Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

2023          02         15                                   2023/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат, 

улсын яллагч Л.Содбаяр,

  шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

  хохирогч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цонгоол овогт ДТд холбогдох эрүүгийн  2311 00000 0002 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цонгоол овогт ДТ, регистрийн дугаар .......................

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч ДТ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 23-260 тоотод хохирогч А.Быг таарамжгүй харилцааны улмаас биед нь 1 удаа хутгалж цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эм тарианы мөнгөө өгчих гэж хэлсэн. Хүнээс уучлалт гуйхгүй нэг ч залгаагүй, яриагүй. Байцаагч дээр байхад нь эм тарианы мөнгө өгөөрэй гэж хэлэхэд маргааш цалин буухаар өгнө гэсэн. Тэгээд 100 төгрөг ч өгөөгүй, утсаар ч яриагүй. Би 5 хүүхэдтэй, цалингийн зээлтэй, олуулаа жижиг байшинд амьдардаг. 3 хүүхэд сургуулийнх, 2 хүүхэд цэцэрлэгт явдаг. Би ажил хийхгүй бол хоосон хонодог. 500.000 төгрөгийн эм тарианы мөнгө нэхэмжилж байгаа. Би халтууранд явж цалингийн зээлээ төлдөг. Одоо төлөгдөөгүй 2 сар болж байна. Хүүхдийн хичээл орохоор элдэв юм нэхэгддэг. 5 хүүхэдтэй болохоор амжихгүй байна. Анхнаасаа хүн хутгална гэж явж байгаад айлд орж ирээд 2 хүн хутгалсан. Манай эхнэрийг ална гэж хэлсэн. Цагдаа дээр байхад чамайг алаагүйд баярла гэж хэлсэн” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Бын “...би өнөөдөр буюу 2022 оны 11 сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 23-260 тоот Даваасүрэн ахын гэр рүү найз Мөнх-Одын хамт орсон ...намайг ороход байшинд Даваасүрэн ах, Баярбаатар, Алтанхундага эгч, Даваасүрэн ахын ээж Хорлоо эгч зэрэг хүмүүс хоол идэх гээд сууж байсан. Би тэд нартай ойр зуур юм яриад байшин дотор хувцасны шүүгээний урд сандал дээр сууж байсан. Гэтэл гаднаас үл таних эрэгтэй гэрт орж ирээд гэрт байсан хүмүүсийг янз янзаар хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд хандаж “Чи айлд орж ирчихээд агсам согтуу тавиад хэл амаар доромжлоод байх юм. “Болиоч” гэж хэлэхэд тухайн эрэгтэй босч ирээд над руу алхахаар нь би өөдөөс нь бостол нурууныхаа араас хутга гаргаж ирээд зүүн хавирга хэсэг рүү нэг удаа хатгачихсан. Тэгэхээр нь би хойшлоод гэдэс рүүгээ харахад цус гарч байсан сандарсандаа гэрээс гарч яваад машиндаа суугаад эхнэр дээрээ очсон ...намайг яагаад хутгалсан талаар мэдэхгүй байна. Анх намайг хутгалахад нь би хутгыг нь хараагүй юм. Сүүлд харахад ногоон өнгийн иштэй, гал тогооны хутга байсан ...миний хавирга руу нэг удаа хутгалсан. Оёдол тавьсан эмч хэлэхдээ хутга чигээрээ орсон байна гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, мөн түүний дахин өгсөн “...одоогоор нийтдээ 554.900 төгрөгийн эмчилгээний зардал гараад байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Гэрч П.Алтанхундагын “...2022 оны 11 сарын 30-ны өдөр ...гаднаас үл таних эрэгтэй орж ирээд “Нийтийн байр түрээслэх юм байна уу” гэж асуусан. Орж ирэхдээ согтуу байсан ба гэртээ нэг шил архи барьчихсан байсан. Авч ирсэн архийг нь бид нар хувааж ууж байгаад тэр залуу гараад явсан. Дараа манай танил дүү Баасаа гаднаас орж ирээд бид нарыг архи уулаа гээд уурлаад бид нарыг загнаад зогсож байсан. Гэтэл гаднаас нөгөө үл таних эрэгтэй орж ирээд үгийн зөрүүгүй ардаасаа хутга гаргаж ирээд шууд Баасаа руу дайрсан ...нэг харахад гэрт байсан хүмүүс тухайн үл таних залууг дарчихсан байсан ...тухайн эрэгтэй нь маш ихээр согтсон байсан. Баасаагийн зүүн хавирга хэсэгт хутгалсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч С.Даваасүрэнгийн “... 2022 оны 11 сарын 30-ны өдөр орж ирээд шууд нурууныхаа ардаас хоол хийдэг хутга гарч ирээд Баасаа руу дайраад гэдэс хэсэгт нь хутгалчихсан. Тэр үед нь Баярбаатар хутгыг нь булааж аваад хажуу тийш нь тогоо руу шидчихсэн. Тухайн эрэгтэй согтуу байсан тул Баярбаатар дээр нь гараад гарыг нь ард бариад сууж байсан ...тухайн эрэгтэй нь хутгаа баруун гартаа бариад Баасаагийн хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Гэрч Н.Мөнх-Одын “...2022 оны 11 сарын 30-ны өдөр ...Д.Т гэгч нь өөрийнхөө гар утсыг аваад бас л орилж чарлаад байсан. Тэгэхээр нь бид нар чи айлд орж ирчихээд яагаад орилж чарлаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай найз А.Быг хутгалчихсан аягүй хурдан хоромхон зуур болоод өнгөрсөн ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,   

