| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0070/З |
| Дугаар | 221/МА2025/0158 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0158
МАА ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б;
Нэхэмжлэгч: “МАА” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: “Ц” ХХК, “ЁТ” ХХК, “ЭН” ХХК, “АТП” ХХК, “СС” ХХК, “ВТ” ХХК, “ТЭЭ” ХХК, “СА” ХХК нар;
Нэхэмжлэлийн шаардлага: “2011/14* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/53* тоот “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0970 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, С.Г нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0070/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МАА” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “2011/14* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/53* тоот “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 970 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МАА” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
3.1. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 сарын 2Х-49Х тоот “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" тушаал, 2011/14* дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн RAA нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Өвгөний ам нэртэй газрын нийт 33.4 га талбайг “Аялал жуулчлал”-ын зорилгоор ашиглах эрхтэй болсон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/53* тоот “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” тушаалаар манай компанийн ашиглаж буй дээрх газраас 1139.74 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож газар ашиглах гэрээнд заасан Г талбайг хөндлөн огтлолоор 2 хэсэг салангид болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул хариуцагч TMTHөдрийн А/53* тоот тушаалыг хүчингүй болгуулах; (2) 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 01/01 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж “(1) Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны албан бичигт тусгасан нэхэмжлэгчийн ашиглах эрх авсан 2011/14* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ны өдрийн 128/ШШ2024/0970 дугаартай шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой дараах үндэслэлээр санал нийлэх боломжгүй байна. Үүнд:
3.1.1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Маргаан бүхий А/53* тоот тушаалд уг актын хууль зүйн үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан хэм хэмжээ буюу "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" тохиолдолд гэж тодорхойлсон. Хуулийн эдгээр заалт нь “эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлууд"-ыг нэрлэн заасан тусгай зохицуулалт бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 39.1.4-т тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээг зөвхөн Газрын тухай хуулийн 40.1-т тусгайлан заасан тохиолдлуудаас бусад үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан "(1) газрын тухай хууль тогтоомж, эсхүл (2) газар ашиглах гэрээний нөхцөл, болзол"-ыг "МАА" ХХК аливаа хэлбэрээр зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, хүчин төгөлдөр байгаа газар ашиглах тухай гэрээний 5.24-т "...төлөвлөлтийн зам талбай, нийтээр ашиглах орц гарцыг нээлттэй байлгах үүрэгтэй" гэж заасан боловч маргаан бүхий актаар тодорхойлсон орц, гарц нь нэхэмжлэгч газар ашиглах эрх олж авахаас өмнө, буюу түүнээс хойш орц, гарцын зориулалтаар төлөвлөгдөж байгаагүй болохыг тодорхой тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тохиолдох хангагдсан, Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан хэм хэмжээний урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна. "Нарийвчилсан зохицуулалт агуулсан хэм хэмжээг ерөнхий зохицуулалтаас түрүүлж хэрэглэх" ( lex specialis) зарчим нь эрх зүйн онол, шүүхийн практикт хэвшиж тогтсон ойлголт байдаг. Харин анхан шатны шүүх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт нь хууль ёсны эсэхийг хянахдаа дээрх тусгайлсан хэм хэмжээг баримтлаагүй, гагцхүү "Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан "захиргааны үйл ажиллагааны зарчим"-д маргаан бүхий акт нийцсэн" тухай дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан "хууль ёсны байх" шаардлагад нийцэхгүй юм.
