| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Д.Цэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдины Цэрэнд холбогдох эрүүгийн 2221003900036 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан, “Сидар” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, Өмнөговь аймгийн Цогтцэций сум 1-р баг Сийрстийн Цэций-Уулын 21-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дамдины Цэрэн /РД: РЙ 91013119/.
Шүүгдэгч Д.Цэрэн нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд амралтын чөлөө авсан боловч чөлөөний хугацаа дууссан байхад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ажилдаа эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Цэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Д.Цэрэн нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр амралтын чөлөө авч явахдаа ажлаас гарах хүсэлт албан ёсоор өгөөгүй, Д.Цэрэнгийн эхнэр Лхагважаргал нь тогоочоор ажилдаг байж байгаад 2022 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд чөлөөгөө авсан байсан. Тэгээд чөлөө авч яваад эргэж ирээгүй. ... манай байгууллагаас Д.Цэрэнгээс нэхэмжлэх зүйл байхгүй ... гэжээ. /хх-ийн 13 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
-Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/
-Гэрч Э.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
-Гэрч Н.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
-Гэрч Р.Дагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
-Хилийн 0306 дугаар ангийн захирагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал /хх-ийн 52-53 тал/
-Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 55-60/
-Цагийн тооцоо /хх-ийн 61-63 тал/
-Цэргийн сахилгын дүрэм /хх-ийн 76-85 тал/
-Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/
-Шүүгдэгч Д.Цэрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт Дамдины Цэрэн нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд амралтын чөлөө авсан боловч чөлөөний хугацаа дууссан байхад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ажилдаа эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Цэрэнгийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Бат-Эрдэнэ, Э.Цэнд, Н.Эрдэнэбулга, Р.Дагва нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хилийн 0306 дугаар ангийн захирагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал, албан тушаалын тодорхойлолт, цагийн тооцоо, цэргийн сахилгын дүрэм болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Цэрэнд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Цэрэнг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Цэрэнг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Цэрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Цэрэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батхүү нь ... манай байгууллагаас Д.Цэрэнгээс нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Цэрэн нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Цэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Цэрэнгийн РЙ 91013119 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дамдины Цэрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэнд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Цэрэнд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Цэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Цэрэнгийн РЙ91013119 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