Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0762

 

    2021         11          15                                    128/ШШ2021/0762

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: Б.Б

Гуравдагч этгээд: С Я /БСХС/.

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлчилгээний төвийн тог цахилгааныг захиргаанаас салгасан. Бид эрчим хүчний байгууллагад хандаж өөр эх үүсвэрээс тог цахилгаан татуулахаар хөөцөлдөхөд Төмөрчний гудамжны байшингийн газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг үзэж харах шаардлагатай болсон юм. Тэгээд гаргаж ирсэн баримтаар манай хаягт байрлах байшингийн доод 340 м.кв газрыг Б.Б2017 оноос эхлэн эзэмшиж байгааг бусад өмчлөгч бид анх удаа мэдсэн юм. Барилгын доод газар нь үйлчилгээний төвийн баруун жигүүр залгаа өргөтгөлд урт цагаан газрын гэрчилгээтэй гэж ярилцдаг байсан.

Б.Б нь манай дээд талын 2 дугаар давхрыг 2017 онд худалдан аваад биднээс ямар ч зөвшөөрөл авалгүй дээшээ 3, 4 дүгээр давхрыг давхарлан бариад зочид буудлын үйл ажиллагаа явуулж, 2017 ондоо энэ газрыг бидэнд мэдэгдэхгүй сэмхэн газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан. Анх гомдол нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б олгосон газар эзэмших гэрчилгээний хуулбарыг л харсан байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний гаргасан хүсэлтээр шүүхийн цуглуулсан болон архивын шинэ нотлох баримтуудын үндсэн дээр нэхэмжлэл бичигдсэн нэхэмжлэлийн шаардлагын гол нотлох баримтууд нь газрын гэрчилгээнд нэр шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгож түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдааг төсөл шалгаруулах зарчмыг баримтлахгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмшүүлснээр Үндсэн хууль, Газрын тухай хуульд зааснаар өөрийн зөрчигдсөн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий газар дээр анх газар эзэмших эрх хэрхэн бий болсон бэ гэхээр, 340 м.кв газар анх боксын аварга н.Л 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдөр явагдсан дуудлага худалдаанаас Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2001 оны 184 дүгээр тогтоолоор нийслэлийн ахуй үйлчилгээний төвийн “Р р” боксын клуб түрээсээр эзэмшиж байсан. Нийслэлийн өмчийн 381 м.кв талбай бүхий барилгыг 25 сая 563 мянган төгрөгөөр худалдан авч, 2001 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс уг хөрөнгийн өмчлөгч болсныг гэрчилсэн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 180 дугаар захирамжаар боксын “Р р” клубт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо спортын зориулалтай 340 м.кв газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрсөн. Боксын “Р р” клубт олгосон газар эзэмших 5/30 дугаартай гэрчилгээг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 4 жилийн хугацаатай олгосон. Боксын “Р р” клубийг 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4 жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний 5.2-т газар ашиглагчийн өмчлөлд байгаа. Газраас салгаж болохгүй барилга байгууламж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөр этгээдэд шилжүүлэх газар эзэмших ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэнэ гэж заасан. Гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад боксын “Р р” клубээс сунгах хүсэлт гаргаагүй тул 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон. Боксын “Р р” клуб 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгө болох барилгынхаа 305 м.кв талбайг СУ иргэн P H S барилга худалдах гэрээгээр зарж борлуулсан. Боксын “Р р” клуб нь газар ашиглах эрхээ СУ иргэн P H S шилжүүлээгүй тул газар ашиглах гэрээний 5.2-т зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглах эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 33.1-д тус тус зааснаар эрх дуусгавар болсон.