3.1.2. Түүнчлэн А/53* тоот тушаалд хэсэгчлэн хүчингүй болгосон талбайн хэмжээг 1139.74 м.кв гэж тэмдэглэсэн бол мөн актад дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 сарын 04-ний өдрийн №48Х тоот "Санал хүргүүлэх тухай" албан бичиг болон Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 6 дугаар хурал /шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу 14-р хурал гэж алдаатай бичсэн/-ын тэмдэглэлд хүчингүй болговол зохих талбайн хэмжээг 41 м.кв гэж тодорхойлсон. Дээрх хамгаалалтын захиргааны №48Х тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигт хэсэгчлэн цуцлах талбайн хэмжээг WGS84/UTM Zone 48N координатын системээр тодорхойлж А талбайн хэмжээ 97971 м.кв, Б талбайн хэмжээ 123375 м.кв гэж солбицлын цэгийг заасан. Одоогийн байдлаар egazar.gov.mn цахим мэдээллийн санд энэ цэгээр бүртгэгдсэн (энэ нь ГЗБГЗЗЕГ-ын шүүхэд ирүүлсэн 2024.04.25-ны 1/107Х тоот албан бичгээр нотлогдоно) тул бодит байдал дээр манай компанийн газар ямар хэмжээгээр хасагдсан болох нь ойлгомжгүй хэвээр байна. Энэ нь захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хангалтгүй хийсэн болохыг харуулж буй бөгөөд шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан Захиргааны ерөнхий хуулийн “Зорилгодоо нийсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх”, Газрын тухай хуулийн “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зармуудын тухай:
3.2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...дээр тайлбарласан үйл баримтууд буюу нотлох баримтуудад үндэслэн шүүх ...А/53* дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцсэн гэж дүгнэлээ. Мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд .... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан "шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийсэн байна" /шийдвэрийн 13-р хуудсанд/ гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;" нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим гэж заасан. Уг зарчмын агуулга нь аливаа төрлийн захиргааны үйл ажиллагаа нь ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлаас урган гарсан бодит үндэслэл болон хууль зүйн үндэслэл бүхий байхыг шаарддаг. Үүнд тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнээс захиргааны байгууллага хамгийн зөөлнийг нь буюу түүнд өртөж буй иргэний болон нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгийн бага зөрчсөн арга хэмжээг сонгох ёстой. Гэвч маргаан бүхий А/53* тоот тушаал нь өмнө дурдсанчлан хууль зүйн үндэслэлгүй байгаагаac гадна бодит нөхцөл байдалд тохироогүй, үүсээд буй асуудал (орц, гарц байхгүй гэх)-ыг шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар биш юм. Тухайлбал одоо манай ашиглах эрх бүхий талбай дээр байгуулагдсан хатуу хучилттай авто зам /асфальтан зам нь А/53* тушаалаар тодорхойлсон орц, гарцын цэгээс ердөө 400м орчим зайтай. Асфальтан замаар дамжин өнгөрөхөд манай компани татгалзах зүйлгүйгээ тодорхой илэрхийлсэн "ББ" ХХК дур мэдэн шон босгосноос зорчих боломжгүй байгаа нь газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гуравдагч этгээдүүдийн тайлбараас харагддаг.
Дээрх шон байгаа хэсгийг буулгах, тухайн газар ашиглагчтай хариуцлага тооцох асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын яам өөр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анх 2011 оноос хойш эрхийн гэрчилгээ авч, үйл ажиллагаа явуулж буй "МАА" ХХК-ийн газрын эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт тухайн үед нэхэмжлэгчийн ашиглалтын газар дээр хашаа барих зөвшөөрөл авах ажиллагаатай холбогдуулж ирүүлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 сарын 06-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" №171Х тоот албан бичигт дурдсан нөхцөл байдал нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч нь нэгэнт ногдсон талбайг хууль тогтоомжийн хүрээнд, зориулалтын дагуу ашиглахаар хашаа барьж байгуулах нь хууль бус үйлдэл биш (Энэ талаар нэхэмжлэлд тодорхой үндэслэсэн). Шүүх хуралдааны явцад түр хашаа байгуулах талаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөөгүй байхад шүүх өөрийн санаачилгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий газар олгогдохоос өмнө гуравдагч этгээдүүд өөрсдийн ашиглалтын талбай руу чөлөөтэй нэвтэрч байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...газрыг хэсэгчлэн цуцалж, орц, гарц гаргаснаар гуравдагч этгээдүүд өөрсдийн ашиглаж буй газар луу илүү ойр дөт, шулуун байдлаар орж гарах боломжтой болсон болох нь тогтоогдож байна" /шийдвэрийн 13-р хуудсанд/ гэжээ. Тодорхой бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгохдоо тухайн орчны орц, гарцыг гаргах төлөвлөгөөнд үндэслэх нь зохих захиргааны байгууллага /энэ тохиолдолд БОУАӨЯам/-ын эрх хэмжээний асуудал. Харин нэгэнт олгогдсон газрыг өмнө дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид заасан "тохиолдол" бүрдсэн нөхцөлд цуцлах үндэслэлтэй юм. Газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч нь өөрийн талбай руу “илүү ойр дөт, шулуун байдлаар" орж гарах ашиг сонирхлыг бүсийн төлөвлөлт, тухайн газар ашиглагчаас өмнө нь газар ашиглах эрхийг нэгэнт олж авсан байсан бусад газар эзэмшигч, ашиглагчдын эрхийг үл харгалзан хуулиар хамгаалах ёстой гэж үзэх нь хуулийн зорилгод нийцэхгүй. Энэ тохиолдолд ашиглалтын газар дээрх үйл ажиллагааны төлөвлөлт явуулах нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг шүүх үнэлээгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн орчны орц, гарцыг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс гуравдагч этгээд "ТЭЭ" ХХК-д хүргүүлсэн 2020.02.18-ны 066/1130 дугаартай албан бичгээр Түргэний амны 1 га газрын орц, гарцын солбицлын цэгийг мэдээллийн санд бүртгэж авсан нь тогтоогдож байх ба энэ трасс нь одоогийн А/53* тоот тушаалаар тодорхойлсон хэсэгтэй биш, харин асфальтан зам байгаа хэсэгтэй давхцалтай байна. Иймээс ч Мэргэжлийн хяналтын газрын 2020.03.19-ны 02-03/1099 тоот "Авто замын трассын тухай" албан бичигт "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу батлагдсан трассаар авто замын орц, гарцыг гаргах нь зүйтэй талаар тэмдэглэж байсан.
