Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

   2023         01         13                                   2023/ШЦТ/53

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,

Хохирогч О.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сумч овогт ББд холбогдох эрүүгийн 2203 00592 0519 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сумч овогт ББ, регистрийн дугаар ......................................

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргэгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 29 дүгээр гудамжны 359 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Сумч овогт ББ нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүрэг 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Harrier” маркийн 64-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь заалт “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ; 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана:”, 1.4 дэх заалт “1.1-1.3, .../...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, гэснийг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч О.Аыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруу маргахгүй, хохирогчид 1 сая төгрөг өгсөн байгаа.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг гарсан өдөр болох 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилдаа явж чадаагүй. Би цалингаа нэхэмжилж байна. Миний унаж явсан цахилгаан дугуйны үнэ болох 1.823.980 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.869.214 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Би ажилдаа 14 хоногийн хугацаанд явж чадаагүй. Манай ажлын хувьд 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.Цэрэндулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Б.Б нь миний жолоочоор ажиллаж байсан.Бөхнямаас нэхэмжлэх зүйлгүй.Харин шүүгдэгчийн хохиролоос төлөх боломжтой.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Аын...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best center” төвийн урд талд машины замаар цахилгаан дугуйтай явж байгаад осолд орсон юм. Би .../...3 дугаар эгнээгээр үргэлжилсэн цагаан шугамын дотор явж байсан. Тэгтэл  “Best center” төвийн хашаанаас гарч ирсэн машин зүүн чиглэлд үргэлжилсэн цагаан шугам дээгүүр зүүн гар тийш эргэж гарч ирсэн машинд хажуу талаасаа мөргүүлээд газарт унасан. Машины зүүн урд талын кирло хэсгээр мөргүүлээд газар унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч У.Цэрэндуламын “...”Toyota Harrier” маркийн 64-77 УАС улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юмаа. Тэр өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо “Best center” төвийн урд зам дээр манай жолооч Б.Б нь унаж яваад цахилгаан дугуйтай хүнтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон байсан .../...Жолооч Б.Б “Best center” төвийн хашаанаас гарч ирээд зүүн гар тийшээ үргэлжилсэн цагаан зураас даван зогсож байтал цахилгаан дугуйтай хоёр хүн дугаар эгнээгээр явж байгаад машинтай мөргөлдсөн осол гарсан байсан. Би машинаа жолооч Б.Бд зөвшөөрөл өгч машинаа бариулсан. Ослын улмаас жолооч талын эсрэг тал буюу баруун талын жижиг гэрэл, урд гупер хагарч цуурсан байсан. Машинд үнэлгээнд үнэлгээ хийлгэсэн. Гарсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч С.Ариунжаргалын “...Бөхнямын хамт 11 цаг өнгөрч байхад “Тоёота Харриэр” маркийн 64-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд суудал дээр суугаад гадуур ажил хөөцөлдөх гэж байсан. Яг ажлаас гараад төв замтай нийлээд жолооч Бөхням нь үргэлжилсэн цагаан шугам давж, зүүн гар тийш эргээд явах гээд зогсож байтал замын 2 дугаар эгнээгээр явж байсан цахилгаан дугуйтай эрэгтэй хүн машины зүүн урд хэсэг рүү мөргөөд газар уначихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, С.Чулуунсүх, Д.Дунгаамаа нарын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 958 тоот дүгнэлтэнд:

1. “О.Ат биед баруун өвдөгний урд чатган холбоосны суналт, тойгны дотор даруулган холбоосны урагдал, зүүн шилбэний булчингийн урагдал, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Баруун өвдөгний урд чатган холбоосны суналт, тойгны дотор даруулган холбоосны урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн шилбэний булчингийн урагдал, зүүн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн шилбэний булчингийн урагдал, зүүн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно.

3. О.Ат тогтоогдсон гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байна. Хагалгаанаас үүссэн гэх гэмтэл үгүй байна.