2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга ******* дугаар захирамж гарган н.Б анх газар эзэмшүүлсэн үеэс газар эзэмшүүлэх үйл ажиллагаа хууль бус болсон юм. 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр СУ иргэн P H S н.Б зарж, 305.8 м.кв талбайн өмчлөгч болсон. “р р” клуб болон иргэн н.Б нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх тухай ямар нэгэн зүйл болоогүй нь эдгээр гэрээнээс тодорхой харагдаж байна. Үүнээс 2 жилийн дараа иргэн н.Б СУ иргэн P H S -ийн өмнөөс Нийслэлийн Газрын албаны даргад нэр шилжүүлэх тухай өргөдөл бичиж, Газрын тухай хуульд заасан шаардлага хангахгүй баримт бичиг бүрдүүлж, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээгүйгээр хууль бус захирамж гаргуулан газар эзэмшсэн байна. Нийслэлийн Газрын албанаас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн н.Б материалыг ирүүлэхдээ СУ иргэн P H S өргөдлийг ирүүлээгүй байсан. Харин н.Б өргөдлийг 2 хувь ирүүлсэн байсан. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр СУ иргэн P H S -ийн өргөдлийг ирүүлсэн байсан. СУ иргэн P H S “р р” клубээс газар эзэмших эрх шилжүүлэн авсан бол нотариатаар батлуулсан гэрээ байхгүй байгаа.

Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжаар н.Б 340 м.кв газрыг 5 жил хугацаатай эзэмшүүлэхээр зөвшөөрсөн. СУ иргэн P H S газар эзэмших асуудалд огт хамаагүй болох нь хэрэгт авагдсан материалаар нотлогдсон. Хуулиар эрх шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулсан байгаа. Захирамжийг гаргуулахдаа 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаа нь дууссан газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх шилжүүлсэн талаар баримтыг Газрын албанаас шаардахаар эд хөрөнгө худалдаж авсан гэрээг өгдөг.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд н.Б нэр дээр эзэмшиж байсан 340 м.кв газрыг эзэмших эрхийн нэр шилжүүлж 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Хүсэлт гаргаагүй байхад газрын зориулалтыг өөрчилж, спорт клубийг үйлчилгээний газар болгосон байгаа. Иргэн н.Б н.Б газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн гэрээ бол байхгүй. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр болон 16-ны өдрүүдэд шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн материалд эрх шилжүүлэх тухай өргөдлүүдийг ирүүлсэн. Нотариатаар батлуулсан гэрээ бол байхгүй. Газрын тухай хуулийн 38.2.1-д заасныг зөрчиж Нийслэлийн Засаг дарга н.Б газрыг шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/267 дугаар захирамжаар н.Б 340 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихийг зөвшөөрсөн захирамж гаргасан. Энэ захирамж мөн хууль зөрчиж гаргасан. Хугацааг сунгах хүсэлт гаргаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон. Шинээр газар эзэмших хүсэлт гаргаж, дуудлага худалдаагаар газар эзэмших эрхийг олж авах байсан.

Нийслэлийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б газар эзэмшүүлэхээр гаргасан холбогдох хэсгийг хууль бус үзэж үзэж байгаа үндэслэл нь 2007 онд газар эзэмших үйл ажиллагаа хууль бус байсан явдал юм. Төрийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан үйлдэл нь Б.Б дугаар захирамж хууль бус болох үндэслэл гэж үзэж байна. Татвар төлсөн санхүүгийн баримтгүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших ашиглах гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” дүгээр захирамжаар анхны үнэ төлүүлсэн санхүүгийн баримт хэрэгт байхгүй. Нийслэлийн Газрын албаны 1583 тоот бичиг байгаа. 2017 оноос 2020 онд уг барилгын өргөтгөл нь зөвшөөрөлгүй баригдсан нь газар эзэмшүүлэх гэрээний 3.2-т заасныг зөрчсөн нь Нийслэлийн Засаг дарга өөрөө гэрээг цуцлах үндэслэл байсан болохыг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар иргэн н.БаБ, н.Б, Б.Б нар нь газар эзэмших хүсэлт бол огт гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан Нийслэлийн Засаг дарга шугам сүлжээ бүхий сүлжээнд холбогдсон, төлөвлөсөн газрыг ашиглуулахыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ газартай холбоотой бүх захирамжууд хууль бус юм. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн. Захиргааны байгууллага шударга ёс, хууль дээдлэх зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газар өмчлөх, Үндсэн хуулийн шударга ёс, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Өмчлөгч бусдын хууль бус эзэмшлийг шаардах эрхтэй. Төрийн өмчийн газрыг өмчлөлдөө буцаан аваач гэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй гэх хариуг өгсөн.

Нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөөд байна гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд шударга ёс, тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, 4.1.2-т хуульд үндэслэх зарчмыг заасан. Газрын тухай баримтлах зарчим, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасан. Иргэн С.С бол газар дээр байгаа барилгад 31.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилдөг. Тэр төрсөн дүү болох С.О нэр дээр 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авч, 2004 оны 08 дугаар сарын 15-ны өдөр компаниа байгуулж, ажлын байрандаа одоо хүртэл ажиллаж байна. С.С энэ компанийн 100 хувийн эзэмшигч юм. С.С Америкийн Нэгдсэн Улсад оршин суухаар явахад 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С.С нь үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

2020 онд ы баруун талаас нь нураах хүртэл Нийслэлийн эзэмшлийн газар гэж бодож байсан. Тусдаа тог цахилгаан залгуулах хүртэл, газрын зураг, кадастрын зураг эзэмших гэрчилгээгээ авч ир гэдэг. 2017 онд олгосон Б.Б нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарч ирсэн. С.С нь Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарын нэг миний бие нь 341 м.кв талбайг мөн адилхан эзэмших эрхтэй гэж үзэж байна. Манай нийгмийн үндсэн зарчим нь бүх иргэд ижил эрхтэй, шударга байх гэж заасан. Б.Б миний эрхийг зөрчиж, олгосон захирамж нь миний бүхий л эрхийг зөрчиж, шударга байх зарчмыг зөрчсөн. Энэ хэрэгт Нийслэлийн Засаг даргын 5 захирамж байгаа. 2017 онд хүүгээс аав, ааваас хүүд гэж 3 хүнд дамжсан захирамж гаргасан байгаа. Нэг газар эзэмшигчээс нөгөө газар эзэмшигчид зориудаар эзэмшүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Нийслэлийн Засаг дарга хууль бус үйл ажиллагаа хийхдээ дуудлага худалдаа хийхгүйгээр хууль бус зүйл хийсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2017 оны Б.Б олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ өмнөх түүхүүдийг нь яриад байна. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад өмнөх захиргааны актуудыг хууль бус, анхнаасаа газар эзэмших эрхгүй байсан. Хууль бус байсан болохоор 2017 онд олгосон захирамж мэдээж хууль бус гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий 2010, 2017 оны болон түүнээс өмнөх захирамжийг хууль бус болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжууд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тэдгээрийг хууль бус гэж үзэж байгаа бол хууль бус шийдвэрээ гаргаад хууль бус захиргааны акт гаргасан гэж тайлбарлах нь зүйтэй болов уу. Нэгэнт өмнөх захирамжуудтай маргаагүй. Зөвхөн 2017 оны захирамжтай маргаж байгаа гэдгийг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шилжүүлэх эрхтэй холбоотой асуудал үүсэж байна гэж ойлгож байгаа. зүгээс хүү Б эрх шилжүүлэх захиргааны акт байгаа. С.С нь нэхэмжлэл гаргах этгээд мөн үү гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Гуравдагч этгээд Б.Б шилжүүлж авсан газар нь ямар нэгэн этгээдийн газартай давхцаагүй байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь үүсээгүй байгаа. Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/******* дугаар захирамжаар иргэн Б.Б Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 340 м.кв газрыг эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжаар сунгаж иргэн Б.Бд маргаан бүхий 340 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иргэн Б.Б Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өөрийн хүү Б.Б өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэх хүсэлт гаргасныг тухай үеийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар оруулж тус хурлын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Б.Б 340 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар маргаан бүхий газрыг авах хүсэлт гаргаж байгаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байх ба хууль мэдэхгүй байх нь төрийн захиргааны байгууллагын захиргааны актыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд бусдаас шилжүүлэн авах замаар гэрээ байгуулж авсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Б.Б холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй хуульд нийцэж гарсан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат төмөрчний гудамж хаягт байршилтай 643.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн эцэг Б Б бэлэглэлийн гэрээгээр 2017 оны 6 дугаар сард авч хууль ёсны өмчлөгч болсон. Анх миний эцэг 2004 онд боксын тамирчин Д.Л худалдах худалдан авах гэрээгээр авч тэр цагаас өнөөдрийг хүртэл 15 жил манай гэр бүл хууль ёсны өмчлөгч байсаар энэ хугацаанд газрын төлбөрийг тасралтгүй төлж ирсэн. Улсаас батлагдсан гэрчилгээний стандартаас болж хууль ёсны өмчлөгч иргэн Б.Б миний эрх ашиг хохирох ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Бичил санхүүгийн хөгжлийн сан нь Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 247 дугаар тушаалаар татан буугдсан Сангийн яамны санхүүгийн бодлогын газар нь тус сангаар дамжуулан зээлийн авлага барагдуулах мөн барьцаа хөрөнгө суллах тал дээр ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Б.Б гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн тухайд: Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн  хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуй нэгж, байгууллагын гэсэн төрөлтэй байх ба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 23.3.7-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмыг баталж мөрдүүлэх эрх хэмжээ нь Газрын харилцаа геодези зураг зүйн газар харин Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн хуулийн этгээдэд газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээг Газрын алба хэрэгжүүлдэг. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2015 оны ******* дүгээр тушаалаар хуульд заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллага, аж ахуй нэгж, байгууллагын гэсэн 3 төрлийн газар эзэмших эрхийн гэрчилгээний загварыг баталсан байх ба эдгээрийн дотор иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төрөл байгаагүй тул Засаг дарга иргэнд үйлчилгээний болон бусад аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан тохиолдолд Газрын албанаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож байсны дагуу гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар тушаалаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний загварыг баталж түүнээс хойш ийм төрлийн гэрчилгээг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар газар эзэмшигч иргэдэд олгож эхэлсэн.

