Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00357                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянгол 52-р гудамж 8 тоотод оршин суух, Гу  овогт Б ийн У /ЗД69100126/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00369/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд 1988 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл үхэрчнээр ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, бичилт нь шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У 1988 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчнаар   ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.У-т хамаарах 1988 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 8 сарын 5-ны өдрийн 263 дугаартай  тодорхойлолт,   Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 сарын 7-ны өдрийн 141 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хэргийн 4, 6 хуудас/

Нэхэмжлэгч Б.У нь 1988 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчнаар   ажиллаж байсан  болох нь  дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 8 сарын 6-ны өдрийн 08/483 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын Шинэ зам нэгдэл”–ийн талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын Шинэ зам нэгдлээс 1991 оны 12 сард Б.У-т олгосон, 1988 оны 7 сарын 15-ны өдөр, Шинэ зам нэгдлийн Номгон бригадад малчнаар томилов, 1993 оны 8 сарын 31-ний өдөр аж ахуйн өөр зохион байгуулалтад шилжих болсон тул  малчны ажлаас чөлөөлөв гэсэн тушаалын бичилттэй, 1991-1993 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 9-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын Шинэ зам нэгдлээс 1989 оны 1 сарын 10-ны өдөр  Б.У-т олгосон, 1988 оны 7 сарын 15-ны өдөр, Шинэ зам нэгдлийн Номгон бригадад үхэрчнээр томилов гэсэн тушаалын бичилттэй, 1989-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 10-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 7 сарын 25-ны өдрийн 40 дугаартай “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Гэрч Ц.О-н “...Б.У нь 1988-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ замд нэгдэлд үхэр, бага мал  маллаж, сааль саадаг малчин хүн байсан. Би 1987-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ замд нэгдэлд бага мал маллаж байсан. Нэг бригадад ажиллаж байсан, нэг нутагт оршин суух  байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/

-Гэрч Д.Т-н “...Б.У нь  1988 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ замд нэгдэлд үхэр маллаж, сааль саадаг малчин хүн байсан. Би 1979-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ замд нэгдэлд бага мал маллаж байсан. Нэг бригадад ажиллаж байсан, нэг нутагт оршин суух  байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Ц.Г-н “...Б.У нь 1983 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ замд нэгдэлд, Хүзүүвчийн бууц гэх газарт нутаглаж, үхэр маллаж, сааль саадаг малчин хүн байсан. Б.У нь 1993 он дуустал буюу нэгдэл тартал малчнаар ажилласан хүн. Би 1984 онд Техниккум төгсөөд 1984 оны 7 сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам  нэгдлийн Тараг бригадад эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр очоод 3 жил ажилласан. 1988 оноос эхлээд Шинэ зам нэгдэлдээ бэр болж, малчин болсон юм. Би Дэлгэрхангай сумандаа 1993 он дуустал малчин байсан. Б.Утэй нэг нутагт нутаглаж байсан, нэг нэгдэлд ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/ зэрэг баримтууд болно.  Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Б-ийн У /ЗД69100126/-г 1988 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчнаар   ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б