлөгч Н.Э-г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.7, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэжээ.

4. Гомдол гаргагч БНСУ-н иргэн П /P / нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. ... тус тогтоолд хариуцагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ гаргасан зөрчил, түүний шинж, нөхцөл байдал, буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцлагыг ялгамжтай хүлээлгэсэн болно гээд Тогтоох хэсгийн 2-т Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-т сануулах” хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Э  нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 06/31 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг  П-ны К” ХК-ийн цахим хуудсаар компанийн бүх ажилчдын нэвтрэх боломжтой нээлттэй цахим мэйл хаяг руу, компанийн чухал ажил үүргийг гүйцэтгэдэг 2 албан тушаалтан руу болон компанийн ажилтны хувийн мэйл рүү нь явуулсан. Мөн уг албан бичгийн төгсгөл хэсэгт “...жич цаашид танд болон таны хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох баримтуудыг илгээх болно” гэж нийтэд түгээх талаар сүрдүүлэг, дарамтлах хэлбэрээр бичиж улмаар нийт ажилчдад илгээсэн. Уг мэдэгдэл нэртэй бичигт рекетүүдээр дарамтлуулж, байр саванд нэвтрэн хүүхдүүдийн болон хувийн баримт бичгүүд, хувцас, эд хэрэгслийг дээрэмдэн авч явсан гэх мэт бусармаг үйлдэл хийсээр жил гаруй хугацаа өнгөрлөө гэж бичсэн. Нэхэмжлэгч П нь Монгол улсад хөрөнгө оруулж, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт 3000 орчим Монгол ажилчдыг ажиллуулж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд “...бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хувцас, баримт бичиг дээрэмдэж авсан” гэмт үйлдэл гаргаж байгаагүй байхад нийт ажилчдад гүтгэлгэ доромжлолын шинж агуулгатай мэдээг тараасан. Уг албан бичигт бид дөрөв Монгол иргэнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах бүхий л арга хэрэгслээр явахаа мэдэгдэхийн зэрэгцээ албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө таныг Монгол улсын шүүхийг хүндэтгэн “эцэг тогтоох шинжилгээнд урьж байна” гэж бичжээ. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч нь хүний эмзэг мэдээллийг нийтэд түгээн тарааж, манай байгууллагын ажилчид болон бусад этгээдэд эцэг тогтоох шинжилгээтэй холбоотой мэдээлэл ямар ч хамааралгүй байхад миний нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдлийг гаргасан. Мөн хэргийн оролцогчийг шүүхэд дуудан ирүүлэх үүрэг нь шүүхэд байдаг байтал өмгөөллийн компани, өмгөөлөгч нь хууль зөрчиж мэдэгдэл гаргаж гүйцэтгэж байна.

4.2. Мөн уг бичигт “... таны хөрөнгө оруулалт нэртэй луйвар хийж байгаа үйлдүүлийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болно гэж дарамталж сүрдүүлсэн. Миний бие Монгол улсад өмгөөлөгч Н.Э ийн гүтгэж байгаа луйврыг огт хийж байгаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэх заалтыг мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан “...Хүний нэр төрийг доромжилж болохгүй...” гэх заалтуудыг өмгөөлөгч хүн зөрчиж байгаад гайхаж бас айдастай байна. Өмгөөлөгч Н.Э  нь миний хувийн эмзэг мэдээллийн талаар албан тушаалын байдлаар олж мэдсэн мэдээ, мэдээллээ нийт ажилчдад гэмт хэрэгтэн, луйварчин гэх ойлголт төрүүлж худал мэдээллийг тараасанд гомдолтой байна. Өмгөөлөгч Н.Э  нь хуульд заасан арга хэлбэрээр үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй атал эсрэг талд халдсан, нэр төрийг гутаан доромжилж, гүтгэсэн шинжтэй үйлдлийг санаатайгаар гаргаж, уг үйлдлээ буюу буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Н.Э ийн Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдлийг хянан шалгаж, шийтгэл оногдуулсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Н.Э ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

5.1. Мэргэжлийн Хариуцлагын хороонд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн  П-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өмгөөллийн П ХХК-ийн өмгөөлөгч Н.Э  2024 оны 06 дугаар сарын 12-н өдрийн 06/31 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг  П-ны ХК-ийн цахим хуудсаар компаний бүх ажилчдын нэвтрэх боломжтой нээлттэй цахим хаяг руу, компаний ажил үүргийг гүйцэтгэдэг хоёр албан тушаалтан руу болон компаний ажилтны хувийн мэйл хаяг руу ... бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хувцас баримт бичиг бичгийг дээрэмдэж авсан” гэмт үйлдэл гаргаж байгаагүй байхад нийт ажилчдад гүтгэлгийн шинжтэй агуулгатай мэдээ тараасан.

5.2. Өмгөөлөгч Н.Э  нь иргэн О.Н-т хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрөө эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд болох өмгөөллийн “П ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/31 дугаартай албан тоотоор БНСУ-н иргэн П танаа гэж хаяглан тэдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон түүний гэр бүлийн байдлын талаар хувийн мэдээллийг хэд хэдэн цахим хаяг бүхий хэд хэдэн өөр гуравдагч этгээдүүд харах боломжтой байдлаар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр имэйл илгээсэн болох нь талуудын тайлбар, хянан шалгагчийн үзлэгийн баримтаар тогтоогдсон.

