Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            улсын яллагч М.Цэнд-Аюуш,

            насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбат, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Жанил,

            шүүгдэгч М.Чинбаатар, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Чинбаатарт холбогдох эрүүгийн 201625013501 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжны 513 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ92051498, хэрэг хариуцах чадвартай, Их монгол овогт Мягмардаваагийн Чинбаатар.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Чинбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан Ж.Бөхбатын нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Чинбаатар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:..”Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ж.Бөхбат нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...”Тухайн өдөр би Э.Лхагвацэрэнтэй явж байгаад “Парис” баарны гадна юм яриад зогсож байсан. Тэгэхэд Э.Лхагвацэрэн, М.Чинбаатар, Т.Мөнхтамир нар ирж байгаа гэж хэлсэн. Би баар руу орж нойл ороод гарч ирэхэд Э.Лхагвацэрэн, Т.Мөнхтамир, Б.Чинбаатар нар ирсэн байсан. Тэдний яриаг нь сонсоод байхад Э.Лхагвацэрэн “чи мөнгийг нь гаргачих 5 охин байна хамт явъя” гэж байсан. Би “за за явъя” гэхэд шүүгдэгч болох М.Чинбаатаар “наадах чинь ахтайгаа адилхан зэвүүн бацаан” гэж хэлсэн. Би “та яагаад байгаа юм бэ” гэхэд шүүгдэгч “чи муу яагаад пээдийгээд байгаа, зэвүүн бацаан бэ” гэж хэлээд миний шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхэд нь би “та зүгээр байгаач” гэхэд шүүгдэгч миний гэдэс рүү өшиглөөд шанаа руу цохисон. Тэгээд би цагдаа дуудсан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жанил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...”Манай хүүхдийн эрүүг  шүүгдэгч болох М.Чинбаатар хуга цохисон. Арын агт арааг нь хугалсан. Тэгээд манай хүү Ж.Бөхбат эрүү хадуулах хагалгаанд орсон. Хадаасны үнэ 600.000 төгрөг болсон ба үүнийг Эрүүл мэндийн даатгалаас гаргасан. Одоо дахин хадаас авах хагалгаанд орно. Энэ хагалгаанд 200.000-300.000 төгрөг орно. Миний хүү 10 гаран хоногийн хугацаанд эрүүл мэндийн хувьд хүнд байсан. Энэ хугацаанд шүүгдэгч надаас болон миний хүүгээс нэг удаа уучлалт гуйгаагүй. Энэ хэрэг гарснаас хойш хүү маань гэрээсээ гарч чадахгүй айдастай болсон. Гарвал М.Чинбаатар ахын найзууд зодно гэдэг байсан. Тухайн үед би хүүгээ насанд хүрэхээр нь Швед улс руу явуулах бодолтой байсан юм. Гэтэл одоо дахин хагалгаанд орохоор болж байна. Эдгээр байдлууд нь миний хүүг их хохироож байна. Иймд шүүгдэгчид хуулийн дагуу ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэнд манай хүүгийн шүд хугарсан тухай огт байхгүй байна. Энэ талаар уг дүгнэлтэнд тусгуулах хэрэгтэй байна...” гэв.  

