Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

     Зохигч эвлэрснийг баталж,  

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би

Дундговь аймгийн ******* сумын 7-р баг ******* тоотод оршин суух, Чо овогт Ч-н С /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг далгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн паркийн захирлаар 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын байранд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл 2019 оны 6 сарын 18-ны өдөр Б/17 дугаартай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Хүүхдийн паркийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3299851 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг далгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:Ч.С миний бие Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалыг эс зөвшөөрч өргөдөл гаргасан. Уг өргөдөлд ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж авах талаар бичигдсэн. 2019 оны 8 сарын 19-ний өдөр ажил олгогчтой харилцан тохирсон тул ажилд томилуулах хүсэлтээсээ татгалзаж, 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны цалингаа авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар харилцан тохиролцлоо. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд дахин өргөдөл, санал хүсэлт эрх бүхий байгууллагад гаргахгүй болно. Хүсэлт гаргасан Ч.С, хүлээн зөвшөөрсөн Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц. Г гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Ч.Сгийн гаргасан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахаас татгалзаж, 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос гаргуулан авах хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.С нь Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг далгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.С нь  “урд эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч “Ч.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг” хүлээн зөвшөөрч бичгээр хүсэлт  гаргаж, гарын үсэг зурж тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговорыг төлөхөөр зөвшөөрч, зохигч эвлэрсэн байна. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2019 оны 1 сараас 3 сарын цалин хөлсний дунджаас тооцож үзэхэд 1 сарын дундаж цалин хөлс 947974 төгрөг болж байх ба 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл 5 сарын цалин хөлс 4739870 төгрөг байна.

Иймд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Ч.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин 4739870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /дарга Ц.Г/-т даалгахаар шийдвэрлэлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67748 төгрөгийн тал хувь болох 33874 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33874 төгрөгийг, хариуцагчаас 33874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С нь “эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч “Ч.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг” хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4739870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  67748 төгрөгний  50  хувь  болох 33874  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр үлдээж,  улсын  орлогоос 33874  төгрөгийг,  хариуцагчаас 33874 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Сд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                          Д.У

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн,

Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Тавины 6-10 тоотод оршин суух Хорин овогт Чанцалын Алтанцэцэгээс 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2015  оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор

Хариуцагч Ч.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын 1-р багийн  иргэн Ч.Алтанцэцэг нь 2014 оны 01 сарын 20-ны өдөр “Угалз” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-тай зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. 2015 оны 08 сарын 05-ны байдлаар үндсэн зээл 2580000 төгрөг, хүү 103851 төгрөг, мөн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 17640 төгрөг нийт 2701491 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2701491 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 сараас хойш зээлээ төлөөгүй нь үнэн. Би энэ хугацаанд орлогогүй байгаагүй, ажил хийдэг. Гэхдээ мөнгөөр орлого орохгүй байгаа юм. Олсон мөнгөө хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулаад дуусаад байгаа юм. Би 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулъя гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сараас хойш энэ хүн нэг ч  эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нилээд хэтэрсэн тул баримт гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ хүн мөнгөө төлөхгүй байгаа учраас дараагийн зээлдэгчийн нөхцлийг хангахгүй, би өөрөө ч цалингүй шахуу ажиллаж байна. Ч.Алтанцэцэгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь Ч.Алтанцэцэгт  хариуцуулан 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн төлөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Ч.Алтанцэцэг  нар шүүх хуралдаанд гаргасан  хүсэлтдээ: 

Хариуцагч Ч.Алтанцэцэг нь 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор миний бие хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58173 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4, 106.5,  123.1 дэх хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Ч.Алтанцэцэг нь Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжилсэн 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/  төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 192963 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн  нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэгт хариуцагдах 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Алтанцэцэгээс 58173 /тавин найман мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.УРАНЧИМЭГ