Гэвч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар "Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар гаргасан орц гарц нь ... дараа дараагийн төлөвлөлтөд орох байх" гэж тайлбарласан нь ойлгомжгүй юм.
3.2.2. Мөн Газрын тухай хуулийн 4.1-т "Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална:" гээд "4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэжээ. Энэ зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид газрын эрх олгох шийдвэр гаргахдаа ялгаварлан гадуурхахгүй байх агуулгатай гэж тайлбарлах нь Газрын тухай хуулийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь тус зарчимтай хэрхэн холбогдож байгааг огт тайлбарлаагүй
Нэхэмжлэгчийн хувьд энэхүү дүгнэлтийг А/53* тоот тушаалаар хэсэгчлэн цуцалсан 2011/14* дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний Г талбайд ногдох газрын хэмжээ нь гомдол гаргагч, гуравдагч этгээдийн талбайн хэмжээнээс том талбайтай тул хэсэгчлэн цуцалсан нь үндэслэлтэй гэх өнцгөөр хуулийг тайлбарласан гэж үзэж байх ба ийм тайлбар нь "тэгш эрх"-ийн зарчимд харшлах юм.
3.2.3. Дээрх бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь талуудын маргаж байгаа үндэслэл, тайлбаруудад бүрэн хариулт өгөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр "үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.7-д заасан хүрээнд хийгдээгүй, захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээтэй ижил байдлаар явагдаж, захиргааны актын үндэслэлийг шүүх өөрөө дэлгэрүүлэн зөвтгөж үнэлсэн гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэж байна.
3.3. Даалгах шаардлагын тухай: Манай компани хөрш зэргэлдээ газар ашиглагч нар, гуравдагч этгээдүүдийн хандаж байсан санал хүсэлтийг хүндэтгэж, орц, гарцын асуудлыг зохистой шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс 33.4 га газрын Г талбай болох 22.2 га газарт хамаарах орц, гарцын зориулалтаар одоо асфальтан зам байгаа 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлтийг 2023 оны 01/01, 01/04, 01/18, 01/19 тоот албан хүсэлтүүдээр хандаж байсан. Гэвч хариуцагчаас дээрх хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, хариу өгөөгүй тул бид хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган, хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/53* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий ...даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй" гээд 2023 онд гаргасан хүсэлтийг 2022 онд шийдвэрлэж хариу өгч байсан, мөн маргаан бүхий актаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн мэт дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зөрчлийн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааныг орхиж явахыг хориглоно" гэж заасан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад буюу шүүх зөвлөлдөх тасалгаанд үлдэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааныг орхиж, шүүхийн шийдвэртэй дараа нь танилцах хүсэлт гаргасны дагуу шүүгч түүнд шүүх хуралдааныг орхихыг зөвшөөрсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Мөн шүүхийн шийдвэрийн танилцуулах хэсэгт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү" гэж хуралдаанд оролцоогүй хүний нэрийг тэмдэглэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж-г оролцсоноор тэмдэглээгүй. Дээрхээс гадна шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хуваарилснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцож төлсөн нийт 140,400 төгрөгийн үлдэх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ны өдрийн 128/ШШ2024/0970 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү" гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх “МАА” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэн байх боловч Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Маргааны зүйл нь нэхэмжлэгчид газар ашиглуулахаар олгосон газрын “Г талбай”-н хэсэг бусад газар ашиглагчийн буюу гуравдагч этгээд нарын орц, гарцыг хаасан асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэж, “МАА” ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх саналыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргаж, хүсэлт гаргаагүй өөр газраас 1139.74 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх талаар маргаан байна.