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13:30 цагийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 23-260 тоотод байж байхдаа бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч УЗ88070875 регистрийн дугаартай, А.Б нь 2022 оны 11 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 48.000 төгрөг, Цэргийн төв эмнэлгийн 2.033.000 төгрөг, Баянзүрх ЭМТ-ийн нийтдээ 5 удаагийн амбулторийн үзлэгээр 59.000 төгрөгний тусламж үйлчилгээ авсан нь нийтдээ 2.140.000 төгрөгний Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/34 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Тээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16340 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Бын биед цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Тий “...тэр өдөр 2022 оны 11 дүгээр сарын 30-нд хуучин амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-445 тоотод эхлээд гэртээ байж байгаад дараагаар нь өдөр тийшээ гэрийнхээ дээшээ байдаг нэг айлд очиж байсан тэр нь одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна тэр айлд бид нар олуулаа байж байсан миний хувьд нилээн согтуу байсан тэгээд тэнд байсан нэг эмэгтэйгийн хамтаар дэлгүүр гараад архи авах гэж байсан чинь тэр эмэгтэй миний гар утсыг аваад алга болсон байсан тэгээд би тэр дэлгүүр лүү ороод нөгөө эмэгтэйг асууж байсан Буурал ээж дэлгүүрийн хүнээс асуусан чинь тэр эмэгтэйг мэдэхгүй гээд байсан тэгэж байгаад би эргээд гэртээ харисан. Тэгээд гэрийнхээ ногоон иштэй том хутгаа аваад нуруундаа хийсэн байсан. Тэгээд нөгөө айлдаа буцаж очоод миний утас байна уу гэж асууж байсан тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний гар утсыг гаргаж ирээд надад май энэ утсаа ав гэж хэлээд өгч байсан. Тэгээд би өөрөө согтуу байсан тул тэд нарт уур хүрээд агсам тавьж байсан чинь нэг залуу намайг загнаад байсан тул би түүнийг хутгаа гаргаж ирээд хутгалж байсан юм. Тэгтэл тэр гэрт байсан хэсэг хүмүүс намайг барьж аваад газарт унагаагаад доошоо дарж байсан тэгж байгаад дараагаар нь тэд нар намайг цагдаа барьж өгөөд би эрүүлжүүлэх байранд хонож байсан юм ...би тэр өдөр тэр айлд орж байсан гар утсаа олж авах гэж байсан тэгээд нилээн ууртай байсан тул тэр залуу намайг загнаад байсан чи айлд орж ирчихээд согтуурхаж агсам тавьлаа гэж байхаар нь би түүнд уурлаад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд ар нуруунаасаа хутгаа гаргаж ирээд түүнийг цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан юм. Би зориуд санаатай хутгалах гэж бодоогүй тэр залуу өөрөө бас согтуу байсан над руу дайраад ирэхээр нь би айгаад сандарсандаа хутгаа гаргаж ирээд түүнийг айлгах гэж байсан чинь санаандгүй хутгалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 04/34 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Дорждагвын Түвшин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 23-260 тоотод хохирогч А.Быг таарамжгүй харилцааны улмаас биед нь 1 удаа хутгалж цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/, гэрч П.Алтанхундагын мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, гэрч Н.Мөнх-Одын мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, гэрч С.Даваасүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16340 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 04/34 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Т нь хохирогч А.Быг  таарамжгүй харилцааны улмаас биед нь 1 удаа хутгалж цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчид учирсан 554.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, хохирогчийн цалингийн зээлийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирогч А.Бд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 2.140.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хүснэгт гаргаж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна ...” гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Баас энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 554.900 төгрөгийн баримт /хх 33/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан боловч шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй;

Мөн хохирогч нь 2022 оны 11 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн, Цэргийн төв эмнэлгээс 2.033.000 төгрөгийн, Баянзүрх ЭМТ-өөс нийтдээ 5 удаагийн амбулторийн үзлэгээр 59.000 төгрөгний тусламж үйлчилгээ тус тус авсан нь нийтдээ 2.140.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Тгээс дээрх 2.140.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 554.900 төгрөгийг шүүгдэгчээс мөн гаргуулан хохирогчид олгох  нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, саарал өнгийн ажлын хэсэгтэй 135 мм урттай, 30 мм өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цонгоол овогт ДТг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Тгээс хохирлын 554.900 /таван зуун тавин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Бд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.140.000 /хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Тгээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, саарал өнгийн ажлын хэсэгтэй 135 мм урттай, 30 мм өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