4. MRI шинжилгээ хийж гэмтлийг оношлосон байна. Үүнд КТГ-шинжилгээ хийх шаардлагагүй.

5. О.Аын баруун дунд чөмөгний булуу хугараагүй, хавантай байна. Баруун өвдөгний үений холбоос гэмтсэн үед явахад өвдөлтэй байх боловч явах боломжтой” гэжээ  /хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...Toyota Harrier” маркийн 64-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 430.000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр “...цахилгаан дугуйнд ослын улмаас 1.823.980 төгрөгийн хохирол учирсан ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Мөрдөгчийн №1170 дугаартай магадлагаанд: “...жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь заалт “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам)-д дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана:”, 1.4 дэх заалт “1.1-1.3, .../...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, гэснийг тус тус зөрчсөн осол гарах шалтгаан болсон байна ...” гэжээ /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэгт “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best center” төвийн урд замд Цэрэндуламын эзэмшлийн Toyota Harrier” маркийн 64-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргасан юм. Осол болсон газар нь Best center” төвийн урд замд үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тал руу эргэж байтал цахилгаан дугуйтай хүн хоёрдугаар эгнээгээр гарч ирээд машины зүүн урд хэсэг буюу корло хэсэг рүү мөргөөд тэндээ хажуу тал руугаа уначихсан. Тэгээд би машинаа буугаад цахилгаан дугуйтай залууг гайгүй юу гэж асуусан. Түргэний эмч рүү би өөрөө залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед Азбаяр нь хөлөндөө хагалгаанд орсон гэж байсан. Хөлийг нь харсан чинь зүүн хөлний өвдөгнөөс шилбэ хэсгний дотор талдаа хагалгааны урт соривтой байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад тохиролцоод Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт тархины томограф, хөлний эмра зураг авахуулсан. Эмнэлэгт үзүүлэхэд 907,250 төгрөгний үзлэг оношилгоо хийлгэсэн юм. Тэгээд Эмра зураг гараад эмч дээр очиж үзүүлсэн. Эмчтэй уулзсан чинь баруун талын хөлний булчин хэсгийг цус хуралттай байна шарлага хийлгээрэй, өвчин намдаах эм уугаарай гэж бичиж өгсөн. Эмчийн бичиж өгсөн эмийг худалдаж авч өгсөн. Тэгээд бид хоёр цахилгаан унадаг дугуйгаа засуулахаар болсон. Азбаяр нь цахилгаан дугуй засварладаг ганцаараа түрүүлээд очсон байсан. Сүүлд нь очсон. Засварын газрын хүн наад дугуй чинь засвар авахгүй юм байна. Сэлбэгэнд 700,000 төгрөгөөр авна гэж байсан. Тэр дугуй нь нэгдүгээр эмнэлгийн урд талд зардаг юм билээ. Уг цахилгаан дугуй нь шинээрээ 2.500.000 төгрөгөөр зарж байсан. Цахилгаан дугуйгаа аваад удаж байгаа талаар ярихгүй байсан. Цахилгаан дугуй зардаг газраас наад дугуйг чинь засварлах боломжгүй гэж байсан. Миний харсанаар дугуйны суудал далийсан, урд гэрэл салсан байсан. Гаднаасаа харахад эвдрэл байхгүй байсан. Миний бодлоор түрүүлж очоод тохирсон юм шиг санагдсан. Тэгээд хэд хоногийн даруу надруу залгаад шинэ дугуй авахуулна мөргүүлсэн дугуй унаад явахаа ээж нь нь утсаар залгаж хараад зүхээд шинэ дугуй авч өг гээд байсан. Тэгэхээр би боломжоороо эмчилгээний зардал гаргасан, миний хувьд шинэ дугуй авч өг гээд байсан. Тэгээд ч чиний буруу бас байгаа гэж хэлсэн. Цахилгаан дугуйтай залуу би өөрөө их хурдтай явж байгаад зогсоож чадсангүй мөргөчихлөө гэж байсан. Осол гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй ээ. Жолооч би зам тээврийн осол гаргасан үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэйг мэдэж байгаа. Цахилгаан дугуйтай залуутай хоорондоо ярилцаж тохиролцоод хохирлыг барагдуулахаар тохиролцсон боловч сүүлдээ цахилгаан дугуйг шинээр авч өгөх асуудал дээр маргаан гарч цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2022 оны 09 сарын 16-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн. Баримт нь байгаа. / тархи, өвдөг, шилбэ / зураг авахуулсан. 2022 оны 09 сарын 17-ны өдөр хөлний Эмра зураг авахуулсан. Үзэгийн баримт байгаа. мөн өдөр Мэд Траума эмнэлэгт хөлний эмра зураг авахуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дугаар тал/, хохирогчоос гаргаж өгсөн гэх хохирлын баримт /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Сумч овогт Батчулууны Бөхням нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүрэг 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Harrier” маркийн 64-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь заалт “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ; 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана:”, 1.4 дэх заалт “1.1-1.3, .../...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, гэснийг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч О.Аыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, гэрч иргэний нэхэмжлэгч У.Цэрэндуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, гэрч С.Ариунжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, С.Чулуунсүх, Д.Дунгаамаа нарын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 958 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дугаар тал/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...Toyota Harrier” маркийн 64-77 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 430.000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр “...цахилгаан дугуйнд ослын улмаас 1.823.980 төгрөгийн хохирол учирсан ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, Мөрдөгчийн №1170 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “... шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийг төлж барагдуулах саналтай, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт нь хавсаргуулах саналтай, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 907.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх  хуралдаан дээр хохирогч талтай тохиролцон нийт 2.269.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү ...” гэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 3.131.250 төгрөгийн хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан;

Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нь нийт эмчилгээнд 907 250 төгрөг, мопедын хохиролд 1 823 980 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 869 210 төгрөг буюу нийт 4 600 440 төгрөг нэхэмжилснээс хохирогч нь ажилгүй байсан цалин хөлс 400 000  төгрөг авахаар харилцан тохиролцож, шүүгдэгч Б.Б нь энэ гэм хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд нийт 3.131.250 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын 98.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны Мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.131.250 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сумч овогт ББыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