3. Анх нэхэмжлэгч “МАА” ХХК нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “ХХХХ ам” нэртэй 33.4 га талбай газрыг аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2011/14* дугаар гэрчилгээгээр олгохдоо, уг гэрчилгээний хавсралтад 33.4 га талбай нь А, Б, В, Г солбицолтой гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч "МАА" ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь бусад газар ашиглагчийн орц, гарцыг хаасан байрлалтай тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар албан бичгээр "...хуульд заасны дагуу бусдын орц, гарцыг хаасан байх тул талбайн солбицлыг өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах" тухай саналын дагуу нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас 1139.74 м.кв газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/53* дүгээр тушаалаар хэсэгчлэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-т тус тус заасантай нийцжээ.
4.1. Тодруулбал, маргаан бүхий газарт 2.7 км урттай асфальтан хучилттай засмал автозамыг нэхэмжлэгч "МАА" ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан эсэхтэй талууд маргаагүй бөгөөд энэхүү засмал автозамыг урд, хойд талаар газар ашиглаж буй 20 иргэд, аж ахуйн нэгжийн орц, гарцыг хааснаар тэдний хөдөлгөөнд саад учруулж, зорчих эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.
4.2. Мөн Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "МАА" ХХК-д "...нийтийн эзэмшлийн зам талбайг нээлттэй байлгаж, бусдын орц гарцыг хаахгүй байхыг анхааруулсан" агуулга бүхий албан бичгийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр /1хх-ийн 195 дахь талд/ хүргүүлсэн байна. Нийслэлийн Авто замын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/3046 дугаар албан бичгээр “...нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй зам барьж орц гарцыг хаасан асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж хамтран ажиллана уу” гэх албан бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.
4.3. Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1717 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ "...нэхэмжлэгч нь хаашаа барих зөвшөөрөл хүссэн албан бичгийг ирүүлэхээс өмнө зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж эхэлсэн байна. ...А талбайгаас Б талбайн хооронд иргэн Н.Ц-ий ашиглахаар авсан 22.8 га газрууд нь авто замын хоёр талыг бүхэлд нь хаасан байрлалтай байна” гэсний дараа мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1933 дугаартай албан бичгээр сонсох ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах талаар мэдэгдсэн нь нотлогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй.
4.4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:” мөн зүйлийн 1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,”, 2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, 5-т “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;", 40 дүгээр зүйлийн 40.4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн зүйлийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;" гэж,
Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “авто зам, замын байгууламжийг эрх бүхий байгууллагаар батлагдсан стандарт, норм, нормативын дагуу барьж байгуулах;”, 20 дугаар зүйлийн 20.5-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.” гэж,
"МАА" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" 2021/264 дугаартай гурван талт гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д "Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй болон зориулалтыг өөрчилсөн, ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...бол газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгож эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно", 6.2-т "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.2 дахь заалтын дагуу Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд, ...төсөл, хөтөлбөр /...нийтийн эзэмшлийн орц, гарц зохион байгуулалт хийх/-ийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд газар ашиглах эрхийг хэсэгчлэн буюу бүхэлд нь дуусгавар болгох..." гэж тус тус заажээ.
4.5. Нэхэмжлэгч нь дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, гэрээгээр хүлээсэн газар ашиглагчийн үүргийг болон захиргааны байгууллагаас тавьсан шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхол болох гуравдагч этгээд “Ц” ХХК, “ЁТ” ХХК, “ЭН” ХХК, “АТП” ХХК, “СС” ХХК, “ВТ” ХХК, “ТЭЭ” ХХК, “СА” ХХК нарт тулгамдаж буй орц, гарцын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/53* дугаар тушаалаар нэхэмжлэгч "МАА" ХХК-д ашиглуулахаар олгосон 1139.74 м.кв газрын ашиглах эрх бүхий талбайгаас Авто замын тухай хууль болон авто замын зурвас газар, замын нэг зурвасын өргөн зэргийг харгалзан үзэж хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэжээ.
5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс маргаж буй "2011/14* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлт”-ийг шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
5.1. Учир нь эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-т хуульчилжээ.
5.2. Тодруулбал, нэхэмжлэгчээс газар ашиглуулахаар эрх олгосон газрын 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/04 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, мөн оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт, 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/19 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
5.3. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлж дүгнэсэн, шүүх хуралдаан болон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0970 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Газрын тухай хуулийн 35.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1" гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын "70200" гэснийг "140400" болгон тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА