Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

2023          01         30                                   2023/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Х.Нарангуа,

  шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БГт холбогдох эрүүгийн 2211 00000 1885 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт БГ, регистрийн дугаар ................................................

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, харуул хамгаалалтын компанид ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9-339б тоотод оршин суух хаягтай,

Урьд: - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг бүрэн биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч БГ нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүрээлгийн зааланд “дүүг нь дагуулж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Д.Хулангийн хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “...баруун, зүүн гуя, шилбэний цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Хулангийн “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөгч Зол-Эрдэнийн дуудсанаар 07 цагийн үед тус хэлтэст ирсэн. Ирэхэд миний найз болох Ганчимэгийн ах гэх улбар шар, хар өнгийн куртиктэй, өндөр нуруутай туранхай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн байсан ба тэр эрэгтэй намайг хүлээлгийн зааланд сууж байхад ирээд шууд үгийн зөрүүгүй элдэв янзаар хараагаад хөлөөрөө миний баруун хөлийн гуяны дотор тал болон гадна тал зүүн хөлийн гадна тал, баруун шилбэний гадна хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэр хүн намайг өшиглөж байх үед цагдаа нар гарч ирээд салгасан. Ингээд би тэр хүнээс зугтаад өөр газар очиж зогсож байгаад хөл их хөндүүртэй байгаад байхаар нь гомдол гаргаж байна. Баруун хөлийн гуяны дотор болон гадна тал, шилбэний гадна тал, зүүн хөлийн гуяны гадна талд хөхөрсөн байдалтай байна. Баруун хөлөөрөө гишгэхээр шөрмөс тасарсан юм шиг мэдрэмж төрөөд алхахад их хүндрэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13922 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Хулангийн биед баруун, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Гийн “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүлээлгийн танхимд сууж байсан үл таних эмэгтэйгээс “Мура мөн үү” гэж асуухад тухайн эмэгтэй “Мөн байна” гэж хэлсэн. Тухайн үл таних эмэгтэй нь хөлөө ачаад сууж байсан ба би баруун хөлөөрөө нэг удаа түүний гуя хэсэг рүү өшиглөсөн. Тухайн өдөр манай аав Баярсайхан нь цагдаагийн байгууллагад “Ганчимэг нь бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл өгсөн байсан ба үүнтэй холбоотой Мура нь гэрчийн мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад ирсэн байсан юм байна лээ. Мура гэх хочтой эмэгтэй нь өмнөх өдөр нь манай охин дүү Ганчимэгийг дуудаж уулзаад хамт явсан ба манай эмэгтэй дүүг бусдад хүчирхийлүүлсэн байсан мөн Ганчимэгийн хувцас, гар утас гэх мэт зүйлсийг аваад явчихсан байсанд уур хүрээд өшиглөчихсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...улбар шар өнгийн куртик, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн байх ба тухайн эрэгтэй хүн нь тус хэлтсийн хүлээлгийн сандал дээр сууж байх хүнийг хяналтын камерын бичлэгийн 00 минут 03 секундэд нэг удаа баруун хөлөөрөө хөл рүү нь өшиглөж байна ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 29-32, 35-46, 47-56, 57-62 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Баярсайханы Ганцог нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүрээлгийн зааланд “дүүг нь дагуулж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Д.Хулангийн хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “...баруун, зүүн гуя, шилбэний цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Хулангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13922 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн “...улбар шар өнгийн куртик, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн байх ба тухайн эрэгтэй хүн нь тус хэлтсийн хүлээлгийн сандал дээр сууж байх хүнийг хяналтын камерын бичлэгийн 00 минут 03 секундэд нэг удаа баруун хөлөөрөө хөл рүү нь өшиглөж байна ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, Шүүгдэгч Б.Гийн “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүлээлгийн танхимд сууж байсан үл таних эмэгтэйгээс “Мура мөн үү” гэж асуухад тухайн эмэгтэй “Мөн байна” гэж хэлсэн. Тухайн үл таних эмэгтэй нь хөлөө ачаад сууж байсан ба би баруун хөлөөрөө нэг удаа түүний гуя хэсэг рүү өшиглөсөн. Тухайн өдөр манай аав Баярсайхан нь цагдаагийн байгууллагад “Ганчимэг нь бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл өгсөн байсан ба үүнтэй холбоотой Мура нь гэрчийн мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад ирсэн байсан юм байна лээ. Мура гэх хочтой эмэгтэй нь өмнөх өдөр нь манай охин дүү Ганчимэгийг дуудаж уулзаад хамт явсан ба манай эмэгтэй дүүг бусдад хүчирхийлүүлсэн байсан мөн Ганчимэгийн хувцас, гар утас гэх мэт зүйлсийг аваад явчихсан байсанд уур хүрээд өшиглөчихсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь “дүүг нь дагуулж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Д.Хулангийн хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “...баруун, зүүн гуя, шилбэний цус хуралт ...” бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт нь хавсаргуулах саналтай, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ...” гэсэн болно.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи  /хх 7х/-г хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт БГийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи  /хх 7х/-г хэрэгт хавсаргаж,  эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