Б.Б газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө газар дээр очиж судлаагүй нь хууль зөрчсөн тухайд: Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталсан. Уг журамд Газрын албанаас газрын талаарх иргэн хуулийн этгээдийн өргөдөл хүсэлттэй танилцаж суурин болон хээрийн судалгаа хийх харилцааг зохицуулсан бөгөөд хээрийн судалгаа нь өргөдөл гаргасан этгээдийн эзэмшил ашиглалтын эсхүл шилжүүлж, шилжүүлэн авахыг хүсэж буй газрын хэмжээ байршил хил заагийг газар дээр нь тодруулах үйл ажиллагаа юм. Харин газартай холбоотой өргөдөл хүсэлт гаргаагүй аливаа этгээдийн газар тэр тусмаа газраас өөр асуудал судлах үүргийг Газрын алба болон Засаг дарга хуулиар болон энэ журмаар хүлээхгүй. Нэхэмжлэгч нь шийдвэр гаргахын өмнө газар дээр очиж судлаагүй тур байшинд байгаа цөөн хэдэн өмчлөгч нартай уулзаагүй гэж гомдож байх боловч Газрын албанаас газар дээр очиж судлаагүй болохыг нолох баримт байхгүй нэхэмжлэгч газартай холбоотой өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй тул барилгад өөр өмчлөгч байгаа эсэхийг захиргаа мэдэх боломжгүй.

Б.Б газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар аж ахуй нэгжийнхээ нэр дээр гаргах ёстой байсан гэх тухайд: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж зааснаар Б.Б нь маргаж буй газрыг үйлчилгээний зориулалтаар бусдаас шилжүүлэн авч эзэмших хүсэлт гаргаж газар эзэмших эртэй болсон. Газрын тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжид Б.Б иргэнийхээ нэрээр газар эзэмших хүсэлт гаргах эрхгүй харин аж ахуй нэгжийнхээ нэр дээр бол гаргаж болох ёстой тухай зохицуулалт байхгүй энэ шаардлага нь өөрөө хуульд нийцэхгүй бусдын эрхийг дордуулсан тайлбар гэж үзнэ.

