| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023 02 06 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт АБд холбогдох эрүүгийн 2211 01184 2022 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 44 гудамж 673 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 6-56 байрлах нийтийн байрны 7 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Тайж овогт АБ /РД:......................................................../.
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч Ариунболдын Батмөнх нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүкийн “Munkhbat Bataa” нэртэй хаягнаас “Гадаад улс руу ажлын виз, эмчилгээний виз гаргана” гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, зарын дагуу холбогдсон иргэн Б.Бгаас Турк улсын эмчилгээний виз гаргаж өгнө гэж хуурч, түүнийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ариунболдын Батмөнх нь:
цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүкийн “Munkhbat Bataa” нэртэй хаягнаас “Гадаад улс руу ажлын виз, эмчилгээний виз гаргана” гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, зарын дагуу холбогдсон иргэн Б.Бгаас Турк улсын эмчилгээний виз гаргаж өгнө гэж хуурч, түүнийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хоёр хүний визний материал нь гарсан. Би виз гаргуулахаар тухайн хүний мөнгийг цаашаа хүнд дамжуулсан нь бол үнэн. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Мөнхбат буюу бүдүүн Сүхээ нь гэх залуутай уулзахад Турк улсад ирээд харласан хүмүүсийг визийг гаргаж өгч байгаа талаараа ярьж байсан. Манай найзын визийг гаргаад өгөөч гэхэд түүнийг визийг гаргаж өгсөн байсан. Манай найзын эгчээр нь дамжуулан Балжмаа гэдэг хүн надтай холбогдсон. Би фейсбүүк дээр ямар нэгэн зар бол тавиагүй. Би Балжмаа гэдэг хүнд, би танд асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат ахаас асуухад юу ч гэсэн 3.500.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Би Балжмаагийн паспортыг нь найзаараа авахуулсан. Тэгээд хэдий хугацаанд гарна гэж хэлэх юм бэ гэж Мөнхбат ахаас асуухад түр хүлээж бай гэж хэлсэн. Мөнхбат гэдэг хүн надад хэлэхдээ завгүй яваад байна, бичиг баримт хөөцөлдөөд гэсээр байтал удаасан юм. Балжмаа гэдэг хүн юу болж байгаа талаар надаас асуухад би удахгүй очноо. Очоод таны асуудлыг хөөцөлдье гэж хэлсэн. Таны мөнгө төгрөгийг яаж ийж байгаад олж өгнө гэж хэлсэн. Намайг хэлээд удаагүй байхад би чамайг цагдаад өгсөн гэж хэлсэн. Би Монголд ирснийхээ дараа Мөнхбаттай холбогдоод та авсан мөнгөө буцаагаад шилжүүлээд өгөөч гэхэд за ах нь одоохон шилжүүлэн гэж хэлсэн хэдий ч сүүлдээ миний фейсбүүкийг блоклоод алга болсон” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Б.Бгийн “...би фэйсбүүкээр “Munkhbat Bataa” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй Гадаад улс руу ажлын виз, эмчилгээний виз гаргана гэсэн зарын дагуу чатаар холбогдож чатлан холбогдож Турк улс руу виз гаргуулахаар тохироод визний мөнгө гэх 2.000.000 төгрөгийг 5303229317 тоот Хаан банкны данс руу Пас Балжмаа гэсэн утгатайгаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Тухайн өдрөө өөрийн гадаад паспортыг Тэмээтэй хөшөөний орчимд байрлах Төрийн банкны салбарын орчимд Балжинням гэх залууд Мөнхбатын зааж өгсний дагуу өгсөн. Тэгээд өдийг хүртэл виз гараагүй, мөнгөө буцааж авах гээд өгсөн дугаар луу нь залгахаар авахгүй, фэйсбүүкээр надад хариу бичихгүй байгаа юм. Надтай утсаар ярихдаа би удахгүй Монголд очно, тэгээд би тантай уулзъя гэсэн байдалтай байгаа юм. Би тухайн хүнийг танихгүй. Фэйсбүүкийн зарын дагуу холбогдож виз гаргуулахаар мөнгө шилжүүлсэн юм. Тухайн хүнтэй би ямар шугамаар ингэж хүний виз гаргадаг талаар асуутал би Станбулын консулын газарт ажилладаг байсан юм гэж ярьж байсан. Тухайн хүн нь надад Турк улсад эмчилгээний виз гаргаж өгнө гэсэн нөхцөлтэйгээр надаас 5303229317 тоот Хаан банкны данс руугаа 2.000.000 төгрөг авсан юм. Би “Munkhbat Bataa” хаягтай хүнтэй холбогдоход надад 95558245 утасны дугаартай хүнтэй холбогдоод гадаад паспортоо өгчих гэсэн ба түүнтэй холбогдон очиж уулзахад Балжинням гэх 1991 онд төрсөн хүн байсан ба би тухайн хүний иргэний үнэмлэхний зургийг авсан байгаа. Балжинням хэлэхдээ “Munkhbat Bataa” гэх фэйсбүүк ашигладаг хүн нь Батмөнх ба түүний танил найз нь гэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,
Гэрч Г.Балжиннямын: “...Батмөнх нь миний аав Ганболдын ах Ариунболдын хүү буюу миний үеэл байгаа юм. Үеэлүүд учир багаас нь мэднэ. Надаас 2-3 насаар ах хүн байдаг юм ...