5.3. Өмгөөлөгч Н.Э  нь бусдын нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохуйц агуулга бүхий асуудлыг дурдаж мэдээлэл явуулсан үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дугаар зүйл заасан хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.4-д “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-т “Сануулах” хариуцлаа хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.

5.4. Иймд Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, БНСУ-н иргэн  П-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч: “...Сануулах арга хэмжээ авсан нь зөв гэж харж байна” гэх дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

2. Гомдол гаргагч БНСУ-ын иргэн  П-ны /P / нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолоор “... Өмгөөлөгч Н.Э ийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.7, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

2.2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны маргаан бүхий тогтоолоор ...Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн болон эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.4 дэх хэсэгт заасан байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх өмгөөлөгчийн үүргийг зөрчсөн ... Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандах үүргийг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлтийг хийж, өмгөөлөгч Н.Э ийг  Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Учир нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.4-д “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална” гэж тус тус заасан.

2.4. Хэрэгт авагдсан баримтууд болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны БНСУ-ын иргэн  П-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой, өмгөөлөгч Н.Э-т холбогдох маргааны материал зэргээс үзэхэд өмгөөлөгч Н.Э  нь өөрийн Өмгөөллийн П ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/31 дүгээр албан бичгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр имэйл хаягаар илгээсэн үйл баримт тогтоогдож байх төдийгүй энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

2.5. Харин дээрх хууль, ёс зүйн дүрэмд зааснаар өмгөөлөгч нь хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа олж авсан мэдээллээ задруулахгүй байх, мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй байх тул  өмгөөлөгч Н.Э ийн имэйл хаягаар илгээсэн Өмгөөллийн П ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/31 дүгээр албан бичигт тусгагдсан мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороо үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

2.6. Гомдол гаргагч БНСУ-ын иргэн П нь нэхэмжлэлдээ ... ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ гаргасан зөрчил, түүний шинж, нөхцөл байдал, буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцлагыг ялгамжтай хүлээлгэсэн болно гээд Тогтоох хэсгийн 2-т Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-т сануулах” хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байгааг эс зөвшөөрч байна гэжээ.

2.7. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана”, 31.2-д “Ёс зүйн дүрэм нь өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг агуулсан байна”, 31.3-д “Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ”, 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд Өмгөөллийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 46.2-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ өмгөөлөгчийн эрхэлж байгаа ажил, албан тушаалаас үл хамаарч тэгш шударга хандах бөгөөд шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх зарчмыг удирдлага болгоно”, 46.3-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ дараах хүчин зүйлийг харгалзана” гээд 46.3.1-д “зөрчлийн хүрээ”, 46.3.2-д “учруулсан хор уршгийн хэмжээ”, 46.3.3 “гэм буруугийн хэлбэр”, 46.3.4-д “зөрчлийн шалтгаан, нөхцөл байдал”, 46.3.5-д “сүүлийн нэг жилийн дотор шийтгэл хүлээсэн эсэх”, 46.3.6-д “зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл болон өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал”, 46.3.7-д “өмгөөлөгч гаргасан зөрчилдөө чин санаанаас гэмшсэн буюу зөрчлөө сайн дураар илчлэн ирсэн”, 46.3.8-д “Өмгөөлөгчдийн Холбооноос хэрэгжүүлж байгаа чиг үүргийг хувьдаа урвуулсан байдал” гэж тус тус заажээ.

2.8. Дээрх хууль, дүрмийн зохицуулалтуудаас үзэхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо нь ёс зүйн дүрмийг баримталж ажиллах бөгөөд ёс зүйн дүрэмд өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тусган өгсөн байна.  Уг өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ тэгш шударга гаргасан зөрчилд нь тохирсон байх зарчмыг баримталж, харгалзах хүчин зүйлсийг нарийвчилан тусган өгчээ.

2.9. Нэгэнт хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд ёс зүйн дүрэмд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам буюу зөрчлийн хүрээ, учруулсан хор уршиг, гэм буруугийн хэлбэр, зөрчлийн шалтгаан, нөхцөл байдал, шийтгэл хүлээсэн эсэх, өмгөөлөгчийн гаргасан зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл болон өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эсэх, өмгөөлөгч гаргасан зөрчилдөө гэмшсэн, холбооноос хэрэгжүүлж байгаа чиг үүргийг хувьдаа урвуулан зөрчил гаргасан эсэхийг харгалзан өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгч Н.Э-т “сануулах” хариуцлага хүлээлгэснийг буруутгахааргүй байна.

2.10. Түүнчлэн, шүүх өмгөөлөгчийн гаргасан зөрчлийг шалган тогтоож, зөрчилд тохирсон хариуцлага хүлээлгэх эрхгүй, үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн өмгөөлөгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу ажиллагааг явуулж, гаргасан зөрчилд тохирсон хариуцлага хүлээлгэх нь хуулиар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны эрх хэмжээнд хамаарна.

2.11. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.12. Харин шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...Сануулах арга хэмжээ авсан нь зөв” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

2.13. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Миний бие ажил явдлын улмаас яаралтай Бүгд Найрамдах Солонгос Улс явах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтыг ирүүлээгүй төдийгүй хүсэлтэд хавсаргасан баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэв

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, БНСУ-ын иргэн  П-ны /P / Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн МТ/2024/30 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Н.Э ийн өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА