Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

  2023         02          08                                     2023/ШЦТ/124

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Г.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г Тд холбогдох эрүүгийн 2303 00002 0057 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг, Бэрх гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 18 дугаар гудамжны 33б тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигин овогт ГТ /................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Боржигин овогт ГТ /РД:.............................../ нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г гудамжны 719б тоот хашааны зүүн талын зам дээр 1152 ӨВО улсын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Болд /РД:МП56102473/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Боржигин овогт ГТ /РД:..................................../ нь:

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г гудамжны 719б тоот хашааны зүүн талын зам дээр 1152 ӨВО улсын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Болд /РД:МП56102473/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Болдын “...тэр өдөр би 14 цаг өнгөрч байхад ажилладаг газартаа худгаас ус авах гээд усны тэрэг түрээд Зурагтын шинэ эцсээс Дэнжийн-1000 руу явдаг шинэ тавигдсан замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй өгсөөд машин замаар явж байтал өөдөөс ирж явсан саарал өнгийн суудлын машин ирээд зогсолгүй миний урдаа түрж явсан тэрэг рүү мөргөхөөр нь би усны тэргэндээ цохигдоод газар унасан. Тэгсэн машины жолооч хүү бууж ирээд намайг өргөөд машиндаа суулгасан ...би тухайн үед машин өөдөөс ирж явсаныг харсан. Би тэр машиныг хараад аль болох замаа шахаад айлын хашаа руу орох шахам усны тэрэгнийхээ бариулыг дээш нь өргөөд зогссон ...цаг агаар тогтуун, тайван байсан, гадаа нартай байсан ...жолооч хүү Түвшинжаргал миний эмчилгээний бүх л зардлыг төлсөн. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед жолооч хүү Түвшинжаргал намайг сахьсан ...одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Иргэний хариуцагч Г.Цэрэнпилийн “...1152 ӨВО улсын дугаартай Тоёота приус-20 автомашин миний нэр дээр байдаг. Уг автомашиныг миний төрсөн дүү Г.Цэрэнпунцаг унадаг юм ...ослын улмаас эвдрэл гэмтэл учраагүй ...би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 28 дугаар тал/,

Гэрч Г.Цэрэнпунцагийн “...үеэл Г.Тын хамт 1152 ӨВО улсын дугаартай Т.Приүс маркийн автомашинтай Дэнжийн 1000-с Зурагтын эцэс явдаг далан давхарын шинэ замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад урд зам дээр усны тэрэг түрээд явж байсан хүнийг Г.Т машинтайгаа мөргөөд унасан. Би тухайн үед юм бодож явж байсан болохоор тэрийг анзаараагүй юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16306 дугаартай дүгнэлтэнд  “Д.Бын биед зүүн дунд чөмөгний их, бага төвгөр дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дүгээр тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

1152 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39039123 дугаартай дүгнэлтэд: “...Г.Цэрэнпилийн эзэмшлийн Toyota маркийн Prius загварын мөнгөлөг өнгөтэй, Япон улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн, 1152 ӨВО улсын дугаартай, NHW203527378 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, HCHR маркийн их гэрэлтэй суудлын автотээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1642 цагаас 1705 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд:урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун урд талын оврын гэрэл асахгүй, шил арчигчийн шингэн дууссан, улсын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, урд буферын улсын бүртгэлийн дугаарын баруун доод булан тал хагарсан, дагалдах хэрэгсэл байхгүй нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай 23,9 мм /стандарт +0-5мм/, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7кН, баруун талдаа 1,7 кН, зөрүү нь 0% /стандарт ‹ 20% /, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,2 кН, баруун талдаа 1,2 кН, зөрүү нь 0% /стандарт ‹30%/ буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800сd, хол дээрээ 31000сd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300сd, хол дээрээ 7500сd байгаа нь баруун зүүн талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 6-7 мм буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна ...Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос, дуут дохио, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун урд талын оврын гэрэл асахгүй, шил арчигчийн шингэн дууссан, улсын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, зүүн баруун гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд буферын улсын бүртгэлийн дугаарын баруун доод булан тал хагарсан, дагалдах хэрэгсэл байхгүй нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун урд талын оврын гэрэл асахгүй, шил арчигчийн шингэн дууссан, улсын бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, зүүн баруун гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд буферын улсын бүртгэлийн дугаарын баруун доод булан тал хагарсан, дагалдах хэрэгсэл байхгүй нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтэлт нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2021 онд 2021.03.28-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. 2022 онд 2022.04.25-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн  MVIS программ дээр шалгаж үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн бөгөөд техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусах болоогүй байна ...шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-59 дүгээр тал/,

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: “...11-52 ӨВО улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байгаа нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Явган зорчигч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Тын өгсөн “...ослын улмаас автомашинд эвдрэл учраагүй ...би хохирогчид учирсан гэм хохирол, хохирол болох 442.874 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1.827.000 төгрөгийг төлсөн байгаа. Нийт 2.269.874 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 118/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 83/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 84/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 85/, иргэний хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх 87/, хохирол төлсөн гэх баримтууд /хх 90-93/, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр төлсөн тодорхойлолт, баримтууд /хх 97-100/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 103-104/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Боржигин овогт Ганболдын Түвшинжаргал /РД:ЙС97022214/ нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г гудамжны 719б тоот хашааны зүүн талын зам дээр 1152 ӨВО улсын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б /РД:МП56102473/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Д.Боос: “...жолооч Түвшинжаргал нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул миний бие жолоочид ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан;

Мөн шүүгдэгч нь хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр зэргийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтууд /хх 90-93, 97-100/-аар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ГТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