Батмөнх над руу 2022 оны 05 дугаар сарын сүүлээр /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ гадаад дугаараас залгаад /дугаарыг нь одоо мэдэхгүй байна/ “чи завтай байвал нэг хүнээс гадаад паспорт аваад нэг хүнд дамжуулаад өгчихөөч” гэхээр нь би ямар учиртайг нь мэдэхгүй ч зөвшөөрөөд тухайн үед өөрөө завгүй байсан учир гэртээ байсан эхнэр Сувдаагаар холбоо бариулсан, тэр өдрөөсөө 2 хоногийн дараа гэрийн ойролцоо Тэмээтэй хөшөөний орчимд Төрийн банкны салбарын үүдэн дээр Балжмаа гэх хүнээс эхнэрээрээ авахуултал Балжмаа гэх хүн над руу залгаад “Паспортоо би танай эхнэрт өгчихлөө, хэзээ гарах вэ” гэж асуухаар нь би учрыг мэдэхгүй тул “би сайн мэдэхгүй байна” гэж хариулаад паспортыг орой нь эхнэрээсээ авч машиндаа хийж орхисон байсан юм. Түүнээс хойш Батмөнх над руу дахин холбогдоогүй байна гэж хэлтэл “За би тэгвэл паспортоо буцааж авъя” гээд Хүннү молл төвийн орчим ирж гадаад паспортаа надаас авсан ба “нэг найз маань Турк руу визэнд Батмөнхөөр дамжуулан ороод одоо явсан байгаа гэсэн, одоо би тэгээд виз хөөцөлдтөл өөрт чинь гадаад паспортоо аваачаад өгчих” гэж учир байдлаа ярисан юм. Надад Батмөнх хэлэхдээ хүнээс паспорт аваад өөр хүнд дамжуулаад өгчих гэж хэлсэн ба би авсан хойно дахиж надтай холбоо бариагүй, байсан ба паспорт нь миний машинд л байгаад байсан юм. Би тэр паспортыг өөр хүнд дамжуулж өгсөн асуудал огт байхгүй, авснаас хойш миний машины голын хайрцагт байсаар буцаж хэсэг хугацааны дараа Балжмаа гэх хүнд нь буцаан өгсөн юм. Би Балжмаа гэх хүнд Батмөнхийн зүс таних танил найз гэж хэлсэн юм. Учир нь намайг хамаатан гэдгийг мэдэх юм бол манайхаар эргэлдээд байх юм болов уу гэж бодсон. Би Батмөнхийг ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд Балжмаа гэх хүнээс сонсоход одоо Туркэд байгаа гэж ярьж байсан. 2021 оны 11 сард Монголд бид хоёр уулзахад Турк улсдаа үйлдвэрт ажиллаж байгаа гэж ярьж байсан юм байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/,
А.Бийн Хаан банкны 5303229317 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
Шүүгдэгч А.Бийн “...Б.Б нь 2021 оны 07 дугаар сараас над руу фэйсбүүк чатаар миний “Munkhbat Bataa” гэх хаягаар хандаж Турк улсад байдаг хүнээс миний хаягийг авч Турк улсын виз хэрхэн яаж гаргуулах талаар асуудаг байсан бөгөөд сүүлд 2022 оны 05 дугаар сард надтай холбогдож виз гаргуулахаар болсон тэгээд би өөрийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч өөрөө 400.000 төгрөгийг нь аваад 1.600.000 төгрөгийг нь цааш нь өөрийн танил урьд виз гаргаж өгдөг Ч.Мөнхбатын данс руу шилжүүлсэн. Би Бүдүүн Сүхээ буюу Ч.Мөнхбат гэх хүнийг таньдаг ба тухайн хүн нь Турк улсад байнгын оршин сууж амьдардаг ба харлаад баригдаад Монгол улсад ирээд буцаж очиж чадахгүй байгаа хүмүүсийн визийг гарган өгч байсан юм. Б.Б нь өөрөө надтай эхэлж холбогдоод учир байдлаа хэлээд виз гаргуулах тухайгаа хэлэхээр нь би Бүдүүн Сүхээ буюу Ч.Мөнхбатаас асуухад 3.000.000 төгрөг болно, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг авна гэхээр нь би Балжмаад дамжуулан хэлээд өөрийн дансаараа мөнгийг нь аваад Ч.Мөнхбатад мөнгийг нь цааш 5925381024 тоот данс руу нь “Haagiigaas” гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 99 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ариунболдын Батмөнх нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүкийн “Munkhbat Bataa” нэртэй хаягнаас “Гадаад улс руу ажлын виз, эмчилгээний виз гаргана” гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, зарын дагуу холбогдсон иргэн Б.Бгаас Турк улсын эмчилгээний виз гаргаж өгнө гэж хуурч, түүнийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар бусдын 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч Балжидмаад 1.700.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Бийн “Хаан банк”-ны 5303229317, 5176324586 дугаартай данснуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Шүүгдэгч А.Бийн 5303229317 дугаартай дансанд 360.000 төгрөг байна. Тухайн мөнгөнөөс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Балжмаад олгуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хавтаст хэргийн 49 дүгээр талд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч А.Бийн Хаан банкны 5303229317 тоот данс болон 5176424586 дугаартай данснуудыг мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Харин шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд, шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирол төлөх талаар хүсэлт гаргасан.
Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь бусдад учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлоос хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.
Иймд үлдэх 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Бд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бийн 5303229317 дугаартай данснаас 300.000 төгрөгийг албадан гаргуулж хохирогч Б.Бд олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаар Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай шүүгдэгч А.Бийн Хаан банк дахь 5303229317, 5176324586 дугаартай дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөн хязгаарласан /хх 49/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт АБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5303229317 дугаарын дансаар бусдын 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бөөс хохирлын 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 5303229317 дугаартай данснаас хохирлын 300.000 төгрөгийг албадан гаргуулж хохирогч Б.Бд олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаар Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай шүүгдэгч А.Бийн Хаан банк дахь 5303229317, 5176324586 дугаартай дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөн хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