Газрын дуудлага худалдаа төсөл шалгаруулалт явуулалгүй эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэх тухайд: Маргаж буй газрыг 340 м.кв газрыг эзэмших ашиглах эрх анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар боксын   “р р” клуб дээр үүсэж энэ эрх нь 2007 оны ******* дугаар захирамжаар иргэн Б.Бд 2010 оны А/******* дугаар захирамжаар иргэн Б.Б шилжүүлэн эзэмшүүлсэн Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/267 дугаар захирамжаар гэрчилгээний хугацааг сунгуулж 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.Б шилжүүлсэн. Б.Б нь газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу бусдаас шилжүүлэн авсан тул мөн хуулийн 29, 33 дугаар зүйлийн газрын эрхийн дуудлага худалдаа төсөл шалгаруулалтын тухай зохицуулалт хамаарахгүй.

Б.Б газар эзэмших эрхээ барьцаалсан тул газраа алдвал яах вэ газраа бусдад худалдаад тэр хүн нь энэ байшинг буулган та нар газрыг минь чөлөөл гэвэл яах вэ гэх тухайд: Нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг хүчингүй болгох тухай шаардлага байх тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, 52.2.6-д заасан нийтийн эрх ашгийг төлөөлөн гаргасан эсвэл захиргааны хэм хэмжээний акттай холбоотой шаардлага биш тул энд нэхэмжлэгч нарын ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхийн талаарх тайлбар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй юм. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гаргахаар заасан. Харин иргэний аливаа үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа эрхийг хамгаалах сэргээх эрх хэмжээ захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй тул энэ тайлбар нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.Б өмгөөлөгч Ё.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2017 оны дугаар захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэж гарсан. Газар эзэмших эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэх замаар Б.Б газар эзэмших эрх шилжиж ирсэн байгаа. Б.Б нь ямар эрх зүйн зөрчил гаргасан талаар тайлбарлах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3 хэсэгт хувааж тайлбарлаад байна гэж ойлгож байна. Гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн гэж бичгээр өгсөн тайлбар дээрээ үндэслэл болгоод байдаг. Хоёрдугаарт газар дээр нь очиж үзээгүй гэж тайлбарлаад байдаг. Тэр үндэслэлээсээ татгалзсан гэж ойлгож байна. Хамгийн гол нь газрын дуудлага худалдаа, шалгаруулалт явуулаагүй газар эзэмшүүлсэн болохоор газар эзэмших эрх хүчингүй болох ёстой гээд байгаа. Газрын тухай хууль, Үндсэн хууль гээд зөндөө хууль дурдаад байна. Тэгш эрхийн зарчим зөрчсөн гэсэн асуудал яриад байгаа. Үүнийг хүчингүй болгохоор дуудлага худалдаа зарлагдаад түүнд бүгд оролцох гээд байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байх шиг байна. Эдгээр тайлбарууд нь хуульд нийцэхгүй тайлбар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй учир хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон асуудал нь төрийн байгууллагын эрх хэмжээний асуудал байна. Төрийн байгууллага 3 төрлөөр олгож байсан. Загвараа гаргаад баталсан. Түүний дагуу баталж гаргасан. Загвараар олгосон нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газрыг шинээр эзэмшүүлэх журмыг зааж өгсөн. Газрыг шинээр эзэмшүүлэхдээ 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөж байгаа хуульд ямар газар дуудлага худалдаа явуулахыг тодорхой заасан. Нэгдүгээрт шинээр газар эзэмшүүлэхдээ, хоёрдугаарт хуульд заасан зориулалтын зааж өгсөн. Эдгээр газруудаас бусдын дуудлага худалдаа төсөл шалгаруулах аль нэгийг явуулна гэж заасан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар шинээр олгоогүй гэдгийг өөрөө мэдэж байгаа. Өнөөдөр маргаж байгаа газрыг эзэмших эрх үүссэн байдаг. 2002 онд Газрын тухай хууль байгаагүй гэсэн. 1994 оны Газрын тухай хууль гэж байгаа. 2002 онд боксын клубт газар эзэмшүүлэх эрх нь 1994 оны хуулиар үүссэн. Үүнээс хойш газар эзэмших эрх үүссэн байгаа. Аав нь ахдаа, дүүдээ эзэмшүүлэх талаар хуулиар хориглоогүй. Тэгэхээр үүнд ямар нэг байдлаар авлигын асуудал байхгүй. Төрийн байгууллага өөрийн бүрдүүлсэн материалаа архивдаа хийнэ гэдэг нь нуун далдалсан зүйл биш. Урд оны зүйлээ архивладаг. Энэ бол Архивын тухай хуулиараа хийсэн ажиллагаа байна. Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй талаар дурдаад 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамж, уг захирамж нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой захирамж биш.