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбатын өгсөн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Э.Лхагвацэрэнгийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Т.Мөнхтамирын мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Баяржавхлангийн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-28-29/, /, гэрч Э.Лхагвацэрэн, насанд хүрээгүй Ж.Бөхбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-34-36/, гэрч Т.Мөнхтамир, насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл    /хх-37-38/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №12982 дугаартай дүгнэлт /хх-40/, гэрч А.Ганхүүгийн мэдүүлэг /хх-30-31/, гэрч С.Мөнгөнжингийн мэдүүлэг    /хх-32-33/, шүүгдэгч М.Чинбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-52/, шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-58/, шүүгдэгч М.Чинбаатарын хувийн байдлын тухай баримтууд /хх-74-45, 72, 79/, шинээр хохирол төлсөн тухай зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Чинбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан Ж.Бөхбатын нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь: 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Лхагвацэрэнгийн өгсөн:...“2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Бөхбаттай гадуур такси үйлчилгээнд явж байгаад Сансарын “Баянцээл”-ийн гудамжинд найз Д.Баяржавхлантай уулзаад М.Чинбаатар, Д.Баяржавхлан болон бусад хүмүүстэй “Парис” бааранд ирсэн. Тэгээд М.Чинбаатар ганцаараа баарнаас гарч ирээд надаас “мөнгө байна уу, зээлэх гэсэн юм” гэж хэлсэн, би “байхгүй” гэж хэлээд байж байтал Ж.Бөхбат хажуунаас орж ирээд намайг “явъя” гэсэн чинь М.Чинбаатар Ж.Бөхбатыг “чи яваа, чамтай ярих юм байхгүй” гэхэд Ж.Бөхбат өөдөөс нь “чи юу яриад байгаа юм бэ, чиний газарт байгаа юм уу” гэж маргасан. Тэгтэл М.Чинбаатар Ж.Бөхбатыг 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд М.Чинбаатар баар руу ороод Ж.Бөхбат үлдээд цагдаад дуудлага өгсөн…” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхтамирын өгсөн:...”2016 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэр рүүгээ харих гээд Э.Лхагвацэрэнг машинтайгаа гадуур такси үйлчилгээд явж байгаа байх гэж бодоод залгасан. Тэгсэн чинь сансарт байна гэсэн. Сансарын “Парис” бааранд Э.Лхагвацэрэнтэй уулзсан. Тэгэхэд М.Чинбаатар, Д.Баяржавхлан, Ж.Бөхбат, Н.Пүрэвбазар гээд бөөнөөрөө сууж байсан. М.Чинбаатар Э.Лхагвацэрэн бид 2-той уулзая гээд гадагшаа гадуулаад гараад мөнгө байвал зээлчих гэхээр нь бид 2 байхгүй гээд тамхи татаад зогсож байтал Ж.Бөхбат ирсэн. М.Чинбаатар Ж.Бөхбатыг “чи цаашаа түр очоод байж бай, би энэ хоёртой уулзаж байна” гэхэд Ж.Бөхбат “чиний газар байгаа юм уу, чи худалдаад авчихсан юм уу” гээд тэр 2 хэрэлдсэн. Тэгсэн чинь М.Чинбаатар Ж.Бөхбатын нүүр рүү нь 1 удаа цохисон…” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Батжаргалын өгсөн: “...Намайг үүргээ гүйцэтгэж байхад Ж.Бөхбат шөнө дунд аавтайгаа орж ирсэн бөгөөд “Парис” баарны үүдэнд найзтайгаа явж байгаад Мишка гэж хүнд зодуулсан. Намайг гэдэс болон шилбэ рүү өшиглөж, шанаа руу 1 удаа цохисон гэж ярьсан байсан. Тухайн үед надтай уулзахад биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Ингээд би болсон хэргийн талаар анхны тайлбарыг асууж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгөөд явуулсан. Мишка гэдгийг өөрөө таньдаг гэж тайлбар өгч байсан. Тэгэхээр нь танидаг юм бол наад хүнээ олж уулзаарай, шанаа руу чинь цохиод эрүү чинь хугарсан байвал наадах чинь хэцүү шүү гэж хэлээд явуулсан…” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ганхүүгийн өгсөн:...“М.Чинбаатар миний том хүү бөгөөд Улаанбаатар хотод төрсөн. Хан-Уул дүүрэгт цэцэрлэгээр хүмүүжээд 41 дүгээр сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд коллежид тогооч мэргэжлээр сурсан. Мэргэжлээрээ төгсөөд “Кемпински” зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад ажлаасаа гараад 2013 онд Солонгос улс руу гэрээгээр яваад 2016 оны намар 8 сард ирсэн. Түүнээс хойш онц хийсэн юмгүй гэр зуур байгаа. Эхнэр хүүхэдтэй одоо бөөнөөрөө амьдардаг. Зан аашын хувьд их томоотой, найз нөхөдтэйгээ нийтэч, найз нөхөд нь манайхаар байнга орж гараад явдаг. Архи дарс хэрэглэдэггүй, гэрийн хүмүүжил сайтай, гэрээсээ гараад байдаггүй” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнгөнжингийн өгсөн:...”Нөхөр маань их хүнд тусархаг, найзархаг, нөхөрсөг, буруу ааш араншин байхгүй, хүнтэй нийтэч, найз нөхөд хамт олон дундаа нэр хүндтэй, хэнтэй ч соёлтой харьцаж чаддаг” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын    17-ны өдрийн №12982 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Бөхбатын биед тархи доргилт, доод эрүү ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-40/ гэх дүгнэлт,

-шүүгдэгч М.Чинбаатарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-54/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,

-Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-58/,

-шүүгдэгч М.Чинбаатарын хувийн байдлын тухай баримтууд /хх-74-45, 72, 79/,

-хохирол 20.000 төгрөг төлсөн тухай зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  объект нь  иргэдийн эрүүл мэндийн  аюулгүй  байдлыг  хангаж байгаа  нийгмийн харилцаа .

Объектив  тал нь а. бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл, б.  хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, в.  гэмт үйлдэл болон   гэмт үр дагаврын хооронд  шалтгаант холбоо бүрдүүлнэ.

Субъектив тал нь  санаатай гэм буруугийн хэлбэртэй шууд ба шууд бус санаатай байна. 

Субъект  нь  14 нас хүрсэн  хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд М.Чинбаатар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбатын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  байна.

Иймд шүүгдэгч М.Чинбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс      17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан Ж.Бөхбатын нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт  авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг  бичгийн бусад  нотлох баримтуудаар тогтоогдож  байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос М.Чинбаатарын гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Чинбаатараас насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбатын хохиролд нотлох баримтаар гаргаж өгсөн 470.000 төгрөгийг байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Чинбаатарын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бодит хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жанил нь “...Шүүгдэгчид хууль заасан хорих ялыг оногдуулж өгнө үү гэх боловч шүүх шүүгдэгч М.Чинбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Чинбаатар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

 

           Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 295, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их монгол овогт Мягмардаваагийн Чинбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Чинбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар  зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, баривчлах ялаар сольдог журамтайг дурдсугай.

 

4. Эрүүгийн 201625013501 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Чинбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Содномпэлжээд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Чинбаатарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     

 

                             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС