Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

2023          01         13                                   2023/ШЦТ/51

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч В.Батдэлгэр,

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ББд холбогдох эрүүгийн 2203 00523 0532 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт ББ, регистрийн дугаар .................................................,

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 30 дугаар гудамж 427 тоотод  оршин суух,

Урьд: - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь “2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Дээд салхитын автобусны буудлын хойд замд Киа Оптима маркийн 38-36 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ..., /хэрэглэсэн, .../ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас хайс мөргөн, зорчигч Х.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Эрдэнэбаатарын “...Би 2022 оны 09 сарын 05-ны өдөр найз Баярсайханы гэрт нь хоносон, хонохдоо орой нь 0.75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архийг найз Баярсайхан бид хоёр танил нэг залуугийн хамт гурвуулаа хувааж уусан. Ингээд маргааш өглөө нь буюу 2022 оны 09 сарын 06-ны өдөр хамт архи ууж хоносон, танил залуу яваад өгсөн. Баярсайхан гэрт би болон эхнэр нь байсан. Тэгээд 10 цагийн орчимд Баярсайхан бид хоёр дэлгүүр явж 0,75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи авсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас үл таних хоёр хүнтэй танилцаад тэр хоёр хүнтэй нийлээд 4-үүлээ авсан архиа хувааж уусан, ингээд нөгөө хоёр хүн яваад Баярсайхан бид хоёр ахиж дэлгүүр орж ундаа, тамхи аваад буцаад гэр лүү нь явж байсан, тухайн үед Баярсайхан өөрийнхөө эзэмшлийн К.Оптима маркийн автомашиныг жолоодоод би урд суудал дээр суугаад явж байсан юм, тэгээд сүүлд нь дэлгүүр ороод буцах замд нь осол болсон, би ухаан алдсан байсан, сэргэхэд миний хамраас чихний ар хэсгээс их хэмжээний цус гарсан байдалтай байсан, тэгээд байж байтал түргэний машин ирээд намайг аваад явсан ...би дэлгүүрээс гараад Баярсайханы жолоодож явсан К.Оптима маркийн автомашины урд зорчигчийн суудал дээр сууж явсан. Баярсайхан машинаа жолоодоод явж байсан тэгээд нэг мэдэхэд гэрийнх нь гадна байсан. Баярсайхан надад хэлэхдээ би сая хашлага мөргөчихлөө, түргэн тусламж дуудсан байгаа гэж надад хэлсэн. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна, өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Бямбацогтын: “...би дээрх автомашиныг 2021 онд өөрийн нэр дээрээ худалдан авч жолоодож байгаад үл таних хүнд худалдан зарсан тэр хүний нэрийг нь хэлж мэдэхгүй байна, худалдах худалдан авах гэрээгээр зарсан болохоор нэр нь шилжсэн гэж бодоод яваад байгаа юм ... над руу цагдаагаас залгаад ослын талаар хэлсэн би ажилтай байсан болохоор тухайн үед ирж амжаагүй юм. Би Оюу толгойд ажилладаг болохоор нэг явахдаа 14 хоног ажиллаад ирдэг, тэгээд 2022 оны 10 сарын 17-ны өдөр ирсэн ..., би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон асуух зүйл байхгүй ээ ..., би дээрх автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлэн худалдан зарсан байгаа тийм учир надад одоо хамааралгүй, одоо эзэмшиж байгаа хүн нь хариуцана ...,” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Болатын “...Хайсны хохирол болох 230.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилнэ өөр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12320 тоот дүгнэлтэнд: “Х.Эрдэнэбаатарын биед дух, баруун, зүүн хацар, хамрын угалз, үзүүр, эрүүнд хууларсан шарх, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханынг хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/,

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 04 дүгээр тал/,

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “Балжинням овогтой Баярсайханыг драйгер багаж ашиглан шалгахад 3.32% үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” гэх гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1129 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бы гэрчээр өгсөн “...2022 оны 09 сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад найз Эрдэнэбаатар манай гэрт ирсэн. Тэгээд Эрдэнэбаатар бид хоёр Эдэн нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Ингээд архи уугаад дуусахад цаг 13 цаг орчим болж байсан санагдаж байна. Тэгээд архи уугаад дууссаны дараа Эрдэнэбаатар гараад явсан тэгснээ хашаанд байсан миний эзэмшлийн К.Оптима маркийн 38-36 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодоод хашаанаас гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гараад алхаж явтал төв зам руу ороод машин унтраачихсан зогсож байсан, тэгээд би машин дээрээ очоод стачер дарахад асчихсан юм, ингээд би жолоочийн суудал дээр суугаад автомашинаа асаагаад Эрдэнэбаатар урд зорчигчийн суудал дээр суугаад автомашинаа хөдөлсөн би согтуу байсан болохоор шууд гэр лүүгээ харихаар зорчих хэсэг дээр суугаад хөдөлсөн би согтуу байсан болохоор шууд гэр лүүгээ харихаар зорчих хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийх гээд маниавер хийгээд эргэхэд замын хажуу талын хашлага мөргөчихсөн юм, тэр үед Эрдэнэбаатар урд салхины шилээ мөргөсөн тухайн үед толгой болон нүүр хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд шууд машинаа хөдөлгөөд явсаар байгаад хашаандаа очоод түргэн болон цагдаа руу би дуудлага өгсөн. Дараагаар нь түргэний машин манай хашаанд ирээд Эрдэнэбаатарыг аваад явсан. Дараа нь цагдаа нар ирсэн ингээд осол болсон газар хэмжилт хийсэн ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дугаар тал/, хохирогчоос гаргаж өгсөн гэх хохирлын баримт /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 70-81 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь “2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Дээд салхитын автобусны буудлын хойд замд Киа Оптима маркийн 38-36 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ..., /хэрэглэсэн, .../ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас хайс мөргөн, зорчигч Х.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Г.Бямбацогтын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч М.Болатын мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12320 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/, 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 04 дүгээр тал/, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “Балжинням овогтой Баярсайханыг драйгер багаж ашиглан шалгахад 3.32% үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” гэх гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1129 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/, шүүгдэгч Б.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “... шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаатайгаар хасах, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.730.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Х.Эрдэнэбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 1.500.400 төгрөг /хх 54-57/-ийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн үед 1.730.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын мастер ажилтай М.Болатын зүгээс /нийтийн эзэмшлийн хайс/ 230 000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан нь Хаан банкны баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт ББыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