| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавхчин овогт************** холбогдох 2221000000473 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лайп” ХХК-д ус түгээгч ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг******* тоотод оршин суух,******* овогт******* Төрболд /РД:**************/.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг буудлын хашаан дотор иргэн маргалдан түлхэж унагаан биед нь дагзны шарх, баруун тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 2 найзтайгаа зочид буудлын гадаа машинд сууж байсан. Тэгтэл хохирогч эгч нэг найзын хамт ирээд такси мөн үү гэж асуусан. Би такси бишээ гэж хэлтэл машины хаалгыг хүчтэй савж бууснаар бид маргалдаж эхэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Парис баарнаас гарах гэж байхад тухайн залуу нь нэг найзынхаа хамт үүдэн дээр зогсож байсан бөгөөд бид хэдийн хамт байгаа газар луу цуг очье гэж хэлсэн бөгөөд бид хэд хамт буудал руу очсон. Тэгэхэд 22 цаг өнгөрч байсан байх ... таньдаг дүү нь ирж байгаа гэж хэлэхээр нь би тэгвэл унаатай ирж байгаа юм байна тэрүүгээр нь гэр лүүгээ явчихая гэж бодоод буудлаас түрүүлээд гарсан. Тэгэхэд буудлын зүүн талын зогсоол дээр баруун тийшээ хараад машин зогсож байхаар нь очоод жолоочийн хаалгыг онгойлгоод такси юу гэж хэлсэн. Тэгэхэд бишээ гэхээр нь хаалгыг нь хүчтэй хаачих шиг болсон. Тэгсэн тухайн залуучууд нь ямар хүчтэй хаадаг юм, юм эвдэлж хэмхэллээ зарах гэж байгаа машин гэж хэлэхээр нь юун сүртэй юм гээд хаалгыг нь өшиглөсөн. Гэхдээ хаалгыг нь яагаа ч үгүй тэгсэн машинаас 3-н залуу бууж ирээд маргалдсан. Тэгэхэд буудалд хамт байсан гэх залуу гарч ирээд тухайн 3-н залуу руу эмэгтэй хүн рүү дайрлаа гээд хальт маргалдсан.Тэгээд байж байхад шар царайтай 20 гаруй насны залуу нь намайг зүүн мөрнөөс түлхсэн тэгэхэд би толгой дагз хэсгээрээ цементэн боржур дээр унасан. Тэгээд босоход толгой халуу дүүгээд цус гарч байсан. ... надад гомдол санал байхгүй. ... гэжээ. /хх-ийн 07-08 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тоот дүгнэлтэд:
1. биед дагзны шарх, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 22-23 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 тал/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 тал/
-Яаралтай тусламжийн шалгах хуудас /хх-ийн 20 тал/
-Маршал мэд рентген оношилгооны эмнэлэг “Гавал, яс, хамар дайврын 2 байрлалын рентген зураг” /хх-ийн 21 тал
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/
-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч******* овогт******* Төрболд нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг буудлын хашаан дотор хохирогч маргалдан улмаар түлхэж унагаан биед нь “дагзны шарх, баруун тохойд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч, гэрч Я.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тоот дүгнэлт, яаралтай тусламжийн шалгах хуудас, Маршал мэд рентген оношилгооны эмнэлэг “Гавал, яс, хамар дайврын 2 байрлалын рентген зураг” болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын************** тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт******* Төрболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн************** тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