Гуравдагч этгээд хүсэлт гаргаагүй байхад газар өгсөн гэж байна. Гуравдагч этгээд газар эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлт гаргасан байгаа. Шинээр аваагүй учир хариу тайлбар гарч ирэхгүй. Нэхэмжлэгчийн шинээр газар эзэмших хүсэлт гаргах үүрэг байхгүй.

2006 онд хэн нэгэн этгээдээс таныг худалдаж авч байхад энэ газар эзэмших эрх аль хэдийн үүссэн байсан. 2002 онд газар эзэмших, боксын клуб дээр үүсээд хуулийн дагуу бусдад шилжээд яваад байсан. Энэ газрын эрх үүссэн байсан. Энэ асуудлыг та өнөөдөр мэдсэнээрээ гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх танд үүсэхгүй. Барилгыг яаж барьдаг талаар Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Нийслэлийн нутаг дэвсгэр дээр барилга барих журмын дагуу 2013 онд тухайн барилгыг давхарлая, өргөтгөл хийе гэсэн хүсэлт гаргаад барилгаа зохих зөвшөөрлийн дагуу баригдсан байдаг. Мэдэгдээгүй барьсан гээд байгаа. Өөрөө дотор нь үйл ажиллагаа явуулж байж мэдээгүй гээд байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн н.Б гэдэг хүн өөрийн өмчийн барилгыг давхарласан нь таны эрх хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчөөд байгаа талаар та тайлбарлах ёстой. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шаардлагын үндэслэл болгоод байгаа шударга ёс, шударга зарчмыг ижил нөхцөлийг тавьсан байхыг хэлээд байгаа. Энэ гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлж эрх үүсэхээс өмнө та газар эзэмших хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ нь та гомдол гаргах үндэслэл болохгүй. Газрын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших харилцаа хүсэлт гаргаснаар үүсдэг. Өнөөдрийг болтол ямар ч хүсэлт гаргаагүй байж, миний эрхийг зөрчөөд байна гэж ярьж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий төлөөлөн нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” хэмээн тодруулсан болно.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үйл баримтын талаар нэхэмжлэгчид хамаарах баримтын тухайд,

 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу иргэн Д.Мын өмчлөлд байсан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний төвийн баруун үзүүрт рр  спорт клубийн байрны нэг давхарт байрлах тусдаа гадагшаа харсан хаалгатай 32,4 м.кв үл хөдлөх эд хөрөнгө /зоогийн газрын байр/-ийг иргэн С.О худалдан авсныг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,

Иргэн С.О, С.О нарын хооронд байгуулагдсан 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ээр Ү-22 дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний төвийн баруун үзүүрт байршилтай, 32,4 м.кв үл хөдлөх эд хөрөнгө иргэн С О нэр дээр шилжиж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэгдсэн,

Иргэн С. О нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар гэрчилгээний дугаартай, Ү-22 дүгээр улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 40, 50 мянгат Төмөрчний гудамж хаягт байршилтай, / худалдаа үйлчилгээний төвийн барилгын баруун үзүүрт байрлах/ 32.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.С худалдах худалдан авах гэрээгээр худалдахаар улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар, иргэн С.С /нэхэмжлэгч/ нь улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн авсан байна.

