| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Долгорсүрэнгийн Мөнх-Очирт холбогдох 2321000000006 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Мөнхөт” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халх овогт Долгорсүрэнгийн Мөнх-Очир /РД: ЖЮ98082017/.
Шүүгдэгч Д.Мөнх-Очир нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Мөнхөт” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Оюунцэцэгийг “гэртээ архи уулгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаж нүүрэн тус газарт нь цохиж түүний биед зүүн эрүүний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнх-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэн үнэн зөв гэв гэв.
Хохирогч А.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Мөнхөт" гэх газарт нутаглах гэртээ өөрийн охин Номинхүслэнгийн хамтаар байж байх үед гаднаас Чойбалсан сумын харъяат Мөнх-Очир, Соёлхүү, Өгөө хочит /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 3-н залуу орж ирээд “манай хадам дүү Мөнхбаяр байхгүй байгаа юм уу цуг нэг шил архи хувааж ууя, гэж бодож ирэхэд байхгүй байна” гээд Мөнх-Очир хэлэхэд нь би “та хэдийг хүлээгээд ирэхгүй болохоор чинь 13-н тооны бойлсон үхрээ аваад аймгийн төв рүү явсан гэж хэлэхэд ... Өгөө хочит залуу дээлнийхээ өврөөс 1 шил 0,75 граммын “Хараа” нэршилтэй архи гаргаад ширээн дээр тавихад нь би “би ч өнөөдөр маш их ядарч байсан шүү, баахан үхрийн гэдэс арилгасан болохоор амармаар байна шүү” гэж хэлэхэд ... Мөнх-Очир нь манай хадмуудыг муу хэлээд над руу хуруугаа чичлээд чанга, чанга дугараад байхаар нь нөгөө 2 залуу нь чимээгүй болоод Мөнх-Очир надтай үл ялих зүйлээр шалтаглан маргах үед Мөнх-Очир миний нүүрний хэсэг рүү гарынхаа алгаар түлхэх гэхэд нь нөгөө 2 залуу нь Мөнх-Очирыг татаж салгаад гэрээс гаргаж машиндаа сууцгаасан. Улмаар удалгүй Мөнх-Очир буцаж манай гэрт орж ирээд “та муу сайн юмнууд манай нутгаас байшингаа аваад зайл” гэж хэлээд баруун гараа зангидаад миний нүүрний зүүн хэсэгт хүчтэй цохисон. Ингээд би гартаа 1 настай охиноо барьж байсан болохоор толгой манараад хүүхдээ газарт тавиад нүүрээ дараад гаргах гээд түлхэх үед нөгөө 2 залуу орж ирээд Мөнх-Очирыг чирээд аваад гарсан ба би араас нь байшингынхаа хаалгыг хаах гээд араас нь гарахад Мөнх-Очир нь “та нар манай нутгаас зайл байшингаа аваад зайлахгүй бол би та нарыг байшинтай чинь шатаагаад алчихна шүү” гээд бахираад саарал өнгийн жижиг машинаа жолоодоод яваад өгсөн. ... гэжээ. /хх-ийн 12-13 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 743 тоот дүгнэлтэд:
1.А.Оюунцэцэгийн биед зүүн эрүүний мултрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 26-27 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/
-Шүүгдэгч Д.Мөнх-Очирын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Халх овогт Долгорсүрэнгийн Мөнх-Очир нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Мөнхөт” гэх газарт А.Оюунцэцэгийг “гэртээ архи уулгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаж нүүрэн тус газарт нь цохиж түүний биед зүүн эрүүний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Мөнх-Очирын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч А.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 743 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мөнх-Очирт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Мөнх-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Мөнх-Очир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д.Мөнх-Очирын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Оюунцэцэгт “... 120,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнх-Очир нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мөнх-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мөнх-Очирын ЖЮ 98082017 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халх овогт Долгорсүрэнгийн Мөнх-Очирыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очир нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мөнх-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Оюунцэцэгт 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЮ 98082017 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