Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00355                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 9-р баг ******* тоотод оршин суух, Х овогт Р гийн О /*******/-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00374/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1982 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн худалдаа нийтийн хоолны трестэд худалдагчаар ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, бичилт нь шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь 1982 оны 09 сарын 01-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест, Хүч хоршоонд худалдагч, няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Оыг 1983 оны 07 сарын 06 өдөр Үйлдвэрийн барааны төв дэлгүүрт худалдагчаар томилох тухай тушаал Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаж байх боловч 1995 оны 01 сарын 01 өдөр Хүч хоршооноос чөлөөлөгдсөн тухай баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.О нь 1983 оны 7 сарын 5-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест, Хүч хоршоонд худалдагч, няраваар ажиллаж байсан   болох нь  дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 30-ны өдрийн 08/470 дугаартай “Дундговь аймгийн Худалдаа, нийтийн хоолны трест”, 2019 оны 08 сарын 28 өдрийн 08/504 дугаартай “ Дундговь аймгийн ******* сумын Хүч хоршоо”-ны талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 3, 23 хуудас/

-Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 сарын 23-ны өдөр Р.От олгосон, 030563 дугаартай, 1983 оны 7 сарын 1-ний өдөр Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн мэдэлд шилжүүлэв, 1983 оны 7сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн ТМС-г худалдагчаар төгссөн учир төв дэлгүүрийн худалдагчаар томилон ажиллуулав, 1991 оны 11 сарын 1-ний өдөр аж ахуйн нэгж өмч хувьчлалын хуулийн дагуу Хүч хоршоонд шилжүүлэв, 1991 оны 11 сарын 1-ний өдөр Хүч хоршоонд няраваар ажиллуулав, 1995 оны 01 сарын 01 өдөр .... хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв гэсэн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 5-7-р хуудас/

-Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1983 оны 7 сарын 6-ны өдрийн 83 дугаартай “зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1987 оны 1 сарын 24-ний өдрийн 11 дугаартай “зарим эхчүүдэд тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгох тухай ” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1990 оны 1 сарын 2-ны өдрийн Б-2 дугаартай “зарим хүмүүсийн ажлыг байгууллага дотроо өөрчлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-11-р хуудас/

-Гэрч Б.Б-н “...Р.О нь 1983 оны 7 сараас эхлээд 1995 он дуустал Худалдаа бэлтгэлийн трест, Хүч хоршоонд худалдагчаар ажиллаж байсан хүн. Би 1983 оны 7 сараас 1995 он дуустал Худалдаа бэлтгэлийн трест, Хүч хоршоонд худалдагчаар ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг худалдагч байсан гэдгийг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

 -Гэрч Г.С-н “...Р.О нь 1983 оны 7 сараас эхлээд 1996 он хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн барааны тасагт худалдагчаар ажиллаж байсан хүн.  Би 1983 оны 7 сараас 1996 он хүртэл  Худалдаа бэлтгэлийн трестийн барааны тасагт худалдагчаар ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг худалдагч байсан гэдгийг нь мэдэж байна...”  гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Б.Б-н “...Р.О нь 1983 оноос 1995 он дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан хүн. Би 1979-1995 он дуустал   Худалдаа бэлтгэлийн трестэд, Хүч хоршоонд худалдагчаар ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг худалдагч байсан гэдгийг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/ зэрэг болно.

Нэхэмжлэгч Р.О нь 1982 оны 09 сарын 01 өдрөөс 1983 оны 07 сарын 05 хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас  1982 оны 09 сарын 01 өдрөөс 1983 оны 07 сарын 05 хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  /хэргийн 5-6 хуудас/

Иймд  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ха овогт Р-гийн О /*******/-ыг 1983 оны 7 сарын 5-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест, Хүч хоршоонд худалдагч, няраваар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас  1982 оны 09 сарын 01 өдрөөс 1983 оны 07 сарын 05 хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б