Харин гуравдагч этгээдэд хамаарах баримтын тухайд,

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Чингэлтэй дүүргийн “р р” клубийн түрээсээр эзэмшиж байгаа барилгыг хувьчлах тухай” 127 дугаар тогтоолоор иргэн Д.Л түрээсийн давуу эрхээр худалдан авахыг санал болгож, Д.Лнь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2001 оны 184 дүгээр тогтоолоор 2001 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийн гэрчилгээг авсан, 

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 180 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг боксын “р р” клубт ашиглуулахаар шийдвэрлэж, 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулсан,

Д.М нь 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр СУ иргэн P H S харилцан тохиролцож барилга худалдах гэрээ байгуулж, СУ иргэн P H S -д худалдсан ба уг гадаадын иргэнд 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,

СУ иргэн P H S нь 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Үйлчилгээний байр худалдах худалдан авах гэрээ”-г иргэн Б.Б байгуулж, түүнд худалдсан байна. Б.Б нь 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 000******* дугаар гэрчилгээ авсан,

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжаар ... 2002 оны 180 дугаар захирамжийн Боксын “р р” клубт холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжийн хавсралтаар Б.Б спорт клубийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн ба 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Б нэр дээр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж 000******* тоот гэрчилгээ олгосон, 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжаар, 2007 оны ******* дугаар захирамжийн иргэн Б.Б газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг захирамжийн хавсралтаар иргэн Б.Б Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 340 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

Улмаар иргэн Б.Б нь Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/267 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, 3-р хороонд байрлах 340 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалттайгаар эзэмшихээр болсон,

Иргэн Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр худалдаа үйлчилгээний зориулалттай, өөрийн эзэмшлийн 340 м.кв газраа Б.Б газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжаар Б.Б нэгж талбарын дугаар бүхий 340 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг Б.Б хүү Б.Б нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000******* тоот гэрчилгээг авч, захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулсан,

Иргэн Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна.

Төлөөлөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “...маргаан бүхий газар нь анхнаасаа хууль зөрчигдөж олгогдсон..., маргаан бүхий газрын газар эзэмших эрх дуусгавар болсон байсан..., сунгах хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлсэн..., Газрын тухай хуульд заасан шаардлага хангаагүй баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших гэрээгүйгээр хууль бус захирамж гаргуулсан..., спорт клубийн газрын зориулалтыг өөрчилж үйлчилгээний зориулалттай газар болгосон..., 2007 онд газар эзэмших үйл ажиллагаа хууль бус байсан..., төрийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан...” зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, эдгээр үндэслэл нь гуравдагч этгээд Б.Б газар эзэмшүүлсэн маргаан бүхий дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоох үндэслэл болно гэж үзэж байна хэмээн маргаж байна.

Энэхүү маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг үндэслэн гарсан ба уг захирамжийн хавсралт ёсоор Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсэн, ингэхдээ “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжийн иргэн Б.Б хамаарах хэсгийг хүчингүйд тооцож, иргэн Б.Б эзэмшилд байсан Чингэлтэй дүүрэг, 3-р хороонд байрлах нэгж талбарын дугаартай, үйлчилгээний зориулалттай, 340 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар А овогт Б Б шилжүүлэн эзэмшүүлжээ.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад олгосон, энэ утгаараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас тайлбарласан үндэслэлээр дээрх дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж хуульчилсан, маргаан бүхий энэ тохиолдолд ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаарх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч захиргааны байгууллага нь мөн хууль, зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэснээр эдгээр асуудлыг тодруулахаар байна. Тэгвэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж зааснаар, 1-р хавтаст хэргийн 230 дахь талд авагдсан 997 дугаар тамганы дугаартай тойргийн нотариатчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрчилсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 1-р хавтаст хэргийн 245 дахь талд авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн №******* акт, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, 1-р хавтаст хэргийн 227 дахь талд авагдсан 340 м.кв талбайтай барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн Б.Бхүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүссэн Б.Б хүсэлт зэргийг харгалзсан,

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/267 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн Б.Б 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж зааснаар хүчин төгөлдөр байж, мөн хууль, зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж зааснаар маргаан бүхий 2017 оны дугаар захирамжийг гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэгч талаас маргасан үндэслэлийг хэрэгт цугласан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллагаас үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн маргаан бүхий 340 м.кв газар эзэмших эрх нэгж талбарын болон зориулалтын хувьд өөрчлөгдөхгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу иргэн Б.Б гуравдагч этгээд иргэн Б.Б шилжиж баталгаажсан нь нотлогдож, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргасан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” гэж заасан газар эзэмшигчийн /гуравдагч этгээдийн/ эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр зөрчих боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б